Огцом хүйтэрсэн энэ өдөр халуухан нэгэн үйл явдал боллоо. Энэ бол стриймийн суутан хэмээн нэрлэж болох шинэ үеийнхний шүтээн болсон контент бүтээгч “iShowSpeed”. Тэрээр өнгөрсөн сард Зүүн Өмнөд Азийн “шууд дамжуулалт”-аа зарласан бөгөөд эхний зогсоол нь Хятад байсан бол ийнхүү өнөөдөр Монгол Улсад иржээ. YouTube дээрх шууд дамжуулалтыг нь яг одоо 120 мянган хүн дэлхийн өнцөг булан бүрээс нэгэн зэрэг үзэж, түүнтэй хамт Сүхбаатарын талбай дээр хоол идэж, Чингис хааны музейд үзмэр үзэж байна.
Интернэт орчны уугуул залуусын андахгүй таних түүнийг уншигч та одоо л сонсож байж болох юм. Тиймээс Speed-ийн стриймийн нууц, түүний ард орших шинэ цагийн трэнд болон улс орноо сурталчлах том боломжийн талаар уншигч тантай хуваалцъя.
Амьдралыг нь өөрчилсөн асуулт
Цахим орчинд iShowSpeed буюу товчоор Speed нэрээрээ танигдсан, 21 настай Darren Jason Watkins Jr. нь контент бүтээгчийн замналаа 2016 онд буюу ердөө 11 настай байхдаа эхлүүлж байжээ. Эхэндээ тоглоомын контент хийдэг байсан тэрээр өсвөр насанд хүрэх үедээ олон зуун мянган дагагчтай болсон байв. Түүний шүүлтүүргүй яриа, этгээд зан төлөв, дуусашгүй мэт эрч хүч нь олон мянган үзэгчдэд таалагдсан хэрэг. Удалгүй тэрээр “тогооноос халих” болов. Жишээ нь, шууд дамжуулалтын Twitch платформ түүнийг Valorant тоглож байхдаа ёс бус үйлдэл гаргаж, зохисгүй үг хэлсэн шалтгаанаар хориг тавьж байжээ. Гэсэн ч энэхүү маргаантай үйл явдал нь бусдын хувьд хохирол болох байсан бол түүний хувьд эсрэгээрээ нэр хүнд, олны анхаарлыг улам өсгөсөн билээ.
Ийнхүү цар тахлын үед улам олны танил болсоор таваас зургаан сая дагагчтай, бусад стриймэрүүдтэй тогтмол хамтардаг цахим ертөнцийн од болж чадлаа. Яг энэ үед түүний амьдралыг орвонгоор нь өөрчилж, карьерыг нь урд хожид байгаагүй өндөрт хүргэх үйл явдал болсон юм.
2022 оны гуравдугаар сарын 16-нд өдөр түүнийг стрийм хийж байхад “Хөлбөмбөгийн аль багийн дэмждэг вэ” гэсэн асуулт ирэв. Speed үүнд “Christiano Ronaldo Sewy” хэмээн хариулсан нь вайрал богино бичлэг болж интернэтийг “дэлбэлэв”.
Роналдогийн хэлдэг “Siuuu” хэмээх үгийг тэрээр өөрийнхөөрөө өвөрмөц байдлаар хэлсэн нь интернэт тэр дундаа хөлбөмбөг сонирхогч тэрбум, тэрбум хүний анхаарлыг татсан нь тэр. Ингээд тэрээр видео тоглоом хэмээх “бөмбөлөг”-өө хагалж, хөлбөмбөгөөр дамжуулан жинхэнэ алдартны ертөнцөд хөл тавилаа. Нэмээд өөрийн шүтээн Роналдотайгоо ч уулзаад амжсан.
Юу нь алдартан болгоод байгаа юм?
Анхлан комьютерынхоо ард суун тоглоом тоглодог байсан бол яваандаа In real life (IRL) буюу “бодит амьдрал”-ын стрийм хийдэг болов. Энгийнээр хэлбэл, тэрээр гадуур явж, хооллож, хүмүүстэй уулзаж буй өдөр тутмын амьдралаа ямар ч шүүлтүүр, найруулгагүйгээр шууд дамжуулдаг болсон гэсэн үг юм.
Тэрээр уг төрлийг нэг шат ахиулж, яг л урлагийн одод шиг улс орон бүрд очиж “аялан тоглолт” хийх болсон нь амжилтынх нь нууц жор байсан гэж хэлж болно. Өнгөрсөн онд Европын улсуудад очиход нь явсан газар бүрд нь фэнүүд нь дагаж, орсон дэлгүүрийг нь дүүргэж, тэр байтугай гудамжаар явж байхад нь үснээс нь татаж, тасалж авсан үсээ хүртэл цахим орчинд зарж байв. Speed ийнхүү очсон улс бүрээсээ сая сая дагагч нэмж чадсан юм.
Түүний эрч хүчээр дүүрэн, шүүлтүүргүй эдгээр стриймүүд нь интернэт орчныг шуугиулж, олон сая үзэгчийн энтертайнмент хэрэгцээг хангасан гэхэд болно. Энэ л түүний амжилтын жор.
Бидэнд яагаад хамаатай вэ?
Дуучин ч биш, тамирчин ч биш (гэхдээ тэрээр ирэх Лос-Анжелесын олимпод өрсөлдөхөө зарлаад буй) ердөө 21 настай энэ залууг яагаад монгол контент бүтээгчид “дагалдаж”, контент бүтээхийг хүсдэг залуус бүчин аваад байгаа вэ?
Товчхондоо хариулахад, энэ бол шинэ цагийн трэнд. Залуу үзэгчид зөвхөн зурагтаар гоё ганган хувцастай хааяа нэг харагддаг “тэнгэр”-ийн одод биш, Speed шиг амьдралд ойр, энгийн атлаа сонирхолтой (authentic) зүйлсийг үзэхийг хүсдэг болсон гэсэн үг.
Түүнчлэн Speed-ийн стриймүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс сая сая залуус үздэг бөгөөд тэдний ихэнх хувь нь барууны ертөнцийн үзэгчид. Эдгээр үзэгчдийн хувьд Азийн соёл ямар шинэ, сонирхолтой байгааг бид Speed-ийн Хятадад хийсэн цуврал стриймүүдээс харж болно.
Тэрээр Хятадын одуудтай хамтарч, томоохон хотуудаар нь зочилж, түүхэн дурсгалт газруудад нь очиж, үндэсний хоолыг нь идэж буй стриймийг оргил үедээ олон зуун мянган хүн үзэж байв. Хэдхэн сарын өмнө Тайландад хийсэн стриймийг нь 1 сая үзэгч нэгэн зэрэг үзэж дээд амжилт тогтоож байв.
Өөрөөр хэлбэл түүний контент бол бидний уламжлалт аргаар хүрэх бараг л боломжгүй хүмүүс. Энэ утгаараа Speed зочилсон улс бүрийнхээ аялал жуулчлалыг нэмэгдүүлж, соёл уламжлалыг нь таниулж буй.
Эцэст нь дурдахад, уншигч та орчин цагийн залуус болон шинэ цагийн контент зах зээлийг ойлгоё, эсвэл зүгээр л цагаа нөхцөөе гэвэл Speed-ийг үзээрэй. Тэр таныг уйдаахгүй нь лав.

Сэтгэгдэл бичих (5)


З Зочин 2025.04.13 66.181.182.94
Өөрөө мэдэхгүй, ойлгохгүй юм бүхнийг доромжлоод л байдаг ард түмэн юм даа, монголчууд хөөрхий. Өөрсдийгөө даанч мэдэхгүй юм. Хөгшин залуугүй л бусдыг элдэв үгээр хэлнэ. За даа толгой дээрээ Нара шиг хүнийг гаргачихсан улс тийм л бүдүүлэг хэл амтангууд байхаас яарав. Одоо тиймгүй нь ч заваан бүдүүлгүүд болж байна доо...
З Зочин 2025.04.13 66.181.182.94
Өөрөө мэдэхгүй, ойлгохгүй юм бүхнийг доромжлоод л байдаг ард түмэн юм даа, монголчууд хөөрхий. Өөрсдийгөө даанч мэдэхгүй юм. Хөгшин залуугүй л бусдыг элдэв үгээр хэлнэ. За даа толгой дээрээ Нара шиг хүнийг гаргачихсан улс тийм л бүдүүлэг хэл амтангууд байхаас яарав. Одоо тиймгүй нь ч заваан бүдүүлгүүд болж байна доо.
3 3ayaz 2025.04.11 66.181.179.130
Ямар гоё бичээ вэ? Уншихад урамтай байлаа. Зүгээр энгийн танилцуулга тайлбар биш сонирхолтой өөр өнцгөөс бичсэн гоё нийтлэл байлаа
j jojo 2025.04.11 202.9.47.72
хурдтай шуурхай байна шүү, баярлалаа баярлалаа баярлалаа баярлалаа баярлалаа баярлалаа баярлалаа баярлалаа
I Ishowzail 2025.04.11 202.9.40.70
Brainrot get the f outta here. Stop promoting this bullshit. I thought u were better than this bruv.