Хоол хүнс бол хүний анхдагч хэрэгцээ. Тийм ч учраас ажил, хичээлдээ шамдан завгүй яваа хэн бүхэнд гар утаснаасаа, байгаа газартаа, хүссэн хоол, хэрэгцээт бүтээгдэхүүнээ хүргүүлэн авах хэрэгцээ шаардлага их билээ. Тэгвэл Улаанбаатар хотын ресторан, үйлчилгээний газруудыг нэг дор нэгтгэн, хэрэглэгчийн хүссэн халуун хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хурдан шуурхай хүргэж өгөхөөс гадна бусад өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнийг ч давхар санал болгож буй Tok Tok-ийг өнөөдрийн дугаартаа танилцуулж байна. Эгэл үеийн байнгын хэрэглээ, тахлын үеийн үнэнч найз болсон Tok Tok-ийн арын фронтод ажил хэрхэн өрнөдөг бол?

Нэр: Tоk Тоk
Хаяг: "Алтай хотхон"-оос "Говь" ХК-ийн зам дагуу, Үйлдвэрийн гудамжны 17062
Чиглэл: Хоол, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: "Таван богд групп"
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Холбоосууд: Tok Tok (Вэб), Tok Tok (Фэйсбүүк) Тok Mok aпп (PlayStore, AppStore)

Гүйцэтгэх захирал Ч.Долгорсүрэн

сэдэл

"Таван богд групп" маань "KFC", "Pizza Hut", "Little Sheep" зэрэг олон улсын томоохон франчайз брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр дотоодын зах зээлд нутагшуулан, улмаар үйлчилгээний салбарын стандартыг тогтоох, хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч ирсэн. Франчайз бизнес хөгжүүлэхийн хамгийн ашигтай тал нь салбарынхаа ирээдүйн чиг хандлага, олон улсад яригдаж буй мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломж юм. "Tok Tok" төслийг санаачлан, эхлүүлэх болсон нь үүнээс улбаатай. Бид олон улсын үйлчилгээний бизнесийн чиг хандлага хүргэлттэй загварт шилжиж буйг ажаад, Монголдоо энэ төрлийн бизнесийг амжилттай хэрэгжүүлж, хэрэглэгчдэдээ хялбар шийдлийг хүргэхийг зорьсон юм. Иймд, 2017 оноос эхлэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг цаашид интернэт суурьтай, биет болон онлайн хэлбэрийг хослуулсан байдлаар хөгжүүлэх арга замыг судлах болж, улмаар 2018 онд төслийн багаа бүрдүүлэн, аппын ажилдаа шамдан орж байлаа.

ялгарал

Бид анхнаасаа л шуурхай хүргэлтээр бусдаас ялгарахыг зорьсон. Хэрэглэгчид хоолыг халуунаар нь хүргэнэ гэдэг одоо ч бидний хамгийн чухал зорилго, хамгийн том сорилт. Гурван жилийн тасралтгүй хөгжүүлэлтийн дүнд бид анх эхэлж байхад гол асуудал болж байсан төлбөрийн суваг, замбараагүй хаягжилтыг тодорхой хэмжээнд шийдэж, зохицуулж сурлаа. Цар тахлын нөлөөгөөр хэрэглэгчид онлайн төлбөрийн шийдлийг ашиглаад бүр дадчихсан. Хаягжилтын тал дээр бид өнгөрсөн хугацаанд цуглуулсан дата мэдээллүүддээ боловсруулан, харьцангуй ойлгомжтой, цэгцтэй мэдээллийн санг бий болгоод байна. Боловсон хүчнээ сайтар бэлтгэж, хүргэлт бүр дээр анхаарч ажиллах боломжийг бүрдүүлж чадсан учраас өдгөө захиалга ирснээс хойш нэг цагийн дотор хүргэлт хийх үндсэн зорилготой ажиллаж байгаа.

Бид аппаа тасралтгүй сайжруулж хөгжүүлдэг. Одоогоор аппын 3.0 хувилбар орсон бөгөөд дараагийн хөгжүүлэлтийн ажил хэдийн эхэлсэн байх жишээтэй. Мэдээллийн технологийн суурьтай бизнес тул тогтмол шинэчилж, хэрэглэгчдээ хялбар, харилцагч байгууллагууддаа үнэ цэнтэй байдлаа хадгалах нь чухал. 2020 оныг хүртэл апп дээр маань зөвхөн хоолтой холбоотой 3-4 ангиллын бүтээгдэхүүн байршдаг байсан бол он гарсаар хувцас, гоо сайхан, электрон бараа, гэр ахуй, хүүхдийн бүтээгдэхүүн, бэлэг, цахим бараа, амьтны бүтээгдэхүүн гэх төрлүүд нэмэгдэж, хүнд хэрэгцээтэй бүхий л бүтээгдэхүүнийг багтаасан 15 ангилалтай болж өргөжөөд буй.



"Tok tok" гэж юу вэ?

Tok Tok бол нэг ч гал тогоогүй Монголын хамгийн том хоолны сүлжээ бүхий онлайн, хүргэлтийн платформ юм. Мөн та Тоk Tok-оос өөрт хэрэгтэй өдөр тутмын бараа бүтээгдэхүүнээ захиалан авах боломжтой.

нэр

Тоk Тоk гэдэг нь хаалганы тогшилтыг илэрхийлдэг. "Тоk Tok - Тогшилт бүр амттай" буюу бид баяр баясал, сайхан бүхнийг үүдэнд тань хүргэж өгнө гэх агуулгатай.

одоо

Сүүлийн нэг жил гаруй хугацаанд бид нөхцөл байдалдаа тохируулан маш хурдтай шийдвэр гаргаж, зохион байгуулалтад орж, өөрчлөлт хийж сурлаа. Цар тахлын энэ үед урьдчилан тааварлах боломжгүй хүчин зүйлс их гарч ирж байгаа учир үйл ажиллагаагаа тогтвортой авч явахын тулд үргэлж нөөц төлөвлөгөөтэй байх болсон нь нэг талаараа Tok Tok-ийн ирээдүйг улам ч тодорхой болгож өгөв үү хэмээн харж байна. Багагүй сорилт бэрхшээлийн дүнд сурч авсан хамт олныхоо энэ хурд, уян хатан байдал, дасан зохицох чадварыг байгууллагын соёлдоо бүрэн шингээхэд анхаарна. Одоо дараагийн төслийнхөө ажилд орчихсон явж байна. Одоогоор манай үйлчилгээнд 250 гаруй ресторан, 400 гаруй харилцагч нэгдээд байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоо хэдийн 400 мянга давсан. Үүний 100 мянга гаруй нь тогтмол ашигладаг хэрэглэгчид.



баг

Бид одоогоор 136 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ихэнх нь хүргэлтийн ажилтнууд бол сүүлийн үед борлуулалтын алба маань мөн мэдэгдэхүйц тэлсэн. Хэрэглэгч болон харилцагч рестораныг холбох гол ажлыг хийдэг хүргэлтийн ажилтнуудтайгаа бид үндсэн болон гэрээт хэлбэрээр хамтран ажилладаг. Үндсэн хүргэлтийн ажилтнууд маань бүтэн цагаар хүргэлтээ хийдэг бол гэрээт ажилтнууд өөрийн цаг заваар ажиллаж орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Үүгээр бид Монголдоо цагийн ажлын соёлыг төлөвшүүлэх, хүн бүрд хөдөлмөр эрхлэх боломж олгохыг зорьж байгаа юм. Ялангуяа зуны улиралд ганцхан машин гэхгүй унадаг дугуй, мопедоор хүргэлт хийх боломжтой байдаг нь оюутан залууст тун амар байдаг гэсэн.

ирээдүй

Бид өнгөрсөн хугацаанд хурааж хуримтлуулсан туршлагадаа үндэслэн цаашид брэндээ хоёр салаалж, тус бүрийг нь бие даасан байдлаар өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна. Хоол хүнс суурьтай одоогийн үндсэн үйлчилгээгээ "Tok Tok Delivery" болгох бол, хүнд хэрэгцээт бүх төрлийн бүтээгдэхүүнүүд бүхий "Tok Tok Mall" хэмээх онлайн их дэлгүүрийг байгуулахаар ажиллаж байгаа. "Tok Tok Mall" мөн л түргэн хүргэлтээрээ ялгарах бөгөөд юуг ч 5-24 цагийн дотор хүргэх амлалт өгөх болно.

эрсдэл

Мэдээж нэн түрүүнд авч үзэх ёстой эрсдэл бол хэрэглэгчийн сэтгэл ханамж. Бид хэчнээн хичээсэн ч явцын дунд төлөвлөх боломжгүй олон саад бэрхшээл гарч ирдэг л дээ. Жишээ нь, өвлийн улиралд зам түгжрэх, хэрэглэгч өөрөөсөө хол зайтай ресторанаас хоол захиалах, хүргэлт хийх хаяг тодорхой биш эсвэл олоход хэцүү байрлалтай байх, хэдий оччихсон ч зогсоол олдохгүй байх, хүргэлтийн явцад шөлтэй хоолны битүүмжлэл алдагдах гээд олон асуудал бий. Мөн гагц хүргэлтийн хурд гэлтгүй, хоолны амт чанар нь алдагдах, сав баглаа боодол хангалтгүй, захиалгын ачааллаа буруу тооцоолох гэх мэт хүчин зүйлс хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бууруулахад жинтэй нөлөө үзүүлдэг.

Сүүлийн үед тохиолдсон хамгийн том эрсдэл гэвэл, хөл хориотой холбогдон гарсан томоохон өөрчлөлт, гэнэтийн шийдвэрүүдэд уян хатан байж, хүргэлтийн стандартаа алдалгүй хадгалах явдал байсан. Гэхдээ энэ бүхнийг үл хамааран хэрэглэгч хоолоо халуунаар нь идэх гээд цаг харан биднийг хүлээж байгаа шүү дээ. Тиймээс захиалагчийн сэтгэл ханамжийг бодолцож, харилцагч, хэрэглэгчдийнхээ итгэлийг даасан, найдвартай гүүр байх л бидний гол хариуцлага, үйл ажиллагааны маань үнэ цэн.

Апп татах:

- PlayStore
- AppStore

Tok Tok