“Танилц, миний амьтан” булангийн шинэхэн дугаартаа бид “Монгол арслан” банхар үржүүлгийн газраар зочиллоо. Тэд ах, дүү 50-уулаа аж төрөх бөгөөд хэсэг хэсгээрээ, тус тусынхаа торонд үймэлдэн гүйлдэж, биднийг орж ирмэгц торноосоо гаран, халуун дотноор угтан авсан юм. Сүрдмээр том биетэй атлаа өтгөн үсээ сагсалзуулан гүйж ирэх нь тун ч өхөөрдөм эдгээр ноход үл таних зочидтойгоо өөр өөрсдийнхөөрөө мэндчилэх ажээ.
Ингээд бид тус үржүүлгийн газрын үүсгэн байгуулагч Д.Цэрэнхандтай эзэндээ үнэнч, эрэлхэг хоточ хэмээгддэг монгол банхрын тухай ийн хөөрөлдлөө.
Нэр: "Монгол арслан" үржүүлгийн газар
Үүлдэр: Монгол банхар
Үүсгэн байгуулагдсан: 2013 он
Сошиал хуудас: Фэйсбүүк

монгол банхар тэжээж эхэлсэн нь
Би хүүхэд байхаасаа л амьтанд хайртай, олон төрлийн амьтан тэжээх сонирхолтой хүүхэд байлаа. Анх 2003 онд монгол банхар тэжээж үзсэнээс хойш одоог хүртэл банхруудтайгаа хамт байна даа. Харин яг мэргэжлийн түвшинд үржүүлж эхлээд 10 гаруй жил болжээ.
үржүүлэх болсон сэдэл
1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед хүмүүс нохой сонирхож тэжээхээ больсон ч юмуу, эсвэл гаднын үүлдрийн нохойнуудыг илүүтэй авч тэжээх болсноор ч юмуу, монгол банхрын тоо толгой цөөрч, устаж үгүй болохын ирмэгт хүрч байсан юм. Хөдөөний малчин айлд хоточ банхрууд үзэгдэхээ больж эхэлсэн тэр үеэс л надад монгол банхар үржүүлэх сэдэл төрсөн юм. Улмаар малчин айлуудаас цөөхөн үлдсэн монгол банхруудыг нь авч үр төлийг нь гарсны дараа нохойгоо айлд нь буцаан өгдөг боллоо. Ингэж явсаар нэг мэдэхэд залуус ч монгол банхраа дахин тэжээдэг болж, үржүүлснээр одоо бол устаж үгүй болох аюул ард хоцорчээ.

нохой тэжээснээр гарах эерэг үр дүн
Миний хувьд багаасаа төрөл бүрийн нохойтой байнгын хамт байсаар ирсэн болохоор өдөр бүр тогтмол цагт нохойгоо хооллох, салхилуулах шаардлагатай болдог. Иймд багаасаа нохой тэжээсэн хүүхдүүд том болоод тун хариуцлагатай хүн болж төлөвшдөг гэж хариулах байна.
нохойтой болохоор төлөвлөж буй хүмүүст өгөх зөвлөгөө
Ямар зорилгоор нохой тэжээх гэж байгаа вэ гэдгээ нэн түрүүнд тодорхойлох хэрэгтэй. Дэлхий дээр нийт 360 гаруй үүлдрийн нохой байдаг. Тэдгээр нь бүгд өөр өөрсдийн гэсэн онцлог, зан характер, үүрэг, зориулалттай байдаг. Тэр болгоныг нь тухайн нохойны стандарт дээр нь заагаад биччихсэн ч бий. Түүнийх нь дагуу маш сайн судлаад, танд ажлын нохой хэрэгтэй юу? эсвэл гэр бүлийн нохой хэрэгтэй юу? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр, эсвэл хүүхдийнх нь хичээл амрахаар хань болгох зориулалтаар нохой авчихдаг. Гэтэл дараа нь анхнаасаа сайтар бодож төлөвлөөгүйн сул тал нь гарч тодорхой хугацааны дараа сэтгэл санаа нь өөрчлөгдөнө, хүүхдийнх нь хичээл орно гээд бодох, шийдэх асуудал олон болох нь ойлгомжтой. Энэ үедээ нохойгоо гаргаж хаях тохиолдол цөөнгүй тул гадуур золбин нохой ихсэж буйг ч үүнтэй холбон тайлбарлаж болно.

Монгол банхар үүлдрийн нохойны онцлог
Маш олон онцлог, давуу тал байдгаас онцлон дурдвал монгол банхар хамгийн эртний үүлдрийн нохойд тооцогддогийг хэлмээр байна. Эрт дээр үеэс нүүдэлчин соёл ахуйтай монголчууд монгол банхрыг гаршуулж, сургаж ирсэн нь бидний ахуй, соёлд хамгийн сайн нийцдэгийг батлах болов уу. Зан ааш, төлөв байдлын онцлогийн хувьд эзэндээ үнэнч, хүүхдэд ээлтэй, дөлгөөн тайван зантай мөртлөө эзнээ, эсвэл хоттой хонио хамгаалах шаардлага гарахад араатан амьтны өөдөөс ширүүн догшин авир гаргаж чаддаг, тийм зориг зүрхтэй. Мөн бусад үүлдрийн нохойтой харьцуулахад арчилгаа маш бага шаарддаг. Бусад улс орнуудын том нохойнууд биеийнхээ хэмжээгээр их хоол иддэг бол монгол нохойнууд жилийн дөрвөн улирлынхаа онцлогт тааруулаад хоол тэжээлийнхээ хэмжээг өөрөө тохируулаад иддэг.

нохойг хариуцлагатай үржүүлнэ гэдэг нь
Нохой үржүүлнэ гэдэг нь мал хуйтай адилгүй. Үүнийг хүмүүс сайн ойлгодоггүй л дээ. Зарим хүн "Чи олон жил нохой үржүүлсэн юм чинь одоо хэдэн нохойтой болсон бэ?" гэж асуудгаас нь их мэдрэгддэг. Ер нь бол нохой үржүүлнэ гэдэг нь тоондоо биш чанартаа байдаг. Манай үржүүлгийн газар 10 гаруй л нохойтой. Бас эр, эм болгоныг нь үржилд оруулах шаардлагагүй, үржлийн нохой гэж тусдаа байдаг юм. Манайх нохойны хариуцлагатай үржлийг эрхэм болгож ажилладгийн хувьд үржлийн нохой нь удмын санд бүртгэлтэй буюу хаанахын, ямар нохойноос төрсөн бэ гэдэг нь тодорхой, эрүүл чийрэг байх ёстой байдаг.

монголын нохой судлалын холбоо
"Монголын нохой судлалын холбоо" нь 2009 онд үүсгэн байгуулагдсан ба Монгол дахь цэвэр цусны нохдыг бүртгэлжүүлэх үндсэн чиг үүрэгтэй, дэлхийн нохой судлалын холбооны (FCI) гишүүн байгууллага юм. Үүн дотроо "Монгол банхар судлалын холбоо" нь үүлдэр дагнасан байгууллага бөгөөд бид монгол банхар үүлдрийн нохойг олон улсад албан ёсоор бүртгүүлэх зорилготой ажиллаж байна.
монгол банхар авахдаа анхаарах зүйлс
Бүх л үүлдрийн нохой, ялангуяа нялх гөлөгнүүдэд дархлаа тогтоогүй байдаг учраас аливаа нян, бактери, өвчлөл тараах өндөр эрсдэлтэй байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд удмын бичигтэй, вакцин тарилгандаа бүрэн хамрагдсан гөлөг авч тэжээх хэрэгтэй. Дээр дурдсанчлан монгол банхрын удмын санг манай "Монгол банхар судлалын холбоо" үүсгээд 6000 гаруй нохойг бүртгэлжүүлсэн байгаа.

тэжээлт, арчилгаа
Гөлөгний хувьд өдөрт гурван удаа хооллодог. Харин нас бие гүйцсэн нохойг өдөрт нэг удаа л хооллодог. Гөлгийг багаас нь тэжээхэд анхаарах зүйл бол ид өсөлтийн үе буюу 5-6 сар хүртэлх хугацаанд нь маш сайн тэжээх хэрэгтэй. Чанартай хоол тэжээл өгөх нь чухал болохоос өдөр болгон нэг төрлийн хоолоо өгөөд байвал хүнтэй адил уйдна. Мөн өдөртөө сул чөлөөтэй гүйж байж биеийн өсөлт хөгжил нь сайн явагддаг. Зарим хүмүүс манайхаас удмын бичигтэй, эрүүл чийрэг гөлөг авчихаад, хоол тэжээлийн дутагдалд оруулаад, богинохон уяанд уяад орхичихдог тохиолдлууд гарч байсан. Манайхаас гөлөг авахаар ирсэн хүмүүст өгөхдөө “Би энэ нохойны 50 хувийг нь л өгч байна шүү, үлдсэн 50 хувийг нь та нар өөрсдөө зөв тэжээж бүрдүүлэх ёстой” гэдгийг үргэлж хэлдэг юм.


Сэтгэгдэл бичих

