Өчигдрийн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээний гурав дахь дугаарт мөн л манай улсын хоолойд тулсан асуудлуудын нэг эрчим хүчний салбарын талаар мэтгэлцлээ. Манай улсад жил бүр эрчим хүчний хэрэглээ 6-7 хувиар нэмэгдэж байгаа ч энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэглээг бүрэн хангах эх үүсвэр дутагдалтай хэвээр байгаа нь гол асуудал. Салбарын судлаачид ч энэ тухайд ирэх арван жилд багтаан хангалттай хэмжээний эх үүсвэрүүдийг бий болгохгүй аваас лаа, шүдэнзээ барих сонголт энүүхэнд байна гэжээ.

Тэгэхээр дараагийн дөрвөн жилд биднийг юу хүлээж байгаа бол? Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид хэрэв засгийн эрхэнд гарвал эл асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Тэдний хэлсэн гол санаануудыг хүлээн авна уу.


1-р дугаарын тойм

2-р дугаарын тойм

ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.

2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.

3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.

4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

3-Р ДУГААР “ЭРЧИМ ХҮЧНИЙ БОДЛОГО"

ХЭН МЭТГЭЛЦЭВ?


Иргэний Зориг Ногоон намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Мөнхцэцэг - Отгонтэнгэр их сургууль, Швейцарийн холбооны улсын Бернийн их сургуулийг бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг санхүүгийн менежмент, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч, Швейцарийн Фрибургийн их сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн шинжлэх ухааны магистраар тус тус төгсжээ.

МАН-аас жагсаалтын 2-т нэр дэвшигч М.Энхцэцэг - ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд цахилгааны системийн автомажуулалтын инженер мэргэжлээр бакалавр, магистр, Австралийн RMIT их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр магистр, докторын зэрэг хамгаалсан.

Үндэсний эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ж.Хонгорзул - “Сутайн буянт энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Орхон их сургууль болон Удирдлагын академийг төгссөн.

ХҮН намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ж.Золжаргал - Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуулийг нефтийн инженер, Токио хотын Технологийн их сургуулийг хөгжлийн инженерчлэлийн мэргэжлээр төгссөн. “Монгол нүүрс Ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Монголын Социал Демократ намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Төрболд - Чех, Словак улсад барилгын инженер мэргэжлээр Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУТИС, ХААИС-д ахлах багшаар ажилласан туршлагатай.

Ардчилсан намаас жагсаалтын 4-т нэр дэвшигч С.Цэнгүүн - АН-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн Маркетинг, бизнесийн удирдлагаар бакалавр, СЭЗИС-ийн Санхүү менежментийн магистрын зэрэгтэй.

ЮУ ЯРИВ?

Ардчилсан намаас жагсаалтын 4-т нэр дэвшигч С.Цэнгүүн

1. АН-ын зүгээс 2012-2016 оны хооронд засаг барьж байх үедээ төрөөс эрчим хүчний бодлогод баримтлах бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Харин энэ удаа бид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхийн сацуу эрчим хүчний зах зээлийг либералчлах буюу үнийг чөлөөлж, төрийн өмчит компаниудын оролцоог менежментээр нь өөрчлөх замаар энэхүү алдагдалтай ажилладаг салбарыг МУ-ын тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ. (1-р үе Нээлттэй индэр)

2. Эрчим хүч бол бүтээгдэхүүн. Экспортлох байна уу, дотоодын хэрэгцээг хангах байна уу аль ч утгаараа бид эдийн засгийн үр өгөөжтэй, хямд эх үүсвэрүүдийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Алдагдалтай ажиллаж байгаа энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байхад дараагийн асуудлуудыг ярих нь утгагүй хэрэг. Тэгэхээр бид хөрөнгө оруулагчдыг татахын тулд эхлээд үнийн асуудлуудыг зохицуулах ёстой. Нөгөө талдаа хэрэгжүүлэгч байгууллагуудынхаа алдаатай менежментийг солих шаардлагатай. (2-р үе Халз мэтгэлцээн “Хямд үнэтэй, байгаль орчинд ээлгүй (Нүүрсний станц) эрчим хүч чухал уу? Эсвэл ногоон эрчим хүч буюу илүү үнэтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй юу?”)

3. Монгол Улс 1 квт цахилгааныг дунджаар 5.2 цент буюу энэ нь ОХУ болон БНХАУ-аас дунджаар 50-60 хямд, бусад өндөр хөгжилтэй орноос 3-5 дахин хямд байна. Нэг ёсондоо бид нүүрсний эрчим хүч ашигладаг учраас өртөгт нийцүүлээгүй бага үнээр зардаг. Тэгэхээр бид эхний ээлжид дотоодын хэрэглээгээ ямар нэг байдлаар нүүрсээр шийдэх шаардлагатай байна. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улс эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавиад байгаа. Үүнд хүрэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?”)

Энэ хэсгийн баримтыг шалгаж үзэхэд худал байв. Манай улс 1 квт цахилгаан үйлдвэрлэхийн тулд 7.6 цент зарцуулдаг. Энэ нь ОХУ болон БНХАУ-аас дунджаар 50-60 хямд, бусад өндөр хөгжилтэй орноос 2-3 дахин хямд.

4. Бид эрчим хүчний асуудал ярихаар зөвхөн цахилгааныг ярьдаг. Үүнээс гадна ус, дулаан зэрэг хэрэглээний суурь асуудлыг ярих ёстой. Үнийн чөлөөлөлт хийсэнтэй холбоотой эрчим хүчний хэмнэлт явагдаж эхэлнэ. Үүний зэрэгцээ манай иргэд эрчим хүчний үнэ хэт бага байдагтай холбоотойгоор ямар нэг байдлаар эрчим хүчний хэмнэлт хийж дадаагүй байдаг. (4-р үе “Үнийг эхэлж чөлөөлөх үү? Багтаамж, хүчин чадлыг эхэлж нэмэгдүүлэх үү? Яагаад вэ?”)

5. Ямар нэг өөрчлөлт хийхэд золиос, хүндрэл бэрхшээл заавал гарна. Тэгэхээр бид хүмүүсийн хүсэхгүй байгаа зүйл буюу үнэ чөлөөлөлтийг хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Үүн дээр бид үе шаттайгаар, нэг хүнд хэтэрхий их дарамт болохгүйгээр ухаалаг үнийн системийг нэвтрүүлэхээс өөр аргагүй. (5-р үе Хаалтын үе)


Монголын Социал Демократ намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Төрболд

1. Утаанаас салах гол арга бол ерөөсөө атомын цахилгаан станц барих. Тэгж байж хямд өртгөөр цахилгаанаар хангаж, айл өрхүүд нүүрс түлэхгүй. (1-р үе Нээлттэй индэр)

2. Шулуухан хэлэхэд ажлаа зөв ойлгож, зөв тооцоолохгүй бол болохгүй байна. Жишээ нь, цахилгааныг нөөцлөөд шөнө хэрэглэнэ гэж ярьсан. Түүнийг 3-5 саяар аваад жилдээ 60 мянган төгрөг л хэмнэнэ. Нэг айлын цахилгааны хэрэглээ үсрээд л сард 50 мянга гарна шүү дээ. Түүнээс таван мянгыг хэмнэлээ гэхэд жилдээ 60 мянга. Өнөөх 3-5 саядаа хуваагаад үзэхээр бид хэдэн жил ашиг хүртэх үү? Үүнээс гадна манай улс Евроазийн далайн түвшнээс 1250-аас дээш өндөрт амьдардаг, дүн өвөл болдог улс мөртлөө салхины цахилгаан станц ашигтай гэдэг. Дүн өвөл гэдэг чинь салхигүй өвлийг хэлнэ. Энэ мэт юмнуудаа тооцоолохгүй, зөв бодлого барихгүй бол юун экспортлох, бараг лаагаа барина. (2-р үе Халз мэтгэлцээн “Манай улс эрчим хүч экспортлогч улс болох боломжтой юу? Аль улс руу нийлүүлэх вэ? Хэрхэн, яаж экспортлох бодлого баримтлах вэ?”)

3. Нар, салхины сэргээгдэх эрчим хүчээ бид мартах хэрэгтэй. Харин усан цахилгаан станцыг л барих хэрэгтэй. Нар, салхины станцууд бидэнд өр л авчирч байна. Үнэхээр үр дүнтэй байсан бол сүүлийн таван жилд цахилгааны үнэ буурах ёстой байсан. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улс эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавиад байгаа. Үүнд хүрэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?”)

4. Мөн. Бид аж үйлдвэржихийн тулд нүүрсээр ажилладаг 5-р цахилгаан станцаа хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. (4-р үе “Эрчим хүчний хомсдол нь аж үйлдвэрлэл хөгжихгүй байгаа гол шалтгаан мөн үү?”)

5. Манай намын уриа бол “Иргэний ардчилсан нийгмийн төлөө” буюу иргэн бүрийн тэгш эрхийн төлөө явах. Бид МАН, АН-ын үед бий болсон E-Mongolia-аар дамжуулан иргэдээс эрчим хүчний үнийг чөлөөлөх үү гэдгийг асуугаад дараа нь татвар, гаалиудыг эдийн засгийн таатай хэмжээнд нь барьж, эдийн засгийг хөгжүүлнэ. Улмаар дундаж давхаргыг 70 хувьд хүргэнэ. (5-р үе Хаалтын үе)


ХҮН намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ж.Золжаргал

1. Бизнесийн маш гоё төслүүд, эдийн засгийн тэлэх боломжийг эрчим хүчний хязгаарлагдмал байдал боомилж байна. Яагаад Монголын эрх баригчид энэ олон жил энэ боомилсон асуудлыг чөлөөлөх бодлого хийхгүй, эсрэгээрээ яваад байна вэ гэдгийг гайхаж байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Аль нь чухал вэ гэсэн зүйл байхгүй. Манай нөхцөлд аль нь хэрэгтэй вэ гэдэг асуудал байна. Монгол хүйтэн цаг агаартай. Гэтэл манай эдийн засаг хоцрогдмол. Харин манай улсын аж үйлдвэрт хурдан эрчим хүч хэрэгтэй байна. Цаг уур, хөрөнгө мөнгөө харвал нүүрсний станц хэрэгтэй нь тодорхой. Тэгэхээр нүүрсний станц байх уу, байхгүй юу, чухал уу, чухал биш үү гэдэг бол утгагүй асуулт. Мэдээж сэргээгдэх эрчим хүний хувьд чухал. Гол нь өөрсдийн нөхцөл байдалдаа тааруулаад энэ хоёр эрчим хүчийг хоршуулах нь зөв. (2-р үе Халз мэтгэлцээн “Хямд үнэтэй, байгаль орчинд ээлгүй (Нүүрсний станц) эрчим хүч чухал уу? Эсвэл ногоон эрчим хүч буюу илүү үнэтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй юу?”)

3. Техникийн хувьд боломжтой. Засаглалын хувьд одоогийн байдлаар боломжгүй. Усан цахилгаан станцууд бариад тохиргоо хийх юм бол нар, салхины станцаа нэмж болно. Тэгэхээр усан цахилгаан станц руу эн тэргүүнд хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, жижиг хэмжээний нүүрсний станцууд барьж, холимог байдалтай явуулах хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улс эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавиад байгаа. Үүнд хүрэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?”)

4. Нүүрсний тухайд дотоодоос эсвэл гадаадын хувийн сангаас, сэргээгдэх эрчим хүчийг гадаадаас босгоно. Хөрөнгө оруулалтад хамгийн том асуудал нь үнийн тариф. Тарифын хувьд задгай тавьчих юм бол Монголын эдийн засаг, худалдан авах чадвар дийлэхгүй. Гэхдээ гадаадаас хоёр дахин өндөр үнээр авч байгаа. Энэ гадагшаа гарч байгаа мөнгөө дотооддоо аваад үлдчих юм бол тэр мөнгөөр станцууд барих хэрэгтэй. (4-р үе “Эрчим хүчний салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ? Гадаадаас санхүүжилт татах уу эсвэл дотоодоос хөрөнгө босгох уу?”)

5. Монголын төлөө улс төрийн намууд ажиллаж байгаа. Тиймээс монголооро сэтгэж, монгол ахуйгаа ойлгон үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. (5-р үе Хаалтын үе)


Үндэсний эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ж.Хонгорзул

1. Улаанбаатар хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Үүний тулд төр аж ахуйн нэгж, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах ёстой. Ингэснээр бид эрчим хүчний хараат байдлаас ангижирч, агаарын бохирдол тэргүүтэй олон асуудал байхгүй болно. (1-р үе Нээлттэй индэр)

2. Манай улсад сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөц болох нар, салхи, ус бий. Энэ нөөцийг бид зөв ашиглаад зөв хэрэглэвэл манай улсад сэргээгдэх эрчим хүч хөгжих боломжтой. Ард иргэд, ААН-үүд ч үйлдвэрлэсэн эрчим хүчээ улсад нийлүүлж болно. Илүү гарсан эрчим хүчийг улсад нийлүүлэхэд хосолсон тоолуур ашиглах бололцоотой. (2-р үе Халз мэтгэлцээн “Эрчим хүчний дутагдалтай, хүн ам цөөтэй манай улсад айл өрх, ААН-үүд хувийн хэрэгцээнээс илүү гарсан эрчим хүчийг төрд худалдах боломжтой юу?”)

3. Зөв бодлогоор хэрэгжүүлбэл боломжтой. Эхэндээ иргэдийн хувьд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх үнэ өндөр юм шиг харагдана. Гэхдээ эсрэгээрээ 20-25 жил ашиглах эрчим хүчний эх үүсвэртэй болж байгаа. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улс эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавиад байгаа. Үүнд хүрэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?”)

4. Эрчим хүчний стратегийн бодлого дээр нэн тулгамддаг асуудал бол санхүүжилт. Өнөөдөр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкуудаас сэргээгдэх эрчим хүч, ногоон дэлхий гэсэн хөнгөлөлттэй зээлүүд, зээлийн уян хатан бодлогуудыг хэрэгжүүлээд эхэлсэн. Үүнийг бид улс орондоо яаж авчрах вэ, ямар зарчмаар үүнийг улс орондоо хэрэгжүүлэх вэ гэдэг дээр зөв гаргалгаа бодож олох ёстой. Үүний зэрэгцээ зөв шийдлээр төр ААН, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг байх хэрэгтэй. (4-р үе “Эрчим хүчний салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ? Гадаадаас санхүүжилт татах уу эсвэл дотоодоос хөрөнгө босгох уу?”)

5. Үндэсний эвслээс энэ удаагийн сонгуульд толгой бизнес эрхлэгчид, олны танил нэг ч хүнийг нэр дэвшүүлээгүй. Харин ард түмний төлөөллийг УИХ-д хангахын тулд ард иргэдийнхээ санал асуулгаар нэр дэвших хүмүүсээ ард түмнээсээ сонгон шалгаруулсан. Тэдний нэг нь би. (5-р үе Хаалтын үе)


МАН-аас жагсаалтын 2-т нэр дэвшигч М.Энхцэцэг

1. МАН-ын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэлт хийх буюу үнэ тариф, хүний нөөц, засаглал, техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын цогц реформыг хэрэгжүүлэхээр заасан. Энэ зорилтыг хэрэгжүүлж, хууль эрхзүйн зөв зохистой орчинг бүрдүүлэхийн төлөө өөрийн 24 жил ажилласан туршлага мэдлэгээ зориулна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчнийхээ хувийг 2030 он гэхэд 30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Ер нь манай улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бариад эрчим хүчийг экспортлох боломж маш их бий. Говийн бүсэд нар, салхины маш өндөр нөөц бий гэсэн судалгаа байдаг. Тиймдээ ч сэргээгдэх эрчим хүчний мега төсөл хэрэгжээд эхэлчихсэн яваа. Эдгээр мега төсөл нь Монголын эрчим хүчний системтэй бус БНХАУ-ын эрчим хүчний системтэй холбогдох юм. Ингэснээр эрчим хүчийг экспортолж, манай улсын хувьд том орлого олох боломж бий болно гэсэн үг. (2-р үе Халз мэтгэлцээн “Манай улс эрчим хүч экспортлогч улс болох боломжтой юу? Аль улс руу нийлүүлэх вэ? Хэрхэн, яаж экспортлох бодлого баримтлах вэ?”)

3. Манай нам мөрийн хөтөлбөртөө говийн бүсийн нар, салхины нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барих, айл өрх, ААН-үүд нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр өөрсдийн хэрэглээг хангаад илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү нийлүүлж борлуулах буюу өрхийн үйлдвэрлэл эрхлэх, Говь-Алтай болон Баян-Өлгий аймгуудад 15 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлэнгэ аймагт горим тохируулах зориулалттай 100 мвт хүчин чадалтай усан цахилгаан станцуудыг тус тус барихаар төлөвлөсөн. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улс эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавиад байгаа. Үүнд хүрэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?”)

4. МАН-ын хувьд Эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд нэн тэргүүнд засаглал, үнэ тарифын реформыг хийх шаардлагатай. Ингэсний үндсэн дээр эх үүсвэрийнхээ хүчин чадлыг нэмж чадна. (4-р үе “Үнийг эхэлж чөлөөлөх үү? Багтаамж, хүчин чадлыг эхэлж нэмэгдүүлэх үү? Яагаад вэ?”)

5. Мөрийн хөтөлбөр бол ард түмнийхээ өмнө хийх гэж буй ажлаа танилцуулах албан ёсны бичиг баримт юм. Тиймээс бид мөрийн хөтөлбөртөө салбараа хөгжүүлэх тодорхой заалтуудыг тусгасан бөгөөд хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүний нөөц, бодлого, тогтвортой үйл ажиллагаатай нам байх нь хамгийн чухал. (5-р үе Хаалтын үе)


Иргэний Зориг Ногоон намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Мөнхцэцэг

1. ИЗНН-аас зоригтой хүмүүсийг дэвшүүлье, салбартаа шинэ салхи оруулъя гэж шийдсэн. Мөн олон жил яригдсан төсөл хөтөлбөрүүд яагаад хэрэгжихгүй байна вэ гэх шалтгааныг төрийн захиргааны байгууллагуудын хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна гэж үзэж байгаа учраас манай намаас энэ тал дээр маш хурдтай, сайжруулж ажиллана. (1-р үе Нээлттэй индэр)

2. Бид саяхан төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиа баталлаа. Тэгэхээр энэ бол хувийн хэвшил эрчим хүч үйлдвэрлээд илүү гарсан эрчим хүчээ төрд худалдах эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг. (2-р үе Халз мэтгэлцээн “Эрчим хүчний дутагдалтай, хүн ам цөөтэй манай улсад айл өрх, ААН-үүд хувийн хэрэгцээнээс илүү гарсан эрчим хүчийг төрд худалдах боломжтой юу?”)

3. Нэр нь хүртэл ногоон, ногоон хөгжил, ногоон соёл иргэншлийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх гэж буй намын хувьд бид мөрийн хөтөлбөртөө нар, салхи, усан цахилгаан станцын эх үүсвэрийн үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэгжүүлнэ гэж заасан. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улс эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавиад байгаа. Үүнд хүрэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?”)

4. Мэдээж мөн. Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон мега төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд бодит жишээгээр тайлбарлая. Оюу толгой төсөл маань өнөөдөр цахилгаан эрчим хүчээ гадаад орноос худалдан авч байна. Хэрэв энэ эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэсэн бол эрчим хүч худалдан авах тэр их мөнгө Монголдоо үлдэх ёстой байсан. (4-р үе “Эрчим хүчний хомсдол нь аж үйлдвэрлэл хөгжихгүй байгаа гол шалтгаан мөн үү?”)

5. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж болон технологийн шинэчлэлтгүйгээр өнөөдөр тог тасардаг дүр зураг тэр чигээрээ байх болно. Тиймээс технологийн, эдийн засгийн, санхүүгийн, үйлдвэржилтийн хувьсгалыг яаралтай хийх ёстой байгаа юм. (5-р үе Хаалтын үе)

Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.