Зураач хүний бүтээл зураг нь, барилгачин хүний бүтээл барилга нь байдаг бол софтвэйр хөгжүүлэгчдийн бүтээл нь бидний өдөр тутам хэрэглэж буй апп, вэбүүд байдаг билээ. Тус мэргэжил 2030 он хүртэл хамгийн өсөлттэй байх мэргэжлийн жагсаалтын гуравт бичигдсэн бөгөөд гадаадад гэлтгүй дотоодод ч эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж байгаа нь ажлын зарын платформуудаас бэлхэн харагдана. Тэгвэл бид энэ удаагийн Онцлох бизнес буландаа тус мэргэжлийн ур чадварыг практик дээр түшиглэн заадаг Эрксис академийг онцолж байна.
Нэр: Erxes academy
Хаяг: ITC Tower, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Үйл ажиллагааны чиглэл: Программ хөгжүүлэлтийн сургалт
Цахим хуудас: academy.erxes.mn (Website) | erxes Academy (Facebook)
Уриа үг: Expand your limits
Сэдэл
Монголд их сургууль ба хувийн хэвшлийн харилцан уялдаа сул байдаг. Жишээ нь, оюутнууд дадлага хийе гэхээр тэднийг практик дээр ажиллуулахаас илүүтэй кофе, цайнд гүйлгэхээс авхуулаад аахар шаахар зүйлд зарах нь түгээмэл. Үүнээс үүдээд дөрвөөс таван жилийн турш программ хангамжийн мэргэжлээр их сургуульд сурч төгссөн оюутан веб хийж чадахгүй байх жишээтэй. Төгсөгчдийн ур чадвар ийм хэмжээнд байдаг тул ажил олгогчид тухайн шинэ ажилтныг дор хаяж гурван сарын хугацаанд сургах шаардлага үүсэж байгаа юм. Энэ нь эргээд компаниас нөөцийн зардал шаарддаг. Бид энэ асуудлыг олж хараад академи байгуулах санаагаа олж байсан. 2021 оны үед гарсан тэрхүү санаа өнгөрсөн жил биеллээ олж, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс төслөө албан ёсоор эхлүүлсэн.

Ялгарал
Академи бүр өөрсдийн онцлог давуу талтай байдаг. Гэхдээ тэд гол төлөв хүүхдүүдээ бодит бус төслүүд дээр ажиллуулж байгаа нь анзаарагддаг. Жишээ нь, CU, Uber-ийн вебийг дуурайлгаж хийлгэх гэх мэт. Харин Эрксис академийн хувьд сурагчдаа бодит төслүүд дээр ажиллуулдаг. Эрксис 15 жилийн туршлагатай софтвэйр компани учир бидэнд юу л байна, түнш компаниудын төслүүд бий. Ингэснээр тухайн суралцагч маш богино хугацаанд ажлын байранд гарахад бэлэн болдог давуу талтай.

Үүнээс гадна, суралцагч юм юмны захтай гэхээс илүү аливаа нэг ур чадварыг сайн эзэмшсэн байгаасай гэж хүсдэг. Тийм ч учраас “full-stack” хөгжүүлэгч бэлтгэхээс илүүтэй 6-9 сарын хугацаатай, “front-end dev”, “back-end dev”, “mobile dev”, “UI/UX” гэсэн дөрвөн төрлийн сургалтаас сонгон суралцах боломжийг олгодог. Хэрэв огт суурь мэдлэггүй бол эхлээд гурван сарын хугацаатай суурь чадвар эзэмших эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тэнд сурснаар өөрийн ур чадвар, сонирхолд үндэслэн аль чиглэлээр гүнзгийрэхээ шийдэхэд дөхөм болдог.
Түүнчлэн, бид суралцагчдадаа тэтгэлэг өгдгөөрөө онцлогтой. Анх сонгон шалгаруулалт хийхдээ л өсөн дэвших ирээдүйтэй, дасан зохицох чадвартай, аливаа ажлын ард гарахын тулд өөрийгөө бүрэн дүүрэн дайчилдаг хүүхдүүдийг сонгон авч, 100 хувь хүртэлх тэтгэлэг олгож сургадаг. Саяхан л гэхэд 300 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна.
Эрксис академи гэж юу вэ?
Эрксис бол дотоод, гадаадын зах зээлд хэдийн байр сууриа олсон, 15 жилийн туршлагатай компани бөгөөд манай компанийн нээлттэй эхийн программыг дэлхийн 100 гаруй оронд 40 гаруй хэл дээр орчуулан ашиглаж байна. Энэ хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл бол чадварлаг хөгжүүлэгчид маань. Харин Эрксис академи тэднийхээ мэдлэг туршлага дээр үндэслэн программ хөгжүүлэлтийн салбарт ажиллах чин хүсэлтэй залуусыг сургах зорилготой сургалтын байгууллага юм. Манайд Эрксисийн туршлагатай хөгжүүлэгчид өөрсдөө хичээлээ заадаг онцлогтой.

Нэр
Эрксис компанийн харьяа сургалтын байгууллага гэдэг утгаараа “Эрксис академи” гэж нэрлэсэн.
Одоо
Аравдугаар сарын 20-оос гурван сарын эрчимжүүлсэн “PADA-1”,“back-end”, мобайл хөгжүүлэгчийн анги эхэлж байна. Бид одоогоор эдгээр ангиуддаа элсэлт авч эхэлсэн байгаа.
Баг
Манай хамт олон менежментийн баг ба багш нараас бүрдсэн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Бид хурд, үр дүн, хүндлэл, шударга байдлыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, хурдтай, үр дүнтэй ажиллахын зэрэгцээ боловсролын байгууллага учраас нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандахыг эрхэмлэдэг гэсэн үг.
Ирээдүй
Бид зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдалгүй орон нутагт байгаа чадварлаг хүүхдүүдийг ч эгнээндээ элсүүлэхийг эрмэлздэг. Үүний тулд сургалтын хөтөлбөрөө стандарттай болгож, франчайз болохоор зорьж байна. Хэрэв орон нутагт франчайзаа амжилттай дэлгэрүүлж чадвал цаашлаад Өвөрмонгол, Казакстан, Сингапур, АНУ-д үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна.
Үүнээс гадна, 2026-2027 онд ахлах сургуультай болохоор зорьж байна. Ахлах сургууль маань коллежид бэлтгэх хөтөлбөртэй байх бөгөөд ингэснээр хүүхэд арван жилд байхаасаа код бичиж сураад, стартап эхлүүлэх буюу туршлага хуримтлуулах боломжтой гэсэн үг. Өөрсдийн хийсэн төсөлтэй, кодчиллын мэдлэгтэй болсон эдгээр хүүхдүүд гадаадын томоохон их, дээд сургуулиудад өндөр тэтгэлэгтэй суралцах боломжийг олж авах юм.

Эрсдэл
Монголын зах зээл жижигхэн, түүнийгээ дагаад иргэдийн төлбөрийн чадамж тааруу байдаг. Гэтэл мэдээллийн технологийн сургалтууд өндөр үнэтэй шүү дээ. Тийм болохоор хүмүүс ашиг орлого сайтай гэж боддог. Гэтэл бодит байдал дээр бид салбартаа 5-10 жил ажилласан туршлагатай багш нарынхаа цалинг тавина, хамгийн сүүлийн үеийн iMac дээр хичээлээ орно, оффисын түрээс, өдрийн хоол зэрэг урсгал зардалд их хэмжээний мөнгө төлж байдаг. Нэг ёсондоо, тухайн хүүхдийн төлсөн төлбөр эргээд бүрэн өөрт нь зарцуулагддаг гэсэн үг. Тиймээс жижиг зах зээлтэй байна гэдэг эргээд эрсдэл болж байдаг.
Бас нэгэн асуудал бол суралцагчид сургалтад явж байгаад голоос нь хаях явдал байдаг. Аав ээжийнхээ шахалтаар сургалтад бүртгүүлчихсэн ч сонирхолгүй болохоор замын голоос шантраад, үүнийхээ шалтгааныг академитай холбох тохиолдол гардаг. Энэ талаар сонссон найз нөхөд, ойр дотнынхон нь программ хөгжүүлэлтийн сургалт хүнд хэцүү юм байна гэсэн ойлголттой болох эрсдэл үүсдэг.
Түүгээр ч зогсохгүй өөрийн хүсэл зоригоороо орж ирсэн сурагчид ч анхандаа айдастай байгаа нь мэдэгддэг. “Би чадах болов уу, би математикийн суурьгүй болохоор чадахгүй байх” хэмээн тээнэгэлзсэн маягтай. Гэтэл математикийн суурьтай байх нь үндсэн шаардлага биш, харин тоо бодсоноор олж авдаг асуудал шийдвэрлэх чадвар л программ хөгжүүлэхэд чухал юм шүү дээ. Зөвхөн математикаар хязгаарлагдахгүй бусад хичээл, сургалтаас ч энэ чадварыг олж авах боломжтой. Тиймээс залуус шинэ зүйл эхлүүлэх зоригтой, тууштай байж үр дүнгээ үздэг байгаасай гэж хүсдэг.




Сэтгэгдэл бичих

