The Guardian нэгэнтээ“Стивен Кинг бол ердийн нэгэн зохиолч биш. Тэр бол дангаараа утга зохиолын салбар дахь бие даасан үйлдвэрлэл юм” хэмээн тодорхойлсон байдаг. “Бичихүйн тухай” бүтээл хэвлэгдэн гарсан 2000 онд Форбес сэтгүүлийн мэдээлснээр түүний жилийн орлого нь 50 сая гаруй ам.доллар давж байсан төдийгүй карьерынхаа турш бичих үйлээс цуглуулсан орлого нь хагас тэрбум гаруй доллар аж. Энэ мөнгөн дүнгээс харахад л түүнийг зохиолчдын дундах Тэйлор Свифт гэхэд буруудах зүйлгүй мэт.

Тэгвэл бүх цагийн үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг болох Стивен Кинг On Writing: A Memoir буюу “Бичихүйн тухай” номоороо дамжуулан зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг уншигчдадаа дэлгэн харуулжээ. Сонирхуулахад, уг бүтээлийг "Тагтаа" хэвлэлийн газраас өнгөрөгч гуравдугаар сард орчуулан, монгол уншигчдын гарт хүргээд буй.

Бид харин энэхүү тоймдоо түүний бичих эрдэмд шимтэх тухайд өгсөн зөвлөмжүүдээс зарим хэсгийг сонгож, зургаан санаанд багцаллаа.


Эх сурвалж: @nytimes


Номын тухай:

Одоогоос яг хагас зуун жилийн өмнө буюу 1974 онд Кэрри романаар анхны 400 мянган долларын гэрээг байгуулсан цагаас хойш С.Кинг “Ногоон бүс”, “Гялбаа”, “Үхлийн бүс”, “Зэрлэг амьтдын оршуулгын газар” зэрэг 60 гаруй ном хэвлүүлсэн нь дэлхийд одоог хүртэл борлуулалтаараа тэргүүлсээр байгаа. Эдгээр бүтээлүүдээс тун цөөхөн нь уран зохиолын бус төрөлд багтдаг бөгөөд тэдгээрийн нэг нь “Бичихүйн тухай”.

327 хуудастай номын гуравны нэгийг түүний намтар дурсамж эзлэх бол үлдсэн хэсэгт зохиолчдын мэргэжлийн гарын авлага хэмээж болохуйц зөвлөмжүүд багтжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насны ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн жилүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ бүтээл юм.


Эх сурвалж: @nytimes

яагаад унших вэ? 


Англи хэл сурах аль эсвэл хүлэмжийн ногоо хэрхэн тарих тухай гарын авлага, зөвлөмжийг та дурын номын дэлгүүрээр шагайхад л төвөггүйхэн олох нь лавтай. Харин сайн бичээч болох, ерөөс зохиолч болохоор шуударсан нэгэнд урлан бүтээхүйн онгод хайрлах “ном” олно оо гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй адил.

Хөнгөн бийрийг хөшиж, хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэхэд авьяас чухал. Гэвч бодит амьдрал дээр үгсийн цувааг хэлхсээр өөр нэгэн шинэ ертөнцийн хаалгыг татна гэдэг хар зөнгөөрөө өрнөдөг хөгжилтэй аялал байдаггүй нь гачлантай. Угтаа бичнэ гэдэг бичсэн, бичүүлсэн, уншсан гуравтаа сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг, тунчиг урамтай ажил шүү дээ.

Тэгвэл уг бүтээл үгсийн сан, хэлзүйн дүрмээс өгсүүлээд сэдэв хайх, бичлэгийн хэв маягаа олох, үйл явдлыг өрнүүлэх, үнэмшилтэй дүр бүтээх гээд залуу уран бүтээлч, зохиолч, сайн бүтээлч шимтэгч хэн бүхэнд зориулсан мэргэжлийн гарын авлага гэхэд болно. Ингээд олон юм нуршихгүйгээр номын онцлох хэсгүүдээс хүргэе.

1. ҮГСИЙН ТУХАЙ

Юун түрүүнд хамаг л ур чадвараа дайчлан бичихийн тулд өөрийн гэсэн багажийн хайрцаг төхөөрч авагтун. Тэгээд дараа нь түүнийгээ үргэлж биедээ авч явж хүчрэх булчин, шөрмөстэй болоорой гэж би чамд захья. Бичихүйн тухайд үгсийн сан чинь чиний гол багаж юм. Үгийн баялаг гэдэг унших явцад л тэлэгддэг эд, үр дүн нь бүр хойно мэдрэгдэнэ. Магад хэтэрхий уран үгсээр чамирхах, дандаа богино үгсээр бичдэгээсээ зовохдоо урт үгсийн эрэлд хатах гэж буй бол бичиж буй зохиолоо хорлож буй хэрэг. Болхи, бүдүүлэг бай гээгүй шүү, товч тодорхой ил шулуун бичээрэй.

Үг гэдэг утга санааг төлөөлүүлдэг зүйл төдий. Хамгийн оновчтой үгийг сонгож бичсэн ч бичих үйл өөрөө утгыг бүрэн илэрхийлэх чадамжаар дандаа дутаж байдгийг санагтун. “Хөлс өгөх” гээд л хэлчихийн оронд “ацаг өгөх”, “Жон баах гэж их удлаа” гэхийн оронд “Жон өтгөн мөрөө үзэх гэж их л удлаа” хэмээн бичих нь яг л тэжээвэр амьтнаа гоёлын даашинзаар гоёхтой адил.

2. ХЭЛЗҮЙН ДҮРМИЙН ТУХАЙ

Дараа нь хайрцгийнхаа дээхэн татуургад тавих учиртай дараагийн багаж бол дүрэм. Бичиж, туурвих зугаатай ч хэлзүйн дүрэм шиг хатуу самар үгүй. Ер нь хүн төрөлх хэлнийхээ үндсэн дүрмийг харилцан ярианаас эсвэл унших явцдаа ойлгож өөртөө шингээнэ, тэгж эс чадвал угаасаа ойлгохгүй л гэсэн үг.

Өөрийнх нь тэвчээрийг хамгийн ихээр бардаг үйл үгийн идэвхгүй хэвийн тухай С.Кинг өгүүлэхдээ:

Хэл найруулга авах юмгүй тоосго шиг романууд байтугай, идэвхгүй хэвээр биччихсэн хоёр хуудас, ямар ч хамаагүй албан бичигтэй таарахад л би багтарсандаа хашхирмаар болдог. Хулчгар нөхөд л “Уулзалт долоон цагаас хийгдэнэ.” гэж бичдэг. Яагаад ч юм ингээд биччихвэл уулзалт долоон цагт болохыг яг таг мэдэж байгаад чинь хүмүүс итгэнэ гээд чихэнд нь хэн ч юм шивнэчихдэг бололтой. Ийм хачин хоёрын хооронд бодлуудаасаа ангижир. Мөрөө цэхлээд, харцаа өргөөд, уулзалтаа гартаа ав л даа. “Долоон цагаас уулзалттай” гэж бич. Тээр хар даа, бурхан минь. Одоо хавьгүй дээр байгаа биз дээ.

Үргэлжлүүлээд дайвар үгийн талаар:

Дайвар үг ашиглах тусам зохиолч өөрийгөө тодорхой илэрхийлж чадахгүй байх вий, дүрслэл, санаагаа уншигчдад ойлгуулж дөнгөхгүй байх вий гэсэн айдсаа илчлээд өгдөг. “Тэр хаалгаа хүчтэйхэн хаалаа.” гэсэн өгүүлбэр байна гэж бодъё. Өөлөөд байх юмгүй өгүүлбэр мэт харагдавч нягтлаад харвал “хүчтэйхэн” гэдэг үг энд ер ямар хэрэгтэй юм гэж асуумаар болж байгаа биз.

“Тэр хаалгаа хаалаа”, “Тэр хаалгаа савлаа” гэх хоёр өөр түвшний утгын ялгааг илэрхийлж байна гэж мэтгэж болох. Гэхдээ үүний өмнө бичигдсэн өгүүлбэр биднийг юугаар ч гийгүүлсэнгүй юу? Түүний хаалгаа яаж хаасныг заавал бичих хэрэг байна уу? Хэрэв өмнөх өгүүлбэрүүдээс тухайн хүний аяс байдал мэдрэгдэж байвал “хүчтэйхэн” гэдэг үг илүүц биш үү?

3. АЙДСЫН ТУХАЙ

Муу зохиолын үндэс айдас гэдгийг би итгэлтэйеэ хэлнэ. Өөрийн таашаалын тулд бичиж байгаа бол тэр айдас арай сул байж мэднэ. Харин бие даалт, нийтлэл, хэлний түвшин тогтоох шалгалтын бичгийн хэсэг дээр цаг нартай уралдан бичиж байх аваас айдас асар хүчтэй болж ирнэ. Дамбо шидэт өдний ачаар агаарт хөөрөн, нисдэгчлэн чи ч бас идэвхгүй үйл үг, заваан дайвар үгс шүүрч аваад хөөрцөглөдөг л биз. Гэхдээ Дамбод өдний хэрэг ерөөс байгаагүй, ид шид анхнаасаа л өөрт нь байсныг санаарай.

Сайн бичлэг гэдэг айдас хийгээд хуурмаг зангаа авч хаяхын нэр. Хуурмаглал гэдэг бол зарим бичлэгийн хэлбэрийг “сайн”, заримыг нь “муу” гэж тодорхойлох хэрэгцээнээсээ эхлээд л аймшигтай авирлал. Сайн зохиол гэдэг хэрэглэх багажаа онож сонгохын л нэр юм.

4. ЗОХИОЛОО АМЬ ОРУУЛАХ ТУХАЙ

Дүрмийг ягштал баримталсан цуваа өгүүлбэрүүд хүүрнэлийн урсгал найруулгыг царцмал, хөшүүн болгодог. Хэл гэдэг үргэлж зангиа зүүж, гутлаа цэмбийтэл үдчихсэн явдаг эд биш. Уран зохиолын хүүрнэлийн зорилго бол бичгийн дүрмийг ягштал мөрдөхөд бус уншигчийг зохиолдоо урин дуудаж, уншиж буй зүйлдээ бүрнээ авттал нь өгүүлэх тухай ярьж өгөхөд оршино. Бичнэ гэдэг уншигчийнхаа сэтгэлийг ховсдон татахын нэр. Сайн яриа тэр ховсдон татах шидийн чинь нэг хэсэг. Эс бөгөөс зоогийн ширээний ард эхэлсэн болзоо яахин орон дотор өндөрлөх билээ.

Хэрэв зохиолыг амь оруулъя гэвэл цогцолбортойгоо л ажилла. Цогцолбор бол ганц үгээс цааш хэчнээн хуудас ч үргэлжилж болох гайхмаар, уян хатан зэмсэг юм шүү.

5. УНШИХ ТУХАЙ

Би хойрго уншигч хэдий ч жилдээ хүүрнэл голлосон далаас наян ном уншчихдаг л юм. Бичиж, туурвихад суралцах гэж биш, унших дуртайдаа л тэр. Сайн зохиолоос бичлэгийн хэв маяг, найруулгын ураас гадна үйл явдлыг өрнүүлэх, үнэмшилтэй дүр бүтээх, үнэн бичихийг сурдаг. Тогтмол уншсанаар хэн юу бичиж, юуг бичээгүйг, юу нь улиг домог болж, юу нь шинэ соргог байгааг, ямар бүтээл цаасан дээр амь бөхтэй үлдэж, ямар нь юу юугүй амьсгал хураахаар хэвтэж буйг олж харах нүд, ойлгож таних мэдлэгтэй болдог юм.

Уншихын хамгийн чухал нь чамайг бичихүйд дурлуулж, бичих явцыг чинь улам амар болгодогт оршино. Хэдий чинээ их уншина үзгээ мэрж, бичгийн машиныхаа ард юу хийхээ мэдэхгүй ухнатаж суухаа төдий чинээ хурдан болино оо л гэсэн үг.

6. БИЧИХ ҮЙЛИЙН ТУХАЙ

Би өдөрт дор хаяж арван хуудас бичих дуртай. Барагцаагаар 2000 үг юм уу даа. Энэ чинь гурван сард 180 мянган үг шүү дээ. Дөнгөж эхэлж байгаа юм гэж бодоод би чамд өдөрт ердөө мянгахан үг бичиж хэвшихийг санал болгоё.

Заримдаа үг торох юмгүй хөвөрч эхэлнэ ээ. Үйлдвэрийн юм уу ачлагын дамжлага дээр ажиллаж байгаа юм шиг ар араасаа хөврөх үгийг амжиж буулгах гэж сарвуугаа сарвайтал сараачиж суух өглөө мөн ч олон бий. Бас заримдаа онгоцоо сэлгэж суугаад л огт өөр оршихуй руу нисээд оччих шиг санагдах үе ч байна. Марзан сонсогдож байгаа ч маргаангүй тэгж л мэдрэгддэг юм.

Бичихүйн тухай ярина гэдэг ер нь бүтээлч унтлагын талаар ярьж буй хэрэг. Бичнэ гэдэг ерөөсөө л зүүдэндээ умбах орон зай мөн тул бичгийн өрөө чинь унтлагын өрөөний нэгэн адил хувийн орон зай байх учиртай. Орой бүр тогтсон цагт унтах бэлтгэлээ хийж эхэлдэг шигээ өдөр бүр тогтсон цагт бичгийн өрөө рүүгээ орж, мянган үгээ цаасан дээр юм уу, диск дээр буулгасныхаа дараа хаалгаар гарч ирэх чиний ажлын хуваарь болбоос өөрийгөө сэрүүн зүүдний ертөнцөөр аялуулахад бэлтгэх дадал байх учиртай.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ 

Уншигч миний хувьд хэр чинээгээрээ өдөр бүхэн л үгтэй ноцолддог нэгэн. Тэрчлэн хэзээ нэгэн цагт толгой дотроо төсөөлсөн уран төсөөллөө цаасан дээр буулган ном болгоно доо гэх алс холын мөрөөдөл ч бий. Гэхдээ тэрхүү ертөнцийг бичихээр бичгийн ширээний ард суух бүрийд яагаад ч юм шаналантай, халширмаар санагдахыг яана гээч.

Харин “Бичихүйн тухай” бүтээлийг сар гаруйн турш ар өврөөс нь хэдэнтээ уншсаны дараа өөрт байгаа хамгийн том асуудал маань”айдас” юм гэдгийг ойлгосон. Хүмүүс намайг уншихгүй бол, би бусдаас онцгой биш бол, миний өгүүлэх түүх хангалттай сонирхолтой биш бол гээд бичих ур чадварыг маань сөөм ч сайжруулж чадахгүй элдэв айдсаас аймшгийн зохиолын хааны ачаар ангижирч чадсан гэхэд болно.

Магад ирээдүйд зохиол бүтээл туурвихгүй байлаа ч үлдсэн насандаа тулхтай уншигч байхад минь уг бүтээл туслах нь лавтай.