Монгол түмний Цагаан сар айлчлан ирж Элдэв эрдэнэт хэмээгч Модон могой жил гарч байна. Монголчууд бидний өв соёл, ёс уламжлалын хамгийн чухал хэсэг яахын аргагүй Цагаан сар бол уг баярын хамгийн чухал зүйлийн нэг нь идээ будаа, баярын ширээгээ засах ёс байдаг билээ.
Харин Цагаан сарын идээ будаа, тэр дундаа бууз, еэвэн, нийслэл салат гээд баярын ширээгээ тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй эдгээр хоол хүнс чухам хаанаас гаралтай вэ? Хэзээ бидний Цагаан сарын баярт орж ирсэн бол?
Еэвэн монгол идээ мөн үү?
Үгүй. Хятадын улс гүрнүүд эрт дээр үеэсээ Еэвэн (Yue Bing 月餅) буюу Саран боовыг намрын дунд сарын шинийн 15-нд Саранд өргөл барьц болгон өргөдөг онцгой баяр ёслолтой байжээ. Тус баярыг Еэвэнгийн баяр гэдэг байна. Хятад болон бусад Зүүн Азийн орнуудад өргөн тархсан нэгэн домог байдаг нь Чанъэн домог (Японд “Хулс огтлогчийн туульс” хэмээсэн төстэй домог бий) юм. Домогт өгүүлснээр үзэсгэлэн гоо бүсгүй болох Чанъэ өөрийн тэжээвэр туулайн хамт сар руу явдаг бөгөөд улмаар сарны охин тэнгэр болох бол туулай нь сарны бэлгэдэл болдог хэмээдэг. Уг домогт үндэслэн еэвэнд туулайн дүрс гаргах уламжлалт ёс Хятадад байдаг ажээ.
Еэвэнтэй холбоотой бас нэгэн сонирхолтой аман яриа байдаг нь Улаан алчууртны бослогын өмнө босогчид улс орон даяараа еэвэн тарааж, дотор нь монголчуудыг түлхэн унагаах төлөвлөгөө, хуйвалдааныг бичиж дамжуулж байсан гэдэг. Мөн дөрвөн еэвэн нэг дор тараах, худалдаалах ёс нь эндээс үүссэн гэдэг бөгөөд дөрвөн еэвэнг тус бүр дөрөв хуваан 16 ширхэг болгож эвлүүлэн уншваас Монголын Юань гүрний эсрэг бослогын нууц мэдээлэл болдог байсан ч хэмээдэг.
Тэгвэл еэвэн хэзээ Монголын цагаан сарын баярт орж ирэв? Еэвэн нь Манжийн захиргааны үед Монголд орж ирэн улмаар Цагаан сарын баярын нэг хэсэг болсон байна. Уг нь уламжлалт монгол ёсоороо тавгийн идээний дээр өрөм дэвсэж тавих эсвэл боргоцой хэлбэрийн боов тавьдаг байсан аж. Энэ нь зэндмэнэ эрдэнийг бэлгэддэг байсан бөгөөд улсын дайтай улс гэх агуулгыг илтгэдэг байсан гэдэг.
Бууз хэзээнээс цагаан сарын онцлох хоол болж хувирсан бэ?
Бууз буюу хятадаар “jiaozi (илүү урт гонзгой хэлбэртэй, Монголын Саран буузтай төстэй хэлбэртэй), baozi (сонгодог бууз)” нь тэртээ 1800 жилийн өмнө хойд Хятадад үүссэн хоол юм. Домогт өгүүлснээр Зүүн Хань гүрний үед амьдарч байсан алдартай анагаах ухааны мэргэн Жан Жүнжин нэгэн тосгонд очин ядуусын чих хөлдсөн байгааг хараад ихэд сэтгэл зовжээ. Тэгээд тэдгээр хүмүүсийг дулаацуулж, цусны эргэлтийг нь сайжруулахын тулд хонины мах, чинжүү, эмийн ургамал идэх нь тустай гэж үзэн нимгэн гурилд чих хэлбэртэй баглаж чанаад хүмүүст тараасан аж. Удалгүй тосгоныхны хөлдсөн чих илаарьшсан байна. Энэ тухай мэдээ тэр дороо тархаж, тус хоолыг газар бүр хийж идэх болсон гэдэг.
Хятад хэлэнд “jiaozi” нь “хуучнаас шинэ рүү шилжих” хэмээх хэлцтэй их төстэй сонсогддог тул Хятадын цагаан сарын хамгийн түгээмэл хоолны нэг болсон гэнэ.
Өдгөө бууз нь Евроазийн олон улсад өргөн дэлгэр тархсан хоолны төрөл бөгөөд тархсан газар бүрдээ өөр өөрийн онцлогтой байдаг. Жишээ нь, Төвөдөд Момо бууз, Японд гёоза, никүман (мантуун буузтай төстэй), Турк, Узбек зэрэг Ойрх дорнодод Манти, Солонгост Манду, Буриадад Позы гэхчлэн олон төрөл, янзын бууз хийдэг.
Зарим эх сурвалжид өгүүлснээр буузыг монголчууд Их Монгол улсын байлдан дагуулалтын үеэрээ Евроазийн улс орнуудад түгээсэн хэмээх нь бий. Мөн бууз нь хэдийгээр Хятадын хоолны соёлоос үүдэлтэй ч монголчуудын өөрсдийн хөгжүүлэн баяжуулсан нэгэн зүйл монгол хоол хэмээн өдгөө дэлхийн судлаачдад үзэгдэх болжээ. Харин хэзээ Цагаан сарын голлох хоол бууз болсон талаар ул суурьтай судалгаа хийгдээгүй бөгөөд Манж Чин гүрний захиргааны үед Монголын цагаан сарын нэгэн хэсэг болсон байх магадлалтай хэмээх таамаглал байдаг аж. Мөн өөр нэгэн боломжит таамаглал нь саргүй байдгаас оны отгон өдрийг монголчууд “Битүү өдөр” буюу “Битүүн” хэмээдэг тул тус өдөр битүү хоол (мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуур) хийж иддэгтэй холбоотой байх магадлалтай.
Тийм ч учраас зарим нутагт Битүүний өдөр хэншүү гаргах, хуушуур хайрах ёсон байдаг. Тус ёсыг олон янзаар тайлбарладгийн нэг нь дорнын итгэл үнэмшилд хүмүүний нүдэнд харагдах хийгээд эс харагдах олон зүйл амьтад байдаг бөгөөд тэдэн дунд үнэрээр хооллогч амьтад байдаг хэмээн үздэг. Иймд хуушуур хайрч хэншүү гаргах тэдгээр амьтдыг хооллож сайн үйл үйлдэж буй явдал хэмээн итгэдэгтэй холбоотой.
Яагаад бид ууц засдаг вэ?
Монголчууд эрт цагаас мах шүүсэн зоогийг ёс, ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл (их ёсны ууц), дунд бүхэл, бага бүхэл гэж үндсэн дөрвөн зүйлээр тавьж ирсэн байдаг. Эзэн Чингис хааны үеэс тэнгэр газрын тайлга тахилга, төрт ёсны их найр хуримд зум, их бүхэл мах тавьдаг байсан бол анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар бүтэн хонины махыг ууцаар нь, гэдэс дотрыг гургалдайгаар нь, толгой шийрийг толгойгоор нь, цээж махыг дал дөрвөн өндрөөр нь төлөөлүүлэн тавьж байх өвөрмөц дэг дэглэж, үүнээс хувь хүртээж байхыг зарлиг болгосон байна.
Ууцыг шинийн нэгний зоогт голлон оруулах болсон түүх Монголын сүүлчийн хаан буюу VIII Богд Жавзандамбын үеэс эхэлсэн гэдэг. Тодруулбал, Богдын шавь таван хошуу буюу одоогийн Дундговь, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган аймгийн зарим сүмийн жасаас Богд хаанд ууц өргөдөг байсан нь явцдаа нутгийн хөрөнгө бэлтэй хүмүүс бие биетэйгээ өрсөлдөн ууц тавих болж хувирчээ. Энэ байдал нь цааш тархсаар өдгөө бидний айл бүр ууц тавин сар шинээ угтах болсон соёлын эхлэл болсон хэмээн үздэг аж.
Ууц засах ёсны талаар илүү дэлгэрэнгүйг Ууц засах албанд томилогдсон үеийн нөхдөдөө хүргэх зөвлөгөө нийтлэлээс уншаарай.
Нийслэл салат хэзээнээс орж ирэв?
Орчин үеийн монгол айл өрхийн бүхий л баярын ширээг Нийслэл салатгүй төсөөлөх боломжгүй. Өдгөө хүүхдийн төрсөн өдөр, Үсний найр, Наадам, Шинэ жил, Цагаан сар гээд монголчуудын бүх баяр ёслол энэ салаттай нягт холбоотой. Тэгвэл уг салатыг 1860-аад онд Хаант Орос улсад ажиллаж амьдарч байсан, Москва хотын хамгийн нэр хүндтэй ресторануудын нэг болох “Hermitage”-ийн ахлах тогооч Франц, Бельги гаралтай Люсьен Оливье гэх нэгэн зохиосон байна. Тус салат тун удалгүй Орос орон даяар тархаад зогсохгүй хилийн чанадад, цаашлаад Европын олон оронд Орос салат нэрээр алдаршжээ.
Орост Оливьерын салат буюу Салат Оливье хэмээн алдаршсан уг салат ЗХУ-ын үед Зүүн Европ болон ЗХУ-ын бүрэлдэхүүн улс орнуудад түгэн тархсан бөгөөд манайд ч мөн чухам энэ үеэс нэвтэрчээ. Ингэж уг салат нь XX зууны хоёрдугаар хагасаас хойш монголчуудын баярын ширээний онцлох нэгэн хүнс болсон түүхтэй.
Цагаалга буюу Брээсийн тухайд?
Монголчууд бидний дунд Брээс хэмээн алдаршсан хоол нь эртний олон үндэстний хоол юм. Манай Брээстэй тун төстэй хоол өнөөгийн Иран буюу эртний Персэд байжээ. Тус хоолыг Сути Поло (Suti Polo) хэмээдэг байсан бөгөөд одоогийн Азарбайжаны зарим нутаг дэвсгэрт өдгөө ч хадгалагдан үдсэн байдаг байна. Мөн түүнчлэн Ойрх Дорнодын хоолны соёлоос улбаалан Испанид Үзэмтэй будаа (Arroz con Pasas) хэмээх хоол үүссэн гэдэг бөгөөд испани хэлт Латин Америкийн олон оронд өдгөө ч өргөн дэлгэр хэрэглэгддэг хэвээр буй.
Харин монголчууд бидний хувьд Брээсийг Төвөдөөс авсан байх өндөр магадтай. Учир нь төвөд хэлээр будааг дрэ (འབྲས) гэдэг бөгөөд Төвөдөд Дрэсил (འབྲས་སིལ།, Олон улсын нэршил нь “Dresil”) хэмээх зууш байдаг. Төвөдүүд уг хоолоо цагаан сарынхаа шинийн нэгэнд иддэг уламжлалтай. Орчин цагийн төвөд хэлний дрэ (འབྲས) нь манайд төвөдийн Буддизм нэвтэрсэн цаг үе буюу XVI зууны үед брэ хэмээн дуудагддаг байсан (олон зууны явцад төвөд хэлэнд хатуу гийгүүлэгч авианаас зөөлөн гийгүүлэгчид шилжих үзэгдэл болсон байна) нь уг хоол Төвөдөөс гаралтай байх боломжтойг харуулж байгаа юм. Хэрэв тийм бол бидний цагаалга хэмээдэг Брээс нь төвөд хэлээр будаа гэх үгийн сунжирсан дуудлага болно. Харин Төвөдийн Дрэсил нь Ойрх Дорнодоос гаралтай байх магадлалтай.
Z Zochin 2025.03.03 202.126.90.183
Mongoliig undesnii yuch ugui gej haruulah gesen bodlogo uu, iim yum bichij hyatadtai adiltgahaa bolioch, hen heneesee sursniig harj baisan boljiino uu
У Урана 2025.03.02 66.181.181.236
Олон эх сурвалжтй, төвийг сахисан, маш сайхан бичжээ. Танин мэдэхүй, судалгааны үндэстэй ийм зүйл ойрд уншсангүй ээ. Баяраллаа
З Зочин 2025.03.02 59.153.112.218
Ингэхэд Монгол хоол гэж байна уу? Бүгдийг нь гаднаас патентгүй оруулчихсан нэг бол хуулбарласан болчихсон юм байна даа. Улс үндэстэн болгон ямар нэгэн хоол хүнсийг өөрийн нутаг орон, амьдрал ахуйн онцлогоос хамаарч хийж боловсруулан хэрэглэж ирсэн түүхтэй болов уу? Харин ч Монголчууд 13-р зуунд энэ ахуйн соёлыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлхэд асар их нөлөөлсөн гэж бодном...
З Зочин 2025.03.02 66.181.180.213
Монголчуудад өөрийн гэсэн юу ч байхгүй гэсэн суртал ухуулга мөн ч их явах юм даа. Дэлхийг эзлэж явсан хүртээлтэй, хүртээмжтэй ард түмэн шүү. Ямар ёс заншил, ямар хоолыг хаана ч түгээж, тарааж явсан байх боломжтой. Ямар одоогийнх шиг авахаас өөрийг мэдэхгүй ангайсан ядуу гуйлагчингууд байсан биш.
Д Дүгнэлт 2025.03.01 119.105.20.68
Ер нь Монголчууд бүх хоол, ёс заншилаа гаднаас л авсан. Өөрийн гэсэн юу ч байхгүй гэх санааг гаргаад байна уу