Салбартаа тэргүүлэгч “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК “Mini game on Ard Аpp” хакатоныг аравдугаар сарын 13-15-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Ялагч багууд мөнгөн шагналаас гадна тус компаний санал болгодог бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор багтаасан Ард Аппд өөрсдийн хөгжүүлсэн мобайл тоглоомыг байршуулах эрхийн эзэд болсон юм.
72 цагийн хугацаанд мобайл тоглоомын санаа гарган түүнийгээ хөгжүүлж, демо хувилбар бэлтгэн шүүгчдэд танилцуулах дүрэмтэй уг хакатонд нийт есөн баг өрсөлдөв. Үр дүнд нь үндэсний хэв маягийг шингээсэн тоглоомоос эхлээд “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн бэлгэдэл болсон чоныг гол дүрээ болгож онцолсон тоглоом гээд сонирхолтой шийдэл, мэргэн санаагаар дүүрэн олон тоглоом бүтсэн юм. Энэхүү нийтлэлээр тус хакатоноос төрсөн онцлох тоглоомуудыг танилцуулж байна. Эдгээр тоглоомыг тун удахгүй Ард Апп дээрээс тоглох боломжтой шүү.
Super 3D баг - “Super 3D”
Тэргүүн байр эзэлсэн “Super 3D” мобайл тоглоомын хувьд кранаас унжиж буй, хөдөлгөөнтэй блокыг доош аюулгүй буулгаж, байшинг давхарлан барих үндсэн үйлдэлтэй. Байшинд хязгаар байхгүй бөгөөд давхар тутмаас АрдКойн хожих боломжтой нь тоглогчдод олгож буй давуу тал юм. Гэхдээ кранаас унжиж буй блокоо тогтоож чадалгүй байшингаа нураачихвал цуглуулсан бүх АрдКойноо алдана. Хэрэв хүсвэл койноо алдахаас өмнө хожсон койноо аваад тоглоомыг дуусгаж болно.
“Super 3D” нь ойлгомжтой, энгийн нэг л үйлдэлтэй учир үр дүн нь шууд гардаг hyper casual төрлийн мобайл тоглоом юм. Ижил төрлийн тоглоомуудаас ялгагдах онцлог нь дараагийн блокыг давхарлан өрснөөр хэдэн АрдКойн хожиж болохыг тоглогчид харуулдаг.



Stood баг - “Neeremu”
Дэд байранд шалгарсан “Neeremu” нь дэлгэц дээр гарч ирсэн картын асуулт үнэн бол баруун, худал бол зүүн тийш нь гүйлгэдэг, quiz тоглоом юм. Тус тоглоомыг ашиглан тоглогчид хүссэн асуултуудаа үүсгэж, найзуудтайгаа бүлэг болон тоглох боломжтой. Тоглоом эхлэхээс өмнө тоглогчид шагналын сангаа бүрдүүлж, хамгийн олон асуултад зөв хариулсан тоглогч койн хожиж, Ард аппд хуримтлалын сангаа үүсгэх дүрэмтэй.



Terminal баг - “Ard Ludo”
Тоглогч шоо хаяж, буусан тоогоор урагшилсаар барианд ордог Ludo тоглоомыг бүх насныхан тэр тундаа залуу үеийнхэн сайн мэддэг. Terminal баг уг санааг ашиглан “Ard Ludo” мобайл тоглоомыг хөгжүүлж, гуравдугаар байр эзэллээ. Тоглогчид өөрийн дөрвөн дүрдээ Ард аппаас скин худалдаж авах, бусад тоглогч нартай бооцоо тавих, тэмцээнд оролцоод АрдКойн хожих зэрэг боломжуудтай.



Барилгачид баг - “mazala run”
Барилгачид баг зөвхөн Монгол орны говь цөлд амьдардаг, дэлхийд цор ганц Мазаалай баавгайг орчин үеийн хүүхэд багачуудад таниулах, үндэсний онцлог, хэв маягийг түгээх зорилгоор “mazala run” мобайл тоглоомыг хөгжүүлжээ. Уг тоглоом нь Subway surfers, Temple run зэрэг саад даван, ямар нэгэн зүйлээс зугтдаг тоглоомуудтай ижил үйлдэлтэй бөгөөд мазаалай баавгай эмээгийнхээ ааруулаас хулгайлаад зугтаж гүйх замдаа койн цуглуулна.



Ex machina - “Loot legend”
Pirate king, Coin master зэрэг тоглоомуудтай төстэй үйлдэлтэй “Loot legend” нь хүрд эргүүлж, эрх хожоод түүгээрээ хот байгуулдаг тоглоом юм. Одоогийн байдлаар дайраад токен хулгайлах, цуглуулсан хөрөнгөөрөө барилга хөгжүүлэх, хамгаалах үйлдлүүдтэй. Тоглогч хүрд эргүүлэх үндсэн эрхээ дуусгасан тохиолдолд АрдКойн ашиглан нэмэлт эрх худалдаж авах боломжтой.



Super 2D баг - “Энэ юу вэ?”
Super 2D баг таавар таагаад АрдКойн хожих боломжтой “Энэ юу вэ?” аппыг бүтээжээ. “Энэ юу вэ?” гэх асуултад хариулагдах бүх зүйлийг зураг, бичлэг, аудио хэлбэрээр байршуулах бөгөөд тоглогч алдартай хүмүүс, сонгодог уран зураг, кино, дуу зэрэг төрлөөс сонгож, асуултуудад хариулаад койн хожих юм.


405 баг - “Ардын чоно”
405 баг “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн бэлгэ тэмдэг болсон чоныг гол дүрээ болгож, “Ардын чоно” мобайл тоглоомыг бүтээжээ. Уг тоглоом нь нүүдлийн аж ахуйн эргэн тойронд өрнөх бөгөөд малчинд баригдалгүй хонийг барьж идэх зорилготой. Хэрвээ чоно хонийг яаралтай олж идэхгүй бол цус нь багассаар тоглоом дуусна. Гэхдээ тоглогч амиа дуусахаас өмнө идсэн хонь бүрийн тоогоор АрдКойн хожих боломжтой.


Төгсгөлд нь
Үйл ажиллагааны төгсгөлд, шагналт байруудыг зарлахаас өмнө Б.Золбоо шүүгч баг бүр хакатонд оролцож, өөрсдийгөө сорьж буйгаараа ялагч гэдгийг сануулан хэлсэн юм. Үүнийгээ ч нотлох мэт шүүгч, менторууд дахин ярилцаад хакатонд оролцсон бүх багууд бүтээсэн тоглоомоо санал, шүүмжийн дагуу нэмж хөгжүүлснээр Ард аппд байршуулахад нээлттэй гэдгийг дурдсан билээ.
Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, шинийг эрэлхийлэгчид санал санаачилгаараа технологийн шийдэл боловсруулж, салбарын менторуудаас зөвлөгөө, мэдээлэл авч мэдлэг чадвараа хөгжүүлэх боломжийг олгосон “Mini game on Ard App” хакатон ийнхүү өндөрлөлөө.







Сэтгэгдэл бичих

