Бизнесийн зарчим, байгууллагын соёлоос хуваалцдаг “Онцлох бизнес” булангийн шинэ дугаарт ОУ-ын франчайз болох Dodo Pizza-г онцолж байна.  

Өдөрт дунджаар 1,000-1,500 хүн үйлчлүүлдэг энэхүү пиццаны газарт ярилцлагын цаг товлон очиход нээлттэй гал тогоо нь хамгийн их сонирхол татлаа. Ингээд төсөр үнэтэй, шинэхэн бас халуунаараа таны гарт хүрэх Dodo Pizza-ны үүсгэн байгуулагдсан санаа сэдэл, цаашдын зорилго зорилттой илүү ойроос танилцъя.   

Нэр: Dodo Pizza

Үйл ажиллагааны чиглэл: Түргэн хоолны сүлжээ

Монголд нээлтээ хийсэн: 2025 оны зургаадугаар сар

Сошиал хуудсууд: dodo-pizza.mn (website)



сэдэл

Санаа сэдэл гэвэл аль 2015 оноос эхтэй. Энэ бизнесийг надтай хамт эхлүүлсэн киргиз нөхөр бий. Бид нэгэн хөтөлбөрийн шугамаар танилцсан бөгөөд надад өөрийн пиццаны бизнесийг танилцуулан сүүлдээ бидний яриа Dodo Pizza-ны франчайз эрхийг авч, хамтдаа Монголд үйл ажиллагаа эхлүүлэх рүү чиглэсэн юм. Мань эрийн пиццаны газар тухайн үед ганцхан салбартай байсан бол одоо 15 салбартай болж, үйл ажиллагаагаа тэлсэн. Тэгэхээр түүний бизнесийн туршлага ч бас Монголд энэ бизнесийг нутагшуулахад хувь нэмэр оруулсан гэж харж байгаа. Франчайз салбар нээхийн нэг том давуу тал нь тухайн бизнес аль хэдийн алдаа оноогоо дүгнээд дүрэм, стандартаа тогтоочихсон байдаг болохоор бид 0-ээс биш туршлагаас эхэлнэ гэсэн үг.

Өнгөрсөн жил бид мастер франчайз эрхээ авч, салбараа нээх газраа сонгох, түүхий эд татан авалтын төлөвлөгөө гаргах, хүний нөөцөө бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажлаа хангаж байгаад өнгөрсөн зургаадугаар сард албан ёсоор нээлтээ хийгээд ажиллаж байна.


Хувьцаа эзэмшигч М.Сайнтулга

ялгарал

Дулаан уур амьсгал: Гэр бүлээрээ хамтдаа хооллож, цагийг өнгөрөөх боломжтой халуун дулаан орчныг бүрдүүлэхийг зорьдог. Тиймдээ ч Dodo Pizza-ний бүх франчайз салбар согтууруулах ундаа худалдаалахаас татгалздаг.

Нээлттэй: Манай вэбсайтаар зочилбол салбар бүрийн борлуулалтыг харах боломжтой. Мөн таны захиалсан пицца бэлтгэгдэж буй явцыг танд өгсөн гал тогооны камер луу хандах эрхийн тусламжтайгаар харж болно. Салбарт ирж үйлчлүүлэхэд ч мөн адил гал тогоо заалнаас шилэн цонхоор тусгаарлагдсан байдаг тул хоол бэлтгэлийн үйл явц хүн бүрд нээлттэй харагдана.

Ээлтэй орц бүтээгдэхүүн: Гэр бүл, хүүхдүүдийн эрүүл мэндэд ээлтэй байх үүднээс бүтээгдэхүүнд орж буй орц найрлагууд нөөцлөгч бодисгүй, удаан хадгалахад тохиромжгүй байдаг. Иймд бид органик буюу амархан мууддаг, богино хугацаанд хэрэглэвэл зохимжтой бүтээгдэхүүн ашиглаж, “жинхэнэ хоол”-ыг үйлчлүүлэгчдэд санал болгодог.



dodo pizza гэж юу вэ?

Dodo Pizza брэнд анх 2011 онд бий болсон. Өдгөө 27 оронд 1,300 орчим салбартай. Өмнө дурдсанчлан амт чанар, тоног төхөрөмж, үйлчилгээ гээд бүхий л талаар чанарын стандартыг мөрддөг тул аль ч орны ямар ч салбарт ижил амттай байдаг.

Одоогийн байдлаар нэг салбартай ч хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн байгаа. Гэхдээ орц найрлагын хадгалалтын горим, бүтээгдэхүүний шинэ, чанартай байдлыг хангах үүднээс нэг цагийн дотор тухайн пицца захиалагчийн гарт очсон байх шаардлагатай. Иймд манай хүргэлт салбараас хааш хаашаа хоёр км зайг хамарч хийгддэг.

Анзаараад байхад хүмүүс CU, GS25 орж хоол иддэг байсан бол манайхаар илүү үйлчлүүлдэг болсон байна. Учир нь үнэ боломжийн, хурдан үйлчилгээтэй, цэвэрхэн. Үйлчлүүлэгчид орж ирээд гайхширсан сэтгэл хөдлөл үзүүлэх нь их. “Тун боломжийн үнэтэй, пицца гарахдаа ч түргэн юм байна” гэх мэт яриа үйлчлүүлэгчдээс сонсогддог. Мөн хүмүүс манай түргэн хүргэлтийг нааштай хүлээн авч байна. Үүн дээр нэмээд чийзкейк, салат, кофе гэх мэт десертүүдэд хүмүүс их дуртай байдаг. Мартсанаас, манайх кофе шоп, пиццаны газрыг хослуулсан үйлчилгээтэй гэдгээрээ онцлог.

Dodo Pizza дэлхий даяар олон салбартай учраас нийлүүлэгч газрууд маань боломжит хамгийн төсөр үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг нь пиццагаа боломжийн үнээр худалдаалах боломжийг олгодог. Манайх ногоо, гурил, махан бүтээгдэхүүнийг шинээр нь хэрэглэх үүднээс бүгдийг нь Монголоос авахыг хичээдэг. Харин манай брэндийн онцлогийг шингээсэн, орлуулах боломжгүй десерт, бяслаг, соусны материалыг Оросоос авчирдаг.


Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Аззаяа

нэр

Маврикийн арал дээр 1600-аад оны үед устаж үгүй болсон, том биетэй ч жижигхэн далавчтай, нисдэггүй шувуу байж гэнэ. Тэрээр тун итгэмтгий амьтан бөгөөд нэрийг нь Dodo гэдэг байжээ. Манай брэнд ч мөн адил итгэлцэл дээр тогтдог гэдэг утга санааг илэрхийлэх зорилгоор энэ нэрийг сонгож, өгсөн юм билээ.

одоо

Одоогоор манайд 20 нэр төрлийн пицца, найман төрлийн зууш, нэмэлтээр наггетс болон шарсан төмс гарч байна. Мөн өдөр бүр шинэ салат, таван төрлийн зүссэн пицца гардаг тул үйлчлүүлэгч орж ирээд зүсэж бэлдсэн пиццанаас сонголтоо хийх боломжтой. Хүргэлтийн үйлчилгээний тал дээр нэмж хэлэхэд, үйлчлүүлэгчид 60 минутын дотор захиалга нь очиж амжаагүй тохиолдолд дараагийн удаа үнэгүй пицца авах эрхийн бичиг өгдөг.

Түүнчлэн, хүнсний аюулгүй байдлын стандартыг хичээнгүйлэн мөрдөн ажиллаж байна. Үйлчлүүлэгч хордлого болохоос авахуулаад үүсэх боломжтой эрсдлүүдээс сайтар сэргийлдэг. Мөн хэрчиж бэлдсэн хүнсээ 12 цагийн дотор ашиглах ёстой, аль хэдийн бэлдчихсэн байсан ч 12 цаг өнгөрчихсөн бол тухайн хүнсийг бүтээгдэхүүндээ ашигладаггүй. Зүсэм пицца ч мөн хүргэлтийн адил 60 минутаас хэтэрсэн тохиолдолд борлуулахаас татгалздаг.



баг

Удирдлагын багт зургаа, гал тогоо, касс, хүргэлтийн хэсэг гээд үндсэн салбар дээр нийт 20 хүн ажиллаж байна.



ирээдүй

Бидний алсын хараа бол үндэсний хоол үйлдвэрлэлийн зах зээлд итгэлцэл дээр суурилсан үйлчилгээний чанарын шинэ стандарт тогтоох. Бидний одоо хэрэгжүүлж байгаа бүх зүйлээ нээлттэй байлгадаг консепц нь нэг талаар үйлчлүүлэгчийн итгэлийг олох, нөгөөтээгүүр орчны уур амьсгалыг дулаан, найдвартай мэдрэмж төрүүлэхүйц болгодгоороо онцлогтой. Тэгээд мэдээж франчайз бизнес учраас олон салбар нээж, үйлчлүүлэгчидтэйгээ илүү ойртохыг зорьж байна.



эрсдэл

Энэ салбарын зах зээл их өрсөлдөөнтэй. Бидний хувьд Таван Богд, М-Си-Эс зэрэгтэй харьцуулахуйц том групп биш, дөнгөж шинээр бий болж буй гарааны бизнес. Зөвхөн Монголд гэлтгүй аль ч улсад гарааны бизнес эхлүүлэхэд эхний таван жилдээ 90-ээс дээш хувь нь дампуурч, үйл ажиллагаагаа зогсооход хүрдэг. Энэ нь мэдээж төрөл бүрийн шалтгаанаас үүдэж байгаа. Ихэнх гарааны бизнес нэг эсвэл хоёр хүнээс эхэлдэг. Харин тэрхүү цөөн тооны хүмүүст тухайн бизнесийг амжилттай явуулахад хэрэгцээтэй бүх ур чадвар бэлэн байхгүй шүү дээ. Зөвхөн үйлчилгээ, бүтээгдэхүүний мэргэжилтэн бус хуульч, санхүүгийн мэргэжилтэн, төслийн менежер зэрэг олон төрлийн мэргэжилтэн удирдлагын багт нь бүрдсэн байх шаардлагатай. Энэ бүхнийг эзэмшиж, өөриймшүүлэхэд маш урт зам туулж, том шалгууруудыг давах болно.

Бидний хувьд ойрын хугацаанд сайн мэргэжилтэн буюу итгэлцэл дээр суурилан хамтран ажиллах бололцоотой хүмүүсээр багаа бүрдүүлэх нь хамгийн чухал байна. Энэ багийг бүрдүүлж чадахгүй бол хэчнээн хүсээд бизнес цааш цэцэглэн хөгжихөд хэцүү. Зөвхөн удирдлагын албаныхан бус дэлгүүрт ажиллаж буй бусад ажилтдаас ч бүрдсэн, нийтээрээ нэг зорилгын төлөө хамтарч ажиллах багийг бүрдүүлэхээр зорьж байгаагаа дурдах нь зүйтэй болов уу.

Ажилд орох анкет илгээх