“Шинжлэх ухаан, мэдлэгийн төлөө өөрөөсөө багагүй нөөц зарцуулан ирсэн оролцогчид, уг арга хэмжээг илүү хүртээмжтэй, амжилттай болгохын тулд хувь нэмрээ оруулж буй хамтрагч байгууллагууд, мөн үнэт мэдлэгээрээ дэлхийн өнцөг булан бүрээс дэмжин оролцож байгаа эрдэмтэд та бүгд бол харанхуйг гэрэлтүүлж буй айсуй найдвар юм.”

А.Доржпалам

2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр. Соёлын Төв Өргөөнд Монголын шинжлэх ухааны салбарын хамгийн том цугларалт хэмээх тодотголтой “SciCon 2024” арга хэмжээ ийнхүү эхэлсэн билээ. Шинжлэх ухаанд дурлагч залуусын нэгдэл Гэж Юу Вэ хүрээлэл болон TenGer TV-ийн хамтран зохион байгуулдаг тус арга хэмжээг энэ жил 1400 гаруй оролцогч зорин ирсэн ба 30 орчим хамтрагч байгууллага, 25 илтгэгч оролцсон юм. Ингээд “SciCon 2024” арга хэмжээ хэрхэн өнгөрсөн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.


ЭХЛЭХИЙН ӨМНӨ: “SCICON 2023” АРГА ХЭМЖЭЭГ ЭРГЭН САНАХУЙ


“SciCon 2023: Imagine, Inspire, Invent!” арга хэмжээ шинжлэх ухааныг уйтгартай сэдэв бус урагш тэмүүлэх итгэл найдвар гэдгийг батлан харуулсан. Тиймдээ ч SciCon бол шинжлэх ухааны салбарын хамгийн том цугларалт, эрдэмтдийн үнэт эрдмээ түгээх орон зай, тархийг цэнэглэх танин мэдэхүйн их урсгал, сонирхогч болон судлаач хоорондын гүүр болж чадсан арга хэмжээ билээ.

Өнгөрсөн жилийн тухайд тус арга хэмжээг нийт 700 гаруй оролцогч зорин ирсэн бөгөөд Ертөнцийн нууц, Квант технологи, Цөм ба бөөм, Материал судлал, Генетик инженерчлэл, Сансар өөд зэрэг зургаан сэдвийн хүрээнд гадаад болон дотоодын илтгэгч, Popular Science төрлийн контент бүтээгчид илтгэлээ толилуулсаныг та бүхэн санаж буй биз ээ.

Үүнээс гадна суурь ойлголтуудыг сэргээж, хялбар байдлаар тайлбарлах “101”, TED илтгэлийн “Science” хувилбар гэж хэлж болох "SciTalk", ирээдүй рүү чиглэсэн судалгаануудын үр дүнг хуваалцах “Science Today” форматын илтгэлүүд арга хэмжээний хөтөлбөрийг улам баялаг болгосон юм. Мөн биетээр туршлага олгох туршилтууд, сонирхолтой сэдвээр мэтгэлцэх “Change my mind” ярилцлагын хэсэг, “Яагаад шинжлэх ухаан гэж?” сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлэг зэрэг нь “SciCon 2023” арга хэмжээг илүү утга учиртай болгосныг онцлууштай.

Монголын шинжлэх ухааны хамгийн том цугларалт “SciCon-2023” арга хэмжээг тоймлох нь

“SCICON 2024: АЙСУЙ НАЙДВАР”

Ням гарагийн өглөө найман цагтай зэрэгцэн эхний оролцогчид ирсэн юм. Угтаа хөтөлбөр ёсоор 09:00 цагаас бүртгэл эхэлж, танхимын хаалга нээгдэх байсан ч ихийг олж мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн шинжлэх ухаанд шимтэгчид ийнхүү цагийн өмнө ирсэн байв. Илүү тодруулбал, балчруудаа дагуулж яваа эмээ өвөө, эцэг эхчүүдээс эхлээд ахлах ангийн сурагчид, их сургуулийн оюутнууд, ажлын талбарт давшиж яваа залуу мэргэжилтнүүд, салбартаа зүтгэж байгаа шинжлэх ухаанчид гээд 1400 гаруй хүн айсуй найдварыг эрэн хайн ирсэн байлаа.

Тархи дэлбэлэм асар олон агуулгад өөрсдийгөө бэлтгэх үүднээс арга хэмжээг албан ёсоор Sound meditaion эхлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн Гэж Юу Вэ-ийн үүсгэн байгуулагч А.Доржпалам “Айсуй найдвар”-ын тухай тайлбарлаж, бүтэн өдрийн турш оролцогчдыг юу хүлээж байгаа талаар нээлтийн илтгэлээ толилуулсан юм.



Breakthroughs

Хөтөлбөрийн хамгийн эхний хэсэг бол Breakthroughs. Энэ хэсэгт өнгөрсөн онд шинжлэх ухааны салбарт өрнөсөн хамгийн чухал таван нээлтийн талаар дэлхийн өнцөг булан бүрд суугаа таван эрдэмтэн илтгэлээ танилцуулсан. Тодруулбал, “Starship: Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчирхэг цойлуур” сэдвээр НАСА-ийн эрдэмтэн, доктор Б.Баярбадрах, “Хүний тархинд чип суулгалаа!” сэдвээр Японы Тояама их сургуулийн судлаач, доктор Ч.Чинзориг, “Nanograv: Гэрлийн жилийн урттай гравитацийн долгион” сэдвээр БНСУ-ын Чежүгийн их сургуулийн судлаач, доктор Т.Гансүх, “Хиймэл оюуны тэсрэлт” сэдвээр MazaalAI-ийн үүсгэн байгуулагч Б.Энхболд, “Fusion Ignition: Рекордоо эвдсээр байна!” сэдвээр БНХАУ-ын Бээжингийн их Энергийн физикийн хүрээлэнгийн судлаач, доктор Б.Баасансүрэн нар тус тус цахим илтгэл тавьсан билээ.



Change my mind

Арга хэмжээний хамгийн үзүүштэй, сонирхолтой хэсгүүдийн нэг бол гарцаагүй “Change my mind” хэсэг байлаа. Хэвшмэл ойлголтыг эвдэж, бодлыг өөрчлөх уг ярилцлагын нэгдүгээр хэсэгт Unread медиагийн Ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ, Philosphy.mn үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр нар “Хурдтай хөгжил сайн уу, муу юу аль нь вэ хө?” сэдвээр ярилцсан юм. Тэд технологийн хэд хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд эерэг, сөрөг аль нөлөөг авчрах талаар мэтгэлцсэн.



Хоёрдугаар хэсэгт “Шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүдийн эрин ирлээ” гэх анхаарал татахуйц гарчиг дор Дэлхийн залуу эрдэмтдийн академийн гишүүн Д.Амаржаргал, Ургамлын химич О.Сарангэрэл нар ярилцав. Эмэгтэйчүүдийн оролцоо багатай шинжлэх ухааны салбарт тэдний орон зай, оролцох боломж хэчнээн их байгаа талаар тэд хөөрөлдсөн юм.



Гуравдугаар хэсэгт МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, Биогеохимич, доктор Ш.Анармаа, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш, цаг уурч, доктор Г.Гантуяа нар “Эрвээхэйн дэвэлт дэлхийг шатаах уу?” сэдвээр санал бодлоо хуваалцлаа. Энэ хэсэгт дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар ул суурьтай, шинжлэх ухаанч яриа өрнөснийг дурдууштай.



SciTalk

15 минутад тун сонирхолтой сэдвүүдээр, нэн баялаг илтгэл хүрсэн нь SciTalk хэсэг байсан юм. Тухайлбал, “Хүннүгийн “тоногдоогүй” булшны нууц” сэдвээр түүхч, археологич А.Маратхаан илтгэл тавьсан ба Хүннүгийн хаад, язгууртны 189 болон 10-р булшны тухай онцоллоо. Түүний илтгэлээс хамгийн онцлууштай нь манай улсын нутаг дэвсгэрт буй нийт археологийн олдворын дөнгөж арав орчим хувь нь судлагдсан байгаа аж. Энэ тоо бол эл салбарт хэчнээн их боломж буйг илэрхийлж буй хэрэг юм.



Үргэлжлүүлэн "Our "spice" is Uranium" сэдвээр Бадрах энержи компанийн Уул уурхайн асуудал эрхэлсэн менежер А.Баярмаа ураныг хэрхэн олборлож, бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтойг ярилаа. Дэлхий дээр ураны исэл ашиглан цөмийн түлш бүтээдэг гурван улс байдаг ба манай улс үүний гол орц болсон ураны ислийг үйлдвэрлэхээр зэхэж буй юм. Энэ үйл явдал нь алс хэтдээ Монгол Улсыг цэвэр эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэх ба улмаар байгаль орчинд ээлтэй шийдэл болох аж.



Дараагийн илтгэгчээр МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, дэд профессор Т.Төртогтох “Сарыг хулгайлах төлөвлөгөө” сэдвээр ярилаа. Тэрээр улс орон бүр сансрын хөтөлбөртөө анхаарал хандуулж, Сар өөд уралдан тэмүүлэх болсон шалтгаан, үүнд хэрхэн хүрэх төлөвлөгөөний тухай ярьсан юм. Хамгийн чухал нь монголчууд бид энэ өрсөлдөөнд яаж оролцож байгаа, цаашид уг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар хуваалцсан билээ.



SciTalk хэсгийн сүүлийн илтгэгч болох “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Дата судалгаа эрхэлсэн захирал Ч.Алтан-Өлзийгийн сэдэв харин “Хиймэл оюун vs Математик” байсан юм. Түүний илтгэлийн гол санаа нь салбар бүрд ашиглагдаж буй хиймэл оюуныг математикчдын өрсөлдөгч гэхээс илүү сайн туслагч нь болж байгаа талаар онцлов. Мөн яг одоо дата эрдэмтдийн дунд зохион байгуулагдаж буй AI | MO тэмцээнээр хиймэл оюунууд хэрхэн өрсөлдөж, ямар төрлийн математикийн бодлого бодож чадаж буйг танилцуулсан билээ.



Futurism

“SciCon 2024” арга хэмжээний үзүүштэй хэсэг бол яахын аргагүй ирээдүйн тухай өгүүлэх Futurism хэсэг. Энэ хэсэгт гурван илтгэгч гадаадаас холбогдож, ярилцсан ба эхнийх нь АНУ-ын Ок Ридж дахь үндэсний тооцоолох хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Х.Одбадрах байсан юм. Тэрээр дэлхийд тэргүүлэх өндөр хүчин чадалтай Frontier хэмээх суперкомпьютертай тун ойрхон ажилладаг монгол хүн билээ. Суперкомпьютер нь ирээдүйд бүтээгдэх бүхий л шилдэг технологийг дараагийн шатанд гарахад чухал үүрэг гүйцэтгэхийн сацуу асар их хэмжээний өгөгдлийг боловсруулахад онцгой үүрэгтэй.



Дараагийн илтгэгчээр Герман улсын Берлин хот дахь Тесла гигафакторид дата инженерээр ажилладаг Э.Жавхлан “Эрчим хүчний шилжилт” сэдвээр ярилцлаа. Эрчим хүч гэдэг улс орны хэмжээнд ч тэр, шинжлэх ухаан, технологи зэрэг аль ч салбарт зайлшгүй хийгдэх томоохон шилжилт болоод буй. Тэрээр ярилцлагадаа эрчим хүчний шилжилтийн сайн жишиг болсон Герман улсын тухай болон Тесла компани үүнд ямар нөлөө үзүүлж байгаа талаар онцлон ярьсан юм.



Сүүлийн илтгэгч нь АНУ-ын Насжилт судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, ахлах судлаач, доктор Б.Аръяа байв. Монголын шинжлэх ухааны салбар төдийгүй олон улсад үнэлэгдэх эрдэмтэн тэрээр хүн төрөлхтний насжилт, тэдний ирээдүй, монголчууд бидний тухай сонирхолтой мэдлэг, мэдээлэл хүргэсэн билээ.



Панел хэлэлцүүлэг

SciCon арга хэмжээ цорын ганц хэлэлцүүлэгтэй гэдгээрээ онцлог. Өнгөрсөн жилийн тухайд “Яагаад шинжлэх ухаан гэж?” сэдвээр ярилцсан бол энэ жил “Айсуй найдвар” сэдвийн хүрээнд 2023 оны бүрэлдэхүүнээрээ хөөрөлдсөн юм. Илүү тодруулбал, ШУТСангийн захирал Д.Одгэрэл, ШУА-ийн Инновац технологийн хэлтсийн дарга Д.Батхуяг, МУИС-ийн ИТС-ийн профессор, Нанотехнологийн төвийн захирал Ч.Ганзориг, Гэж Юу Вэ-ийн үүсгэн байгуулагч А.Доржпалам нар шинжлэх ухааны салбарт ямар боломж, найдвар ирж буй талаар ярилцлаа.

Мөн ШУТСангийн захирал Д.Одгэрэл “Шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор ирэх онд ашиглалтад орно. 2025 оны SciCon арга хэмжээг тэнд хийх боломжтой.” хэмээсэн нь уг хэлэлцүүлгийн онцлох мөчүүдийн нэг байсныг дурдах нь зүйтэй.



GEJ YU VE UPDATES

Арга хэмжээний бас нэгэн онцлох хэсэг нь “Gej Yu Ve Updates” байлаа. Цаашид жилийн турш хийж бүтээснээ хуваалцах энэ хэсэгт олон гэнэтийн бэлэг задарсан юм. Тухайлбал, хүндэт Карл Саганы “Космос” номыг эх хэлнээ орчуулж байгаа бөгөөд ирэх намрын номын баяраар олны хүртээл болгоно гэдгээ Гэж Юу Вэ-ийн үүсгэн байгуулагч А.Доржпалам хариуцлагатайгаар мэдэгдэв. Түүнчлэн www.gejyuve.com платформ ашиглалтад орж буй бөгөөд шинжлэх ухааны сэдэвт агуулгыг нэг дороос авах басхүү өгч болох энэхүү платформ нь гарцаагүй том бэлэг болж чадсан юм.



АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭРГЭН ТОЙРОНД

Есөн цагийн турш үргэлжилсэн уг арга хэмжээ нь үндсэн тайзны хөтөлбөрөөс гадна олон сонирхолтой үйл ажиллагаа, үзэсгэлэнгээр дүүрэн байлаа. Жишээлбэл, хоёрдугаар давхарт үзэж сонирхох 13 үзэсгэлэн байрлаж, шинжлэх ухаан, технологи, боловсрол тэргүүтэй салбарын төлөөлөл болсон компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Мөн гуравдугаар давхрын зүүн жигүүрт мини кино театр ажилласан бөгөөд кино үзвэрээс гадна ном, киноны хэлэлцүүлэг бүхий Sci-Fi Talk, хуурмаг шинжлэх ухааны эсрэг мэтгэлцээн бүхий Mythbusters хэсгийн хөтөлбөрүүд зохион байгуулагдав. Харин баруун жигүүрт Re цаасны студи, Монголын оюун ухааны академи, Space академийн сонирхолтой сургалтууд болон тайзан дээр гарсан илтгэгчдээс хүссэнээ асууж болох Ask me anything хэсэг тус тус байршсан юм.

Science Fair Awards-ыг дурдахгүй өнгөрч болохгүй. Atom & Quantum, Space adventure, Robotics сэдвийн хүрээнд бүтээл хүлээн авах уралдаанд 22 бүтээл ирсэний шилдэг тавыг нь арга хэмжээнд танилцуулсан ба олонхын саналаар шилдэг гурвыг шалгаруулсан юм.



ЭЦЭСТ НЬ

“SciCon 2024: Айсуй найдвар” арга хэмжээг хамтрагч байгууллагуудын дэмжлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тус арга хэмжээг дэмжиж, хамтарч оролцсон Бадрах Энержи ХХК, Нөмөр ББСБ, Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар, HUB Инновацын төв, Боловсрол шинжлэх ухааны яам, ШУТСан, Go Mongolia, Caffe Fonte, Ариг Аня ресторан, Витафит, EZ Эдийн засаг тэргүүтэй байгууллагуудад талархсанаа илэрхийлэх нь зүйтэй. Түүнчлэн үнэт мэдлэг, арвин туршлагаасаа дэлхийн өнцөг булан бүрээс холбогдож, монгол залуустаа түгээсэн эрдэмтэн, докторуудад дахин талархсанаа илэрхийлье.

Эцэст нь оролцогчдын тоогоо хоёр дахин нэмж, агуулгын чансаагаа улам бүр сайжруулсан SciCon арга хэмжээ хэн бүхний хувьд “Айсуй найдвар” нь болж чадсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ирэх жилийн SciCon арга хэмжээгээр эргэн уулзацгаая!