Хувийн хэвшил, бизнесийн байгууллагынхны хувьд бартаа ихтэй, эрсдэлтэй үе тохиож байна. Ганц манай улс гэлтгүй дэлхий дахин уг хүнд үеийг хохирол багатай туулахаар хичээж байгаа ч биднээс шалтгаалахгүй олон асуудал ар араасаа бий болсоор буй. Тэгвэл энэ мэт тодорхойгүй нөхцөлд тулгарч буй шинэ сорилтуудыг амжилттай давж, дотоодын бизнесийн салбарын өнгө төрхийг тодорхойлон, түүчээлсээр буй үлгэр жишээ байгууллагуудын цар тахлын үеийн бодлого, төлөвлөлттэй танилцацгаая.
Мобиком корпораци

2020 онд ажлын байраа хадгалж үлдсэн шилдэг 10 татвар төлөгчийн нэгээр шалгарсан "Мобиком корпораци" цар тахлын үеийн бодлого стратегиа хэрэглэгч, ажилтан, нийгмийн хариуцлага гэсэн гурван хэсэгт хуваан, тухайн хэсэг бүрд тусгайлсан арга хэмжээ, төлөвлөгөө боловсруулан ажиллажээ. Юуны өмнө тэд хэрэглэгчдэдээ найдвартай бөгөөд тасалдалгүй үйлчилгээг хүргэж, хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд Mobicom аппаа ахисан түвшинд хөгжүүлэн, 2020 оны дөрөвдүгээр сард шинээр танилцуулсан юм. Сард ойролцоогоор 600 мянга гаруй хэрэглэгч шаардлагатай үйлчилгээгээ аппаар дамжуулан цахимаар авч буй.
Компани доторх аюулгүй байдлыг хангахдаа “Ковидын эрсдэлийг бууруулах” төслийн баг байгуулан, нийт ажилтнуудаа "зайлшгүй ирж ажиллах, зайнаас ажиллах" хэмээн хоёр ангилж, дуудлагын төв болон техникийн төвүүдээ хуваан байршуулжээ. Зайлшгүй биечлэн ажиллах ажилтнуудаа 10 гаруй төрлийн хамгаалах хэрэгслээр тогтмол хангахаас гадна хөл хорионы үед хотын таван чиглэлд автобус явуулан, тээврийн асуудлыг нь шийдэх гэх мэт ажлуудад багагүй хэмжээний нэмэлт зардал гаргаснаа ярьж байлаа. Ажлын байраа хадгалах, цалингаа тогтвортой тавих бодлого баримталж буй тул ажиллах боломжгүй болсон хүмүүсээ бусад хэлтэст хуваарилж, гэрээс ажиллах боломжгүй тусгаарлагдсан ажилтнууддаа сул зогсолтын олговрыг урьдчилан баталсан шийдвэрийн дагуу 70 хувиар тооцон олгосон байна (Хөдөлмөрийн тухай хуульд сул зогсолтын олговрыг 60 хувь гэж тогтоосон байдаг).
Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд “Эмч нартаа хайр түгээе” аяныг өрнүүлж, 350 сая төгрөг цуглуулан, 21 аймгийн эмнэлэг тус бүрд есөн сая төгрөгийн хэрэгцээт тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн худалдан авч хандивласан бөгөөд 160 сая төгрөгийн хамгаалах хэрэгслийг тусгаарлалтад ажиллаж байгаа эмч, ажилтнуудад хандивлажээ. Орон даяар 20 мянга гаруй сурагчдад 99GB дататай дугаар үнэ төлбөргүй ашиглуулсныг мөн дурдах нь зүй. Энэ мэтчилэн "Мобиком корпораци" цар тахлын үед мөнгөн тусламж, технологийн дэмжлэг, бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт үзүүлэх зэргээр нийгэмдээ нийт 10 тэрбум төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн аж.

АнунгоО

"Анунгоо" компани олон улсын брэндүүдтэй хамтарч, гадаад худалдааны чиглэлд ажилладаг тул өнгөрсөн хугацаанд бараа татан авах, нөөц бүрдүүлэх зэрэг логистик, тээврийн асуудлуудаа оновчтой шийдэхэд ихээхэн анхаарч ажиллажээ. Хөл хорионы үед иргэдэд ахуйн болон хүнсний тасалдал үүсгэхгүй байх нь асар чухал учир агуулахын аюулгүйн нөөц бүрдүүлэх хугацааг 10-14 хоногоор сунгаж, тээврийн зардлын төсвөө нэмэгдүүлэн, оффисын ажилтнуудаа 100 хувь зайнаас ажиллах хуваарьт шилжүүлсэн байна. Хэдийгээр нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй болж, тээврийн зардал даруй 15-54 хувиар өссөн ч компанийн зүгээс нэгж бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад онцгойлон анхаарч буй.
Бараа бүтээгдэхүүний 50-60 хувийг газраар тээвэрлэж авч ирдэг "Анунгоо" компанийн хувьд Алтанбулаг боомт дээр халдварын тохиолдол анхлан илэрч, гаднын тээвэрчид хилээр нэвтрэх боломжгүй болсноор ажлаа чөлөөтэй явуулах боломж хумигджээ. Удаах дөрвөн сарын турш тэд хил дээрх бараа бүтээгдэхүүнээ автомашинаас галт тэрэгт шилжүүлэн ачих байдлаар асуудлыг шийдвэрлэж, нөөцийн тасалдал үүсэхээс сэргийлж чадсан бөгөөд одоогийн байдлаар ачаа тээврийн машины толгойг шилжүүлэх арга барилыг нэвтрүүлэн ашиглаж байгаа аж.
Цар тахлын үеийн гол шалгуур хэмээх асуултад тэд "Өвлийн цагт шөнийн түгээлт хийх" хэмээн хариулсан юм. Өмнө нь татан авалт, түгээлтийн ажилтнууд өдрийн цагаар ажилладаг байсан бол өвөл хөл хорионы үеэр тушаал шийдвэрийн дагуу шаардлагатай бэлтгэл ажлыг ханган, шөнийн түгээлт хийж эхэлжээ. Хүйтний улиралд шөнийн цагаар ажиллах нь ажилтнуудад хүндрэлтэй, ажлын хуваарилалтын хувьд ч нийт компанийнхны хувьд том сорилт болсон ч амжилттай шийдэж чадсан байна. Ажилчдын халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдлыг хангах чиглэлд жирийн үеэс хэд дахин илүү зардал гаргаж (маск, бээлий, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, D болон С витамин, халуун баригч аяга, ариутгалын бодис гэх мэт), улирал тутмын ариутгалыг сар бүр хийдэг болсноо дурдаж байлаа.

Tomyo edtech

Цар тахлын үед үсрэнгүй хөгжиж буй салбарын нэг бол яах аргагүй технологийн салбар билээ. Монголд төдийгүй дэлхий дахинд цахим сургалт, контентийн эрэлт ихсэж буй энэ үе нь технологи-боловсролын чиглэлийн бизнесүүдэд хэрэглэгчдийн хүрээгээ өргөжүүлэх таатай боломж болж байна. Ялангуяа хүний бөөгнөрөл үүсгэхээс татгалзаж буй нөхцөлд хаанаас ч, хүссэн үедээ, үр дүнтэй ажиллах чадвар нь тэдний том давуу тал болж байна. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд "TomYo"-гийнхон цагийн хуваарь, ажиллах зарчимдаа ямар нэг өөрчлөлт оруулалгүй, 100 хувь ажилдаа төвлөрч чаджээ.
"TomYo"-ийн хувьд технологийн шийдлээрээ залууст цахим орчинд хөгжилтэй байдлаар суралцах боломжийг бий болгохоор зорьдог боловсролын стартап компани юм. Тэд ахлах ангийн сурагчдад тулгардаг гол сорилт болох ЭЕШ-д үнэгүй бэлдэх боломжтой "Class" хэсгээ саяхан амжилттай нээсэн юм. Уг үйлчилгээгээрээ дамжуулан Монголын өнцөг булан бүрд суугаа сурагч хүүхдүүдэд цаг хугацаа, орон зай үл хамааран үеийн нөхөдтэйгээ өрсөлдөж, шалгалтдаа үр дүнтэй бэлдэнгээ, аппын зүгээс бэлдсэн сонирхолтой бэлгүүдийн эзэн болох боломжийг олгоод буй. Хөл хорионы үед эрүүл мэнд, спортын чиглэлийн хичээл, контентуудыг түлхүү оруулсан нь ч хэрэглэгчдийг олноор татах бас нэг шалтгаан болжээ. Тэд зөвхөн технологи, хөгжүүлэлтдээ анхаарахаас гадна, контентийн чанараа өндөр түвшинд барьж, өөрийн гэсэн чадварлаг продакшныг бүрдүүлсэн нь цаашид ч салбартаа тэргүүлэх ялгарал болох нь гарцаагүй.

Хаан банк

Дижитал шилжилтэд хэдийн бэлэн байсан гэж болох "ХААН Банк"-ны хамт олон цар тахлын үеэр харилцагчдын цахим хэрэглээг дэмжиж ажиллахад ихээхэн анхаарсан. Иймд гар утасны аппаа шинэчлэн танилцуулж, харилцагчид санхүүгээ хаанаас ч удирдахад дөхөм болгожээ. Тэд өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд зориулан шат дараатай хөрөнгө оруулалт хийсний дүнд өдгөө нийт гүйлгээний 98 хувь нь цахимаар хийгддэг болжээ.
Энэ онд 30 жилийн ойгоо тэмдэглэж буй тэд 6000 гаруй ажлын байраа бүрэн хадгалж, хөл хорио тогтоосон үед ажилтнуудынхаа цалинг тасалдуулалгүй байх үүднээс зарим ажилтнуудаа Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1917 лавлах утсанд түр шилжүүлэн ажиллуулах байдлаар зохицуулалт хийжээ. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хамгаалалтын цогц хэрэгсэлд одоогийн байдлаар хоёр тэрбум орчим төгрөгийг зарцуулаад буй. Үүгээр зогсохгүй хамт олныхоо сэтгэлзүйн эрүүл мэндэд зориулсан мэргэжлийн зөвлөгөө бүхий Live, подкастыг тогтмол хүргэж, “KB Academy” дотоодын цахим сургалтын платформоор сургалтууд зохион байгуулж байгаа аж. Багаараа зайнаас ажиллаж буй тул хамт олонч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор "URAM" хэмээх аппыг хэрэглээндээ нэвтрүүлсэн нь тун оновчтой шийдэл болжээ.
"ХААН Банк" нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, цар тахалтай тэмцэх үйлсэд зориулан Улсын онцгой комисст 100 сая төгрөг хандивласнаас гадна орон нутаг дахь салбаруудаараа дамжуулан тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс тус бүрд нэг сая төгрөг, нийт 124 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн хатуу хөл хорионы үеэр орон даяарх 30 мянга гаруй төлбөрийн картыг үнэ төлбөргүй хүргүүлсний 50-иас илүү хувь нь тэтгэврийн болон халамжийн харилцагчид байв. “ХААН Банк Сан”-гаас энэ онд “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан сувилагч, асрагч нарын дунд хэрэгжүүлж, 120 оролцогчийг өөрийгөө хөгжүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулж буй. Энэ мэтчилэн "ХААН Банк Сан" нь өнөөдрийг хүртэл хоёр гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт зориулсан билээ. Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад сүүлийн 20 жилийн турш тэргүүлэгчдийн эгнээнд нэрлэгдэж ирсэн тэд сүүлийн дөрвөн жил дарааллан эхний дөрөвт эрэмбэлэгдсэн юм.

GS25

20 дахь жилдээ шинэчлэгдэн зарлагдсан Монгол Улсын ТОП 100 ААН-ийн жагсаалтад дээгүүр байр эзэлсэн "Шунхлай" групп хэрэглэгчдэдээ технологид суурилсан оновчтой шийдэл, зөв бүтээгдэхүүнийг хүргэх зорилгоор "Дижитал Концепт" компанийг үүсгэн байгуулсан нь саяхан. "Шунхлай" группийн отгон охин компаниар нэрлэгдээд буй тус компани БНСУ-ын "GS25" франчайз дэлгүүрийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд оруулж ирэн, энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр албан ёсоор нээснээс хойш өнөөдрийн байдлаар 10 салбар дэлгүүртэй болж өргөжөөд байна.
2021 ондоо багтаан 50 салбар дэлгүүр нээх зорилт тавьсан тус хамт олон зөвхөн одоо нээгдээд буй салбарууддаа гэхэд 300 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд цаашид салбарын тоо нэмэгдэх тусам ажлын байр ч дагаад өсөхийг онцолж байлаа. Цар тахлын үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч цалингаа тогтмол тавихын дээр, энэ тал дээр өрсөлдөхүйц байхыг эрмэлзэн гүйцэтгэлийн урамшуулал тооцон олгож байгаа ажээ. Тэд өдгөө дэлгүүрээ хөгжүүлэх, таниулах ажлаас гадна мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чандлан сахиж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад анхаарч буй.

Монос хүнс

"Монос хүнс" ХК-ийн хувьд эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн, тэр тусмаа цар тахлын үед өндөр ач холбогдол бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул үйл ажиллагаагаа доголдолгүй явуулах нь тун чухал. Тэд цар тахлын энэ үед эрсдэлд суурилсан арга барилаар, хэвийн ажиллагаагаа хангахын тулд "Эрсдлийн баг" байгуулан ажиллаж байгаа гэнэ.
"Монос хүнс" компанийн хувьд бүтээгдэхүүний үндсэн түүхий эдээ дотоодоосоо хангадаг ч, сав, баглаа боодол үйлдвэрлэлийн тал дээр хил, гааль дээрх ачаалал, тээврийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалан түүхий эд тасалдах, зардал өсөх зэрэг ихээхэн асуудлуудтай тулгарчээ. Иймд, бүтээгдэхүүний тасалдал үүсгэхгүйн тулд "ЭКОС" зөөлөн шүлтлэг усны нэг долоо хоногийн үйлдвэрлэлийг брэндийн логогүй тагтайгаар, "Энхжин" дархлаа сэргээх цай, уушги цэвэрлэх цайг шүүлтүүрийн гаднах блистергүйгээр үйлдвэрлэх гэх мэтчилэн асуудлыг тухай бүр шийдэж, аль болох уян хатан байдлаар ажиллаж буй. Энэ мэт олон бэрхшээлүүдтэй тулгарч байгаа ч бүтээгдэхүүнүүдийхээ чанарыг алдагдуулалгүй, стандарт шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж, түүгээр зогсохгүй ажлын байраа 30 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь талархууштай.
Эрүүл мэндийн компанийн хувьд үйлдвэр, оффис, агуулахын ариутгалыг долоо хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар хийлгэж, өдөр тутмын ариутгалыг өөрсдөө хариуцаж буй. Мөн нийт ажилтнуудаараа дархлаажуулалтын хоёр тун вакцинд бүрэн хамрагдаж, ажилтнуудаа PCR, яаралтай тохиолдолд түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна. Тус компаниас хамт олныхоо дархлааг дэмжих зорилгоор "Энхжин" уушги цэвэрлэх цай, Витамин С (500мг), хоолойн шүршлэг, амны хаалт зэрэг бүтээгдэхүүнээр тогтмол хангаж байгаа ажээ.

"Intelmind" групп: Shoppy.mn

Shoppy онлайн дэлгүүрийн толгой компани болох "Intelmind" групп халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж, бодлого төлөвлөлтөө хурдтай хийн, тухай бүрд нөхцөл байдлын таамаглалуудыг түргэн шуурхай хийж, магадлал бүрд тохирсон бизнесийн стратегийг гаргаж байсан нь цар тахлын үед ч бизнесээ өргөжүүлж, эрсдлийг боломж болгон ашиглах гол нөхцөл болсныг бид өмнөх нийтлэлдээ онцолсон.
Тэд цар тахлын энэ үед хүний нөөцөө танах бус эсрэгээрээ тэлэх бодлого баримтлан, үүнтэй холбоотойгоор маркетинг, хөгжүүлэлтийн бүхий л төсөл, кампанит ажлуудаа эрчимжүүлэн ажилласан нь тун сонирхолтой. Үр дүнд нь, 2021 он гарснаас хойш группийн хэмжээнд нийт ажилтныхаа тоог 54 хувиар нэмэгдүүлжээ. Үйл ажиллагааны хувьд, Shoppy.mn-ийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, автомашинтай хэрэглэгчдэд зориулсан авто сэлбэг худалдаа, үйлчилгээний буланг шинээр нэвтрүүлсэн байна. Үүнээс гадна, өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхийн загварын нүүр царай болсон томоохон тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэгтгэсэн “Shoppy LUX”-ээ амжилттай эхлүүлсэн нь 2020 оны сүүлчээр дотоодын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийн цахим борлуулалт 24 хувиар өсөхийн үндэс болсон юм. Тэд Төв Азийн крипто зах зээлд өрсөлдөхөөр 30 сая ам.долларын сангаар даатгагдсан, олон улсын стандарт бүхий крипто арилжааны "COINHUB" биржийг удахгүй нээхээр ажиллаж байгаа аж.

tok tok

Хөл хориотой холбоотой гэнэтийн шийдвэрүүд гарч, хүргэлтийн бүтээгдэхүүнийг хориглосон үед үйл ажиллагаагаа явуулах нь "Ток Ток"-ынхны хувьд алдагдалтай, бас эрсдэлтэй шийдвэр байв. Үүгээр үл барам, машины дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор ангилах шийдвэрийн улмаас хүргэлтийн ажилтнуудынх нь тал хувь нь ажиллах боломжгүй болсноор “хамгийн хурдан хүргэлт” гэдэг гол амлалт нь алдагдаж эхэлжээ. Улмаар тэд 50 дугуй хүргэлтэд нэмж гаргахаар шийдэн, оффисын ажилтнуудтайгаа нийлэн явган болон дугуйтай хүргэлт хийж асуудлаа хурдтай зохицуулж чадсан байна. Цаашлаад, хэрэглэгч бүтээгдэхүүндээ огт хүрэлцэхгүйгээр худалдан авалтаа хийх хүргэлтийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн юм. Бүтээгдэхүүнийг гараас гарт дамжуулахгүй, халдварын эрсдэлгүй уг үйлчилгээ нь амжилттай болсон бөгөөд үр дүнд нь, одоог хүртэл ямар ч хүргэлтийн ажилтан халдвар аваагүй хэвийн ажиллаж байгаа юм.
Удалгүй нөхцөл байдал бүр ч хүндэрч хоол хүргэлтийг ч хориглох шийдвэр гарсан билээ. Иймд тэд тун богино хугацаанд хоолыг орлох боломжтой хүнсний бүтээгдэхүүн, хоолны бэлдэцүүдийг бэлтгэн боловсруулдаг харилцагчидтай гэрээ хийн хүргэлт хийж эхэлжээ. Гэсэн ч нэмээд, хүргэлтийн үйлчилгээг бүрмөсөн хаах шийдвэр гарсан бөгөөд тэд ажилтнуудаа цалингүй хоцроож, үйл ажиллагаагаа тасалдуулахыг хүсээгүй тул апп дээрээ шинэ булан нэмж, цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь цахим бараа байв. Өөрөөр хэлбэл, "Ток Ток" апп огт гаралгүйгээр зөвхөн цахимаар бүх үйлчилгээ нь хийгдэх боломжтой сургалтын эрх, болон купонуудыг худалдаалж эхэлсэн нь оновчтой шийдвэр болов. Түүнчлэн, "Витамин" цэс үүсгэж, анхны тусламжийн хэрэгслүүд, төрөл бүрийн витамин, хүүхдийн амин дэмүүдийг захиалах боломжийг бүрдүүлсэн нь гэрээсээ гарах боломжгүй, өөрийгөө тусгаарласан олон хүмүүст тус дэм болсон нь хэрэглэгчдийн санал сэтгэгдлүүдээс харагдаж байжээ.
Асуудал бүрд шинэ гарц гаргалгааг эрэлхийлж, хурдтай хувьсаж чадсаны дүнд тэд цар тахлын хоёр жил орчмын хугацаанд нэг ч удаа цалингаа тасалдуулаагүй бөгөөд ажлын байраа олноор нэмэгдүүлж чадсан байна. Өдгөө "Ток Ток"-ийн хүргэлтийн ажилтны тоо энгийн үеэс хэд дахин өссөн ба үүнд ямар нэгэн өндөр шалгуур тавилгүй, хүссэн хүн бүр хүссэн цагтаа хүргэлтийн ажилтнаар ажиллах боломжтой байдаг нь түр хугацаанд ажил нь зогссон хүмүүст бодит гарц шийдэл болсон юм.


Сэтгэгдэл бичих (1)


Н Нямдорж 59.153.114.120
Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөрөөс өндөр амжилт хүсэе.Мөн түүнчлэн манай Монос хүнс Х.К-ны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг харилцагч байгууллага;үйлчлүүлэгч та бүхэндээ дараа дараагийн шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн дэвшилтэд нийлүүлэн гаргах үүргийг Монос хүнс Х.К-ний удирдлага;ажилчид хамтран хийсээр байх болно. Хүндэтгэсэн: Монос хүнс Х.К-ны Санхүүгийн албаны бэлтгэч Мөнхдалай овогтой Нямдорж 2021 оны 7-р сарын 01-ний өдөр