Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгууль хаяанд ирлээ. Ковид-19 цар тахал хурдацтай тархсан онц ярвигтай энэ үед Ерөнхийлөгчийн сонгууль болж таарах нь. Сонгууль угтсан улс төр ч хамгийн халуун цэгтээ ирээд байна. Үүнтэй холбогдуулан бид уншигчдадаа Ерөнхийлөгч ямар эрх мэдэл хэрэгжүүлдгийг ойлгомжтой хүргэхийг хичээснийг болгооно уу.
Монгол бол парламентын засаглалтай улс. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгож, төрийн тэргүүн хэмээн үздэг. Энэ өндөр албыг "бэлгэ тэмдгийн шинжтэй" гэх нь бий ч Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид цөөнгүй эрх олгосон байдаг. 1993 оноос хойш таван Ерөнхийлөгчийн нүүр үзээд буй монголчууд ирэх зургаадугаар сард зургаа дахь ерөнхийлөгчөө сонгоно. Судлаачдын үзэж байгаагаар, ер иргэдийн илтэд анзаарч байгаагаар, өнгөрсөн хугацаанд жил ирэх бүр Ерөнхийлөгчийн жин нөлөө нэмэгдэж, эрх мэдэл "данхайж" ирсэн. Ерөнхийлөгч гүйцэтгэх болон шүүх эрх мэдэлд хэт оролцож, эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж ирсэн гэх нийтлэг дүгнэлтийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдэлд холбогдох шинэ зохицуулалтууд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа олсон юм.
Ерөнхийлөгч нь бүх иргэдээс сонгогддог, улс үндэстний эв нэгдлийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах чухал үүрэг хүлээдэг учраас иргэд бид сонгуульд мэдээлэлтэй оролцож, хариуцлагатай хандах учиртай.
ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БАЙХ ВЭ?
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" хэмээн заасан. Ерөнхийлөгч хоёр дахиа сонгогдон албаа найман жил хаших боломжтой байсныг нэг удаа зургаан жилээр сонгогдох болгож томоохон өөрчлөлт оруулсан нь энэ юм. Ингэснээр УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан бужигнаан нийгмийн амьдралд асар их нөлөөлж, сөрөг үр дагаврууд гардаг явдал тодорхой хэмжээгээр багасна хэмээн судлаачид, олон нийт найдаж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ
Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээг Үндсэн хуульд хэрхэн заасан байдаг вэ?
Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйл.
1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.
Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйл.
1. Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1) Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
3) Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
4) Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
Ерөнхийлөгч нь Засгийн газартай үр дүнтэй хамтарч ажиллах боломжтой нь эндээс харагдаж байна. Засгийн газартай эрх мэдэл булаалддаг биш харилцан ойлголцсон, нэг нэгнээ нөхсөн хамтын ажиллагааг Ерөнхийлөгчөөс иргэд хүлээдэг.
Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх боломжтойн хувьд олон улсын харилцааны мэдлэг, ойлголттой, төр улсаа төлөөлөхүйц туршлага, нөлөөтэй хүн байх нь Ерөнхийлөгчийн ажлын шаардлага гэлтэй.Unread
5) Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
6) Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
7) Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
8) Уучлал үзүүлэх;
9) Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
10) Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
11) Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
12) Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

НЭМЖ ЭРХ МЭДЭЛ АВАХГҮЙ Ч ЖИНТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
#ДураарааБиш – Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 4-т "Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно" гэсэн заалт байсныг нэмэлт, өөрчлөлтөөр "Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно" хэмээн өөрчлөн найруулсан нь чухал зохицуулалт билээ. Ингэснээр Үндсэн хуулиас бусад хуулиудаар Ерөнхийлөгчид өөр эрхүүдийг нэмж олгодог байсан явдлыг эцэс болгохыг зорьсон байна. Жишээ нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэтэрхий эрх мэдэлтэй байсан ерөнхий шүүгчийг бүгдийг нь Ерөнхийлөгч үзэмжээрээ томилж, энэ томилгоогоороо дамжуулан шүүхийн тодорхой шийдвэрт нөлөөлөх эрсдэл үүсгэж байсныг саяхан батлагдсан Шүүхийн тухай хуулиар өөрчилснийг та бид мэднэ. Шинэ хуульд тухайн шүүхийн шүүгчид нь дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно гэж тусгасан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон олон улсын сайн туршлагад нийцжээ.
#НөлөөтэйХэвээр – Хэдийгээр Үндсэн хуульд заагаагүй бусад эрх мэдлийг хэрэгжүүлэх бололцоо нь хаагдсан ч Ерөнхийлөгчид хууль санаачлах гэсэн чухал эрх хадгалагдан үлдсэн. Судлаачдын хэлж байгаагаар, парламентын засаглалтай улсуудад Ерөнхийлөгч нь хууль санаачилдаггүй, хагас ерөнхийлөгчийн засаглалтай улсуудад ч Ерөнхийлөгч хууль санаачлах нь тун ховор байдаг. Засгийн газар бодлогоо хэрэгжүүлэх гэтэл ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшихдээ баахан амлалт өгч, түүндээ тулгуурлан хуулиуд санаачилж, улмаар хоорондоо бодлогын мөргөлдөөн үүсгэх тохиолдол цөөнгүй гардаг учраас тэр аж. Хэдий ийм эрсдэл буй ч хууль санаачлах хүрээнд өмнөх Ерөнхийлөгчдийн гаргасан сайн санаачилгын жишээ ч байгаа. Тухайлбал, анхны Ерөнхийлөгчийн санаачилсан "Алт хөтөлбөр" тухайн үеийн эдийн засагт чухал нөлөө үзүүлсэн, дөрөв дэх Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль өдгөө засаглалын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон зэрэг цөөнгүй жишээ бий.
Улсын тэргүүн дипломатын хувиар Ерөнхийлөгч идэвхтэй гадаад бодлого явуулж, улс орны нэр хүндийг өргөх, чухал харилцаа холбоог тогтоох, бэхжүүлэх бүрэн боломжтой.
Ерөнхийлөгчийн эдгээр эрх, үүрэг дотроос нэн чухал нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүрэг хариуцлага юм. 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үймээний үеэр тухайн үеийн Ерөнхийлөгч онц байдал зарлах зарлиг гаргасан нь энэ үүргээ биелүүлсэн тод жишээ болж байв. Өнөөдрийнх шиг халдварт өвчний аюул нөмөрсөн, эдийн засаг доройтсон онцгой үеүдэд Ерөнхийлөгчийн байр суурь, үг үйлдэл иргэдэд чухал нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой.
Тэгэхээр энэ зун шинээр сонгогдох Ерөнхийлөгчийг хуульт ёсыг дээдлэн оногдсон эрхээ эдэлж, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн зарчмыг хэрэгжүүлж, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавих үүрэг хариуцлага хүлээж байна.
Алдалгүй сонго

Сэтгэгдэл бичих

