"Онцлох бизнес" булангийн 2021 оны анхны дугаарыг бид жилийнхээ төлөвлөлтийг хийхээр зэхэж буй уншигчдадаа зориулан бэлтгэлээ. Төсөөлөл төлөвлөгөөгөө цаасан дээр буулгах нь аль ч цаг үед моодноос гараагүй, сонгодог арга билээ. Хэрэглээний уг хөгжлийг дагаад дэвтрүүд хэрэглэхэд улам л хялбар болсоор байгаа юм. Хэрвээ та энэ оны төлөвлөлтөө хийх Bujo дэвтэр судалж байгаа бол дотоодод үйлдвэрлэгдэж буй дараах дэвтрүүдийг сонирхоод үзээрэй. Шинэ онд тань амжилт хүсье.

Days to remember


Сэтгүүлч, Youtuber Н.Хулангийн 2018 онд худалдаанд гарсан "A Year To Remember" ном нь"Days to Remember" хэмээх дүүтэйг мэдэх үү. Уг төлөвлөгч дэвтэртээ тэрээр Bujo дэвтэр дөнгөж хөтөлж эхэлж буй хүмүүст зориулсан Нabit tracker буюу дадал тогтоогчийг олон төрлөөр оруулж өгсөн. Энгийн, санхүүгийн болон дасгалын дадал тогтоогч хэсгүүдтэй.

Мөн жилийн болон улирлын зорилго гаргах хэсэг, уншсан номын тэмдэглэл, талархал, шинэ бизнес санаа бичих хэсгүүд багтсан. Дэвтрийн эхлэл болон төгсгөл хэсэгт энэ мэт хэсгүүдийг оруулж өгсөн бол бусад хэсэг нь чөлөөт байдлаар хөтөлж болохуйц цэгтэй болон цулгуй цаастай ажээ.

Хэмжээ: В6 хэмжээтэй, 100гр шар цаастай, 227 хуудастай.
Дэлгэрэнгүй: A Year To Remember (Фэйсбүүк), @yeartoremember (Инстаграм)


Global Nomads Planner

Global Nomads Planner нь жил, сар, долоо хоногоор зорилгоо тодорхойлоход тохиромжтойн дээр ном унших болон ур чадвараа хөгжүүлэх боломж бүхий тусгай хэсэгтэйн дээр сар бүрийн эхэнд ажиллах "амьдралын тойрог" көүчинг дасгалтайгаараа онцлог. Энэ нь нэн чухал ажлаа тодорхойлсны дараа цагийн менежментийн матрикс ашиглаж тэдгээр ажлаа ангилан, зөвхөн хамгийн чухал ажилдаа төвлөрөх дадлыг хэвшүүлэх зорилготой юм. Долоо хоног бүр хэвшүүлмээр байгаа дадлаа бүртгэх хэсэгтэй бөгөөд сар бүрийн сүүлд хийсэн ажлуудаа дүгнэх көүчинг асуултуудтай. Мөн Төв Азийн орнуудаар аялж өөрсдийн авсан гайхалтай зурагнуудаа оруулж өгсөн нь тун чимэгтэй ажээ.

Хэмжээ: В6 хэмжээтэй, 240 хуудастай.
Дэлгэрэнгүй: Global Nomads Planner (Фэйсбүүк), @global_nomads_planner (Инстаграм)


only mine


"Only mine"-ийн хамт олон энэ жил хөтөч, бужо хосолсон төлөвлөлтийн дэвтэр болгон шинэчилж худалдаанд гаргасан байна. Өөрөөр хэлбэл бүтэн жилийн ажил, амьдралаа төлөвлөхөд "хөтөч" болох шинэлэг, сонирхолтой загвар бүхий төлөвлөлтийн бэлэн хуудсуудтайгаас гадна өөрийн хүссэнээр зохион байгуулж, бичиж тэмдэглэж, зурж чимэглэх боломжтой Bujo (цэгэн) хуудсуудтай.

Уг дэвтрийн онцлог нь хуучин оныхоо дурсамжит мөчүүдийг тэмдэглэхээс гадна амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж, түүн дээрээ үндэслэн шинэ оноо төлөвлөх хэсэгтэйгээрээ давуу талтай. Мөн цаг хэмнэх үүднээс жилийн ерөнхий төлөвлөгөөгөөний хуудас болон өдөр бүрийн ажлаа тэмдэглэх боломжтой 12 сарын төлөвлөгөөний хуудас, санхүүгийн сахилга баттай байхад нь туслах орлого, зарлагын хүснэгт, хадгаламж, төлөвлөгөөт хуримтлалын хэсэг, бүтэн жилийн турш зөв дадал, мэдрэмж, унтлагын цагаа тэмдэглэх хуудсууд, сарын хоолны цэсээ гаргах хүснэгттэй аж.

Хэмжээ: В6 хэмжээтэй.
Дэлгэрэнгүй: ONLY MINE (Фэйсбүүк)


bujo with ciel


Ажил, амьдралаа бүтээлчээр төлөвлөдөг хүмүүст зориулсан "Bujo with Ciel" төлөвлөгч дэвтэр нь зурж, тэмдэглэхэд зориулсан цаас, хэмжээ болон зориулалтын дизайнтайгаараа энгийн тэмдэглэлийн дэвтрээс онцлог. Bujo хэрэглэгчдийн хэрэглээ, онцлогт зориулан загвар, дизайныг нь гарган БНСУ-д захиалж үйлдвэрлэдэг тул үзэг тогтоогч, хуудас тусгаарлагч тууз болон резинтэй, хуудасны ирмэг нугаларч, урагдахааргүй дугуй хэлбэртэй болон 180 градус бүрэн дэлгэгддэг гэх мэт хэрэглэхэд хялбар шийдэл олонтой. Гэртээ үнэгүй хүргүүлж авах боломжтойгоос гадна дэвтрийг дагалдаж 12 ширхэг дүрснээс бүрдсэн стикер бэлгэнд ирдэг.

Хэмжээ: В6 хэмжээтэй, арьсан, хатуу хавтастай, 120 гр жинтэй цаастай, 200 нүүртэй
Дэлгэрэнгүй: Bujo with Ciel (Фэйсбүүк), @Bujowithciel (Инстаграм)


tinabel stationery


"Tinabel"-ийнхний гаргаж буй "Essential Planner" дэвтэр нь нэлээн ажиллагаатай дэвтэр учир хэд хэдэн үйлдвэртэй хамтран ажилладаг аж. Дэвтрийн төлөвлөлт нь томоос жижиг рүү буюу эхлээд алсын хараагаа тодорхойлж, улмаар ойрын зорилгоо тавих, зорилгодоо хүрэх төлөвлөлтөө боловсруулах зарчмаар явна. Үүний тулд, "ажил", "гэр бүл-ойр дотнын хүмүүс", "найзууд-нийгмийн амьдрал", "чөлөөт цаг-хобби", "эрүүл мэнд-гоо сайхан", "мөнгө санхүү", "хувь хүний хөгжил", "гэр-орчин" гэсэн найман талбарын дагуу жилийн болон сарын зорилгоо тэнцвэртэй тодорхойлох зориулалт бүхий хэсгүүдтэй аж. Хоёр нүүр дамнасан долоо хоногийн төлөвлөгөөний хуудас, хуудас бүр "Дадал бүртгэгч" болон чөлөөтэй хөтөлж болох цэгтэй хэсэгтэй. Мөн 146 ширхэгтэй алтлаг даралтат чимэглэлийн стикер дагалдах бөгөөд үнэгүй хүргэх юм. Aurora, Artisan, Alchemist зэрэг гурван өнгийн сонголттой.

Хэмжээ: 135 хуудастай, 100 граммын зөөлөн зузаан хуудастай
Дэлгэрэнгүй: Tinabel Stationery (Фэйсбүүк), @tinabelstationery (Инстаграм)


egul3


"EGUL"-ийн хамт олон Монголын залуу артистуудтай хамтарч тэдний бүтээлүүдээр дэвтрийн хавтсаа чимдэгээрээ онцлог юм. Мөн зөвхөн өөрт тань зориулагдсан нэр бүхий "Онцгой дэвтэр"-ийг урлуулах боломжтой. Хатуу хавтастай, зөөлөн буюу нимгэн хавтастай, цагариг нуруутай гэсэн гурван төрлийн дэвтрийг хэрэглэгчдэд санал болгодог. Дотор нь шинэ залуу үе болох Z, Alpha үеийнхний дунд трэнд болж буй үгсийг оруулж, шинэлэг өнгө төрхөөр чимэж өгчээ.

Хэмжээ: А6, А5 хэмжээтэй. 50-120 хуудасны сонголттой. Нэмээд 2021 оны нэгдүгээр улиралд хатуу хавтастай В6 хэмжээтэй дэвтэр худалдаалагдаж эхэлнэ.
Худалдан авах: EGUL3 (Фэйсбүүк), @egul3 (Инстаграм), мөн инстаграмд #egul3notebooks хэштэгийг ашиглан дэвтрүүдийн зургийг үзэх боломжтой.


better now


"Better now"-ийн дэвтрийн дотор дизайныг энгийн минималист бөгөөд нүдэнд таатай өнгөөр шийджээ. Хүүхэд залуус англи хэл сурахад ихээхэн цаг, мөнгө зарцуулдаг тул тэмдэглэл хөтлөх, санаа зөвлөгөө зэргийг англи хэл дээр оруулж өгчээ. Bujo дэвтрийн гол онцлог болох шугам бүхий цэгүүд нь бүдэг, жижиг буюу хэрэглэхэд төвөггүй. Дэвтрийн нурууг оёж хийсэн нь чанартай бөгөөд илүү сайн дэлгэгдэх боломжтой болгожээ. Хавтасны материалыг цаасан болон ледеринэн (хуурамч арьс) гэсэн хоёр сонголттой хийж, дэвтрээ бүрэн хаах резин ашигласан нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцэж байгаа аж. Уг дэвтэр Улаанбаатар хотоос гадна Дарханы их дэлгүүр, Эрдэнэтийн их дэлгүүрт зарагдаж байгаа юм.

Хэмжээ: 14х20 см, 152 нүүртэй.
Дэлгэрэнгүй: Bujo тэмдэглэлийн дэвтэр ​(Фэйсбүүк), @bujodevter (Инстаграм)


Tuki planner


"Tuki planner" нь 7-18 насны хүүхдүүдэд зориулсан төлөвлөгч дэвтэр юм. Уг дэвтрийг хүүхдэдээ хэрэглүүлснээр эмх цэгцтэй бичиж тэмдэглэн, хийх зүйлсээ эрэмбэлж сурах ач холбогдолтой. Хүүхдэд зориулсан ном унших, шүдээ угаах гэх мэт дадал тогтоогчтойгоос гадна будах, стикер наах гэх мэт чөлөөт сэтгэхүйг хөгжүүлэх хэсгүүдтэйгээрээ онцлог. Эрэгтэй, эмэгтэй хүүхдэд зориулсан хоёр төрлийн дэвтэртэй. Мөнгөө зөв зарцуулж, хуримтлуулж сурахад нь туслахаас гадна Bujo хөтлөхөд зориулсан цэгтэй цулгуй хуудастай. Хуудас бүр нь онцгой содон сонирхолтой зураг тэмдэглэх хэсэгтэй тул хүүхдэд бичиж тэмдэглэх хүсэл төрүүлж чадна.

Хэмжээ: А5 хэмжээтэй, 35 хуудас буюу 70 нүүртэй, 120гр зузаан цаастай
Худалдан авах: Tuki illustration (Фэйсбүүк), @tuki_illustration (Инстаграм)


Crazy fancy


"Crazy fancy" нь бэлэн дэвтрийг өөрсдийн өнгө аясад тохируулан загварчилж, хэрэглэгчийн онцлогт нийцүүлдгээрээ ялгарна. Учир нь дэвтрийн хэрэглээ, хэрэгцээ хэрэглэгчээс хамаараад өөр байдаг тул дэвтрийг олон сонголттойгоор, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн бэлддэг ч бужод нийтлэг хэрэглэгддэг А5 дэвтрийг жишиг болгодог. Цаанаасаа зохион байгуулалт, бүтэцтэй дэвтэр хэрэглэгч бүрд нийцдэггүй, иймд дэвтрийн дотор хэсэгт нэг ч зүйл нэмэлгүйгээр цэгтэйгээр нь байлгаж, харин гадар хавтсыг өөрийн өнгө төрхөд нийцүүлэн kpop, anime, vintage, harajuku, retro, aesthetic өнгө аясаар чимэглэх боломжтойгоор хийжээ. Мөн дэвтрийн өнгө төрхдөө нийцүүлэн өөрсдийн хийдэг стикер, соронз, үзэг, түлхүүрийн оосор зэрэг мөн бужод хэрэглэгддэг бэлэн хэрэгслүүдийг дагалдуулдаг аж.

Хэмжээ: харилцан адилгүй
Худалдан авах: Crazy fancyBujo (Фэйсбүүк), @Crazy fancyOka (Инстаграм), crazyfancybujo (ТикТок)