Монголын үндэсний их баяр Цагаан сар хаяанд ирлээ. Ирэх баасан гарагт бид билгийн тооллын шинэ жил буюу "Цөөвөр" хэмээх цагаагчин үхэр жилтэй золгоно. Шинэ коронавирусийн тархалтаас шалтгаалан бид хоёр дахь жилдээ Сар шинийн баяраа гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа билээ. Цагаан сарыг тохиолдуулан "Unread" үндэсний их баяраараа үзэх, турших, санах 100 зүйл бүхий жагсаалтыг уншигчдадаа барьж байна. Та бүхэндээ ерөөлийн дээдийг өргөе. 

ЖАГСААЛТЫН АГУУЛГА

1-10: ТАНИЛЦАХ БАРИМТУУД
11-20: СОНСОХ ДУУНУУД
21-30: МЭДЭХ БЭЛГЭДЛҮҮД
31-40: ҮЗЭХ МОНГОЛ КИНОНУУД
41-50: НААДАХ ТОГЛООМУУД
51-60: ХИЙХ ЗҮЙЛС
61-70: ҮЗЭХ КОНТЕНТУУД
71-80: ТУРШИХ ХООЛНУУД
81-90: ӨГӨХ БЭЛГҮҮД
91-100 БОДОХ САНААНУУД

1. монголчууд Төгс буянтын зурхайг баримталдаг

Төгс буянтын зурхайг 1747 онд Хөхнуурын монголын түүхч, гүн ухаантан, шашны ухаан, анагаах ухаан, уран зохиол, одон орон судлал, зурхайч Сүмбэ хамба лам Ишбалжир Монгол орныхоо газрын хуваарьт тохируулан зохиосон түүхтэй. Төгсбуянт зурхай бол нар сарны тооллын дагуу Монгол орны цаг агаар уур амьсгалд тохируулж бүтээсэн монгол зурхай юм. Тус зурхайн дагуу жил бүрийн Цагаан сарын баяр хэзээ болохыг товлодог.

2. Өндөр гэгээн занабазар хэвийн боовыг бүтээсэн

Өндөр гэгээн Занабазар хэвийн боовны бэлгэдэлт чанарыг соёмботой уялдуулсан. Соёмбо дүрсийг хэвтүүлбэл хэвийн боов болдог бол харин босгоод тавьбал соёмбо лугаа адил харагдах учиртай. Цэмцгэр өрсөн тавгийн оройд залдаг боргоцой хэлбэрийн боов зэндмэнийг бэлгэднэ. Богд хааны тамгын бариул зэндмэнийг тавгийн идээнийхээ оройд нь залснаар улсын дайтай улс гэх агуулгыг илтгэдэг байсан ажээ.

3. Нийслэл хүрээнд жилдээ хоёр удаа их цэвэрлэгээ хийдэг байв 

XX зууны эхэн үеийн Нийслэл хүрээнд ариун цэврийг огт сахидаггүй, гудамжаар нь өвлийн цагт гадагшаа урссан шингэн ялгадас нь овоо болж хөлдөөд, зун цагт хүний өтгөн, шингэний үнэр хамар сэтлэх шахаж, ялаа батгана үлэмж их байсан бөгөөд жилдээ хоёр л удаа хүрээ даяараа цэвэрлэгээ хийдэг байсан аж. Цагаан сарыг угтан өвлийн адаг сарын 29-нд гэр, хороогоо цэвэрлэж тоос шороогоо гүвдэг бол тавдугаар сарын 13-ны өдөр Майдар эргэхийн өмнө нэг удаа цэвэрлэгээ хийдэг байжээ.

4. VIII Богд шинийн нэгэнд алтан урагт хүндэтгэл үзүүлдэг байв 

Богд Жавзандамба хутагт Монголын хаанаар өргөмжлөгдсөн цагаасаа хойш жил бүрийн шинийн нэгний өдөр Автай сайн хааны өргөөнд Эх дагинын хамт очиж гал асаадаг байсан нь Чингисийн төрийн залгамж, уламжлалыг хадгалж буйг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн илэрхийлэл байв. Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсаны дараахан Богд хаан зурхайчдад монгол цаг тооны бичиг зохиохыг үүрэг болгосон түүхтэй.

5. 1952 онд Цагаан сар тэмдэглээгүй

1952 оны эхээр Маршал Х.Чойбалсан өөд болсон тул сар шинийн өдрүүдийг нийтийн гашуудлын өдөр болгосон төдийгүй, цаашид тэмдэглэхийг хориглосон түүхтэй. Улмаар 1960 оны Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар шинийн нэгнийг "Нэгдэлчдийн өдөр" болгон, зөвхөн хөдөө аж ахуйн салбарт амралтын өдөр байхаар хуульчилж байв.

6. Сар шинийн барилдаан анх "нэгдэлчдийн баярын барилдаан" нэртэй байв

Цагаан сарын барилдааныг 1963 оноос “Нэгдэлчдийн баярын барилдаан” нэр дор зохион байгуулах болжээ. Анхны барилдаанд дархан аварга Ж. Мөнхбат түрүүлж, улсын аварга Ч.Бээжин үзүүрлэсэн. Нийт 13 удаа (11-т нь завсаргүй) түрүүлсэн амжилт дархан аварга Б. Бат-Эрдэнийнх. Харин хамгийн олон удаа үзүүрлэсэн амжилтыг таван удаа үзүүрлэсэн дархан аварга Д. Цэрэнтогтох эзэмшдэг аж.

7. Социализмын жилүүдэд цагаан сар өөр агуулгатай болсон

Цагаан сар малчдын баяр болж, "нэгдэлчдийн өдөр" хэмээн нэрлэгдсэнээр малчин хүний жилийн туршид бүтээсэн хөдөлмөрийн үр шимийг дүгнэдэг цоо шинэ агуулгатай болсон юм. Социализмын жилүүдэд малчдаас бусад нийгмийн анги, бүлгийнхнийг цагаан сар тэмдэглэхэд дургүйцдэг байсан бөгөөд ялангуяа хот суурин газарт ёслон өнгөрүүлэхэд ямар нэг хэмжээгээр саад бэрхшээлтэй тулгардаг байжээ.

8. Сар шинээр гандантэгчэнлин хийдэд 10 мянган хэвийн боов хэрэглэдэг 

Эдүгээ Цагаан сард Буддын шашны нөлөө, зан үйл гүн сүлэлдэж шингэжээ. Сар шинийн өдрүүдээр хүний хөл хөдөлгөөн тасардаггүй газрын нэг бол яахын аргагүй Гандантэгчэнлин хийд. Хийдэд шавилан суудаг 7000 гаруй лам хувраг сар шинийг угтаж өвлийн адаг сарын 25-наас битүүний өдрийг хүртэл ном хурж, үргэлжлүүлэн шинийн 15-ныг хүртэл ерөөлийн 15 хоногт ном хурдаг. Эдгээр хурал номын өдрүүдэд зөвхөн Гандантэгчэнлин хийдийн дотоод хэрэгцээнд 10 мянган хэвийн боов шаардагддаг аж.

9. энэ үеэр дэлхийн хүн амын гуравны нэг нь бүх нийтийн амралттай байдаг 

Хаврын тэргүүн сарыг угтан Азийн бусад оронд өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Сонирхуулахад, билгийн тооллын шинэ жилээр дэлхийн хүн амын гуравны нэг нь бүх нийтийн амралттай байдаг. Хятадад 1.4 тэрбум хүн гурван өдөр, Индонезид 275 сая хүн нэг өдөр, Филиппинд 110 сая хүн нэг өдөр, Вьетнам 100 сая хүн 3-7 өдөр, БНСУ-д 50 сая хүн гурван өдөр, Тайваньд 24 сая хүн дөрвөн өдөр бүх нийтээрээ амардаг байна.

10. монголчуудын 64 хувь нь цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг

2018 онд ҮСХ-ны тооцоолсноор, манай улсын нийт өрхийн 64 хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ба нэг өрхөөс дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гардаг. Энэ тоог нэгтгэвэл, улсын хэмжээнд идээ болон гарын бэлэгт зориулж монголчууд 845.1 тэрбум төгрөг зарцуулдаг аж.

Нэгэнт айл хэсэж, найр наадам хийхгүйгээс хойш айл гэрээрээ дуулж хуурдаж, цөөхүүлээ ч Цагаан сарын уур амьсгал бүрдүүлээд баясгалантай сайхан шинэлж болно шүү дээ. Энэ өдөр монгол хүн гэдгээ, өв уламжлал, түүх соёлоо нэхэн санаж, ардын дуу, уртын дуугаараа сэтгэлийн галаа бадраан, гэрийн жавар хөөж, дуу хуурын эгшиглэнд өгөөмөр тэнүүн шинэ жилээ угтахыг уриалж байна.

11. МОНГОЛ АРДЫН ДУУ "ЦАГААН САР"

Эрт цагт Сайн ноён хан аймгийн хошуу ноён Сүх-Очир Богд ханд бараалхах нэрээр хүрээнд Цагаан сарыг бэлтэй хөлтэй өнгөрүүлэхээр иржээ. Ирэхдээ үзэсгэлэнт залуухан бүсгүй Янжиндуламыг дагуулж. Хүрээ олны дунд хиа түшмэлээ дагуулсан Сүх-Очир гэдэг ахимаг насны ноён үзэсгэлэнт залуу бүсгүй дагуулан явахыг харсан хүрээнийхэн “Дэндэвдулам хатнаас дээгүүрхэн төрж дээ” гэж шагшин дуулж байлаа. Дэндэвдулам гэдэг нь Богд эзний их хатан Дондогдуламын төрсөн дүү, Цэцэн хан аймгийн Дайчин чин вангийн хошуу ноён Цогбадрахын бага хатан ажээ. Мөн л тэр үеийн хүрээний сайхан бүсгүйчүүдийн нэг байв. Хүрээний гоо үзэсгэлэн, бие бялдар төгс бүсгүйчүүдээс илүү төрсөн, үзэсгэлэнт Янжиндулам бүсгүйг харах гэж зээлийн газар олон хүн хошуурч байсан гэдэг. Янжиндуламтай уулзаж, үг ярьж саатан суухыг хүссэн ч цагаалж ирсэн зочдоо үдэж угтаад завгүй байсан хүрээнийхний зохиосон дуу юм гэнэ лээ.

Монгол ардын дуу “Цагаан сар”-ын домог ийм. Энэхүү уянгалаг сайхан дууг гавьяат жүжигчин Ш.Даваахүү тэргүүтэй Монголын олон сайхан дуучин сонсогчдын сэтгэлд шаглаж дуулсан юм.

“Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ ай хө
Цагаан эсгийгээ гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө
Царайлаг төрсөн Янжиндуламдаа
Санасныгаа хэлбэл дээ хө ай хө”

12. Н.ТӨМӨРХУЯГ - "УХААРЧ АМЬДРАХ ХОРВОО"

"Амьдрал хайр дээр тогтдог”, “Насны намар” зэрэг дуугаараа ард түмнийхээ сэтгэлд хоногшсон Намдагийн Төмөрхуяг агсны “Ухаарч амьдрах хорвоо” бол Монголын дууны урлагийн сод бүтээл билээ. Хойч үедээ сургаал, захиасаа үлдээхийн, ахмад, өвгөдийнхөө үгийг ухаарч амьдрахын чухлыг бидэнд сануулсан энэхүү дууг сарын шинэдээр дахин нэг сонсоорой.

Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүйн үйлийг асуу даа
Настай хүний тохойг өргөн мэндлээд
Золгодгийн учрыг мэд дээ
Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Өрөөлийг жаргаан дуулж явахад
Өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа
Дуудан урихдаа сэтгэлийг нь таниад
Сүүгээ өргөдгийн учрыг мэд дээ"

13. МОНГОЛ АРДЫН ДУУ "СҮНЖИДМАА" 

“Алс чиг газраас зориод ирлээ ай хө” хэмээн Б.Алтанжаргалын дуулахыг сонсохуйяа сэтгэл цэлмэж, ардын дууныхаа сайхныг эрхгүй биширдэг. “Арга билгийн эх сурвалж” гэхийг сонсов уу? Хэчнээн гайхалтай илэрхийлэл вэ!

“Аав ээжийн үеийг залгах
Арга билгийн сурвалж юм аа хө
Алтанхан хумх шиг зүрхэн тольтноо
Ариун булгаас ч ундрах юм аа
Ай замбуулин хорвоо минь ээ хө”

14. МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУ "ҮЛЭМЖИЙН ЧАНАР"

Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай тэнцдэг гэдэг. Энэ сайхан дууг айл гэрээрээ дуулж, сэтгэлээ ариусгаарай. Чанга дуудахгүй гэвэл шүлгийг нь дуудан уншиж, эсхүл дууг нь сонсоод сэтгэлдээ даган дуулж болох. Хэрэвзээ тэгвэл Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын яруу төгөлдөр дуулсныг сонсоорой гэж зөвлөе.

"Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө
Сэтгэлийг минь булаамаар аа, ай хө"

15. "НЭР ҮГҮЙ САЛХИ"

Өвөрмонгол хөгжмийн зохиолч С.Энхбаярын үг, аяыг нь зохиож, дуучин Б.Цэцэгмаагийн амилуулсан “Нэр үгүй салхи”-ийг сонсохоор ухаан бодол саруулсаж, аар шаархан зүйлсийг умартаад амьдралын торгон сайхныг мэдрэх шиг болдог. Дуучин Э.Дашням “The Voice” тэмцээний тайзнаа дуулсан нь мөн нэн сайхан хувилбар билээ.

"Хаврын урь нь орохоор хаяа тээсэн хангай минь
Намрын сэрүү нь унахаар нараа хулжаасан хайрхан минь
Бодлын минь тэнгэр минь хүслийн минь үзүүр минь
Хангай минь, хайрхан минь”

16. "Таван эрдэнэ"

Нэрт яруу найрагч Л.Лувсандоржийн шүлэг, УГЗ З.Батсүхийн хөгжим “Таван эрдэнэ” дуу бол монгол ахуйн өнгө төгс зураглал. Малчны хотонд төрж өсөөгүй ч “Таван эрдэнэ”-ийг сонсохуйяа монгол ахуй нүдэнд шууд л бууж, сүрлэг уулс оюун бодолд сүмбэрлэдэг юм.

“Жаврын үзүүр уярч цаг наашлахад
Цэлмэг шөнийн од шиг төлөөр сүрэг баяжна
Өнгө аялгуу зохицон чихнээ ялдам таацаад
Өнөр малчны хот таван эрдэнийн далай
Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ”

17. ХӨХ ТЭНГЭР - "ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР ЭХ ОРОН" 

“Хөх тэнгэр” хамтлагийн “Үзэсгэлэн төгөлдөр эх орон” бол эх орондоо барьсан хайрын дуу. Монголын нэгэн үеийн хосгүй уран бүтээлчдийг цуглуулсан “Хөх тэнгэр” хамтлагийн энэ дууны үгийг төгөлдөр гэхээс өөрөөр тодорхойлшгүй.

“Хун цагаан үүлсийн цаагуур
Хурц шаргал наран наадаад
Зэгс хөөмийлгөх нуурын мандлаар
Зэрвэс зэрвэс салхи тоглоод
Амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа
Алтан наран сонстол дуулж чамдаа би хэлье

Гал хайрын минь эрдэнийн дээд та билээ
Ганцхан заяах нутаг минь та билээ”

18. "ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ"

Монголын их талд наран шингэхийг харах юутай сайхан билээ. Эх нутгийнхаа энгүй сайхныг хөдөө талдаа л хамгийн тодоор мэдэрдэг шүү дээ. Тэрхүү сайхан мэдрэмжийг “Дөрвөн цагийн тал” өгүүлдэг. Ардын дуу адилаар монгол түмний ой тоонд хоногшсон энэ дууны аяыг Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, шүлгийг Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж бичсэн юм.

“Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо ярайсан
Хаврын тал минь нялхарна”

19. С.ЖАВХЛАН - "АЛСАД СУУГАА ЭЭЖ" 

Шинэ коронавирус дэгдсэнээс үүдэн бид уламжлал ёсоороо шинэлж чадахгүйд хүрээд байна. Ажил алба, амьдралын боломж бололцооноос шалтгаалан ижий аавдаа золгож чадалгүй сар шинийг өнгөрөөх хүн цөөнгүй бий. Сар шинийн өдөр амин хайртай шүтээнүүддээ сэтгэлдээ сүслэн мөргөж, “Алсад суугаа ээж”-ийг дууг сонсоорой.

"Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод
Хүүгээ ирнэ гээд сүүгээ eргeeд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ"

20. ХҮҮХДИЙН ДУУ "ЦАГААН САР" 

"Марчаахай"-аас зурагжуулан гаргасан "Цагаан сар" дууг хүүхэд, дүү нартаа сонсгохыг санал болгоё. Эл дууны аяыг Н.Санжаа, үгийг Н.Даваасүрэн бичжээ.

21. Нас нэмэх

Цагаан сараар билгийн тооллын шинэ жил эхэлдэг тул хүн бүр нэг нас нэмлээ гэж үздэг. Дээхэн үед Монголд ирсэн жуулчид монголчуудад төрсөн өдөр гэж байдаггүй, бүх хүний төрсөн өдөр нэг өдөр тохиодог хэмээн тэмдэглэсэн нь Цагаан сарыг хэлсэн хэрэг юм.

22. Золгох

Ахмад настай хүнтэй золгохдоо монголчууд “Та амар байна уу?” гэж гарынхаа алгыг дэлгэн тохойноос нь дэмнэсхийн лавхан зөрүүлж золгодог. Энэ нь ахмад настнаа бие, хэл, сэтгэл бүхнээрээ өргөн хүндэлж байхыг бэлгэдэг бөгөөд ахмад настан нь ч гэсэн алгаа дэлгэн золгодог нь нас буян, өлзий хишгээ харамгүй хүртээе гэсэн утга болно.

23. УЛ боовны хээ

Ул боовын хэв нь идэж зооглох хүндээ сайн сайхныг бэлгэдсэн хээ угалзаар дүүрэн байдаг. Түмэн наст, өлзий утас, усан долгио, зоос, цэцэг зэрэг хээтэй байдаг билээ.

24. Тавгийн идээ

Монголчууд тавгийн идээг засахдаа ул боовыг дөрвөөр суурилж гурав, тав, долоо, ес давхарлах засдаг. Энэ тоонууд бэлгэдлийн утгатай. Есийн тоо тэнгэрийн утгыг агуулдаг. Долоогийн тоо ч бас газрын товчоог илтгэдэг. Тавын тоо нь ертөнцийн таван зүг, таван өнгө, таван махбодоос эхлээд таван тамсаг идээний амт, цогцлохуйн бэлгэдэлтэй. Харин гурав бол монгол домгийн ертөнцийн төлөөлөл. Гурав гэдэг нь ертөнц л гэсэн үг юм. Тэнгэр, газар, там, “Ертөнцийн гурав”, тулгын гурван чулуу гээд бодоод үзэхээр гурав бол бүхний үүтгэл, эхлэл юм.

25. Эв найрамдах, өр барагдуулах

Монголчууд хуучин жилийн өглөг авлагыг дамжуулахгүй байхыг туйлаас хичээдэг. Зээлсэн эд зүйл байвал даруй эгүүлэн өгч, эв түнжин хагарсан, ам муруйсан хүнтэйгээ зориуд уулзаж таатай сайн үг ярихыг боддог. Энэ нь хуучин оны худал хазгайг тэгшлэх, шинэ ондоо үнэн шулуун орох гэсэн монгол хүний бэлгэч зангийн илэрхийлэл юм.

26. Шинийн нэгэн

Цагаан сарын шинийн нэгэн бол өтгөсөө өргөн хүндэлж, нялхсаа энэрэн асарч, ахас дүүсээ хүндлэн золгох журмын өдөр буюу ураг төрлөө таньж мэдэлцэх өдөр юм. Цаашлаад шинийн нэгэн бол ердийн гэр хотлын баяр төдий бус улс гүрний, төр ёсны эрхэмсэг хүндэтгэлт их ёслол, монгол үндэсний утга төгөлдөр баяр ёслол гэгддэг билээ.

27. Шинийн 2, 3

Зарим нутагт шинийн хоёрны өдөр эр хүн алс юманд явдаггүй бөгөөд эмгэн буурал, ээж эгч нараа хүндлэн золгох, эм төрөлхтөнийг баясгах өдөр гэж үздэг байна. Мөн шинийн хоёрны өдөр тухайн жил хийх ажил үйлсээ эхлүүлэх нь сайн гэж үздэг. Шинийн гурван бол анд нөхөд, хамаатан саднындаа гийчилж золгох, наргин нургин явах өдөр гэдэг.

28. хадаг

Монголчууд хадгийг эдийн дээд гэж хүндэтгэдэг билээ. Тиймд хүндэтгэл, бэлгэдлийн баяраар хадгийг дээдлэх нь түмэн зүй. Цагаан сараар ихэд хүндэтгэдэг ахмад хүндээ хадаг бүрмөсөн өгч золгодог бол ахмад нь ямагт өөрийн хадгаар золгодог. Хадагтай золгохдоо хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хуруугаар дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгодог учиртай.

29. Цээр

Цагаан сар нь бэлгэдлийн баяр тул үүнтэй холбоотой цээрлэх зүйлс олон бий. Жишээ нь битүүний өдөр ирэх жилдээ өрх гэрээ элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодоггүй. Цагаан сараар уур, шунал, мунхаглалыг тэвчиж буян үйлдэх ёстой гэж үздэг. Амьтны амь таслахыг цээрлэнэ. Бэлгэтэй сайн үгсийг хэлэлцэж, шинэ үйл эхлүүлэхийг л эрхэм болгодог билээ.

30. Битүүн

Битүүний орой бол хуучин оноо энх түвшин, ёс төгөлдөр үдэж шинэ жилээ угтан тосох цагийн бэлчрийг бэлгэшээн өнгөрүүлэх өдөр юм.

Сар шинийн өдрүүдээр цэнхэр дэлгэцнээ шилмэл монгол кинонууд гардаг. Монголын сор болсон найруулагч, уран бүтээлчдийн сэтгэл шингэсэн эдгээр бүтээлийг үзээрэй хэмээн санал болгоё.

31. "Тунгалаг тамир"

Зууны шилдэг роман гэгддэг “Тунгалаг тамир” романыг дэлгэцнээ амилуулахад Ч.Лодойдамба агсан өөрөө ихээхэн үүрэгтэй оролцсон гэдэг. Тухайн үед тэрбээр Соёлын яамны уран бүтээл хариуцсан орлогч сайд байв. XX зууны эхэн үеийн монголчуудын аж амьдрал, тэмцэлийг харуулсан энэхүү бүтээлийг дахин нэг үзэж, Итгэлт баян, Эрдэнэ, Долгор, Төмөр нартай эргэн нэг учраарай. Үнэхээр л "Хорвоо! Чи хүний зовлонд цадах болоогүй юу?" гэмээр цаг үеийг бид туулж байна даа.

32. "Мөнх тэнгэрийн хүчин дор"

Эзэн Богд Чингис хаанаа монголчууд "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд дүрслэгдсэнээр нь төсөөлдөг гэвэл худал болохгүй биз ээ. Монгол киног чанартай бүтээдэг цаг шувтарч байхад "амжиж" хийсэн, өнөөг хүртэл Чингис хааны тухай хамгийн шилдэг бүтээл хэвээр буй энэ кино бол Цагаан сараар заавал гарах ёстой, үзэх ёстой бүтээл мөн. Ташрамд дурдахад, Тэмүжинг Чингис хаанаар өргөмжилсөн тэр жил Цагаан сарыг албан ёсоор төрт ёсны их баяр болгон тунхагласан гэдэг билээ.

33. "Хүргэн хүү"

Залуу насны ааг омог, чин үнэнч хайр, гомдол ухаарал, шаргуу хөдөлмөрийн үнэ цэнийг харуулсан сонгодог кино бол "Хүргэн хүү". Нэгдэлжих хөдөлгөөн, харц ардын амьдралыг тод томруунаар гаргаж өгсөн уг кино үйл явдлаар хөтлөхөөс гадна түүхийн мэдлэгт цучил нэмнэ.

34. "Алтан өргөө"

Германы уран бүтээлчидтэй хамтран хийсэн хамгийн анхны өнгөт кино болох "Алтан өргөө" киноноос тухайн үеийн техник технологи, графикийн түвшнийг шууд харж болно. Хүн байгалийн шүтэлцээ, атгаг шунал, ариун сайхан сэтгэлийг үлгэрийн зохиолоор урласан уг кино нь хүүхэд, томчуудын хэнд ч болов үзүүштэй байх болно.

35. "Хөдөөгийн баясгалан"

Өөх иддэггүй, морь унадаггүй, хотод амьдардаг айлын ганц хүү Болд зуны илгээлтээр сайн малчин Ширнэн өвгөнийд очиж, хөдөөгийн амьдралд хэрхэн ээнэгшин дасаж, малчин хүний баяр жаргалтай танилцахыг уг кинонд харуулна. Малчин ардын амьдрал, хот хөдөөгийн амьдралыг тун ч чадамгай гаргасан уг кино үзэгчдийн сэтгэлд том байр суурьтай.

36. "Зэрэг нэмэхийн өмнө"

Хэзээ ч үл хуучрах бүтээл гэвэл ихэнх хүмүүс "Алтан өргөө"-г л нэрлэх байх. Кино зохиол, хошин хэсгүүд, харилцан яриа, хувцас загварууд нь үнэхээр сонгодог. "Таныг бол тэнгэр татаад авна, биднийг бол "хооп" ", "Нөгөө тал нь уу? Энэ байна", "Та ч амьтан, би ч амьтан" гээд дурдаад байвал маш олон алдартай хэллэг энэ киноноос л эхтэй.

37. "Мандухай сэцэн хатан"

Монгол киноны ноён оргилуудын нэг нь эргэлзээгүй алдарт "Мандухай сэцэн хатан" бүтээл билээ. Эвдэрч явсан үедээ хүчгүйдэж, эвтэй үедээ хүчирхэгжиж явсан түүхийг маань сануулдаг энэ гурван ангит кино Цагаан сар бүрээр гардаг хэдий ч бид "Мандухай"-аас уйдах нь үгүй ээ.

38. "Нийслэл хүү"

Ягаан Гажидын инээд, үхсэн хурганы сценээрээ алдартай уг кино үзэхэд тун ч зугаатай шүү. Гар нүүрээ угаахаас эхлээд хот, хөдөө газрын ахуй, соёлын ялгаа харагдах уг киног үзэхээр "нээрээ л яг ингэнэ дээ" гэж бодогддог юм.

39. "цогт тайж"

Билгүүн номч, эрдэмтэн Бямбын Ринчен зохиолыг нь бичсэн, Монголын кино уран бүтээлчдийн анхны бүтээлүүдийн нэг болох “Цогт тайж” бол XX зууны шилдэг кинонуудын нэг. Манай үндэстний түүхийн нэн чухал үеийг XVII зуунд амьдарч асан баатар, соён гэгээрүүлэгч Цогт тайжийн амьдралд тулгуурлаж үзүүлсэн кино 70 гаруй жилийн өмнө бүтээгдсэн ч гэлээ өнөө хэр нь найруулга, эвлүүлэг гэхчлэн олон талаар үлгэр жишээд тооцогддог, гайхалтай бүтээл билээ.

40. "Хонины найр"

Вандан, Гэндэн хоёр өвгөний дүрээр айл саахалтын өрсөлдөөн, малчдын амьдралыг үзүүлсэн уг кино үзэгчдэд үнэнч хөдөлмөр, нөхөрлөлийн үнэ цэнийг тун энгийнээр гайхалтай харуулж чадсан бүтээл юм.

41. шагай няслах

Монголчуудын эртнээс нааш тоглож ирсэн хамгийн "ахмад" тоглоом нь шагай бөгөөд Цагаан сараар, тэр дундаа битүүнд шагай наадаж ирсэн уламжлалтай. Хоёрхон хүн тоглосон ч болдог тул шагай няслах нь хамгийн түгээмэл тоглогддог, анхаарал, овсгой шаардсан наадгай байдаг.

42. Морь уралдуулах

Хүүхэд багачуудын дунд хамгийн өргөн дэлгэрсэн, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тоглоход тохиромжтой, хөгжилтэй тоглоом бол морь уралдуулах. Чадвар гэхээс илүү аз л хэрэгтэй байдаг нь энэ тоглоомыг бүр ч сонирхолтой болгодог.

САНАЛ БОЛГОХ: "Шагайчин" брэндийн бүтээгдэхүүнүүд

43. Даалуу

Тавуулаа нийлж суугаад, бие биеэсээ өрсөн цай хурааж, дороо боолтой болж аваад өрсөлдөгчдөөсөө хол тасрах нь цаг хэрхэн өнгөрч буйг мартуулах хүчтэй. Дөнгө найм, сарлаг долоо, нохой зургаа гээд л дотно сонсогдож байгаа биз.

44. Хөзөр

Тоглоом наадгайн магадгүй хамгийн сонгодог сонголт нь хөзөр байх. Хөзөр бол хаана ч, хэзээ ч, хэнтэй ч тоглоход хамгийн нийтлэг тоглоом шүү дээ. "Та битгий уурлаарай" буюу 108, муушиг, 13, канастер гээд л өчнөөн сонголт бий.

45. Хөлөгт тоглоомууд

Хөлөгт тоглоомууд дотроо тун олон төрөл. Шатар, даамнаас эхлээд тэрбумтан хүртэл, уламжлалтаас өгсүүлээд орчин үеийн хэлбэр хийц бүхий оюун сорих, азаа үзэх, авхаалж самбаа шаардах олон арван сонголт бий нь гэрийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхэд заавал хэрэг болно.

46. Алаг мэлхий

Цагаан сарыг алаг мэлхийгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Битүүний орой гэр бүлээрээ суугаад алаг мэлхий өрж тоглох, ирэх жилийнхээ аз хийморийг сорингоо хүүхдүүддээ тоо тоолохоос эхлээд хүний биеийн бүтцийг ч зааж болох юм.

47. Би хэн бэ?

Гэрийнхнээрээ тоглоход хамгийн хөгжилтэй тоглоом. Бие биедээ ямар нэг дүр бодож олоод түүнийг нь өөрөөр нь таалгахуйяа тун чиг зугаатай. Хүн бүр удаах хүндээ ямар нэг, бүгдийнх нь таних дүр оноож өгнө. Алдартан, нийгмийн зүтгэлтэн, улстөрч байж болно, эсвэл ойрын танил, хамаатан ч байж болно. Тэгээд нэг нэгээрээ ээлжлэн асуулт асууж өөрийгөө хэн гэдгийг мэдэхийг оролдох юм. Зөвхөн тийм, үгүй гэдэг хариулт авах асуулт тавих ёстой. Харин үгүй гэсэн хариулт авбал дараагийн хүнд шилжинэ.

48. Шагай шүүрэх 

Шагай шүүрэх наадгайг киноноос олонтоо үзсэн биз ээ. Гарын хурд, нүдний хурц, анхаарал төвлөрлийг сорьсон уг наадгай бодсоноос тань илүү сонирхолтой гэдэгт итгээрэй.

49. Оньсон тоглоом

Ихэнхдээ л бууж өгч дуусдаг ч гэлээ, тодорхой хугацаанд анхаарлыг гойд сайн төвлөрүүлж чаддаг тул оньсон тоглоом ой ухаанд нэн сайн. Интернэтээс хайвал төрөл төрлөөрөө бий дээ.

50. Аман наадам: дАйралцаа, хул тоолох

Монголчууд эртнээс аман наадгайгаар наадаж ирсэн ард түмэн. Дайралцаа үг хэлж, ес хэлэлцэж, дэмбээдэж ирсэн өвөг дээдэстэй бидний монгол хэлний үгийн санг аман наадам хөгжилтэй бөгөөд сонирхолтой аргаар баяжуулж өгнө. Тоглох гэхээс илүү мэддэг хүнээр заалгуулж сурахыг зөвлөе.

Хэдий гэртээ тэмдэглэх ч гэлээ Цагаан сарын зан үйлүүдээсээ гүйцэлдүүлж болохыг нь гүйцэлдүүлэх нь зүй. Гэрээ цэвэрлэж, хувцсаа цэгцлэхээс өгсүүлээд шинийн нэгний өглөө мөр гаргах хүртэл хийх зүйлс их бий. Мэдээж эдгээр өдрийг ашиглаад шинэ зүйл сурч судлах зэргээр Цагаан сартай холбоогүй зүйлс хийж болно. Гэхдээ харьцангуй ачаалал багатай, чөлөөт цагтай энэ үеийг өв уламжлалаа судалж, монгол ахуй соёлоо танин мэдэхэд зориулбаас сайхан сан, тийм ээ?

51. Гэрээ цэвэрлэх

Цагаан сар бол гэр орноо цэвэрлэж цэгцлэх, цэвэр, шинэ хувцсаа зэхэх цаг гэдгийг монголчууд дэндүү сайн мэднэ. Суурин газар айлууд цонх, хөшгөө угаахаас эхлээд иж бүрэн цэвэрлэгээ хийдэг бол малчин айлууд хот хороогоо цэвэрлэхээс эхлээд шинэ жилд цэвэр цэмцгэр орохыг урьтал болгодог. Магадгүй өнөөгийн залуучууд цэвэрлэгээг тэгтэл чухалчлахаа больсон байж болох ч гэрээ сайтар цэвэрлэх авах цаг өөр хэзээ гэж?

52. Даалин оёх

Урьд цагт айл гэрийн эзэгтэй нар Цагаан сарыг угтан гэр бүлийнхэндээ шинэ дээл урлаж өгдөг байв. Өдгөө дээлийг баяр ёслолоор ч юм уу, ховорхон өмсөх болсон, тэгээд ч хотын амьдралд тэр бүр таарч тохирохгүй тул жил бүр шинэ дээл хийх нь багассан байж мэднэ. Харин хоргой торго сэлтээр даалин (хөөрөг агуулах уут) хийх бол өөр хэрэг.

53. Мөр гаргах

Мөр гаргах нь шинийн нэгний өглөө хийморийн зүг рүү гарч жилийн цээр гаргах дом засал хийгээд нар зөв тойрон буян хишгийн зүгээс ирэхийг хэлдэг. Дом засал нь суудлын махбодоос шалтгаалах учир хүн бүрийн хувьд адилгүй бөгөөд тухайн жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэддэг. Энэ жилийн суудал, мөр гаргах зүг, тарни, заслаа эндээс хараарай. Арван гуравны жил нь ороогүй багачууд хийгээд өндөр настан, хэвтрийн хүмүүс зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөр гаргахыг гагц Бурхны шашны заншил гэж бодох нь бий ч бурхны шашин нэвтрэхээс өмнө ч монголчууд сайн зүгт гардаг заншилтай байжээ.

54. ЦАй, сүүнийхээ дээжийг өргөх

Шинийн нэгний өглөө эртлэн босож зүг мөрөө гаргачхаад цай, сүүний дээжээ өргөдөг. Бурхан шүтээн, хангай дэлхийдээ сүслэн өргөж буй цай, сүүний цацал амар амгалан, эрүүл энх байхын ерөөлийг дагуулдаг гэдэг. Хөдөө газар бол гэрийн эзэн ойр орчмын өндөрлөг уул толгойн орой дахь овоон дээр гарч цай, сүүнийхээ дээжийг өргөөд төрийн сүлд буй зүгт сацал идээгээ өргөдөг нь монголчуудын эрхэм уламжлал юм.

55. ГЭРИЙНХЭН, ХАМААТНУУДТАЙГАА "ЦАХИМ ЗОЛГОЛТ" ХИЙХ 

Урьд нь хилийн чанад суугаа элгэн садантайгаа цахимаар холбогдож мэнд мэддэг байсан бол цар тахлаас үүдэн аав ээжтэйгээ хүртэл цахимаар золгох нөхцөл үүсээд байна. Гэхдээ энэ нь коронавирусийн эрсдэлээс өөрийгөө болон дотнын хүмүүсээ хамгаалж буй хэрэг. Facebook, Google Meet, Zoom, Wechat гээд л холыг ойртуулж чадах технологийн олон платформ бий.

56. СОШИАЛ ДЭЭР ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ ЗУРГАА НИЙТЛЭХ

Сүүлийн жилүүдэд залуус баяр ёслолоор гэлтгүй өдөр тутамдаа ч үндэсний хувцсаа өмсөх хандлагатай болсон. Монгол орны цаг агаарын нөхцөл, нүүдэлчин ахуйд зохицсон дээл бол монголчуудын соёлын салшгүй нэгэн хэсэг билээ. Өнөө цагт бид дээлийг төрөл бүрийн загвараар эсгүүлж оёулан гангардаг болсон. Хэдий айл хэсэхгүй, гэрээс гарахгүй ч гэлээ дээлээ гаргаж өмсөөд, зургаа авхуулаад сошиал хуудсандаа нийтэлж яагаад болохгүй гэж?

57. Зул өргөх

Зул өргөх бол Бурхны шашинт монголчуудын ихэд хүндэтгэн дээдэлдэг зан үйл билээ. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын төлөө хэмээн сэтгэж зул өргөвөл цаглашгүй буян хураана, өөд бологсдоо бодож зул өргөвөл хойдод үйлдсэн буян нь арвижин дэлгэрнэ гэж үздэг. Зулыг үлээж унтраадаггүй бөгөөд шинийн 8 болон 15-нд өргөж буян үйлдвээс хэмжээлшгүй сайн гэдэг.

58. УРГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ

Монголчууд эрт дээр үеэс ургийн бичиг хөтөлж ирсэн хэдий ч Манжийн эрхшээлд байх үед саарч, 1925 оноос хэрэглэхийг бүрмөсөн болиулсан байдаг. 1997 онд Засгийн газрын тогтоолоор удмын овгийг хэрэглэх болсноор ургийн бичиг хөтлөх уламжлал сэргэсэн түүхтэй. Удмын түүхээ, удам угсаагаа таньж мэдэх, тэрхүү үнэт мэдээллийг дараа дараагийн үеийнхэндээ өвлүүлэх нь цус ойртохоос сэргийлэхээс өгсүүлээд олон талын ач холбогдолтой. Эдүгээ технологийн дэвшлийг ашиглан удмын түүхээ илүү сонирхолтой байдлаар баримтжуулах боломж бидэнд бий. Үүнийг хийхэд тийм ч хэцүү биш.

59. АХМАДААС ҮГ СОНСОХ, ТҮҮХ ЯРИУЛАХ

Нялхсыг угтаж, хөгшдийг үдэх нь нартын жам. Өвөө, эмээ, аав, ээжээрээ амьдралыг нь, үзсэн дуулсныг нь яриулж байхгүй яав гэж олон хүн харамсдаг. Ийм харамсалтай хоцрохгүйн тулд ахмад хүмүүстэйгээ Цагаан сараар сайн буу халаад, ярилцсанаа тэмдэглээд авбал хожим лавтай баярлах биз ээ. Уулзаж чадахгүй ч утсаар ярьж болохыг сануулах юун.

60. НАЙЗ НӨХӨД, ЭРХЭМ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХОЛБОГДОХ

Цагаан сар нь гэр бүлийн баяр гэлээ ч энэ жил айл хэсэхгүй, харьцангуй зав чөлөөтэй байх тул цахимаар найз нөхөд, хүндэлдэг хүмүүсийнхээ амар мэндийг эрж, холбоогоо сэргээн тэтгэх нь зүйтэй санагдана. Гадаадад сурч, ажиллаж буй найздаа, хичээл заалгасан хүндэт багшдаа мэнд хүргээрэй.

61. "цагаан сар" баримтат кино

Монголын үндэсний телевизийн 1989 онд бүтээсэн уг баримтат кинонд Цагаан сарын бэлгэдэл, утга учир, зан заншлыг тод томруун өгүүлжээ. Нэрт эрдэмтэн Х.Нямбуу зохиогчоор нь ажиллаж, Чой.Лувсанжав гуай зөвлөсөн байна.

62. Unread - цагаан сарын мини подкаст

Манай багийнхан Цагаан сарын сэдвээр богино подкаст цуврал бэлтгэсэн юм. Цагаан сарын өчигдөр, өнөөдөр, маргаашийн талаар өнөөгийн залуучуудын үзэл бодол, өнцөг шингэсэн подкастаа хуваалцаж байна.

63. LiveOn21

Уламжлал ёсоор Цагаан сараар олон телевиз шинэ нэвтрүүлэг, контент цацдаг. Тэр дундаас ” ‘On’n Off’-ийн Онон, ‘Никитон’-ы Баачка хоёр үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр эргэн ирлээ” хэмээх сонирхолтой тодотголтой нэвтрүүлэг анхаарал татсан юм. “Боловсрол” ТВ-ээр хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн Цагаан сарыг дуустал үдэш бүр гарах энэ нэвтрүүлгийн нэр нь “LiveOn 21".

64. “Аялгуу эгшгийн Цагаан сар” концерт

МҮОНРТ-ээс өнгөрсөн жилийн Цагаан сард зориулан хийсэн “Аялгуу эгшгийн Цагаан сар” концерт бол Монголын олон ястны дуу хуур, бүжиг наадмыг танилцуулсан, гоёмсог найруулга, яруу тайлбартай тун сайхан контент болсон. Цагаан сар бол ардын язгуур урлагтай танилцах сайхан завшаан юм.

65. монгол тулгатны 100 эрхэм 

"Херо энтертайнмент"-ын бүтээл "Монгол тулгатны 100 эрхэм" бол Цагаан сарын үеэр үзэж суухад тун тохиромжтой, сайн контент. Монголын сүүл үеийн түүхэнд тод мөрөө үлдээсэн, үлдээж яваа, олон салбарын сайчуул, “домгууд”-ын амьдралыг сэтгэл хөдөлтөл өгүүлдэг билээ. Өдгөө 55 орчим эрхэм уг нэвтрүүлэгт оролцоод байгаа бөгөөд энэ цагаан сараар Манлай уяач Д.Эрдэнэчулууны дугаар цацагдах аж.

66. "МӨнх тунх" - цагаан сарын тусгай дугаар

Монгол хүүхдүүдийн хамгийн дуртай контентын нэг нь "Мөнх тунх" цуврал болоод байгаа билээ. Тус цувралын Цагаан сарын тусгай дугаар хоёрдугаар сарын 10-нд Voo платформд орох гэнэ. Хүүхдүүдэд үзүүлэх зүйлтэй байна гэдэг сайн хэрэг шүү.

67. "Мандухай сэцэн хатан" киноны 30 жилийн ойн нэвтрүүлэг

2019 онд “Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ой тохиож, Ийгл ТВ уран бүтээлчдийг нь оролцуулсан тав орчим цагийн маш сонирхолтой нэвтрүүлгийг тэр жилийн Цагаан сараар цацсан билээ. Нэвтрүүлгийг жүжигчид, дуу хөгжим, шүүмж, арын алба гэсэн хэсгүүдэд хувааж, зочдыг урин хэлэлцүүлэг үүсгэсэн нь туйлын сонирхолтой байсан юм.

I хэсэг | II хэсэг | III хэсэг | IV хэсэг

68. Nargie's mongolian cuisine: White moon Foods

Хэрвээ та Цагаан сарын тухай гадаад найз нөхөд, танилууддаа таниулж мэдүүлэхийг хүсвэл ArtGer-ийн энэ бичлэгийг үзүүлээрэй. Золголт, идээ будаа, ёс заншлын талаар англи хэлээр ойлгомжтой хүүрнэжээ.

69. цагаан сарын барилдаанууд

Үндэсний бөхийн барилдаан бол Цагаан сарын салшгүй нэг хэсэг билээ. Харамсалтай нь энэ жил цар тахалтай холбоотойгоор энэ уламжлалыг өнжөөх шийдвэр гараад буй. Тийм учраас та бүхэн энэ жил гэртээ шинэлэхдээ өнгөрсөн жилүүдийн барилдааныг үзэж сонирхохыг санал болгоё.

70. сар шинийн араншин 

Цагаан сарын талаар хошин шог, теле зохиомж олон бий. Youtube дээр хайхад өчнөөнөөрөө гарч ирдэг. Харин бид эдгээрээс "Шинэ үе" продкашны 2004 онд бүтээсэн нэгэн хошин шогийг онцоллоо. Энэ үед тус продакшнд Амбий, Бооёо, Хүрлээ, Аси, Ундармаа нарын нэрт жүжигчид байсан билээ.

71. Хайлмаг

Хайлмаг бол яах аргагүй нүүдэлчин монголчуудын өглөөний цайны сонгодог хүнс. Биед шөнөжин хуримтлагдсан хийг хөөдөг тул эрүүл мэндэд тун ач тустай. Хэрэв танай хөргөгчинд гашуурсан өрөм байвал хайруулын тавганд хийж хайлуулаад, гурил, давс, чихэр, үзэм зэргийг хийж хутгаад л амттай хайлмаг хийж болно шүү.

72. цагаалга

Цагаан сарын цагаалгын ёслолыг шинийн нэгний өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг уламжлалтай. Цагаалга гэдэг нь аарц идээн дээр таван тарианы үрийг юм уу эсвэл үзэм, тутарга будаа оруулаад хачирласан амтлаг хоолыг хэлдэг. Харин сүүлийн үед цагаан будаа агшаан, үзэм чихэр, шар тос, давсаар амтлан тавих болсон билээ. Тиймээс та бүхэн эртний уламжлалаа сэргээн аарцаар хийж үзээрэй.

73. арвайн гурил

Ядаргаа тайлах ид шидтэй, амин дэм, уураг, нүүрс усаар баялаг арвайн гурилыг мэдэхгүй хүн ховор. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг тул өтгөн хатах үед эмийн журмаар хэрэглэж болдог. Хийх арга тун энгийн. Арвайн гурилаа элсэн чихэр, шар тостойгоо багсраад, хярамтай хольж хутгаад л болчихдог тул цагаан сарын баяраар заавал хийж үзээрэй.

74. Таван цул

Бид малын дайвар бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэсээр ирсэн. Өвлийн цагт айлууд бог малынхаа гэдсийг сайхан цэвэрлэж, ходоод нарийн гэдсэнд нь цус цутгаж, гүзээнд нь таван цулын хамт хийж хадгалдаг. Түүгээрээ шөлтэй хоол, хуурга, хуушуур зэргийг хийхэд тун амттай болдог шүү.

75. Шинэ салат

Монголчуудын цагаан сарын уламжлалт идээ ундааны ёсонд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн түлхүү ордог бол хүнсний ногоо, жимсний төрөл байдаггүй. Зөвхөн сүү, махаар хооллох нь хангалттай шим тэжээл болохгүй тул амин дэм, эрдэс бодисоор баялаг шинэ салат хийж идээрэй.

76. Аарцтай шөл

Аарцыг өвөг дээдэс маань гуриланд хутгах биш зөвхөн адууны махны шөл, будаанд буцалгаж хэрэглэж ирсэн. Аарцтай шөл нь тамир тэтгэх шидтэй тул хүйтэн, сэрүүн улиралд ханиад томуунаас урьдчилан сэргийлэхдээ хэрэглэхэд тун сайн юм шүү.

77. Мойл, мэхээртэй цагаан тос

Монголчууд эрт дээр үеэс гурил, будааг орлуулан мойл, мэхээр, цагаан төмс, ямаахай, гоёо зэрэг ургамлыг сүүнд чанаж, өрөм шар тостой холих буюу мойл, мэхээртэй цагаан тос бэлтгэж, хүйтний улирлыг өвчин эмгэггүй, эрүүл энх давдаг байжээ.

78. Шөлтэй хоол

Шөлтэй хоолыг Азийн бусад орон эртнээс хийж ирсэн бол нүүдэлчдийн хувьд харьцангуй хожуу нэвтэрч эхэлсэн гэдэг. Хамгийн илчлэг сайтай шөлтэй хоолны төрөлд монголчуудын дуртай хярамцагтай шөл, хөцтэй шөл зүй ёсоор багтдаг. Тухайлбал, дээхэн үед гурван шимтийн шөл, дөрвөн шимтийн шөл, битүү шөл зэргийг их хийдэг байжээ. Цагаан сараар цагаан болон бор идээ түлхүү хэрэглэж буй үедээ шөлтэй хоол завсраар нь хийж идэх нь хоолны шингэцийг сайжруулна шүү.

79. Элгэн тараг

Монголчууд урин цагт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү, цагаан идээ голлон хэрэглэж ирсэн. Тэр дундаа элгэн тараг бол дархлааны системийг идэвхжүүлэх, хордлогоос сэргийлэх, тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах ач тустай билээ.

80. Жимсний ундаа

Монголчууд улаагана, долоогоно, үрэл, мойл, үхрийн нүд, самар, чацаргана, мөөг, гогод, хүмүүл зэрэг байгалийн жимс ногоог аль эртнээс түүн цуглуулж идээ ундааны нөхвөрөөр ашиглаж ирсэн. Өвлийн хүйтэн цагт чацаргана, аньс, нохойн хошуу зэрэг Монголд ургадаг жимс жимсгэний шүүс бэлтгэж уухыг санал болгоё.

Цагаан сараар гэрт ирсэн зочин гийчдийг гарын цайлгадаг ёстой. Хувь хишиг өгөх энэхүү уламжлал нь бэлгэдлийн шинж чанартай юм. Анхандаа тухайн жилийн олз олбороосоо амраг садандаа “хувь хүртээх” ёс байсан нь цагийн уртад бэлэг солилцох, орсон гарсан бүхний алгыг тэнийлгэж гар цайлгах ёс болж баяжжээ. Эртний уламжлал ёсоороо бол үр хүүхэд, ач зээ нэртээ заавал хишиг хүртээх ёстой бөгөөд бэлэг барихдаа бэлгэдлийг нь ихээхэн анхаарах учиртай. Цайвар өнгөтэй, амсартай зүйл байлаа гэхэд өөдөө амсартай гэх мэтчилэн гэгээн сайхныг бэлгэддэг ажээ.

81. Ном

Ном бэлэглэхэд тохиромжгүй баяр гэж үгүй. Монголд цөөнгүй паблишинг нээгдэж, номууд, тэр дундаа бүтээлүүд олноор гарах болсон энэ цагт тухайн хүнд тохирсон ном олно гэдэг тийм ч хэцүү биш болов уу. Цөөн санаа хэлэхэд, Л.Өлзийтөгсийн сүүлд гаргасан хос роман "Хараацай зогсолт" болон "Мэлхий", "Хэрхэн амьдрах вэ?", "Сувааны зүг" тэргүүтэй орчуулгын бүтээлүүд байж болно.

82. Оймс

Саяхныг хүртэл айлууд оймс бэлэглэдэг, түүнийг нь хүмүүс барагтай хэрэглэдэггүй байсан гээд "Юун оймс вэ" гэж бодуузай. Сүүлийн үед хүмүүс янз бүрийн өвөрмөц өнгө, загвар, зурагтай оймсыг таалах болсон тул энэ тун чамин сонголт болох юм.

83. Төлөвлөгч дэвтэр

Сүүлийн үед хүмүүс төлөвлөгөө, зорилтуудаа дэвтэр дээр тэмдэглэх нь ихсэж, тэмдэглэл хөтлөх соёл залуусын дунд дэлгэрсэн нь “bullet journal” буюу төлөвлөгч дэвтэр моодонд орсноос илэрхий. Монголчууд ямар төлөвлөгч дэвтрүүд хийж буйг эндээс үзээрэй. Аль хэдийн авчхаагүй бол шүү дээ.

84. iHotel

Амралт, сувиллын газарт амрах эрх бэлэглэвэл хэн ч гэсэн баярлах болов уу. iHotel.mn сайт руу ороод 80 гаруй зочид буудал, амралтын болон сувиллын газраас сонгож, энгийн тарифаас нь хоёр дахин бага үнээр захиалга өгөх боломж удахгүй хаагдах юм билээ шүү. Хэдийгээр одоо орон даяар чөлөөтэй аялах боломжгүй байгаа ч нөхцөл байдал дээрдэх нь дамжиггүй. Тэр үед шуудхан аялалд гарч болно гэсэн үг.

85. ЦЭнэглэгч кабель/чихэвч 

Орчин цагийн залуусын хувьд утас цэнэглэгч кабель, чихэвчнээс илүү байнгын хэрэглээ цөөн. Цэнэглэгч кабель, чихэвчийг бол хэрэглэхгүй болов уу гэж санаа зовох шаардлагагүй бэлэглэхэд болох биз ээ. Монголчуудын хийдэг "Nomadd" брэндийг санал болгоё.

86. НООЛУУРАН МАЛГАЙ/БЭЭЛИЙ/ОРООЛТ 

"Зурайсан зам гардаг" зургаан ес эхэлж байхад ноолууран малгай, бээлийгээр яах билээ гэж бодож байж магадгүй. Гэхдээ Монголын хавар ямар байдгийг бид мэднэ шүү дээ. Пальтондоо орох болоогүй ээ.

87. Худалдан авалтын эрх

Хүнд хэрэггүй зүйл бэлэглэхгүй гэсэндээ бэлэн мөнгө бэлэглэдэг айл цөөнгүй. Та ийм бодолтой бол дотоодын үйлчилгээний байгууллагын худалдан авалт, үйлчилгээний эрхийн бичгийг мөн бодолцож үзээрэй. Дуртай брэндийнх нь эрхийн бичиг, эсвэл Shoppy тэргүүтэй цахим худалдааны платформын эрх байж болох.

88. даалуу/төрөл бүрийн хөлөгт тоглоом 

Даалуу ч юм уу, ямар нэг хөлөгт тоглоом бэлэглэхийг санал болгох байна. Та зүгээр нэг өөрөө эдэлж хэрэглэх бус, гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хамтдаа өнгөрөөх “шалтаг” гаргаж өгч байгаа хэрэг шүү дээ. Даалуугүй айл олон байгаа болов уу.

89. MPLUS-ИЙН БЭЛГИЙН КУПОН

Нэгэнт биет бэлэг өгөхөд амаргүй өдрүүд тохиож байгаа учраас цахим бэлгийн сонголтыг бодолцох нь зүй. MPlus бол цахим болон сонсдог номын сан нь баяжин тэлсээр буй апп. Зарим контент нь төлбөртэй байдаг тул бэлгийн купонтой нь танилцаарай.

90. Шоколад

Сар шинийн өдрүүдэд бид хатуу хөл хорионд байх билээ. Хэдий баяр болох ч гэлээ олон хүний хувьд ирээдүй ойлгомжгүй, барьцгүй буйгаас шалтгаалан сэтгэл санаа тогтворгүй байж мэдэх. Энэ үед амтат шоколад бэлэглэх тийм ч муугүй сонголт байж мэднэ.

Жагсаалтаа жаргаахдаа бид дараа дараагийн олон олон Цагаан сарыг тэмдэглэхдээ бодож үзүүштэй, санаж сэрүүштэй зарим санааг дурдахыг хүссэн юм. Монгол үндэстний энэ сайхан баяр минь агуулгаа орхилгүй, хэлбэрээ дордуулалгүй улам бүр зүгшрэн төгөлдөржөөсэй хэмээн хүснэ.

91. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх

Баяр баярын дундаас онцгой чухал нь ч гэсэн хэт найрлахгүй, халаасаа хоослохгүй байж, бэл чинээгээрээ, даруухан тэмдэглэж өнгөрүүлж сурваас Цагаан сар олны, тэр дундаа залуусын нүдэнд сөргөөр дүгнэгдэхээ болих биз ээ. Баярлаж дуусаад л өр ширэнд ороод байвал сүйд болох нь тэр.

92. Утга учрыг үл алдагдуулах

Цагаан сар бол дээр дурдсанчлан монгол түмний бэлгэдлийн цогцлол юм. Сар шинийн өдрүүдэд түгжрэл, санхүүгийн бэрхшээл зэрэг олон асуудлаас болж баярлахаас илүү бухимдах нь их. Гэхдээ баярт учир байна уу, баярын утга учрыг алдагдуулсан бидэнд учир байна уу хэмээн бодолцох нь зүй. Хотол олноороо онд мэнд орсноо тэмдэглэж, урин цагийг угтан баярладаг Цагаан сараа хайрлаж явцгаах ёстой, бид.

93. Цахим золголт, дижитал хэрэглээ 

Ирээдүйд хүн, технологийн хоршил одоогийнхоос улам л нягт, боловсронгуй болох нь тодорхой. Үүний сайн тал нь бид дэлхийн хоёр туйлд амьдардаг байсан ч орон зай, цаг хугацааны алсыг үл хамаарч хоорондоо үргэлж холбоотой байх боломж юм. Тиймээс цахимаар золгоно гэдэг одоогоор зөвхөн цар тахлын үеийн шийдэл мэт боловч ирээдүйд байх л зүйл болж хувирах нь дамжиггүй. Иймд гэр бүлийн бүх гишүүд технологийн суурь мэдлэгтэй болоход анхаарах хэрэгтэй болов уу.

94. БИЗНЕСИЙН Боломжийг ашиглах

Нэг айл л гэхэд багадаа 1.5 сая төгрөгийг цагаан сар тэмдэглэхэд зарцуулдаг шүү дээ. Тэгвэл ийм хэмжээний мөнгөний урсгалыг дотоодын үйлдвэрлэгчид маань ашиглаж, үнийн хувьд боломжийн, чанартай бүтээгдэхүүн Цагаан сард зориулан гаргахад анхаарах хэрэгтэй биз ээ. Ингэж чадвал олон тэрбум төгрөгийг дотооддоо "авч үлдэж" чадна.

95. Айл бүр өөрийн гэсэн жаягтай 

Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй шиг айл бүр өөрсдийн гэсэн хэв маягаар тэмдэглэхийг ойлгож хүндлэх нь зүй. Гэхдээ үүний сацуу монгол үндэстний суурь ёс заншил, зан үйлээ хадгалахын чухлыг мартаж болохгүй. Доктор С.Дуламын хэлсэнчлэн "Бэлгэдлийн утгаа л хадгалж байвал их амархан хийх боломж зөндөө бий".

Гэрэл зургийг Б. Уугансүх

96. Хамжааргатай идэх

Цагаан сараар яльгүй тарга суух нь хэн хүний хувьд байх л асуудал. Харин баярын сургаар ухаан жолоогүй уургалан дайрч, хордотлоо идэж ууж болохгүй. Олон жил тэнүүн сайхан амьдрахыг хүсвэл эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй шүү дээ.

97. Нялх, нярай хүүхдүүдийг сайтар бодолцох

Хамаатан садан, гэр бүлээрээ цугладаг хамгийн том баяр тул бүлийн хамгийн залуу гишүүд ч манцуйтайгаа айлчилж эмээ, өвөө, авга, нагацуудаа баярлуулдаг. Нялх хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн бүрэлдэж амжаагүй, эмзэг байдгийг бодолцон, басхүү ээж аавыг нь хүндлэн аль болох үнсэж үнгэхгүй байх нь чухал.

98. Аюулгүй байдал

Ноднин болон энэ жил Цагаан сарыг алгассан тул баяртай холбоотой хүүхдийн осол гэмтэл, өвчлөлүүд харьцангуй бага байлаа. Шинэ жил, Цагаан сарын баярын үеэр ахуйн түлэгдэлт, хоолны хордлого гэх мэтэд өртсөн, эцэг эхчүүдийн хараа хяналт сул байсны улмаас бэртэж гэмтэн, өвдсөн хүүхдүүд эмнэлэгт олноороо ханддаг. Аюулгүй байдал хамгаас чухал шүү дээ.

99. ЦАгаан сарын утга учрыг таниулах контентууд

Цагаан сарын ёс заншил, өв уламжлалыг хойч үеийнхэндээ таниулж, монголчуудын үндэсний дархлааны амин бүрэлдэхүүн болсон энэхүү баяраа хадгалж авч үлдэхийн тулд цаад утга учир, бэлгэдлийн нарийн нандинг таниулах сонирхолтой контентууд хийцгээе.

100. Удам угсаагаа мэддэг, өв уламжлалаа дээдлэгч залуус 

Монгол ахуйгаа таньж мэдэх эрмэлзэлтэй, хойч үедээ уламжлах хүсэлтэй залуус олон бий гэдэгт бид итгэлтэй байна. Өв уламжлалаа дээдэлцгээе!

Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Unread Media