Олон арван ном, бүтээл туурвиж, алдар суугаа дэлхий даяар дуурсгасан домогт зохиолчид онгод тэнгэрт огтхон ч найддаггүй болохыг та мэдэх үү? Эсрэгээрээ тэд бол хамгийн хатуу дэглэмийг өөртөө бүтээж, түүнийгээ өдөр бүр ягштал баримталдаг хүмүүс юм.
Яг л тамирчидтай адил. Тэгвэл тэдний агуу бүтээлүүд хэрхэн бүтэж, уншигчдын хүртээл болох хүртлээ ямар зарчим, дадал, үйлийг туулдаг болохыг энэ нийтлэлээс сонирхоорой. Түүнчлэн хойшдоо бид уг булангаар салбар салбарын мэргэжилтнүүдийн ажил мэргэжилтэй холбоотой дадлыг нь харьцуулан толилуулах юм.
1. Стивен Кинг
Зохиолчийн тухай
Тэртээ 50 жилийн өмнө Кэрри романаар зохиолчийн дебьютээ хийсэн цагаасаа хойш С.Кинг “Ногоон бүс”, “Гялбаа”, “Үхлийн бүс”, “Тэжээвэр амьтдын оршуулгын газар” зэрэг 60 гаруй ном хэвлүүлсэн нь дэлхий дахинаа одоог хүртэл борлуулалтаараа тэргүүлсээр байгаа юм.
Ташрамд дурдахад, түүний цөөн хэдэн уран зохиолын бус бүтээлийн нэг болох “On Writing: A Memoir of the Craft” номыг “Тагтаа” хэвлэлийн газрын зүгээс энэ оны гуравдугаар сард орчуулан гаргасныг түүний шүтэн бишрэгчид надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Номын дэлгэрэнгүй: Cтивен Кинг: Бичихүйн тухай номоос шүүрэх 6 санаа
Бичих дадлын онцлог
Тэрээр бичиж эхлэхээсээ өмнө өдрийн амин дэмээ ууж, уух усаа бэлдэж тавьдаг аж. Ингэхдээ утас, цахим хэрэгслээ бүгдийг нь унтрааж, бичиж дуустлаа асаадаггүй. Яг бичих явцдаа тэрээр нэг хөгжмөө дахин дахин сонсдог ба ихэвчлэн Metallica, Anthrax хамтлагуудын хөгжмийг сонсох дуртай. Нэг дуугаа ахин дахин сонсох нь дуугаа солих хүсэл төрүүлэхгүйгээс гадна, хоёр ажлыг зэрэг гүйцэтгэх явцад илүү тухтай ажиллаж, бичих үйлдээ уусаж чаддаг хэмээжээ.
Тэрээр өдөр бүр 2000 үг бичдэг ба энэ дүрмээ хатуу баримталдаг. Өдөрт 2000 үг бичнэ гэдэг яггүй даваа. Тиймээс уншигч та уг бичих дадлыг туршихыг хүсэж байвал багаас нь эхэлбэл дээр болов уу. Ядаж л 500-750 үг. Харин бичих үйлээ дууссаны дараа өөртөө кино үзэх эрхийг олгож шагнадаг гэнэ.
2. Силвиа ПЛАТ
Зохиолчийн тухай
Силвиа Платыг “Хонхон шил” бүтээлээр нь уншигчид гаргаахгүй мэдэх биз ээ. Түүний шүлэг, роман нь зоримог, илэн далангүй, өвөрмөц өнгө аястай бөгөөд сүргээсээ салсан морь мэт эрх чөлөөтэй эсвэл бүх эд ангийг нь дэлгэсэн машин мэт ил, цагаан байдаг нь сонирхолтой.
Харамсалтай нь, тэрээр “Хонхон шил” бүтээлээ хэвлүүлснээс хойш сарын дараа буюу 30 настайдаа амиа хорлосон юм. С.Платыг нас барснаас хойш буюу 1982 онд түүний шүлгийн түүвэр хэвлэгдсэн бөгөөд уг бүтээл нь Пулитцерийн шагнал хүртсэн ажээ.
Бичих дадлын онцлог
Түүний бичих дадал маш энгийн боловч дадлыг мөрдөх байдал тун шаргуу болох нь олон цагаар сууж бичдэгээс нь илэрхий. Түүний нөхрийн хожим яриагаар С.Платын бичих үйлд хандах хандлага нь урлаач, дархан мэт байдаг хэмээн ярьсан юм. Хэрэв түүнийг урлаачтай зүйрлэвэл бичих явцдаа нэг материалаас ширээ гаргаж чадахгүй юмаа гэхэд ядаж л сандал эсвэл тоглоом гараасаа гаргахыг эрмэлздэг нэгэн байсан гэдэг.
"Хонхон шил" номын тухай: Хонхон шил: Шилэн хоргоноос зугтагсдын цуурай
3. Мүраками Харүки
Зохиолчийн тухай
“Норвегийн ой” зохиолоороо олонд танигдсан зохиолч Х.Мүракамийг Монголын уншигчид эчнээ таних биз ээ. Тэрээр багаасаа барууны болон Оросын зохиол, дуу хөгжим, урлагтай ойрхон өссөн гэдэг. Чарьз Дикенс, Франц Кафка, Фёдор Достоевский зэрэг зохиолчдыг уншиж өссөн нь уламжлалт япон зохиолчдоос түүнийг мөн ялгаруулдаг .
Мүраками Васедагийн Их сургуульд театрын урлагийн чиглэлээр суралцаж төгсөөд 1974-1981 оны хооронд эхнэрийнхээ хамт жааз бар ажиллуулж байсан түүхтэй. Зохиолчийн жааз хөгжмийн сонирхол, хөгжмийн гүнзгий мэдлэг нь зохиол бүтээлээс нь ч нэвт шувт анзаарагддагийг түүний үнэнч уншигчид хэдийн мэдэх болов уу. Сонирхолтой нь, тэрээр 33 наснаасаа эхлэн гүйлтээр хичээллэж эхэлсэн ба хэд хэдэн марафонд ч амжилттай оролцож, гүйлтийн тухай “What I talk about when I talk about running” хэмээх ном хүртэл бичсэн ажээ.
Бичих дадлын онцлог
Зохиолч нэлээд хатуу гэж хэлж болохуйц дэглэм мөрддөг нь илт. Тэрээр хэлэхдээ хатуу өдрийн дэглэмийг баримтлах нь бараг л өөрийгөө ховсдож буй мэт гайхшруулам үйл байдаг тул ялангуяа томоохон номын ажил дээр суухдаа энэ дадлаа чанд мөрддөг хэмээжээ.
Гэхдээ ийм давтамжит үйлийг зургаан сараас нэг жил хэрэгжүүлж хийнэ гэдэг биеийн төдийгүй сэтгэлзүйн хат шаардах нь ойлгомжтой. Тийм ч учраас урт роман бичих нь нэг ёсны тэмцээнд бэлдэж буй тамирчин өдөр бүр бэлтгэл хийж буйтай адил. Биеийн эрүүл мэнд, биеийн тамир нь урлагийн мэдрэмжтэй салшгүй холбоотой тул тэрээр ийнхүү гүйлт болон усан сэлэлт зэрэг биеийн хүчний ажлыг өдрийн хэмнэлдээ зайлшгүй багтаадаг гэжээ.
4. Майя Анжелоу
Зохиолчийн тухай
Майя Анжелоу нь зохиолч, яруу найрагчаас гадна иргэний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч нэгэн байсан билээ. Тэрээр долоон намтар, гурван эсээ, хэд хэдэн яруу найргийн ном хэвлүүлж, олон арван шагнал, 50 гаруй хүндэт цол хүртсэн. Түүний хэвлүүлсэн долоон намтрын хамгийн эхнийх нь буюу "I Know Why the Caged Bird Sings" (1969) бүтээлд түүний 17 нас хүртэлх амьдралын тухай өгүүлдэг ба уг ном хамгийн олон хүнд хүрч, олон улсад түүний алдар нэрийг цуурайтуулсан аж.
Түүний бүтээлүүд арьс өнгөөр ялгаварлах үзэл, жендэр, хүйс зэрэг нийгмийн эмзэг сэдвийг зоригтойгоор илэрхийлснээрээ онцлог. Тухайлбал “I Know Why the Caged Bird Sings" ном олон эцэг эхчүүдийн шүүмжлэлд өртөж, сургалтын хөтөлбөр, сургуулийн номын санд байршуулахгүй байх арга хэмжээ авахад хүртэл хүргэж байсан гэдэг.
Бичих дадлын онцлог
Орон дээрээсээ ном бичнэ, зочид буудлын өрөө оффис нь байна гэдэг сонирхолтой. Майя амьдарч буй хотдоо нэг зочид буудлын өрөөг түрээсэлдэг байсан ба ажлынхаа өрөө рүү библи, толь бичиг, вино авч явж, бичвэрээ эхэлдэг байсан аж. Зарим үед 12:30-ын үед бичих ажил нь дуусчихдаг, харин зарим орой гэртээ хариад нөхөртэйгөө оройн хоол идэнгээ бичсэн зүйлсээ уншиж өгдөг ч түүнээс сэтгэгдэл, шүүмж хүлээж авдаггүй байжээ.
Ямар нэг сэтгэгдлийг редактораасаа өөр хүнээс хүлээж авдаггүй хэмээн тэрээр нэгэн ярилцлагадаа дурдсан. Түүний ажиллах хэв маяг байршлын хувьд өвөрмөц боловч дадлын хувьд нэлээд энгийн болох нь илэрхий.
5. ДЭН БРАУН
Зохиолчийн тухай
Дэн Браун бол бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай төдийгүй уншигч, эрдэмтдийн дунд одоог хүртэл маргаан дагуулсан “Da Vinci Code” номын зохиолч билээ. Түүний цуврал бүтээлүүд өдгөө 52 хэлээр орчуулагдаж, 200 сая хувь хэвлэгдсэн амжилт үзүүлээд буй.
Тэрээр учир битүүлэг оньсогоор дүүрэн триллер зохиолоор мэргэшсэн бөгөөд уг сонирхол нь түүний хүүхэд ахуй цагт, өссөн орчинтой холбоотой. Түүний аав математикийн багш, харин ээж нь сүмийн хөгжимчин тул шинжлэх ухаан болон шашны ойлголт, эсрэгцэл зэрэг сэдэв анхаарлыг нь ихээхэн татдаг байсан ажээ.
Бичих дадлын онцлог
Зохиолч цаг тутам компьютероо “freeze” тохиргоо дээр нь нэг минут тавьж суниалт, гэдэсний таталт зэрэг хөнгөн дасгалууд хийдэг. Мөн өглөөдөө ямар ч интернэт, элдэв сатааруулах зүйлгүйгээр бичвэрээ дуусгахыг эрмэлздэг аж. Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Үүрийн дөрвөн цагт хэн ч цахим шуудан бичихгүй, амар тайван цаг байдаг тул энэ үеийг ашиглан бичих нь түүнд тохирдог” хэмээн бичих дадлын тухай асуултад хариулжээ.
Бичихдээ баримталдаг зарчим буюу шинэ зохиолчдод ямар зөвлөгөө өгөх вэ хэмээхэд “Зохиолын санаа, үйл явдал өвөрмөц, шинэ байх албагүй. Харин тэрхүү үйл явдлыг шийдэх арга, бичих хэлбэр, хэрхэн хүмүүст хүргэж, ойлгуулах буюу “Яаж?” гэдэг асуудал л илүү чухал байх ёстой” хариулсан нь мөн онцлууштай.
6. Саяака Мурата
Зохиолчийн тухай
Тэрээр нийгэм дэх эр, эм хүмүүсийн үл таарамж, жендэр, эцгийн эрхт ёс зэрэг нийгмийн асуудлыг зохиолоороо хүчтэй илэрхийлдэг. Акутагавагийн шагналт зохиолч Саяка Муратагийн “Convenience store woman” (Монгол хэлнээ “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” хэмээн орчуулагдсан) ном нь түүний хамгийн алдартай зохиол буюу Япондоо 1.5 сая гаруй борлогдож, 30 хэлэнд орчуулагдсан юм.
Тэрээр 2017 оныг хүртэл 18 жил Японы Токио хотын конбинид (Монголоор бол CU) ажилласан ба энэ нь тухайн үеийн өдөр тутмынх нь ажиглалтаас төрж түүний бүтээлийн сэдэв, дүрийн түүхтэй уялддаг аж.
Бичих дадлын онцлог
Түүний дадлаас хамгийн онцлох хэсэг нь өдөр бүр амьдардаг дүүргийнхээ гурваас дөрвөн кафегаар зочлон, ажилладаг явдал юм. Учир нь гэртээ бичих үед нойр нь хүрч, анхаарал нь төвлөрдөггүй тул тэрээр ихэвчлэн ийнхүү гадуур ажилладаг хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн хүмүүсийн дэргэд байж, яг л аквариумд байгаа мэт орчныг гаднаас нь ажиглах нь зохиолын санаа болон дүрүүдийн түүхийг бичихэд ихээхэн тусалдаг хэмээн ярилцлагадаа мөн дурдсан байдаг.
7. Нэйл Гейман
Зохиолчийн тухай
Английн зохиолч Н.Гейманыг та алдарт товчин нүдэт Коралайн зохиолоор төвөггүй таних нь лавтай. Тэрээр ихэвчлэн уран зөгнөлт төрлийн зохиолууд бичдэг ба бүр кино зохиол хүртэл бичсэн туршлагатай нэгэн юм. Сонирхуулахад “Good Omens” “Doctor who” мөн сүүлд Нетфликсийн цуврал “Sandman”-ыг Н.Гейман бичсэн юм.
Түүний бүтээлүүдээс зохиолчийн ямар олон талт, хувьсах чадвартайг харж болно. Тухайлбал, түүний ердийн бичиглэлийн хэлбэрээс нэлээд өөр буюу эрт дээр цагийн бурхад, орчин үеийн бурхадтай одоогийн ертөнцөд эсрэгцэж буй тухай өгүүлэх “American Gods” хэмээх үлгэр домгийн, уран зөгнөлт бүтээлээ тэрээр алдарт Коралайнтай зэрэгцүүлэн бичиж байсан гэдэг.
Хоёр зохиолыг бичих явцад “American Gods” зохиол дээр өдөр шөнөгүй ажиллаж байсан учраас Коралайн дээр тийм ч их цагийг зарцуулж чадахгүй байж. Тиймээс ч хэвлэлийн газрын зүгээс Коралайныг хэвлэх боломжгүй хэмээн ятгаж байсан ч Гейман орой бүр Коралайн дээр 50 үг л бичих зорилго тавьж, тэрхүү зорилгоо ч биелүүлж, улмаар зохиолоо хугацаанд нь дуусгажээ. Яг үүн шиг тэрээр олон зохиол дээр зэрэг ажиллаж чаддаг нь онцлууштай.
Бичих дадлын онцлог
Тэрээр томоохон роман бичих үедээ өөрийн бяцхан цэцэрлэгт орж, юу ч хийхгүй байх эрх чөлөөг өөртөө олгодог гэжээ. Гэхдээ ихэнхдээ юу ч хийхгүй байснаас ямар нэг зүйл бичих нь илүү сонирхолтой байдаг тул энэ эрх чөлөө нь түүнийг бичихэд хүргэдэг аж.
Тэрээр 1997 онд хэвлэгдсэн “Stardust” хэмээх номоо бичиж байхдаа анх бэхтэй үзгээр зохиолоо бичиж үзсэн аж. Тухайн үед гараар бичих нь үнэхээр түүнд өөр санагдсан тул цаашид эхний ноорог санаа, бичвэрээ ийнхүү бэхээр бичдэг дадалтай болж. Энэ дадал нь түүнд хурдан сэтгэж, цөөн үгээр чанартай өгүүлбэр бичихэд тусалдаг гэжээ.
8. Виржиниа Вүүлф
Зохиолчийн тухай
Виржиниа Вүүлф нь “Эмэгтэй хүн зохиол бичихийн тулд мөнгөтэй бас өөрийн гэсэн өрөөтэй байх хэрэгтэй” хэмээх эшлэлээрээ алдартай “Өөрийн гэсэн өрөө” номын зохиолч билээ. Тэрээр 1970-аад оны феминизмийн хөдөлгөөнд хувь нэмэр, үр нөлөөгөө оруулснаараа дуурсагдаж, олон кино, жүжиг, романы гол сэдэв хожим болсон ба өдгөө Лондоны Их сургуульд түүний хөшөөг босгосон байдаг. Бичээчийн хувьд тэрээр анх удаагаа зохиолд ухамсарт бодлоор дамжуулан түүх өгүүлсэн анхдагчдын нэг хэмээн тооцогддог.
Бичих дадлын онцлог
Түүний дадал тийм ч онц гойд биш юм шиг хэр нь маш хурдан бөгөөд шаргуу ажилладаг байсныг зарим хэвлэлүүд онцолсон байдаг. Тухайлбал “В.Вүүлф баасан гарагт номын ажил авлаа гэхэд ням гарагт уншиж дуусгаад лхагва гарагт 1500 үг бичиж засаад дараагийн баасан гарагт хэвлэлтэд өгдөг долоо хоногийн бичээчийн дадалтай байсан бөгөөд хамгийн гайхалтай нь уг дадлаа 30 жил хадгалсан” хэмээн Artidote UK тэмдэглэн бичжээ.
Түүний дадлаас хамгийн сонирхолтой хэсэг нь өдрийн тэмдэглэл ба зохиолч яг тэмдэглэл хөтөлж эхэлсэн нас нь 33 юм. Тэрээр тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө ойлгохоос гадна бичих чадвараа сайжруулах нэг хэрэгсэл хэмээн үздэгээ тайлбарласан байдаг.
Зөвхөн өглөө, оройны дадлаас гадна ажил, мэргэжлээс хамаарсан онцлог дадал таны амьдралд зайлшгүй байх хэрэгтэй. Ингэснээр та ямар үед үр бүтээмжтэй байдаг мөн ямар орчин нөхцөлд ажиллавал танд тохирохыг мэдэж авч, үр бүтээмж тань урт хугацаандаа тогтмол бөгөөд үр өгөөжтэй байж чадна.
Тийм ч учраас бид энэхүү шинэ булангаараа салбар бүрийн үлгэр дуурайлал болсон мэргэжилтнүүдийн ажилтай нь холбоотой дадлыг харьцуулахаар бэлдсэнээ дуулгахад таатай байна.
d dodo 2024.09.09 202.9.46.52
Маш их баярлалаа. Ямар гоё сэдэв, агуулгатай, сонирхолтой контент вэ. Постерууд нь үнэхээр гоё ойлгомжтой болгожээ.