Хүн төрөлхтөн таван мэдрэхүйгээрээ гоо зүйн таашаал хүртэх, уран сайхан зүйлээр мэлмий, сонороо мялаан сэрж мэдрэх үйлээ бүхэлд нь “урлаг” хэмээн нэрийдэх болсон нь өнгөрсөн зуунаас үүдэлтэй. Тэрхүү ай саваас ундаалан дотоод ертөнцөө сэлбэдэг хүмүүс бол уран бүтээлчид билээ.
KreativCharisma энэ удаа яруу найрагч Э.Бүжинлхам болон зураач О.Золбоотөгөлдөр нарын хамтарсан нээлтээ хийгээд удаагүй "Сүнс урлал" хэмээх үзэсгэлэнг онцолж байна.
Сүнс урлал
2020 онд яруу найрагч Бүжинлхам “Сүнс урлал” нэртэйгээр шүлгийн түүвэр, үлгэрээ хэвлүүлсэн билээ. Түүний нэгэн уншигч нь уран бүтээлч, зураач Золбоотөгөлдөр байлаа. Уншсан даруйдаа амьдралд тохиолдсон уй гуниг, утга учрыг нь эрэх болсон мэдрэмжийн хэлхээнүүдийг шүлгээр холбосон нь зураачийг гайхшруулжээ. Ингэж хоёр уран бүтээлчид хоорондоо холбогдон “Сүнс урлал” хэмээх үзэсгэлэнг хүргэхээр зорьжээ.
"Гагцхүү дотоод сэтгэлийн үнэн илэрсэн газар л урлаг төрнө" хэмээн Францын уран бүтээлч О.Роден нэгэнтээ хэлсэн байдаг шиг өөр хэлбэрийн хоёр уран бүтээлчдийн сэтгэл мэдрэмж, дотоод "үнэн" нэгдэн "Сүнс урлал" уран зураг, яруу найргийн үзэсгэлэн болон тэдний бас нэгэн хамтын бүтээл болох "Яруу найраг" зурагт ном бүтэх цагийн тохироог тааруулжээ.
Гүн утга санаа бүхий "Сүнс урлал" хамтарсан үзэсгэлэнгийн нээлтээр зураач Золбоотөгөлдөр өөрийн биеэр бүтээлүүдийнхээ тухай үг хэлж нээлтийг эхлүүлсэн бол яруу найрагч Бүжинлхам Вашингтон мужаас мэндчилгээ хүргэсэн билээ.
...
Тэгэхдээ энэ хэлийг бид өөрөөр
Яруу найраг хэмээн нэрлэдэг юм
Үхэл хагацал зовлонгийн хөрснөөс
Үзэсгэлэнт цэцэгс ургуулах увдистай
Тамын халуун тарчлаан дундаас ч
Тайтгарал гэгчийг ойлгож чаддагБуян болог гэж ам нээдэг
Бусдад өглөг болог гэж шүлэг хэлдэг
Төөрөгсдийг замчилж үнэнд хөтөлдөг
Төгөлдөр нэгэн заяа л гэвч
Энэ хэлийг ойлгодог юм гэнэ лээ,
Зам зуураа харин ухаан нь будилж орхивол
Заяа тавилан нь хараагддаг жамтай юм гэнэ лээ!"Яруу найраг" үлгэрийн хэсгээс
ЯРуу найраг

"Яруу найраг" үлгэр нь яруу найрагч Бүжинлхамын "Сүнс урлал" шүлгийн түүвэрт багтсан бөгөөд энэхүү үлгэрийг зураач Золбоотөгөлдөр өөрийн төсөөллөөр дүрслэн харуулжээ. Тэнгэрийн уудамд урт цагаан үсээ намируулан нүдээ аньсан охин, цагаан бүжин хөлөглөсөөр шөнийн хязгааргүйд нисэж буй зурагт хавтастай үлгэрийн ном нь зөвхөн хүүхэд гэлтгүй, яруу найраг хэмээх урлагийн хэлийг сонорддог хэн бүхэнд зориулсан байв.
Уран бүтээлч амьдралыг сонгоно гэдэг ямар утга учир бодол эргэцүүллийг тээж, түүгээрээ хоосорч бас ундаалж байдгийг "Сүнс урлал" хамтарсан үзэсгэлэнгээс мэдэрч болно. Харах яруу найраг уран зураг, унших уран зураг яруу найргийн үзэсгэлэн наймдугаар сарын наймнаас хорин дөрвөнийг хүртэл Монгол Арт Галерейд дэлгэгдсээр байна.
Энэхүү үзэсгэлэнгийн танхимд шүлэг, уран зургуудаас гадна яруу найрагч Бүжинлхамын "Сүнс урлал", "Намрыг мартагсад" шүлгийн түүврүүд, зураач Золбоотөгөлдөртэй хамтарсан бүтээл болох бүх насныханд зориулсан "Яруу найраг" зурагт номыг худалдан авах боломжтой.
Үзэсгэлэнгийн нээлтийн амьд мэдрэмжийг хуваалцсан guest contributor-оор Хулан үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.


