Онцлох төсөл булангийн энэ удаагийн дугаарт нүүрсгүй шийдлийг санал болгож буй монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг танилцуулж байна. Энэхүү төслийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд Пипл ин Нийд ОУТББ (People in Need), ТоС Холбоо, ШУТИС-ын Барилга, архитектурын сургууль хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Төслийг хариуцан ажиллаж буй, Пипл ин Нийд ОУТББ-ын Уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн менежер Г.Булгантамирын яриаг хүргэе.

Төслийн нэр: Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц
Байгууллагын Нэр: Пипл ин Нийд ОУТББ
Үйл ажиллагааны чиглэл: Хүмүүнлэгийн тусламж болон хөгжлийн төсөл хөтөлбөр
Үүсгэн байгуулагдсан: Монгол Улсад 2009 оноос хойш
Төслийн цахим хуудас: Агаар Нэг, People in Need - PIN Mongolia
Уриа үг: Бидний амьсгалж буй АГААР НЭГ - Нүүрсгүй шийдлээр гэрээ дулаалж, өнтэй өвөлжье.


Пипл ин Нийд ОУТББ-ын “Уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр”-ийн менежер Г.Булгантамир

СЭДЭЛ  

2019 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр монгол гэрийн Cooking, Heating, Insulation Products - CHIP буюу Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг зохион бүтээж, Баянхонгор аймагт нэвтрүүлснээр энэхүү төсөл эхэлсэн юм. Уг төсөл нь байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи шингэсэн бүтээгдэхүүнээр уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн оролцоотой, ногоон тогтвортой хөгжлийг дэмжиж, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх зорилготой. Тус зорилгын хүрээнд Улаанбаатар хот болон зургаан аймгийн төвийн агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

ЧИП багц нь монгол гэрийн бүтэц, хэлбэрийг өөрчлөлгүйгээр дулаан их алддаг хэсгүүдийг битүүмжлэн сайжруулж, нүүрсээр галладаг уламжлалт зуухны хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системээр солиход зориулагдсан. Монгол гэрийн халаах талбай нь 25-32 м.кв бөгөөд энэ талбайг халаахад жил бүр 4 тонн түүхий нүүрс болон шахмал түлш эсвэл 1.0-2.5 м.куб түлээ шаардана.

Монгол Улсын хувьд 342,000 гаруй айл өрх монгол гэрт амьдардгийн ихэнх нь уламжлалт зуухаа галлаж өвлийг давдаг. Нүүрсний дутуу шаталт, стандарт бус зуухны хэрэглээ нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан бөгөөд агаарын бохирдлын 80 орчим хувийг бий болгодог гэсэн судалгаа бий. Мөн гэрийн дотор орчны агаарын бохирдлын эх үүсвэр болж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн сацуу угаартах эрсдэлийг дагуулдаг. Эдгээр асуудлууд нь ЧИП багцыг зохион бүтээх шалтгаан болсон.

ЯЛГАРАЛ  

Агаарын бохирдлыг бууруулах төрөл бүрийн технологиуд олон улсад нэвтэрсэн ч өвөлдөө -45°C хүрдэг Монгол орны цаг уурын нөхцөлд таарах нь ховор. Харин ЧИП багц нь монгол гэрийн чанарыг ахиулсан, эрчим хүчний хэмнэлттэй, боломжийн үнэ өртөг бүхий цогц шийдэл гэдгээрээ онцлогтой. Швейцарын халдварт өвчин ба нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс манай төсөлд хөндлөнгийн үнэлгээ хийгээд үр дүн, хэрэгжилтийг өндрөөр үнэлсэн.

Үүнээс гадна энэхүү багц бүтээгдэхүүн нь РМ2.5, РМ10 тоосонцор, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн давхар болон дутуу исэл зэрэг түүхий нүүрсийг шатаахад ялгардаг хорт бодисуудыг бууруулахад томоохон нөлөө үзүүлдэг. ЧИП багцыг хэрэглэдэг айл өрхүүд сар бүр дунджаар нүүрс, түлээ, цахилгаан болон эрүүл мэндтэй холбоотой 275,000 төгрөгийг хэмнэж чаддаг.

ЧИП БАГЦ ГЭЖ ЮУ ВЭ?

ЧИП багц нь монгол гэрт зориулсан дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн цогц шийдэл бөгөөд дараах гурван дэд багцаас бүрдэнэ.

Дулаалгын багц: Монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулж, битүүмжлэлийг сайжруулах зорилготой нэмэлт дулаалгын багц

- Уур нэвтрүүлдэггүй дотуур бүрээс
- Ус нэвтрүүлдэггүй завсрын бүрээс
- Дулаалгатай хормойтой шалавч
- Хормойтой шалавч
- Хатавчны дулаалга
- Хаалганы дулаалга
- Дулаалгатай өрх

Халаалтын багц: Монгол гэрт зориулсан цахилгаан халаалтын багц

- Модон шүүгээ
- 800 Вт × 3 цахилгаан халаагуур
- Термостат: 220В, 5-30°C
- Плитканы цагийн тохируулга
- Цахилгааны самбар


Агаар сэлгэх багц: Монгол гэрт зориулсан агаар сэлгэх иж бүрдэл

- Хатавчны агаар оруулах нээлхий
- Тоононы агаар соруулах сэнс
- Тоононы бүрэлт
- Гигрометр



НЭР  

ЧИП буюу CHIP гэдэг нэр нь багцын бүтээгдэхүүнүүдийг илэрхийлэх Сooking, Heating, Insulation Products гэх үгсийн эхний үсгээр бүтсэн.

ОДОО  

Бид агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жилийн хугацаатай төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоогоор манай төслийн үр шимийг зургаан аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн 2,000 орчим өрхийн 6000 гаруй иргэд, 24 гэр цэцэрлэгийн 562 хүүхэд хүртэж байна. Мөн ялангуяа эмэгтэйчүүд өдөр тутмын галлагааны ажлаас чөлөөлөгдөж, өдөрт дунджаар 48 минутыг үр хүүхэд, ажил, амьдралдаа зарцуулах боломжтой болсон. Мөн 5 хүртэлх насны 1000 гаруй хүүхэд ил гал, зууханд түлэгдэх эрсдэлгүй, аюулгүй орчинд өсөн тоониж байна.

ЧИП багцыг Засгийн газар, орон нутгийн захиргаа, НҮБ-ын Хүүхдийн Сангаас олгож буй татаас болон банк, банк бус санхүүгийн байгууллагуудын хөнгөлөлттэй ногоон зээлд хамрагдан авах боломжтой. БОАЖЯ-аас уг багцыг авах сонирхолтой зорилтот бүлгийн айл өрхүүдэд жилийн гурван хувийн хүүтэй ногоон зээлийг олгохоор шийдвэрлэж, ногоон зээлийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан. Харин аймаг, орон нутаг болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс зорилтот бүлгийн иргэдэд ЧИП багцын нийт үнийн 50-70 хувийг хөнгөлж байна. Ингэснээр байршлаас хамааран 0-5 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, өндөр настантай эсвэл өрх толгойлсон эцэг, эхтэй айл өрхүүд гурван сая төгрөгийн үнэтэй ЧИП багцыг 840,000-1,660,000 төгрөгөөр худалдан авах боломжтой.

БАГ  

Дөрвөн байгууллагын нийт 15 орчим хүний бүрэлдэхүүнтэй төслийн багаас гадна, орон нутагт тус бүр нь 10 хүртэлх гишүүнтэй найман ажлын хэсэг гэсэн тун өргөн цар хүрээтэй өнөр баг ажиллаж байна. Төслийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, нөлөөллийн ажлыг “Пипл ин Нийд” ОУТББ, ногоон санхүүжилтийн механизмыг ТоС Холбоо, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, чанар стандартыг ШУТИС хариуцан ажилладаг. НҮБ-ын Хүүхдийн Сан тус хөтөлбөрийн цар хүрээг тэлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хамтрагч байгууллагуудад техникийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж байна. Үүн дээр олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд, үйлдвэрлэгч нар ч мөн нэмэгдэнэ.

Пипл ин Нийд ОУТББ-ын хамт олон, ТоС Холбооны хамт олон, ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяртай

ИРЭЭДҮЙ  

ЧИП багцыг зөвхөн айл өрхийн хэрэглээнд гэж харалгүй гэр цэцэрлэг, жуулчны бааз, сувиллын газарт нэвтрүүлэхээр судалгаа, хөгжүүлэлтийг хийн, зах зээлд нийлүүлэх системийг сайжруулан ажиллаж байна. Одоогоор зургаан аймаг, хоёр дүүрэгт нэвтэрсэн ба бусад аймгуудтай хамтран ажиллах саналыг хэлэлцэж эхэлсэн. Цаашид ЧИП багцыг хэрэглэх байршил, хэрэглэгчдийн цар хүрээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанараа сайжруулж, илүү боловсронгуй болгох зорилготой.

ЭРСДЭЛ  

Манай улсын хувьд цахилгаан үйлдвэрлэх, түгээх сүлжээний хүчин чадал хангалтгүй байгаа нь санаа зовоох асуудал. Гэхдээ ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний станцууд баригдсанаар цахилгаан тасалдах бэрхшээл багасах боломжтой. Жишээлбэл, Говь-Алтай аймаг 2024 онд 1000 мВт-ын нарны цахилгаан станц барьж сэргээгдэх эрчим хүчээр аймаг, сумдыг хангахаар төлөвлөж буй. Энэ жишгээр дэд бүтцээ бүс, улсын хэмжээнд шийдвэрлэвэл бид ирээдүйд хүлэмжийн хийн ялгаралгүй, цэвэр агаартай болох ба хүүхэд залуус өсөж торних эрүүл орчин нөхцөлтэй, ногоон хотуудтай улс орон болно. Үүний зэрэгцээ ЧИП болон үүнтэй төстэй агаарын бохирдлыг бууруулах шийдлүүд үндэсний хэмжээнд нэвтрэх таатай нөхцөл бүрдэх юм.