Монголын шинжлэх ухааны салбарын хамгийн том цугларалт гурав дахь жилдээ эргэн ирлээ. Энэ бол эрдэмтдийн үнэт эрдмээ түгээх орон зай, тархи цэнэглэх танин мэдэхүйн их урсгал, сонирхогч болон судлаач хоорондын гүүр болсон SciCon 2025 арга хэмжээ юм.

Тэдний энэ жилийн үндсэн сэдэв бол “Квантын эрин”. 

Хүмүүс бид өнгөрсөн түүхийнхээ багагүй хэсгийг "харанхуй" гэж нэрлэдэг. Тэгвэл хүн төрөлхтөн ахиад 1000-10000 жил оршин тогтнож чадвал өнөөгийн бидний энэ цаг үеийг гарцаагүй  "Гэрэл асаасан үе", бүр нарийвчилбал "Квантын эрин" хэмээн нэрлэх буй заа. Учир нь өнгөрсөн 100 жилийн хугацаанд агуу эрдэмтэд квантын “хаалгыг татаж”, түүний хүчийг ашиглан олон гайхамшгийг бүтээжээ.

Харин та квантын талаар илүү их мэдэж авмаар байна уу? Тийм бол дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулагдах SciCon 2025 арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Бүтэнсайн өдрийг шинжлэх ухаанаар бүтэн амьсгалж өнгөрүүлцгээе!

Өмнөх арга хэмжээнүүдийн тухай унших:


Монголын шинжлэх ухааны хамгийн том цугларалт “SciCon-2023” арга хэмжээг тоймлох нь


“SciCon 2024: Айсуй найдвар” арга хэмжээг дэлгэрэнгүй тоймлох нь

SCITALK

Энэ бол бидний сайн мэдэх TED илтгэлийн “Science” хувилбар бөгөөд эрдэмтдийн үнэ цэнтэй мэдлэг, туршлагыг ердөө 20 минутын илтгэлээс авах боломжтой. Та бүхнийг таван илтгэгч хүлээж буй бөгөөд тус бүрийн сэдвийг товч танилцуулъя.

Орчин цагийн шинжлэх ухааны ертөнцөөс асууж буй том асуултын нэг нь "Харанхуй энерги гэж юу вэ?". Тэгвэл саяхан DESI хэмээх олон улсын төсөл маш сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулсан ба үүний сүүлийн үеийн хариултыг үүнтэй ойр ажиллаж буй монгол эрдэмтнээс сонсоорой. Тэр бол Чэжүгийн Үндэсний Их Сургуулийн Байгалийн Ухааны Факултетын Квант Космологийн Группийн судлаачаар ажиллаж буй доктор Т.Гансүх юм. Түүний хувьд тус арга хэмжээнд гурав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жил БНСУ-аас биечлэн ирж буй.



Хэрвээ бид удамшлын өвчнийг төрөхөөс нь өмнө эмчилж, хүний амьдрах хугацааг уртасгаж, ховордон устаж буй зүйл организмыг аварч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйц үр тариаг зохион бүтээж чадвал яах вэ? CRISPR технологийг ашиглан зөвхөн онолын түвшинд бус амьдрал дээр энэ бүгдийг шийдэж, ирээдүйг хэрхэн өөрчилж байгааг мэдэхийг хүсвэл салбарын эксперт, доктор Ө.Болортуяагийн илтгэлийг бүү алгасаарай.



Квант физик гэж юу вэ? Үүний хариултыг онолын физикч Б.Билгүүний илтгэлээс хамгийн товч бөгөөд цэгцтэйгээр ойлгож аваарай. Түүний хувьд SciCon-д гурав дахь жилдээ оролцож байгаа ба энэ жил үндсэн тайзан дээр илтгэл тавихаар БНХАУ-аас зорин ирнэ.



Классик физикт захирагдах манай ертөнцийн зарим нэг нууцыг квант физик тайлсаар буй. Тэр тусмаа квант компьютер олон салбарт хүчээ авч, бодит хэрэглээ рүү шилжиж байгаа билээ. Ирээдүйд улс орнуудын мэдээллийн аюулгүй байдал квант технологид тулгуурлах ба улмаар квант криптограф эрчимтэй хөгжинө. Гагцхүү энэ сэдвээр ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Б.Отгонсувд ярих юм.



Физикийн шинжлэх ухаанд хамгийн жижиг зүйл нь атом бол, биологийн шинжлэх ухааных эс билээ. Бидний биед хэдэн триллионоор тоологдох эсийн талаар та хэр ихийг мэдэх вэ? Тэр тусмаа эдгэшгүй хүнд өвчнүүд, хорт хавдар, хөгшрөлт, нөхөн сэргээгдэхгүй гэмтлийг эмчлэхэд эс хэчнээн чухал үүрэгтэйг мэдэх үү? Энэ сэдвээр АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш, CellClinic-ийн судалгаа хөгжүүлэлт хариуцсан захирал, АУ-ы доктор Ч.Гансүх илтгэл тавих болно.



CHANGE MY MIND

Арга хэмжээний хамгийн үзүүштэй, сонирхолтой хэсгүүдийн нэг бол Change My Mind. Эдгээр хэлэлцүүлгийн дараа танд буй хэвшмэл ойлголт эвдэгдэж, бодол тань өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэхгүй байна.



FUTURISM

Салбартаа тэргүүлэх эрдэмтэд энэ хэсэгт ирээдүйн тухай хэлэлцэх болно. Тухайлбал, “Квант компьютер, хиймэл оюун хамтарвал яах вэ?” сэдвээр өнгөрсөн жил хиймэл оюун ба квант компьютерын салбарт юу өрнөснийг, хэрэв хиймэл оюуныг квант компьютер дээр хөгжүүлбэл юу болох талаар МУИС-ийн Физикийн тэнхим, ШУА-МТТХ, МакГиллийн Математик Статистикийн тэнхимийн профессор Ц.Гантөмөр болон Монголын хиймэл оюуны технологийн түүчээлэгч Болорсофт компаний үүсгэн байгуулагч, программ хангамжийн архитектор С.Бадрал нар ярилцах юм.



Мөн “Юрийн галавын цэцэрлэг айсуй юу?” сэдвийн хүрээнд МУИС-ийн Биологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Лхагвасүрэн ба АУ-ы доктор, дэд профессор, CellClinic-ийн эмч Э.Одхүү нар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлнэ. De-extinction буюу мөхсөн амьтдыг буцаан амилуулах нь саяхныг хүртэл уран зөгнөл байсан билээ. Гэтэл шинжлэх ухаан асар хурдан хөгжиж, молекул биологи ба генетик инженерчлэлийн салбар гайхамшгийг бүтээсээр байна.



BREAKTHROUGHS

Өнгөрсөн онд шинжлэх ухааны салбарт өрнөсөн хамгийн чухал үйл явдал, ололт нээлтүүдийн тухай гадаадад суугаа монгол эрдэмтэд Breakthroughs хэсэгт хуваалцана. Тодруулбал, энэ жил Бархасбадийн дагуул Европа руу хөөрсөн шинэ аянчны тухай, сансарт хөвөх солироос багагүй хэмжээний дээж авчирсан Osiris Rex-ийн тайлангийн тухай, аварга том старшипийг савх шиг барьж авсан инженерийн гайхамшиг Mechazilla-гийн тухай, ийм хурдан бодит болно гэж төсөөлөөгүй квант чипүүдийн тухай салбарын экспертүүд хүүрнэх юм.



ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Уншигч та арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр харах болон тасалбар худалдан авах бол ЭНД дарна уу.