Калифорни мужийн Сан Хосе хотод дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани Nvidia-ийн хөгжүүлэгчдэд зориулсан GTC арга хэмжээ эхэллээ. Уламжлал ёсоор тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуангийн илтгэл арга хэмжээний салхийг хагалав.
Тэрээр Blackwell болон Rubin чипийн борлуулалт 2027 гэхэд 1 их наяд долларт хүрэхийг амлаж, Intel-ийн толгой цохидог CPU-ийн зах зээлд том тоглогч болох амбицаа ил болголоо. Мөн сансарт байгуулагдах дата төвүүдэд зориулсан чип хүртэл бүтээж байгаа гэнэ. Шинэ тооцоолох систем, шинэ хамтралуудаар дүүрэн уг арга хэмжээнд 2000 илтгэгч, 450 гаруй байгууллага ивээн тэтгэгчээр оролцож байна.
ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН
DLSS 5 Neural Rendering - Дижитал ертөнц бодит байдлаас илүү жинхэнэ харагдаад байгаа юм биш үү гэж уулга алдмаар рендер хийх чадалтай шинэ технологийг танилцуулав. Энэ намраас хэрэглээнд шилжих DLSS 5 технологи нь уламжлалт рендер хийх аргыг хиймэл оюунтай хослуулснаар зөвхөн Холливүүдийн тусгай эффектээр л боломжтой байсан дүрслэлийг тоглоомд нэвтрүүлэх боломжтой болжээ.
DLSS бол Nvidia-ийн график картад зориулсан хиймэл оюуны тусламжтайгаар дүрс боловсруулах технологи юм. Сонирхуулахад, график картын тооцоолох хүчин чадал 24 жилийн дотор 375 мянга дахин нэмэгджээ.

Vera CPU - Цаг хугацааг технологиор үечилбэл өнөөдрийн бид хиймэл оюунд суурилсан агентын системийн эринд амьдарч байгаа билээ. Хиймэл оюуны чадвар асуултад хариулах, зураг бүтээхээс хальж, бие даан даалгавар гүйцэтгэх болсон нь энэ билээ. Харин Nvidia AI агентуудыг ажиллуулахад зориулсан Vera нэртэй CPU бүтээж буйгаа зарлалаа. Шинэ CPU-гийн тусламжтайгаар уламжлалт системүүдээс хоёр дахин бага эрчим хүч зарцуулж, 50 хувийн илүү өндөр гүйцэтгэлтэй байх гэнэ.
Арга хэмжээний өмнөхөн тус компани Meta-гийн дата төвүүдэд Vera CPU-гээ 2027 оноос эхлэн нэвтрүүлнэ гэдэг мэдээлэл цацагдаад байсан юм. Өнөөдрийн байдлаар 27 тэрбум доллароор үнэлэгдэж буй энэ зах зээл 2030 гэхэд хоёр дахин тэлэх тооцоо бий. График картын амжилтад дарагдаж, анхаарлын төвөөс гадна байсан CPU буюу төв процессорын технологи Nvidia-ийн ачаар ийнхүү хүчирхэг болов.

Nemo Claw - OpenClaw-ийн давалгаа хэдхэн долоо хоногийн өмнө технологийн салбарыг шуугиулаад амжсан билээ. Эх код нь нээлттэй уг платформ хөгжүүлэгчдэд өөрсдийн туслахыг бүтээх боломжийг нээж өгсөн юм. GTC 2026-д OpenClaw-ийг бүтээсэн Петр Штайнберг ирснийг Женсен Хуанг онцолж, түүний бичсэн код ямар гайхалтай зүйлүүд бүтээж буйг онцлов. Програм хангамжийн компани бүр энэ шийдлийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг ч тодотгосон юм.
Энэхүү оршлынхоо дараа тэрээр NemoClaw нэртэй багцыг (stack) зарлалаа. Үүний тусламжтайгаар AI агентуудыг илүү хүртээмжтэй болгох аюулгүй байдлын хяналтыг нэмэгдүүлэх юм.

Groq 3 - Nvidia өнгөрөгч арванхоёрдугаар сард Groq компанийн технологийг ашиглах лицензийг 20 тэрбум доллароор худалдан авсан билээ. Энэхүү хэлцлийн эхний үр дүн болох Groq 3 нэртэй чипийг танилцуулсан нь гэнэтийн бэлэг байв. Уг чип нь LPU буюу хэлний загварыг ажиллуулахад чиглэсэн гэдгээрээ онцлог. Мөн санах ойн чадвартай бусад чиптэй харьцуулахад хамаагүй өндөр гэдгийг онцлов. Энэ гуравдугаар сараас эхлэн худалдаанд гарна.
ШИНЭ ХАМТРАЛ
IBM - Хиймэл оюуныг туршилтын шатнаас үйлдвэрлэл рүү шилжихэд хамтарч ажиллах гэнэ. Одоогийн байдлаар байгууллагууд хиймэл оюунд ихээхэн хөрөнгө оруулж байгаа боловч дийлэнх нь үр өгөөжөө хүртэж амжаагүй байна. Энэ асуудлыг шийдэх зорилгоор ийнхүү дата, технологийн дэд бүтцийг шийдэхэд хамтарч ажиллана.
Hewlett Packard - Хиймэл оюуныг дэлхий даяар богино хугацаанд нэвтрүүлэхэд туслах хувийн үүлэн технологийн системийг хөгжүүлнэ. Засгийн газар болон байгууллагууд өгөгдлийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар хиймэл оюуныг ажиллуулахаар зорьж буй. Энэхүү эрэлтийг хангах чиглэлд хамтарна.

Adobe - Маркетингийн кампанит ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх AI агентууд хөгжүүлнэ. Мөн Nvidia-ийн суурь технологиудыг ашигласнаар бүтээгдэхүүний виртуал хувилбарыг үүсгэх боломжтой. Ингэснээр брэндүүдэд виртуал орчинд сурталчилгааны ажлуудаа хийх үүд нээгдэх юм.
Автомашины брэндүүд - Тоглоом, крипто, хиймэл оюунд зориулсан хүчирхэг тооцоолох системийг хөгжүүлсэн тэдний дараагийн зогсоол жолоочгүй автомашин байх юм. Тус компани өнгөрөгч онд Drive AV нэртэй автомат жолоодлогын системээ танилцуулсан билээ. 2028 он гэхэд 28 хотод тэдний технологиор тоноглогдсон жолоочгүй автомашиныг нэвтрүүлэх зорилготой. Эхний ээлжид энэ зунаас Лос-Анжелес болон Сан Франциско хотуудад нэвтрэх гэнэ.
Энэ хүрээнд Nissan, BYD, Geely, Isuzu болон Hyundai компаниудтай хамтрахаар болов. Мөн Isuzu болон Хятадын Tier IV компаниуд тэдний технологийг ашиглан автомат жолоодлоготой автобус бүтээжээ.

NVIDIA-ААР ӨӨР ЮУ БАЙНА
2022 оны 12 дугаар сард ChatGPT нээлтээ хийснээс хойш Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ 10 дахин нугараад буй. Тус компани 11 улирал дараалан 55 хувиас дээш өссөн орлогын тайлан танилцуулсан билээ. Энэ улиралд жилийн өмнөхөөс 77 хувийн өсөлт үзүүлж, 78 тэрбум долларын орлого олжээ. Женсен Хуанг 2026 онд 500 тэрбум долларын борлуулалт хийх боломжтой гэдгийг ч хэлээд амжсан юм. 4.4 их наяд долларын үнэлгээтэй тус компани ашиг, орлогоо хөрөнгө оруулалт болгон хуваарилж байна.
$30 тэрбум - ChatGPT-ийг бүтээгч OpenAI компани 730 тэрбум долларын үнэлгээтэй 110 тэрбум долларыг босгоход 30 тэрбумыг нь Nvidia гаргасан билээ. Энэ бол хиймэл оюуны тэсрэлтийг эхлүүлсэн, тус компанид хийж буй сүүлийн хөрөнгө оруулалт байх болно гэдгийг Ж.Хуанг онцолсон.
$10 тэрбум - OpenAI-ийн гол өрсөлдөгч Anthropic стартапад хөрөнгө оруулж, Claude хиймэл оюуны загварыг сургахад Nvidia-ийн чипүүдийг ашиглахаар болсон.
$5 тэрбум - Хагас дамжуулагчийг бүтээж, цахиурын хөндийн анхдагчдын нэг Intel-ийн 214,7 сая ширхэг хувьцааг 5 тэрбум доллароор худалдан авсан. Тус хоёр компани хамтран хиймэл оюунд төвлөрсөн хувийн комьютерын процессор хөгжүүлэх юм.
$2 тэрбум - Хиймэл оюуны дэд бүтцийн CoreWeave-д 2 тэрбум долларын хөрөнгө оруулав. Тус компани 2030 гэхэд 5 гигаваттын хүчин чадалтай AI үйлдвэрүүд барихаар төлөвлөж байна.
$2 тэрбум - Фотоник технологи хөгжүүлэгч Lumentum компани мөн адил 2 тэрбум долларын хөрөнгө оруулаад байна. Уг компани харилцаа холбооны шинэ үеийн сүлжээнд ашиглагдах оптик болоон фотоник технологийг хөгжүүлж байгаа юм. Мөн Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI-д хоёр тэрбум долларын хөрөнгө оруулсан.
$1 тэрбум - Үүрэн холбооны салбарын гол тоглогчдын нэг Nokia-ийн хувьцааг худалдан авч, 6G технологийг хамтран хөгжүүлнэ.

Энэ зууны тооцоолох системийн үсрэнгүй эрэлтийн ачаар хамгийн өндөр үнэлгээтэй болсон Nvidia компани шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээлээ танилцууллаа. Тэд олсон ашгаа ирээдүйн технологийг бүтээгч нарт тараан байршуулж буй нь энэ юм.
AI ботуудын сошиал медиа Moltbook-ийг тайлбарлах нь
Ирээдүйг өөрчлөх Nvidia-ийн нууц хөзөр


