Амралтын өдрийн өглөө эртлэн босож, өөрсдийнхөө хөгжилд хувь нэмэр оруулахаар Улаанбаатар театрыг зорин ирсэн 700 гаруй оролцогчийн тэмүүлэл дүүрэн хүлээлтээр “SciCon 2023” арга хэмжээ амжилттай болж өрнөлөө.
Тодруулбал байгалийн шинжлэх ухааны салбарын судлаач, эрдэмтэд, эл салбарыг шимтэн сонирхогчдын хамгийн том цугларалтыг “Гэж Юу Вэ” болон ТэнГэр телевиз хамтран өнгөрсөн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 1-нд зохион байгуулсан юм.
Ингээд шинжлэх ухаанд дурлагсдын баярын сонин сайхнаас тоймлон хүргэе.
SCICON-2023 АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧХОНООР
Төсөөллөө тэлж, урам зоригоор цэнэглэгдэн хийж бүтээхийн хүслээр цангасан залуусын орон зай, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцах эрдэмтэн мэргэжилтнүүдийн индэр, зохион бүтээгчдийн алдарших тайз болсон тус арга хэмжээ “Imagine, Inspire, Invent” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд Ертөнцийн нууц, Квант технологи, Цөм ба бөөм, Материал судлал, Генетик инженерчлэл, Сансар өөд зэрэг зургаан сэдвийг чухалчлан үзжээ. Салбар тус бүрийн хэсэгт гадаад болон дотоодын нэг эрдэмтэн, Popular Science төрлийн контент бүтээгчид өөрсдийн илтгэл, үзүүлбэр, ярилцлагаа толилуулсан нь нэг сэдвийг уялдаа холбоотой, сонирхол татахуйц байдлаар хүртээмжтэй хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн байв.
Түүнчлэн суурь ойлголтуудыг сэргээж, хялбар байдлаар тайлбарлах “101”, TED илтгэлийн “Science” хувилбар гэж хэлж болох "SciTalk", ирээдүй рүү чиглэсэн судалгаануудын үр дүнг хуваалцах “Science Today” зэрэг форматын хүрээнд илтгэлүүдээ танилцуулсан нь онцлогтой байлаа.
ТӨСӨӨЛӨЛ ТЭЛЖ, МЭДЛЭГЭЭР ЦЭНЭГЛЭХ ИЛТГЭЛҮҮД
Ертөнцийн нууц
“SciCon-2023” арга хэмжээний нээлтийн илтгэл ертөнцийн үүслээс эхэлж, “Нэмэлт хэмжээс ба агшиж тэлэх космологийн загвар” сэдвээр Чэжүгийн их сургуулийн Квант космологийн группийн судлаач, доктор Т.Гансүх Өмнөд Солонгосоос илтгэлээ танилцуулсан юм. Үргэлжлүүлэн Монголоос ШУА, Онол ба Их энергийн физикийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Энхбат “Бид ертөнцийг хэр сайн мэдэх вэ? Эгэл бөөмөөс Космологи” сэдвээр ярилцсан бол “Их тэсрэлт” хэрхэн болсон тухай сонирхолтой туршилтыг Nutty Scientist-ийн багийнхан толилуулсан билээ.
Квант технологи
Энэ хэсэгт “Гэрэл ба квант компьютер” сэдвээр Данийн Технологийн их сургуулийн дэд профессор М.Баттулга Дани улсаас илтгэлээ танилцуулсан бөгөөд дотоодоос “Квант Компьютерын хэлийг ойлгох нь” сэдвээр Макгиллийн Их Сургуулийн Математик Статистикийн тэнхим болон МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Ц.Гантөмөр үргэжлүүлэн ярилаа. Хамгийн сонирхолтой нь квант компьютер бодитоор хэрхэн ажилладаг талаар “Quantum Mongolia” подкастын хөтлөгч М.Хасчулуу танилцуулсан юм.
Цөм ба бөөм
“Нейтрон ба Нейтрино - Нууцлаг бөөмсийн тухай” сонирхолтой илтгэлийг ОХУ-аас оролцсон Дубна, Нейтроны Физикийн Лабораторийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Сумхүү танилцуулж, үргэлжлүүлэн Европын цөмийн судалгааны төв-LHCb, Бээжингийн Их энергийн Физикийн хүрээлэнгийн судлаач, доктор Баасансүрэн “Хурдасгуур ашиглан орчлон ертөнцийн нууцыг тайлах нь” сэдэвт илтгэлээ хүргэв. Түүнчлэн энэ хэсэгт Popular Science контент бүтээгч Данна “Хүүхэлдэйн кино ба шинжлэх ухаан” сэдвээр тун сонирхолтой илтгэл танилцуулсан.
Материал судлал
Япон улсаас оролцсон Ёкохамагийн Их Сургуульд пост доктор судлаач О.Нямжаргал “Шингэн металл ба батарей” сэдвээр илтгэлээ хуваалцсан бол үргэлжлүүлэн ШУА, Функциональ материал лабораторийн эрхлэгч, доктор Жаргалан “Газрын ховор элемент ба соронзон материал” сэдвийн хүрээнд мэдлэг туршлагаасаа хуваалцлаа. Мөн “Материал судлал яагаад чухал вэ?” сэдвээр Sexy Science төслийн санаачлагч Д.Амаржаргал зочдын хамт хөөрөлдсөн юм.
Генетик инженерчлэл
Хүн төрөлхтний анхаарлаа хандуулаад буй генетик инженерчлэлийн салбарт ажиллаж яваа Стэнфордын Их Сургуулийн судлаач, доктор А.Дөлгөөн “CRISPR ба Генетик Анагаахын ирээдүй” сэдэвт илтгэлээ танилцуулж, Монголоос МУИС-ийн Генийн Инженерчлэлийн Лабораторийн эрхлэгч, дэд профессор О.Одгэрэл “Хувиа хичээсэн генүүд буюу яг юу болоод байгааг зөрүүд нөхдүүдээс асуух нь” сэдвээр тун сонирхолтой илтгэлээ толилууллаа. Энэ хэсэгт ScienceМаянс подкастын хөтлөгчид манай арга хэмжээний тайзнаа шууд ярилцлага өрнүүлсэн.
Сансар өөд
“Сансрын өрсөлдөөн, Хөгжил дэвшил, Ирээдүй” сэдвээр НАСА, Жон Гленний нэрэмжит Судалгааны Төвийн судлаач, доктор Б.Баярбадрах АНУ-аас бидэнтэй холбогдсон бол ONDO SPACE-ийн мэдээлэл хариуцсан захирал, МУИС-ийн дэд профессор Д.Эрдэнэбаатар “Сансрыг хэрэх Монгол сүлжээ” сэдэв дор сансрын технологи Монголд хаа яваа талаар ярьсан юм. Түүнчлэн “Гэж Юу Вэ”-ийн үүсгэн байгуулагч, “ТэнГэр” телевизийн контент бүтээгч А.Доржпалам “Космик хэмжээст бид хаана вэ?” сэдвээр сонирхолтой илтгэл хүргэсэн.
Science Today
Энэ хэсэгт зөвхөн бидний ирээдүй рүү чиглэсэн судалгаануудын үр дүнг хуваалцсан ба Space Academy-ийн хамтран үүсгэн байгуулагч Д.Хос-Эрдэнэ, ШУА-ийн Инновацын мэргэжилтэн Р.Мөнхзул, ШУТИС-ийн Технологийн эрдэс судлал, инновацын төвийн судлаач, докторант Д.Хашбат, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Цэрэн нар ирээдүйд тулгарч болзошгүй аюул болон яг одоо тулгамдаж буй асуудлын талаарх баримтыг сөхөн танилцууллаа.
“ЯАГААД ШИНЖЛЭХ УХААН ГЭЖ?” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
“SciCon-2023” арга хэмжээ ердөө ганцхан хэлэлцүүлэгтэй байсан бөгөөд “Яагаад шинжлэх ухаан гэж?” сэдвийн хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл, ШУА-ийн Инновац технологийн хэлтсийн дарга Д.Батхуяг, МУИС, ХШУИС, Хими Биологи Инженерчлэлийн тэнхимийн профессор Ч.Ганзориг, “Гэж Юу Вэ”-ийн үүсгэн байгуулагч, контент бүтээгч А.Доржпалам нар ярилцсан юм.
Тэд Монголын шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар олон талаас нь хэлэлцэж, залуусын шинэ санал санаачилга, шүүмж сайшаал асар их хэрэгтэй байгааг онцолж байв.
ӨТНИЙ НҮХЭЭР ДАМЖИН “HUB” ИННОВАЦЫН ТӨВ РҮҮ…
Улаанбаатар театрын үндсэн тайзны хөтөлбөрөөс гадна “Hub” инновацын төвд хэд хэдэн үйл ажиллагаа давхар өрнөлөө. Ингэхдээ “Өтний нүх”-ээр дамжин орж байсан нь хамгийн онцлууштай байв.
Тухайлбал,
- "Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг устгана"
- "Тахиа анхдагч"
- "Сүнс жинтэй"
- "Уур амьсгалын өөрчлөлт бол хууран мэхлэлт"
- "Харийнхан байдаг. Харин үүнийг НАСА нуудаг."
зэрэг сэдвийн хүрээнд “Change my mind” мэтгэлцээн өрнөсөн төдийгүй шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубууд хөгжилтэй сургалт зохион байгуулсан юм. Хамгийн онцлогтой нь хими, биологийн мини лабораторид өөрийн биеэр туршилт хийх боломжтой байсны зэрэгцээ шинжлэх ухааны кафегаас сонирхолтой нэршил бүхий төрөл бүрийн амттан, бүтээгдэхүүнийг санал болгож байсныг дурдах нь зүйтэй болов уу.
Эцэст нь
Нойр хүргэм лекц, уйтгартай эрдэмтэн, ойлгогдохгүй олон томьёогоор бид шинжлэх ухааныг төсөөлөх нь олонтоо. Гэвч шинжлэх ухаан гэдэг төсөөллийг биет болгох хүчтэй, бодит амьдралын ид шид төдийгүй түүнд итгэн үнэмшигсэд хэчнээн олуулаа вэ гэдгийг, энэ салбарын цаашдын потенциал хэр өргөн цар хүрээтэй болохыг “SciCon-2023” арга хэмжээ харууллаа. Тус арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шинжлэх ухаанд дурлагч залуус, эрдэмтдийн баяр болгон тэмдэглэхээр зорьж буйгаа хариуцлагатайгаар мэдэгдсэн юм.