“Жигтэйхэн халуун, жир биш тэр нэгэн зун би Нью-Йоркод юу хийж байгаагаа өөрөө ч мэдэхгүй л явсан сан. Розенбергийнхийг цахилгаан сандалд суулган цаазалсан тэр зун шүү дээ.” ( "Хонхон шил" номын эхлэл өгүүлбэр)

Дээрх өгүүлбэр дийлэнх монгол уншигчдын хувьд жир нэгэн үйл явдлын эхлэл мэт санагдах байх. Харин үе үеийн өсвөр насны америк охид феминизм, сэтгэл гутрал, уран бүтээлч сэтгэлгээний хямрал зэрэг эргэлзээтэй олон асуултын хариуг энэхүү өгүүлбэрээр дамжуулан хайсаар хэдийн хагас зуун өнгөрчээ.

Энэ жил 60 насныхаа ойтой золгож, дэлхий даяар гурван сая гаруй хувь борлогдоод буй “The Bell Jar” бол хэдэн сая америк өсвөр насныхны хувьд өөрийгөө тунхаглах нэг төрлийн бэлгэ тэмдэг, поп соёлын нэгэн хэсэг юм.



“10 things i hate about you” киноны Кат, “Gilmore Girls”-ийн Рори, “The Simpsons”-ийн Лиза Симпсон гээд олон дүр энэ номыг уншиж буйгаар кинон дээр дүрслэгдэж, үзэгчдийн дунд “The Bell Jar”-ийг уншдаг охид гэх нэг төрлийн тодорхойлолт хүртэл үүссэн. Зөрүүд, үе тэнгийнхнээсээ тусгаарлагдсан, ихийг бодож тунгаадаг гэхчлэн номын гол дүр Эстерийн зан чанар, амьдралыг харах өнцөг сая сая охидод өөрийнхөө мөн чанарыг нийгэмд биш юмаа гэхэд дотоод сэтгэлдээ тунхаглаж, буй байгаагаа хүлээн зөвшөөрөх эр зоригийг бэлэглэж чадсанд энэ зохиолын гайхамшиг оршиж буй.

үйл явдлын тухайд

Яруу найрагч болох мөрөөдөлтэй, коллежийн оюутан Эстер Гринвүдийн амьдралын зурвасхан цаг хугацааг тус бүтээл өгүүлдэг. Гаднаас нь харахад хачин гял цал Нью-Йорк хотын чамин сэтгүүлүүдийн нэг болох “Ladies' Day”-д нэг сарын турш зуны дадлага хийхээр сонгогдсон нь түүний амьдралд тохиосон хамгийн гайхалтай завшаан байв. Гэвч их хотод хамтдаа ажиллаж, зугаацааж, эр хүйстний анхаарлыг татахыг хичээх бүсгүйчүүдтэй хамт амьдрах зуураа тэр ирээдүйд бусадтай нэгэн адил хонхон шилэн доторх “үзмэр” шиг амьдарч чадахгүйгээ ойлгоно.

Ирээдүйд мөнгийг шуудай, шуудайгаар нь олох нь тодорхой чадварлаг анагаахын оюутан, найз залуу Баддигийн гэрлэх саналаас татгалзахын сацуу роман бичих гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж, цөхрөнгөө баран хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийнэ. Эцэст нь нойрны эм хэтрүүлэн хэрэглэж, золоор амьд үлдэж, улмаар сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэнээр зохиолын үйл явдал цааш хөвөрдөг.



Зохиолын турш Эстерийн шийдвэр, эргэлзээ, цөхрөл бүхэн эмэгтэй хүнээс хүсэн хүлээх нийгмийн хэм хэмжээг чадах чинээгээрээ сөрж буй эмзэг хэрнээ хүчтэй охиныг харуулна. Эстер бол хорь ч хүрээгүй охин тул зохиолыг унших явцад тань “Хөх тариан талбайн ирмэгт” романы Холден Колфилдийг эрхгүй санагдуулах вий.

Нэгэнтээ амьдралын шуурганд хөөгдөөд, хүн гэдэг чинь ингэж л амьдрах учиртай юм гэх бодолдоо хайрцаглагдаж, өөрийнх нь туулсан замаас онхи ондоо жимээр гэлдэрч яваа нэгнийг чичлэн буруушааж, есөн шидийн зөвлөгөөгөөр булж орхидог томчуулын тусгалыг нүцгэнээр харуулдаг нь магад энэ хоёр зохиолын ижил төстэй талууд биз ээ.

сэтгэл гэдэг эрхтэн

Зохиолын үйл явдал өрнөж буй 1950-иад он бол Америк гэлтгүй дэлхий даяараа сэтгэцийн өвчин, сэтгэлзүйн талаар ойлголт дульхан, өнөө цагийн анагаах ухаанд ашиглагдахаа больсон хэрцгий эмчилгээний аргуудыг сэтгэлзүйн асуудалтай өвчтөнүүд дээр туршдаг цаг үе байсан билээ.

Зөвхөн анагаах ухаан төдийгүй нийгэм, гэр бүлийнхний зүгээс ч сэтгэлзүйн асуудалтай дотнын хүнийгээ нэгэн төрлийн өвчнөөр өвдсөн гэдгийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй, “эрүүл бус” гэх ангилалд багтаачихдаг харгис цаг үе байж. Сэтгэл гэдэг өвддөг, үрэвсдэг хэдий ч зөв эмчилгээг нь олох юм бол эдгээж, анагаах боломжтой эрхтэн юм шүү гэдгийг ч зохиолч уншигчдад цаад утгаараа ойлгуулахыг хүссэн мэт.



ном агуу байхын тулд агуу зүйлийн талаар байх албагүй

Базаад хураангуйлбал өсвөр насны охины сэтгэл гутралын түүхийн тухай 270 гаруй хуудас зохиолыг өнөө цагт унших хэрэг байна уу даа гэж уншигч та бодож байж ч магад. Хоёр цагийн бүрэн хэмжээний киног хоёрхон минутын Tiktok бичлэгээр хураангуйлаад үзчихдэг болсон цаг үе шүү дээ. Энэ зохиолын гоо сайхныг ярихын урьд номын зохиолч, XX зууны Америкийн домог болсон яруу найрагчдын нэг Силвиа Платыг дурдах хэрэгтэй. Тэр бол Эмили Дикинсонтой эн зэрэгцэхүйц авьяаслаг нэгэн. Түүний шүлгүүдтэй америк сурагч бүхэн уран зохиолын хичээл дээрээ танилцдаг.

“Хонхон шил” бол Америкийн феминист хөдөлгөөний оюун санааны манлайлагчдын нэг түүний 30 насандаа амиа егүүтгэхээсээ ердөө нэг сарын өмнө хэвлүүлсэн, цорын ганц роман юм. Плат амьд ахуй цагтаа зохиолч гэхээсээ илүүтэй яруу найрагчийн хувьд алдаршсан бөгөөд тансаг, цомхон шүлгүүд нь эх хүн байх хийгээд оюунлаг сэхээтэн байхын мөнхийн зөрчилдөөнийг тусгасан байдгаараа онцлогтой.



В.Набоков нэгэнтээ “ Яруу найрагт бичлэгийн бүх л бүтээлч чанар багтана. Яруу найраг, дээд түвшний үргэлжилсэн үгийн зохиолын хооронд ямар ч ялгаа байхгүй. Толгой, сүүл холбоогүй хэмнэлгүй байлаа ч би сайн шүлгийг чамбайхан чигжсэн үргэлжилсэн үгийн зохиол гэдэг утгаар нь таньж чадна.” хэмээсэн байдаг. “Хонхон шил” яг л энэ зүйрлэлтэй эн дүйцэхүйц үгийн гоо сайхан, яруу найргийн айзам хэмнэлийг уншигчдад мэдрүүлж чаддаг нь энэ зохиолын бас нэгэн гайхамшиг гэлтэй.

Силвиа Плат үзгэн доороосоо байгаль, хүмүүний аж байдал, сэтгэл доторх зөрчилдөөн гээд юуг ч гоо үзэсгэлэнтэйгээр босгож ирэх авьяастай. Гэвч тэр гоо үзэсгэлэн нь тийм ч гэм хоргүй зүйл биш гэдгийг уншигчид хуудас эргүүлэх явцдаа төдхөн олж мэднэ.

Цаанаа л нэг зовуурьтай, ил шулуухан бус илчилж үл түвдэх сэтгэл мэтгэлзсэн, ганцаардал, эзгүйрэл, аниргүй хоосноор хэлбэржсэн гоо сайхан. Магад зөвхөн эмэгтэй хүний сэтгэлийн мухраас урган гарах тэр “жинхэнэ” мэдрэмж хэдэн аравны турш зохиолч уншигч хоёрын дундах нандин холбоог үүсгэсэн биз ээ.

хонхон шилний параллель ертөнц

Анхны шүлгээ ердөө есөн насандаа хэвлүүлж, 12 настайдаа хувийн сонин хүртэл эрхлэн гаргаж байсан түүнийг хавь ойрынх нь бүх л хүмүүс суутан хэмээн нэрлэдэг байв. Коллежид элсэн орохоосоо өмнө зохиолчийн хувиар Seventeen сэтгүүлд богино өгүүллэгээ худалдаж амжсан тэрээр 20 настайдаа Нью-Йорк хотод “Mademoiselle” сэтгүүлд дадлага хийж, улмаар тэр зунаа сэтгэл гутралд орж, амиа хорлох оролдлого хийж байсан аж. Силвиа Плат хожмоо энэхүү үйл явдлаас сэдэвлэн уг зохиолоо бичсэн түүхтэй.

1955 онд Смитийг хамгийн өндөр үнэлгээтэйгээр төгсөөд Английн Кембриж хотын Ньюнхэмийн коллежид Фулбрайтын тэтгэлэгт хамрагдах үедээ эрин цагийнхаа хамгийн дуулиантай яруу найрагчдын нэг Тед Хьюзтэй гэрлэсэн юм. Яруу найрагчийн эхнэр, яруу сайхны охин тэнгэр тэр бүү хэл чадварлаг зураач, буй байгаа нь хүртэл уран зураг мэт энэ бүсгүй цэл залуу гучхан насандаа амьдарлаас нүүр буруулсан. Бусдын нүдээр харахад сайн сайхнаар халгиж цалгисан түүний амьдралд байсан эргэлзээ, зовнил, эмзэглэлийн бодит тусгал бол “Хонхон шил”.


Силвиа Плат

Тед Хьюз, Силвиа Плат бал сарынхаа үеэр

Силвиа Платийн зурсан уран зураг

Эцэст нь Э. Хемингуэйн “Сайн ном бүхэн нэг зүйлээр адилхан байдаг. Номд гарч буй зүйлс нь үнэн хэрэг дээр болсноос илүү итгэгдэх талтай бөгөөд уншаад дуусахад тэр бүхэн өөрт чинь тохиолдсон юм шиг сайн муу, бахархал гуниг харамслыг төрүүлж, сэтгэлд тань үлдэнэ. Хэрэв энэ бүхнийг хүмүүст хүргэж чадвал та зохиолч хүн мөн. Үүнийг хийхээс илүү хэцүү юм орчлонд байхгүй” үгээр энэхүү нийтлэлээ төгсгөе. Хемингуэйн тодорхойлолтоор Силвиа Плат яахын аргагүй жинхэнэ зохиолч, уран бүтээлч нэгэн юм.