“Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд” уриатай Startup Challenge Mongolia 2024 тэмцээн эхний жилдээ амжилттай зохион байгуулагдаж, тавдугаар сарын 28-ны өдөр МҮХАҮТ-д үндэсний ялагчаа тодруулснаар өндөрлөлөө. 

Дэлхийн хэмжээний тэмцээн, уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох, олон улсад өрсөлдөх чадамжтай шилдэг гарааны бизнесээр “Смарт контракт Монголиа” ХХК-ийн E-Geree шалгарав. Мэдээлэл технологийн салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 300 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулагдсан тус тэмцээн нь нэг сарын хугацаанд үргэлжилж, таван шатны шалгаруулалтаар үндэсний ялагчаа тодруулсан билээ.  


ТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОГ

Тус тэмцээн нь Монгол Улсад анхны контент суурьтай, хамгийн өндөр шагналын сантай гарааны бизнес шалгаруулах үндэсний хэмжээний тэмцээн гэдгээрээ онцлог. Нийт таван дугаар бүхий тус тэмцээний эхний гурван дугаар “Централ” болон “Тэнгэр” телевизээр цацагдаад байна. Сүүлийн хоёр дугаарыг тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд “Централ” телевизээр хүлээн авч үзэх боломжтой. Хэрэв эхний хоёр дугаарыг хараахан үзэж амжаагүй байгаа бол дараах холбоосноос нөхөж үзээрэй.

Дугаар 1 - Startup Challenge Mongolia 2024 | Episode 1 |

Дугаар 2 - Startup Challenge Mongolia 2024 | Episode 2 |

ШАЛГАРУУЛАЛТ 

Тэмцээний эхний шатанд 97 стартап анкетаа илгээв. Тэдгээрээс шаардлага хангасан 45 багийг шалгаруулж, дараагийн шатанд таван үндсэн менторд гарааны бизнесээ танилцуулж, асуулт хариултын нийлбэр дүнгээр 20 баг тунан үлджээ. Шалгарсан 20 баг дөрөв дөрвөөрөө менторуудад хуваагдан тэдний зөвлөгөө, удирдлага дор бизнесээ сайжруулсан бөгөөд дөрөвдүгээр шатны сонгон шалгаруулалт дуусахад шилдгийн шилдэг таван баг тунан үлдсэн юм.

Ийнхүү тэмцээний Гранд финал - Демо өдрөөр дээрх таван баг тус бүр таван минутын хугацаанд бизнесээ эцсийн шатны шүүгчдэд танилцуулж, асуулт хариултын нийлбэр дүнгээр цорын ганц, үндэсний ялагчаа тодруулснаар энэхүү тэмцээн амжилттай өндөрлөлөө.

ШИЛДЭГ ТАВД ШАЛГАРСАН БАГУУД 

Нэгдүгээр байр: E-Geree - Цахим гэрээний платформ

Хувийн, хувьсгалын ажил эрхэлдэг хүн бүрд л толгойны өвчин болж, хийх ажлын бүтээмжийг удаашруулж, цаг хугацааг дэмий өнгөрөөгөөд байгаа мэт санагдуулдаг үйл явц бол яахын аргагүй гэрээ хийх үйл явц. Энэ асуудлыг шийдэж, хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэж, урсгал зардлыг бууруулж, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байж, цаасны хэрэглээг бууруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан стартап бол E-Geree.mn. Блокчэйн дээр суурилсан, цахим гэрээний энэхүү платформ дээр баталгаажсан баримт бичиг бүр Иргэний хууль болон Цахим гарын үсгийн зохицуулалтын хуулийн дагуу баталгаажих бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Америкийн ESIGN, Европын eIDAS зэрэг журамд нийцэх юм.

Түүнчлэн баримт бичиг бүрд албан ёсны “TimeStamp” сертификат дагалдах тул гэрээг хэзээ илгээсэн, и-мэйлээр хэзээ мэдээлэл хүлээж авсан, гарын үсгээ хэзээ зурсан гээд бүхий л үйл явцыг цаг хугацааны нарийвчлалтай бүртгэж, баталгаажуулдаг нь дараа учирч болохуйц эрсдэлүүдээс хамгаалж буй юм. Сонирхуулахад, E-Geree төслийн хамт олон үүсгэн байгуулагдсанаасаа хойш буюу өнгөрсөн дөрвөн сарын дотор нийт 701 харилцагч байгууллагатай болжээ.



Хоёрдугаар байр: CarePay - Хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн финтек

Хүний их эмч мэргэжилтэй хоёр найз эрүүл мэндийн салбарт ажиллаж байх хугацаандаа иргэд санхүүгийн хүндрэлээс үүдэн чанартай эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг анзаарчээ. Мөн хувь хүний санхүүгийн дампуурлын түгээмэл шалтгаануудын нэг нь эрүүл мэндийн асуудал байдгийг олж мэдсэнээр тус стартапыг байгуулах болжээ. CarePay апп нь эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд санхүүгийн дарамтгүй хүргэх зорилготой. Тус аппыг ашигласнаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй хуваан төлөхөөс гадна эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн аялал жуулчлал зэрэг олон үйлчилгээнд хамрагдаж болно. Одоогоор CarePay нь шүд, нүд, мэс засал, мэдрэл, гоо сайхан, уламжлалт эмчилгээ, хүүхдийн эмнэлэг, үр шилжүүлэн суулгах төв болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллагыг сүлжээндээ нэгтгээд байна.



Гуравдугаар байр: Virtual Plus - Хиймэл оюун ухаанаар бүтсэн сошиал нөлөөлөгч

Virtual Plus нь маркетингийн салбарт хувьсгал хийх, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэх, хүртээмжтэй виртуал дүр бүтээх зорилгоор үүсгэн байгуулагдсан компани юм. Зөвхөн Төв Азид л гэхэд өдөрт арван мянган цагтай тэнцэх хэмжээний зураг авалт хийгдэж байдаг гэвэл та итгэх үү? Энэ нь жил бүр 416 жилтэй тэнцэх хугацааны зураг авалт болдог гэсэн үг. Виртуал дүрийн тусламжтай уг хугацааг зургаан жил болгож бууруулах боломжтой. Тус компани хиймэл оюун ухааны тусламжтай яг хүн шиг хөдөлж, хүн шиг ярьж, хүссэн хэлээрээ мэдээлэл түгээх чадвартай дүр бүтээхээс гадна хүртээмжээ нэмэгдүүлэх үүднээс тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан виртуал моделиудыг хөгжүүлж байгаагаараа онцлог.



Дөрөвдүгээр байр: “Хонмоно комикс” ХХК - Хиймэл оюун ухаанаар комик зохиол, зураг зурах платформ

Улс орон бүрд өөрсдийн түүх, соёл уламжлал, орчин үеийн нийгмийн байдал болон иргэдийн онцлог шинж чанаруудыг харуулсан, нэрд гарсан ямар нэгэн контент байдаг. Тэр дундаа орчин үед комик цуврал, хүүхэлдэйн кинонууд дэлхийн өнцөг булан бүрд суугаа үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж, энэ нь тухайн улс орныхоо эдийн засагт нөлөөтэй зах зээл болтлоо хөгжиж буй.

“Хонмоно комикс” байгууллагын хамт олон дэлхийд танигдсан комик дүрүүдийг бүтээх зорилготой үүсгэн байгуулагджээ. Өнгөрсөн зуунуудын түүхэн баатруудыг өнөө цагт ахин амилуулж, шинэ түүх бичилцэх зорилгынхоо дор нэгдсэн залуусын бүтээлүүдийг тэдний албан ёсны сошиал хуудсаас хүлээн аваарай.



Тавдугаар байр: After School - Хичээлээс гадуурх өсөлт хөгжлийг дэмжих платформ

Тус хамт олон боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор After school платформыг Монголынхоо ирээдүй болсон хүүхэд залууст зориулан бүтээжээ. Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан энэхүү ухаалаг утасны аппд бүх төрлийн дугуйлан, сургалтын үйл ажиллагаа эрхлэгчдийг нэгтгэсэн бөгөөд сурагчдад хичээлээс гадуурх боловсролын үйлчилгээг санал болгодог. Одоогийн байдлаар тус апп нь 22 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй.



ҮНДСЭН МЕНТОРУУД 

  • “Tech Nomads Inc” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Амарбаяр
  • “UBCab” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Mezorn Technology” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр
  • СЭЗИС-ийн ахисан түвшний судалгаа эрхэлсэн проректор, Доктор Г.Батхуяг
  • “Их Бит” ХХК, “X-meta Crypto” ХХК, “IHC E-sport corporation” ХХК, “MOT Wealth” группийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин
  • “Erxes Inc”-ийн Үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал А.Мэнд-орших

ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин
  • МТҮП-ын Захирал Ж.Золзаяа
  • “Тэсо Инвестмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр
  • “Фибо глобал” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар
  • “Ламбда глобал” ХХК-ийн Үүсгэн байгуулагч В.Баярсайхан


ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДЫГ ЦААШИД ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ? 

  • Энэ оны наймдугаар сард “Google for Startup accelerator”-д оролцоно
  • Энэ оны есдүгээр сард “Japan business matching trip”-д оролцоно
  • Энэ оны аравдугаар сард “Tech Crunch Disrupt” эсвэл “Switch” арга хэмжээнд оролцоно.

Үүнээс гадна нэг жилийн турш олон улс, дотоодын тэмцээн уралдаануудад оролцох боломж, хуулийн болон санхүү хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, медиа дэмжлэг үзүүлэх зэрэг мөнгөн бус шагналууд хүлээж байна.
Нийт оролцсон стартапууд болон тэмцээний зохион байгуулагч нарт баяр хүргэе.