Хүн бүр хариуцлагатай иргэн байхыг хүсдэг ч төрийн санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авахаа мэддэггүй. Үүнийг шийдвэрлэхийн тулд иргэд тун энгийн байдлаар төсвийн мэдээлэлд хандаж болох боломж бий болжээ. Тодруулбал, Европын холбооны буцалтгүй тусламжаар Дэлхийн банкны хэрэгжүүлсэн “Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх” төслийн хүрээнд иргэдийн оролцоо, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Сангийн яам “Иргэдийн төсөв ”товхимол, “Ил тод” цахим хуудсыг бий болгож, “Ирээдүйгээ төсөвлө” аяныг хэрэгжүүлжээ.  

Ингэснээр төсвийн төлөвлөлт, түүний гүйцэтгэл, хяналтын явцад иргэдийг татан оролцуулж, ил тод хариуцлагатай нийгмийг бүтээхэд нэг алхам ойртох юм. Төсвийн тухай хий хоосон шүүмжлэх бус иргэн бүр бодитоор төсвийн үйл явцад оролцох боломжтой болохыг таниулахаас гадна төсөв, санхүүгийн тухай боловсролыг олгох, мэдлэгийг тэлэх эдгээр үйл ажиллагаа, санаачилгатай танилцъя.


“ИРГЭДИЙН ТӨСӨВ” ТОВХИМОЛ 

2018 онд анх удаа Иргэдийн төсвийн товхимлыг боловсруулан олон нийтэд түгээж эхэлжээ. Тус товхимлын зорилго нь төсвийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг дээшлүүлж, иргэдийн төлсөн татварын мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хянах, татвар төлөх шалтгаан зэрэг ойлголтуудыг өгөх юм. Уг товхимолд улсын төсвийн бүрэлдэхүүн хэсгүүд, төсвийн орлого болон зарцуулалтын тухай ойлголтыг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, тухайн жилийн төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн мэдээллийг багтаадгаараа онцлогтой.


“ИЛ ТОД” ЦАХИМ ХУУДАС

Төсвийн мэдээллийг хүн бүрд нээлттэй, хүртээмжтэй байлгах үүднээс уг цахим хуудсыг 2021 онд хөгжүүлжээ. Ил тод цахим хуудаснаас төсвийн тухай хууль, тогтоол, хуваарь, төсөл, иргэдийн төсвийн ном товхимлуудыг уншиж танилцах, гүйцэтгэл болон төлөвлөгөөний мэдээний файлуудыг татаж авах, төсвийн тухай боловсрол олгох богино хэмжээний бичлэгүүдийг үзэх, төсөвтэй холбоотой хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох зэрэг бүх мэдээллийг авах боломжтой.


“ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨВЛӨ” АЯН

Монгол Улсын Сангийн яам, Unread Media компанитай хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг 2021 онд эхлүүлсэн. Нэг жил гаруй үргэлжилсэн тус аяны хүрээнд сурагч, оюутан судлаач, залуу мэргэжилтэн зэрэг төсөв санхүүгийн тухай сонирхсон хүн бүрд хүртээмжтэй байхаар төрөл бүрийн контент, арга хэмжээг зохион байгуулсан юм.
Үүнд:
- Цахим хэлэлцүүлэг
- Цуврал видео контент
- Цуврал подкаст
- Мэргэжилтнүүдийн нийтлэл
- ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол...” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан
- Залуу мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал
- Залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн 16 оролцогчдод зориулсан дөрвөн долоо хоногийн менторшип хөтөлбөр
- Залуу мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш, оюутнууд, ЕБС-ийн сурагчдын дунд Нээлттэй төсөв өгөгдлийн тэмцээн


boost - төсвийн нээлттэй өгөгдөл

Дэлхийн Банкны “BOOST: Нээлттэй төсвийн портал” мэдээллийн сангийн хөтөлбөрийн хүрээнд Сангийн яам 2010-2021 он хүртэлх Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг олон улсын стандарт шалгуурын дагуу боловсруулж, олон нийт нээлттэй авч ашиглахад бэлэн болгож, Ил тод цахим хуудсанд байршууллаа. BOOST мэдээллийн сангаар дамжуулан хэрэглэгчид дэлхийн улс орнуудын төсвийн орлого, зарлагын мэдээллийг нэг дороос авч ашиглах, харьцуулах боломж бүрдэж байна.