Оны эхээр дэлхий дахинд дэгдсэн цар тахал олон салбарыг зогсонги байдалд оруулж, бизнесүүд үйл ажиллагааны шинэ моделийн эрэлд гарахаас өөр аргагүй болсон билээ. Уг давлагаанд хамгийн түрүүнд өртсөн салбаруудын нэг нь агаарын тээвэр юм. Мэдээж авиа компаниудын гадаад нислэг үйлдэх боломж хязгаарлагдсан нь сул тал ч гэлээ, ингэснээр дотоодын зах зээлд илүү анхаарах боломжийг бий болгоод буй. Улмаар иргэний нисэхийн зориулалттай том оврын онгоцнууд зонхилж байсан уг салбарт бага оврын агаарын хөлгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгцээ нэмэгдэх болов. Бид энэ сэдвээр салбарын мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсон, дотоодын агаарын тээврийн ирээдүйн чиг хандлага, эрэлт хэрэгцээг тандлаа.

Зам тээврийн хөгжлийн яам


Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам тархан суурьшсан, авто зам харилцаа хангалттай түвшинд хөгжөөгүй газар нутгийн хувьд алслагдсан сум, суурин газарт богино хугацаанд очих гол тээврийн хэрэгсэл нь онгоц, нисдэг тэрэг болдог. Бага оврын онгоцыг агаараас зураг авах, эмнэлгийн яаралтай тусламж, зам, тээврийн сүлжээний эргүүл, хяналт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл, эрэн хайх, авран туслах, хөдөө аж ахуй, хортон шавьж устгал, ан амьтны тооллого, нүүдэл суурьшлын судалгаа, цаг агаар, байгаль орчны тандалт судалгаа, аялал жуулчлал, агаарын такси, уул уурхай, бизнесийн болон хувийн нислэг зэрэг маш олон чиглэлээр ашиглах боломжтой байдаг тул ерөнхий зориулалтын нисэх нь нийгэм, эдийн засаг, экологийн ач холбогдол өндөртэй салбар юм.

Монгол Улсын нисэх хүчний түүхэн хөгжлийн 95 жилийн ой энэ онд тохиож буй. 1970–аад онд 21 аймаг, сумын нийт 130 гаруй чиглэлд Ан-24, Ан-2 онгоцоор нислэг гүйцэтгэж байсан бол монголчууд 1993 онд хамгийн олон буюу 71 онгоц ашиглаж байжээ. Өнөөдрийн байдлаар манай улс нисгэгч бэлтгэдэг нэг хувийн нисэх клубтэй, 17 агаарын хөлөг, нисдэг тэргээр долоон аж ахуйн нэгж, хувь хүн бага оврын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхийн тулд бид цаашдаа жолооны курс гэдгийн адилаар нисгэгч бэлтгэх нисэх клубийг олноор байгуулж, нэгжийн үнийг бууруулах шаардлагатай. (Нислэгийн 50 цагийн дадлагатай хувийн нисгэгч бэлтгэх зардал 10-аас дээш сая төгрөг болдог байна.)

Өнөөгийн байдлаар зөвхөн зорчигч тээврийн агаарын хөлгийг гааль, нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх зохицуулалттай. 2018 онд Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдсэн, энэ онд иргэний зориулалтаар ашиглах бүх төрлийн агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, дадлагажуур, бүрдэл хэсгүүдийг татвараас чөлөөлөх зохицуулалт бүрдүүлэхээр төлөвлөж байна. Мөн “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-т тусгасан хувийн нисэгч бэлтгэх анхан шатны сургалтын тогтолцоог бүрдүүлэх, ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцэд суурилсан, олон улсын стандарт шаардлага хангасан, бүс нутгийн хэмжээнд сургалт зохион байгуулах хүчин чадал бүхий сургалтын төв байгуулах, бага оврын агаарын хөлөг угсрах, үйлдвэрлэх, туршилт баталгаажуулалт хийх, засвар, үйлчилгээний төвүүд байгуулах зорилго, зорилтуудын хүрээнд зохих ажлуудыг хийж байна.

Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нисгэгч, инженер, техникийн ажилтныг гадаад, дотоодод бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид Солонгосын Алс Дорнын их сургуулиас манай улсад нисгэгч бэлтгэх сургалтын төв байгуулах ажлын бэлтгэлийг хангаж байгаа ч коронавирусээс шалтгаалан энэ ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод буй.

Засгийн газрын 2019 оны “Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай” 455 дугаар тогтоолоор Буянт-Ухаа дахь нисэх буудлыг цаашид олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онц байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харьяанд ажиллуулах шийдвэр гаргасан. Тус олон улсын нисэх буудлыг цаашид Ерөнхий зориулалтын нисэхийн төв болгон ашиглах, бага оврын агаарын хөлгийн засвар үйлчилгээ, нисэхийн сургалтын төв байгуулах зэрэг тооцоо судалгааг нарийвчлан боловсруулж, олон улсын жишигт тохирсон сургалт явуулахад шаардагдах өрөө танхим, сургалтын төвд шаардагдах боловсон хүчний судалгаа хийн, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 3 давхрын зохих хэсгийг ашиглахаар тооцоолол гаргаад байна.

ИНЕГ-ын ерөнхий зориулалтын нисэхийН албаны дарга Г.Цолмон


Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан юм. Уг хөтөлбөрт ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг хөгжүүлэх боломжтой чиглэлээр нь тодорхойлсон байдаг. Одоогоор ИНЕГ ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг хөгжүүлэхээр Улаанбаатар хотын эмнэлэг, сургууль буюу хүн ам ихээр цуглаж үйлчлүүлдэг газар нисдэг тэрэгний хөөрч буух тавцан барьж байгуулан, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн бага оврын агаарын хөлөг хөөрч, буух зурвасуудыг Сэлэнгэ, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай аймгуудад барьж байгуулсан. Цаашдаа 21 аймгийн 116 суманд бага оврын агаарын хөлөг хөөрч, буух зурвасыг байгуулан, дотоодын агаарын тээвэр, бага оврын агаарын хөлгийн хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Социализмын үед 300 гаруй суманд төрийн үйлчилгээг хүргэх зориулалт бүхий зурвасууд байдаг байсан бол нийгэм шилжих үеэс ашиглагдахаа больсон юм билээ. Иймд бид эргээд уг тогтолцоог сэргээж, сайжруулахыг хичээж байгаа юм.

Ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг хөгжүүлснээр хөдөө орон нутагт төрийн зайлшгүй үйлчилгээний хүртээмж сайжирч, энэ нь эргээд иргэдэд нутаг орондоо амьдрах таатай боломжийг олгож, хот суурин газарт төвлөрөх хандлагыг бууруулах стратегийн томоохон ач холбогдолтой.

Энэ мэтчилэн бид салбараа хөгжүүлэхээр хууль эрх зүй, сургалт хөгжил, бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Агаарын тээвэр бол хамгийн аюулгүй тээвэр гэх судалгаа байдаг. Тэгвэл хамгийн аюулгүй мөртөө хамгийн хурдан, хүртээмжтэй, боломжийн зардалтай ерөнхий зориулалтын нисэх нь өдөр тутмын энгийн хэрэгцээ болох боломжтой гэдгийг таниулах нь бидний ажлын зорилго.

МИАТ ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Н.Ганболд 


Ерөнхий зориулалтын нисэх манай орон шиг өргөн уудам нутагтай газарт маш ирээдүйтэй. Цаг хугацаа улам л үнэд орсон өнөө үед 10 цаг газраар давхих уу, онгоцоор 1-2 цаг нисэх үү гэвэл хэн ч онгоцыг л сонгоно шүү дээ.

Мөн хэт бага оврын, тэр дундаа 2-4 хүний суудалтай онгоцууд нь зорчигч тээврээс гадна дадлага сургуулилтын томоохон бааз, нөөц болж өгдөг онцлогтой. Жишээ нь, МИАТ компанид нисгэгчээр ажилд орохын тулд тухайн хүн өмнө нь 1500 цагийн нислэг үйлдсэн байх шаардлага тавьдаг. Үүнд бараг л 2-3 жил зарцуулагдана. Тухайн мэргэжилтэн сургууль төгсөөд ирэхдээ дунджаар 250 цагтай байдаг. Үлдсэн 1250 цагийн дадлагыг бага болон дунд оврын онгоц дээр хийж байж том онгоц руу шилжиж бүрдүүлнэ гэсэн үг. Ер нь нисгэгчийн сургалтыг зөвхөн Монголдоо гэсэн байдлаар төсөөлж болохгүй, манай оронд гаднаас суралцагчид ирээд суралцах боломжтой том зах зээл бий Иймээс сургалт хөгжилд чиглэсэн бага оврын онгоцны үйлчилгээ эрхэлдэг компанийн хэрэгцээ өндөр байх нь ойлгомжтой. Харин МАИ компанийн залуус энэ ажлыг зориглон барьж авч Легенда-570 онгоцыг угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлж буйд бид сэтгэл хангалуун байгаа. Уг ажлын хүрээнд МАИ компанитай хамтран ажиллаж, чадах зүйлсээрээ дэмжиж оролцохоор ярилцаж байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ЭМТҮЧАБ-ын албаны менежер з.Энхцэцэг


Нийслэлийн түргэн тусламжийн төв (103) нь тэг хоногтой нярайгаас, ахмад настнууд хүртэлх эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд өөрсдөө очиж үйлчилдэг, үнэ төлбөргүй, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг юм. Бид одоогоор хүн амын тал орчим нь буюу 1.5 сая хүн төвлөрөн амьдардаг Улаанбаатар хотын хэмжээнд нийт 160 гаруй эмч, 120 орчим жолооч, 35 орчим сувилагч, 80 шахам машин техник болон бусад ажилтнууд, авто баазын бүрэлдэхүүнтэйгээр 24 цагийн бэлэн байдалд, яаралтай дуудлагад 20 минутын дотор очих үүрэгтэйгээр ажиллаж байна. Нийслэлд оршин суудаг хүний тоо нэмэгдэхийн хэрээр манай төвд ирэх дуудлагууд нэмэгдэж байдаг. Жишээ нь бид 2018 онд 303,275 дуудлага авсан бол 2019 онд 312,146 дуудлага авсан буюу уг үзүүлэлт 2.8 хувиар өссөн байгаа юм.

Энэ мэтчилэн хүн ам ихтэй ч түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэгч эмнэлгийн байгууллагуудын хүчин чадал хангалтгүй байдаг тул машин техникүүдээ бид ээлжийн жолоочтойгоор 24/7 цагаар тасралтгүй ажиллуулдаг. Элэгдэх хугацаа нь энгийн хэрэглээнд ашиглагддаг машинуудаас хэд дахин илүү гэсэн үг л дээ. Гэхдээ энэ бол зөвхөн хотын суурин хэсгийг үйлчилгээг ярьж буй хэрэг юм. Гэтэл бидэнд уулын түймэр, үер ус, осол аваар зэрэг онцгой үед очиж ажиллах шаардлага олон гардаг. Ийм үед машинаар, газраар хүрэх боломж байдаггүйгээс байдал тун хүндрэлтэй болж, цаг хугацаа алдах болдог. Энэ тохиолдолд зайлшгүй ОБЕГ-тай хамтран дуудлагуудад очиж үйлчилдэг. Уг нь олон улсын заалтандаа түргэн тусламжийн төв өөртөө зориулалтын нисдэг тэрэг, бага оврын онгоц, нислэгийн талбайтай байх ёстой гэж байдаг ч энэ стандарт манайд хэрэгжээгүй л байна.

Гэхдээ сүүлийн үед эмнэлгийн удирдлага, нийт ажилтнууд маань ч эмнэлэгтээ яаралтай үеийн тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий бага оврын онгоц, түүнийг дагасан бусад зохицуулалтыг хийлгэхэд анхаарч ажиллаж байна. Хүн амьд явах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах бүрэн эрхтэй. Энэ эрхийг нь олгох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

"Хүннү Эйр" компанийн Коммерийн албаны дарга Д.Мөнхсүх


Хүннү Эйр компанийн хувьд бид одоогоор Ховд, Увс, Өлгий, Мөрөн, Алтай, Завхан зэрэг баруун зургаан чиглэлд гурван том оврын онгоцтойгоор тогтмол нислэг үйлдэж байна. Цар тахлын улмаас гадаад нислэгүүд болон дотоодын зарим чиглэлүүд түр хугацаагаар цуцлагдсан. Гэсэн ч үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад суурилсан бүтээгдэхүүнийг гаргах үүднээс саяхнаас бага оврын нисдэг тэрэгтэй болж, борлуулалт хийж эхлээд удаагүй байна. Иргэний тээвэр бол олон хүн зорчдог, суудал дүүргэлт хангалтгүй бол алдагдал ихтэй тээврийн төрөл. Гэтэл цар тахал гарч, хүмүүсийн худалдан авах чадвар багассанаар иргэний нисэхийн чиглэлийн ашигт ажиллагаа улам бүр буурч байна. Энэ үед бид цөөн хүнийг, зардал багатайгаар тогтмол тээвэрлэж болох боломжийг эрэлхийлж байна. Үр дүнд нь бага оврын онгоц, ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлийг түлхүү сонирхож эхэлсэн хэрэг л дээ.

Үүн дотроо хоёр төрлийн хэрэглээнд зориулан ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх нь үр дүнтэй юм байна гэж үзэх болсон. Тэр нь аялал жуулчлал болон эрүүл мэндийн зориулалт юм. Бага оврын онгоц нь стандартад нийцсэн онгоцны буудал шаарддаггүй бөгөөд овор хэмжээ ба зардал багатай тул машинаар очиход цаг их ордог, зам харилцаа муутай байгалийн үзэсгэлэнт газрууд руу тухтай, аюулгүй хүрэх гол тээврийн хэрэгсэл болдог.

Тиймээс нисэхийн салбарынхан хамтран ажиллаж, сонголтоо нэмэгдүүлж, үйлчилгээгээ өргөжүүлж байх хэрэгтэй гэж бодож байна.

“И Ти Ай” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.ИНДРАА


Одоогоор “И Ти Ай” ХХК нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй “Төв Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Орнуудын 2030 он хүртэлх аялал жуулчлалын стратеги төлөвлөлт”-ийн төслийн багт үндэсний зөвлөхөөр ажиллаж байна. Судалгааны төсөл 2021 оны тавдугаар сард дуусгавар болно. Бид уг төслийн хүрээнд Төв Азийн бүсийн аяллын бүтээгдэхүүнийг шинээр төвлөвлөн боловсруулж, олон улсад өрсөлдөхүйц шинэ имиж, дүр төрхтэй гаргаж ирэхээр ажиллаж байгаа юм. Агаарын тээврийн бага оврын хөлөг бидний энэ ажилд ихээхэн хэрэгцээтэй байгааг тайлбарлая:

Манай улсын агаарын тээврийн салбарт дунд зайны бага оврын онгоцууд шинээр орж ирснээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд сонголттой болж төрөлжин, улмаар энэ салбар олон улсад өрсөлдөхүйц болно. Ганц жишээг дурдахад, иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөн байхгүй тул жирийн үед орон нутгийн онгоцны тийз хоёр талдаа 590 мянган төгрөг байдаг бол тусгай эвент арга хэмжээний үед 1,200,000 төгрөг хүртэл өсөж байна. Аяллын бүтээгдэхүүнээ 1.5-2 жилийн өмнө олон улсад үнэ тохирон борлуулдаг аялал жуулчлалын компаниудад энэ нь том цохилт болдог. Аливаа бизнест чанар ба үнэ л тухайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг тодорхойлдог шүү дээ.

Цар тахлын үеэр бид агаарын тээврээр үйлчлүүлэхдээ дээд зэргийн бэлэн байдалд байж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах соёлд суралцлаа. Ирээдүйн аялагчийн сэтгэхүйд энэ үйл явдал маш тодоор үлдэх болно. Ингэснээр хүмүүс аялж амрахдаа боломжтой бол аль болох олноороо суудаг том оврын онгоцноос илүүтэй эрүүл ахуйн шаардлага хангасан бага оврын цөөн зорчигчтой онгоцыг илүүд үздэг болох нь гарцаагүй. Энэ нь нэг талаас дуртай газраа зам харгуй гарган явснаас үүддэг хөрсний доройтол, газар нутгийн талхлалтыг багасгах чухал алхам болохыг ч үгүйсгэхгүй. Тийм ч учраас бага оврын онгоц байгаль орчинд ээлтэй тээвэр болж байгаа юм (цаашид үүнийг судлах шаардлагатай). Нөгөө талаас цар тахал гарахаас өмнө бид олон улсад аялахдаа онгоц хөөрөхөөс гурван цагийн өмнө очиход хангалттай байсан бол энэ хугацаа цаг үеийн байдлаас хамаарч 4-5 цаг хүртлээ уртсаж байна. Магадгүй энэ нь цар тахал дууссан ч хэвшил болон үлдэж мэднэ. Энэ тохиолдолд аялал нарийн төлөвлөлт шаарддаг, цаг их авдаг зүйл болох тул аялал бол тансаг хэрэглээ гэсэн хандлага ч бий болж болзошгүй. Энэ хандлагыг бага оврын агаарын хөлөг илүү хөнгөлж, хүмүүсийн хувьд үнэт цагийг нь хэмнэсэн ойрын хэрэглээ болох боломжтой гэж үзэж байна.