Гарааны бизнес эрхлэгчид, стартап сонирхогч залууст зориулсан "Level Up" контент талбарын "How to do it?" нийтлэлд тавтай морил. Бид "Мобиком" корпорацын дэргэдэх, гарааны бизнес болон инновацыг дэмжих төв "Moffice"-той хамтран стартапуудад зориулсан үнэ цэнтэй зөвлөмж, мэдээ мэдээлэл, сайн туршлагуудыг түгээхээс гадна ажлын талбар дээр давшиж яваа Монголын шилдэг энтрепренерүүдийн туршлага, арга барилыг энэхүү нийтлэлээрээ дамжуулан хүргэдэг билээ. 

Ингээд шинэлэг санаа, инновацын галыг өрдөж, бусдаас өөрөөр сэдэж, сэтгэж яваа бүтээлч залуусыг урьж, туршлагаас нь хуваалцдаг цуврал нийтлэлийнхээ ээлжит дугаарт ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Компьютерийн Ухааны салбарын дэд профессор, доктор, хиймэл оюун ухааны ангийн багш Д.Золзаяатай ярилцлаа. Монгол Улсад хиймэл оюун ухаан буюу AI чиглэлээр мэргэшүүлэх тэнхим 2021 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 5 орчим багш, 50 гаруй оюутантай ажиллаж байна.


ҮҮНИЙГ ХИЙХЭЭР ШИЙДСЭН НЬ

2006 онд ШУТИС-ийн КТМС-д програм хангамж мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалж байлаа. Тухайн үед өөрийн хийж гүйцэтгэсэн дипломын ажил маань хиймэл оюун ухаантай холбогдож байсныг ч анзааралгүй энэ салбарт хөл тавьчихсан байсан. (инээв) Ийнхүү үргэлжлүүпэн Япон улсын Токио хотод програм хангамжийн чиглэлээр ажиллан магистрын түвшинд суралцав. 2015 он хүртэл програм хангамж хэмээх мэргэжлээрээ чамгүй ажлын туршлага хуримтлуулж, хиймэл оюун, их өгөгдөл, мэдлэгийн менежмент чиглэлээр судалгаа хийн Италийн Трэнтогийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан.

Хиймэл оюун ухаан гэдэг бодит асуудлыг шийдэж хэрэглээнд шууд нэвтэрхүйц шийдлүүдийг хайн, арга зүйг шинээр боловсруулж, тэдгээрийг туршдаг. Тиймдээ ч энэ салбар миний сонирхлыг ихээхэн татдаг юм. Товчхондоо миний мэргэжил энгийн програм хангамж, статистикийн аргуудаар тооцоолоход учир дутагдалтай, нарийн төвөгтэй асуудлыг шийдэх арга зүйг өгөгдлөөсөө шинжилж олоод хүний тархины боловсруулах чадамжаас илүү үр дүнд хүрэх боломжтой хиймэл оюуныг бүтээж, эцэс төгсгөлгүй асуудалд хөтөлдөг.



ҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

Багшийн хувьд сургалтын агуулга, хөтөлбөрөө судалгаатай уялдуулахыг үргэлж зорьдог. Учир нь сургалтын агуулга тасралтгүй шинэчлэгдэж байх хэрэгтэй шүү дээ. Оюутнуудад тухайн хиймэл оюуны алгоритмын програмуудыг туршиж үзэх, судалгааны бодит кэйс дээр ажиллах сонирхол өндөр байдаг болохоор аль болох судалгааныхаа шинэлэг туршилт, туршлагуудыг хичээлийн хөтөлбөртөө уусгахыг хичээдэг. Бидэнд тулгарч буй нэг асуудал нь монгол хэл дээрх сурах бичгийн хомс байдал.

Хиймэл оюун ухаан судлаачийн талаас миний мэргэжилд цаг хугацаа, тэсвэр тэвчээр ихээхэн шаардлагатай. Судлах асуудлаа тодорхойлох, шийдвэрлэх арга зүйгээ загварчлах, туршиж баталгаажуулах, дүгнэх ажлууд хамгийн багадаа 6-12 сар үргэлжилдэг. Мэдээж нэг удаагийн оролдлогоор бүх зүйл бүтэмжтэй байна гэж үгүй. Дахин дахин оролдож, турших хэрэгтэй. Үр дүнгээ баталгаажуулахын тулд олон удаа туршилт хийж, давтан гүйцэтгэх нь чухал.

Хамгийн чухал ажиллагаатай хэсэг нь өгөгдлөө олох. Шийдэж болохуйц асуудал буюу бодит өгөгдлийг олно гэдэг нууцлал, хувийн мэдээллийн аюулгүй байдалтай шууд холбогддог учир аливаа нэг байгууллагаас тэдгээр мэдээллийг олж авах нь маш том процесс болж таардаг. Мөн асуудал шийдвэрлэх арга зүйг хайхад чамгүй хичээл зүтгэл шаарлагатай. Өгөгдлөө цуглуулж цэвэрлэх, тэдгээрийг ашиглаад моделио сургахаас уг үйл явц эхэлнэ.


“Шинэ технологийн хувьсал нь хиймэл оюун, блокчейн технологи байх магадлалтай гэж үзэж байгаа ба дэлхийн улс орнууд эдгээрийг зорилтоо болгон ажиллаж байна.”

Д.Золзаяа

ҮҮНИЙГ ХИЙХ ОНЦЛОГ

Хамгийн энгийнээр хиймэл оюун судлаач нь аливаа бодит асуудлыг шинжлэх ухааны талаас буюу хиймэл оюун аргачлалуудаар шийдвэрлэх, судалгааны арга зүйг боловсруулдаг хүн юм. Ажлаа ном журмын дагуу хийхийн тулд бидэнд асуудал шийдвэрлэх ур чадвар зайлшгүй байх хэрэгтэй. Харин энэхүү ур чадварыг бодит асуудал, бодит өгөгдлийг туршиж, туршлага хуримтлуулах зарчмаар бий болгодог.

Орчин үед хиймэл оюун нь машин сургалт, гүний сургалтын аргуудаар загварчлагдаж, ирээдүй гэлтгүй яг одоо цагт асар хэрэгтэй салбар болж байна. Тэр дундаа стартап бизнесүүдийн хувьд шинжлэх ухаан тун чухал. Учир нь технологийн хувьд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь шинэлэг санаа, арга зүйг эрэлхийлж байгаагаас амжилттай байх эсэх нь хамаардаг. Харин хиймэл оюун нь технологийн шинэчлэл учраас аль ч салбарт инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ байх бүрэн боломжтой. Гагцхүү үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд ажиллагаа нь найдвартай, баталгаатай байж тасралтгүй сайжруулалт, засвар үйлчилгээг хийх нь чухал.



НАДАД ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ

Компьютер дээр судалгаа, туршилтын ажил их хийдэг учраас GPU, CPU-ний үзүүлэлт сайтай компьютер, серверүүд болон том дэлгэц хамгийн их хэрэгтэй.

“ХӨШИГНИЙ АРД” ТОХИОЛДДОГ БЭРХШЭЭЛ

Бидэнд олон улсын судалгаа, шинжилгээний материалыг унших хэрэгцээ үргэлж бий. Ихэнх бүтээлүүд нь Elsevier, Springer, IEEE, ACM, Willey, Taylor & Francis гэх мэт сангуудад төвлөрсөн байдаг. Харин Монголд судалгаа хийхэд эрдэм шинжилгээний өгүүллийн сангууд руу чөлөөтэй хандах эрх байдаггүй буюу өндөр төлбөртэй байдаг нь нэг талаасаа томоохон бэрхшээлүүдийн нэг.

Нөгөө талаас хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр олон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгдэж байна. Гэвч ажиллагааг загварчилсан хиймэл оюуныг хэр баталгаатай ажиллаж байгааг тодорхойлох эрдэм шинжилгээний өгүүлэл, туршилтын үр дүн нээлттэй байдаггүй буюу төвлөрсөн мэдээллийн сан, эх сурвалж байхгүй нь анхаарч үзэх ёстой асуудал яахын аргагүй мөн. Ерөнхийдөө компьютерийн өндөр үзүүлэлт, тооцооллын орчин, серверүүд, лицензтэй програмууд хангалтгүй байгаа ба өндөр түрээстэй, хүртээмж муутай нь гол бэрхшээл болж байна.