Монголчууд бид эрт дээр үеэс сүү, цагаан идээгээ эрхэмлэн дээдэлж, ахуй амьдрал, ёс заншил, өв соёлынхоо салшгүй хэсэг болгож ирсэн ард түмэн. Нар мандахтай зэрэгцэн сүүтэй цайгаа чанаж, шинэ өдрөө угтахаас эхлээд баяр ёслолоор цагаан идээнийхээ дээжийг өргөн барих хүртэл энэхүү уламжлал бидний амьдралтай нягт сүлэлджээ. Монголчуудын хувьд сүү, цагаан идээ нь зөвхөн хүнс төдийгүй элбэг дэлбэг, ариун цагаан сэтгэлийн бэлгэдэл юм
Цаг үеийн эрхээр нүүдлийн мал аж ахуйгаас суурин ферм, орчин үеийн сүүний үйлдвэр хүртэл үйлдвэрлэлийн арга хэлбэр өөрчлөгдсөн ч сүүний хэрэглээ, үнэ цэн монголчуудын амьдралд байр сууриа хадгалсаар байна. Энэхүү уламжлалыг XX зуунаас XXI зуунд өртөөлөн өдийг хүртэл бидэнд түгээж буй компани бол Монголын ууган үйлдвэр Сүү ХК юм. Малчин, фермерүүдийн бэлтгэсэн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж, хот суурин газрын хэрэглэгчдэд хүргэх гүүр болсоор ирсэн тус компанийн үйл ажиллагааны цаана олон хүний амьдрал, олон жилийн хамтын хөдөлмөрийн түүх бий.
Тэгвэл бидний өдөр бүр хэрэглэдэг нэг сав сүүний цаана ямар хүмүүсийн хөдөлмөр, хэчнээн жилийн хичээл зүтгэл, ямар амьдралын түүх оршдог бол? Чухам энэ асуултын хариуг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Сүү ХК нь “Бидний дундах сүүн холбоо” кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Олон жилийн турш хамтран ажиллаж буй сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүдийнхээ амьдрал, хөдөлмөр, амжилтын түүхийг олон нийтэд танилцуулж, бидний өдөр тутмын хэрэглээний цаана орших хүний хөдөлмөр, хамтын ажиллагааны үнэ цэнийг тодотгохыг зорьжээ.
Ингээд Сүү ХК-ийн танилцуулсан таван фермерийн түүхээр дамжуулан нэг сав сүү хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх замнал, түүний ард буй хүмүүсийн амьдрал, хөдөлмөртэй танилцъя.
ФЕРМЕР Л.ЦОЛМОНБААТАР

Арваад жилийн өмнө Л.Цолмонбаатарын нэг өдөр өглөөний таван цагт эхэлдэг байв. Тэрбээр үүрээр босож үнээгээ саан, сүүгээ борлуулчхаад банкны ажилдаа явна. Орой гэртээ ирэхэд нь малын ажил дахин хүлээж байдаг байв. Ийнхүү ажил, амьдралаа зэрэгцүүлэн авч явсан Л.Цолмонбаатар өнөөдөр 200 орчим үхэртэй, олон хүнийг ажлын байраар хангадаг фермийн эзэн болсон байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд малчин аав, ээжийнхээ дэргэд өссөн тэрээр багаасаа өөрийн гэсэн фермтэй болохыг мөрөөддөг байв. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшиж, банкны салбарт ажиллаж явсан тэрээр 2010 онд анхны найм, есөн үхрээ худалдан авч, хоёр жилийн дараа үндсэн ажлаа орхин фермерийн аж ахуйд бүрэн төвлөрсөн юм. Энэ бүх хугацаанд гэргий Б.Тэрбиш нь түүний хамгийн том түшиг болж, дөрвөн хүүгээ фермийн орчинд өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ гэр бүлээрээ өнөөдрийн амьдралаа бүтээн босгожээ.
Тэрээр 2014 оноос Сүү ХК-д сүү бэлтгэн нийлүүлж эхэлсэн бөгөөд компанийн зүгээс сүүг фермээс нь тээвэрлэн авч, төлбөрийг долоо хоног бүр олгодог нь аж ахуйгаа тогтвортой эрхлэхэд чухал дэмжлэг болдог аж. Түүнчлэн өвс, тэжээл бэлтгэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.
Сүү ХК-ийн мэдээллээр Л.Цолмонбаатар долоон жилийн хугацаанд нийт 1,700,248 литр сүү бэлтгэн нийлүүлжээ. Тэрээр 2026 онд улсын аварга фермерээр шалгарсан бөгөөд Сүү ХК-ийн шилдэг фермерээр таван жил дараалан тодорсон байна. Харин найз нөхөд нь “Манай Цоомоо ахын бэлтгэсэн сүү” хэмээн ярихыг сонсох нь түүнд онцгой бахархал төрүүлдэг гэнэ. Өдгөө тэрээр төрсөн нутгийнхаа залуу малчдыг нэгтгэн хамтарсан ферм байгуулахыг зорьж байгаа билээ.
ЗАЛУУ ФЕРМЕР Б.ЭРДЭНЭДЭЛГЭР

Улаанбаатар хотоос 50 километрийн зайд аж ахуйгаа эрхэлдэг залуу фермер Б.Эрдэнэдэлгэр 2015 онд анхны дөрөв, таван үхрээ зээлээр худалдан авч, фермер болох замналаа эхлүүлсэн байна. Тухайн үед таксины жолоочоор ажилладаг байсан тэрээр мянгат малчин аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, өөрийн гэсэн аж ахуйтай болохоор шийдсэн нь энэ юм. Өдгөө тэдний ферм өдөрт 500 орчим литр сүү бэлтгэн нийлүүлэх хүчин чадалтай болжээ.
Түүний энэ сонголтыг гэргий Х.Цэндсүрэн нь дэмжиж, 2020 онд багшийн ажлаа орхин фермдээ хамтран ажиллах болсон юм. Өглөө, оройн сааль, малын арчилгаанаас эхлээд аж ахуйн өдөр тутмын ажлыг тэд хамтдаа нугалж, төрсөн дүүгийнх нь гэр бүл ч гар бие оролцдог аж. Ийнхүү нэгэн залуу хосын эхлүүлсэн ажил өдгөө ах дүүсийн хамтын хөдөлмөрөөр өргөжиж, дөрвөн хүүхдийнх нь ирээдүйн баталгаа болон хөгжиж байгаа нь дэндүү сайхан.
Харин аж ахуйгаа тогтвортой авч явахад сүүгээ борлуулах асуудал багагүй сорилт болж байжээ. Өмнө нь Б.Эрдэнэдэлгэр саасан сүүгээ портер машиндаа ачиж, өдөржин явж борлуулдаг байсан бол 2023 оноос Сүү ХК-д бэлтгэн нийлүүлэх болж, фермийнхээ ажилд илүү төвлөрөх боломжтой болсон байна. Мөн сүүний төлбөрөө долоо хоног бүр авдаг нь өрхийн болон аж ахуйн санхүүгээ төлөвлөхөд чухал дэмжлэг болдог аж.
Сүү ХК-ийн мэдээллээр тэрээр гурван жилийн хугацаанд нийт 710,058 литр сүү бэлтгэн нийлүүлжээ. Анхны хэдхэн үхрээс эхэлсэн түүний бизнес өнөөдөр гэр бүлийнх нь амьжиргааг тэтгэхээс гадна олон мянган литр сүүг хэрэглэгчдэд хүргэх үйлдвэрлэлийн нэг хэсэг болжээ. Б.Эрдэнэдэлгэрийн хувьд энэ бүх амжилтын үндэс нь энгийн. Хүн өөрөө хөдөлмөрлөж чадвал үр шимийг нь хүртэнэ гэсэн итгэл юм.
ФЕРМЕР Н.СҮХБААТАР

Төв аймгийн Зуунмод суманд тариачин аавын хүү болж өссөн Н.Сүхбаатарын хувьд газар тариалан, мал аж ахуй нь үе дамжин өвлөгдсөн амьдралын хэв маяг юм. Тэрээр анх барилгын материалын худалдаа эрхэлж байгаад 2009 оноос газар тариалангийн салбарт хөл тавьж, улмаар 2019 онд анхны 12 үхрээ худалдан авчээ. Өдгөө түүний аж ахуй 240 гаруй үхэртэй болж, саалийн үнээ, тугал, өсвөр болон сувай үхрийн зориулалттай дөрвөн ферм болон өргөжсөн байна.
Энэ бүх хугацаанд гэргий Б.Баянзул нь түүний найдвартай түшиг болж, гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ аж ахуйгаа хөгжүүлсээр иржээ. Сонирхолтой нь, түүний том хүү мал зүйч мэргэжил эзэмшсэн бөгөөд Н.Сүхбаатар ирээдүйд фермээ түүнд өвлүүлэхээр төлөвлөж буй. Бүр зургаан настай ач хүү нь хүртэл фермийнхээ тухай бусдад тайлбарлаж чаддаг гэнэ. Ийнхүү тариачин ааваас нь эхлэлтэй хөдөлмөрийн уламжлал хүү, ач нарынх нь үед үргэлжилж байна.
Н.Сүхбаатар 2020 оноос Сүү ХК-д сүү бэлтгэн нийлүүлж эхэлсэн бөгөөд тогтвортой орлого, урт хугацааны хамтын ажиллагааг аж ахуйнхаа нэг давуу тал хэмээн үздэг. Тус компанийн мэдээллээр тэрээр зургаан жилийн хугацаанд нийт 1,342,297 литр сүү бэлтгэн нийлүүлжээ. Түүний хөдөлмөрийг үнэлж, 2024 онд төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан байна.
Харин өөрийн бэлтгэсэн сүүг үйлдвэрийн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдэд хүрч байгааг харахдаа тэрээр “Энэ сүүн дотор манай нэг дусал сүү байгаа” хэмээн бахархалтайгаар хэлдэг аж. Олон жилийн хөдөлмөрийнх нь утга учир энэ үгэнд багтана. Н.Сүхбаатарын хувьд ферм нь зөвхөн өнөөдрийн амьжиргааны эх үүсвэр бус, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх үнэ цэнтэй бүтээл юм.
ФЕРМЕР Б.ОТГОНБАЯР

Тавантолгойд гурван жил нүүрс тээвэрлэж ажилласан Б.Отгонбаяр 2018 онд анхны арван үхрээ худалдан авч, өөрийн гэсэн ферм байгуулах гараагаа эхлүүлжээ. Мал аж ахуйн уламжлалыг үргэлжлүүлж буй хоёр дахь үеийн төлөөлөл тэрээр аливаа ажлыг “Яаж болгож, бүтээх вэ?” гэсэн өнцгөөс харахыг хичээдэг нэгэн. Энэ хандлагаараа анхны гурван жилийн дотор сүргээ 40 гаруй үхэртэй болгож, улмаар хоёр ахтайгаа хүч нэгтгэн аж ахуйгаа өргөжүүлснээр өдгөө 100 гаруй үхэртэй болжээ.
Түүний хувьд фермийн ажил ах дүүсийн хамтын хөдөлмөрөөр бүтдэг. Өвс, тэжээлээ бэлтгэх, улирлын ажлаа амжуулахад ах нар нь тогтмол тусалдаг бөгөөд гэргий Ц.Содмон нь ч түүний хөдөлмөрийг ойлгож, үргэлж дэмжиж ирсэн байна. Баянчандмань суманд сувилагчаар ажилладаг ханьтайгаа хоёр хүү, нэг охин өсгөж буй тэрээр гэр бүлийнхээ ирээдүйг аж ахуйтайгаа холбон төлөвлөж явна.
Харин фермээ өргөжүүлэхийн хэрээр малын тоо толгойгоос гадна үйлдвэрлэлийн зохион байгуулалтад анхаарах болжээ. Тухайлбал, сүргийн төллөлтийг хавар, намрын улиралд хуваарилан зохицуулж, сүүний гарцыг тогтвортой байлгахыг зорьдог байна. Мөн сүүнээс гадна мах бэлтгэж, аж ахуйнхаа үйл ажиллагааг төрөлжүүлсэн байна.
Б.Отгонбаяр 2019 оноос Сүү ХК-д сүү бэлтгэн нийлүүлж эхэлсэн бөгөөд анх өдөрт 80 литр сүү нийлүүлдэг байв. Тус компанийн мэдээллээр тэрээр дөрвөн жилийн хугацаанд нийт 170,349 литр сүү бэлтгэн нийлүүлжээ. Ийнхүү анхны арван үхрээс эхэлсэн түүний аж ахуй ах дүүсийн дэмжлэг, өдөр тутмын төлөвлөлт, тууштай хөдөлмөрийн үр дүнд өсөн хөгжсөөр байна.
ФЕРМЕР Ч.БАЗАРСАД

Мал аж ахуйн салбарт 50 орчим жил ажилласан Ч.Базарсадын хувьд сааль сүүний ажил багаас нь танил амьдралын нэг хэсэг байжээ. Ах, эгч нь 800 үнээтэй фермд ажилладаг байсан тул тэрээр малын арчилгаа, сүүний үйлдвэрлэлийн онцлогийг эртнээс мэдэрч өссөн байна. Олон жилийн туршлагадаа тулгуурлан 2013 онд анхны 13 үхрээ худалдан авч, хувийн аж ахуйгаа байгуулсан бол өдгөө сүргээ 120 орчим үхэртэй болгон өсгөжээ.
Түүний өдөр өглөөний таван цагт эхэлж, оройн таван цагийн саалиар үргэлжилнэ. Өнөөдөр фермд нь хоёр гэр бүл хамтран ажиллаж, малын арчилгаа, өвс тэжээлийн бэлтгэл, саалийн ажлыг хариуцдаг аж. Гэргий С.Бадмаа нь эм зүйч мэргэжилтэй бөгөөд тэд дөрвөн охин өсгөж хүмүүжүүлжээ. Ийнхүү олон жилийн турш гэр бүлийнхээ амьдралыг фермерийн аж ахуйтай холбон авч явж байна.
Ч.Базарсадын хувьд аж ахуйгаа тогтвортой эрхлэхийн үндэс нь олон жилийн туршлага, өдөр тутмын хариуцлага юм. Өглөө, оройн саалиа тасалдуулахгүй байх, малаа цаг тухайд нь арчилж тэжээх, сүүний чанарт анхаарах зэрэг энгийн мэт ажлуудыг тууштай гүйцэтгэснээр өнөөдрийн фермээ бүтээжээ.
Сүү ХК-ийн мэдээллээр тэрээр найман жилийн хугацаанд нийт 980,454 литр сүү бэлтгэн нийлүүлсэн байна. Хагас зуун жилийн турш нэг салбарт ажиллаж, хуримтлуулсан туршлагаа өөрийн аж ахуйд шингээсэн түүний түүх фермерийн хөдөлмөрт тууштай байдал ямар үнэ цэнтэйг харуулна. Өглөө бүрийн сааль, өдөр тутмын арчилгаанаас бүрдэх тэрхүү хөдөлмөрийн үр шим өнөөдөр олон айл өрхийн хэрэглээнд хүрч байна.
СҮҮН ХОЛБОО
Эдгээр таван фермер л гэхэд Сүү ХК-д хамтран ажилласан өөр өөр хугацаандаа нийт 4.9 сая гаруй литр сүү бэлтгэн нийлүүлжээ. Энэ их тооны цаана өглөө бүрийн сааль, олон жилийн хичээл зүтгэл, гэр бүлийн дэмжлэг, хамтын хөдөлмөр бий. Тоогоор хэмжигдэх энэ амжилтаас илүүтэй тэдний өөр өөрийн замаар туулж ирсэн амьдралын түүх нь сэтгэлд ойр санагдана.
Сүү ХК-ийн хэрэгжүүлж буй энэхүү кампанит ажил бидний өдөр тутмын танил хэрэглээний цаана байдаг хүмүүсийг, тэдний ажил амьдрал, хүсэл мөрөөдлийг арай илүү ойроос танилцуулсан нь энэ байлаа.
Он жилээр зузаарах туршлага, өдөр бүр үргэлжлэх хөдөлмөрөөс бүтсэн энэ хэлхээ бол “Бидний дундах сүүн холбоо” юм.
Сэтгэгдэл бичих

