Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг дангаар бэлтгэн нийлүүлдэг. 2025 оны эхний хагас жилд гэхэд самнасан ноолуурын үйлдвэрлэл 441 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 56.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Хэдийгээр манай улсын нийт экспортын 95 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг ч үүний дараа орох, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн бол яах аргагүй ноос, ноолуур, арьс шир байдаг.

Тэгвэл энэ салбарт хүчин зүтгэж буй үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох Гоёл Кашмер ХХК онцлох бизнес булангийн ээлжит дугаарт оролцож, дөрвөн ажилтантай эхэлж байсан бизнес хэрхэн 200 гаруй ажилтантай томоохон компани болон өргөжсөн түүхээсээ хуваалцсаныг энэ удаагийн нийтлэлээр хүргэе. 

Нэр: Гоёл кашмер
Үйл ажиллагааны чиглэл: Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
Үүсгэн байгуулагдсан: 2005 он
Үүсгэн байгуулагч: Б.Ариунаа
Сошиал хуудсууд: GOYOL Cashmere (Фэйсбүүк) | goyolcashmere.mn (Инстаграм)


Гоёл кашмер гэж юу вэ?

Бид зуун хувийн ноолуур, торгон ноолуур, сарлагийн хөөвөр болон бусад материалаар жилд 300 мянга гаруй сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, нэг тэрбум гаруй төгрөгийн татварыг улсад төвлөрүүлдэг, 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч, экспортлогч компани юм.



Сэдэл

Би бага байхдаа ээжийнхээ хувцсыг хайчилж, шинэ хувцас хийх дуртай хүүхэд байлаа. Наймдугаар ангиа төгсөөд Говь ХК-д ажилд орсон маань энэ салбарт эргэлт буцалтгүй орох эхлэл болсон байдаг. 20 гаруй дамжлагатай үйлдвэрлэлийн үйл явцаас суралцаж, найман жилийн турш тус компанидаа оёдолчноос эхлээд ахлах болтлоо ажилласан. Говь ХК-д ажиллах хугацаанд ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл надад ихэд таалагдсан тул 2003 оноос өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж, 2005 онд дөрвөн ажилтантайгаар Гоёл кашмерыг үүсгэн байгуулсан түүхтэй.


Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Ариунаа

Ялгарал

Манай зах зээлд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй нийт 200 гаруй компани бий. Тэдгээрээс бид хэрэглэгч нэг бүрийн биеийн галбир, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнийг хамгийн түргэн хугацаанд, туршлага, ур чадвараа шингээн үйлдвэрлэдгээрээ ялгардаг болов уу гэж боддог. Энэ нь бидний үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд баримталж ирсэн ялгарал. Бидэнтэй ижил үйл ажиллагаа явуулдаг зарим газарт захиалга өгөхөд ойролцоогоор сарын дараа бүтээгдэхүүнээ гар дээрээ авдаг бол Гоёл кашмерийн хэрэглэгчид долоо хоногийн дотор захиалгаа авах боломжтой. Мөн бид тухайн хүний хувцаслах хэв маяг, стиль имижид тохируулан төрөл бүрийн чимэглэл, гар урлал шингээдгээрээ онцлогтой.



Үйлдвэрийн хүчин чадал маань өргөжиж, масс үйлдвэрлэл хийж чадахуйц хэмжээнд хүрсэн ч бид дотоодын хэрэглэгчдэдээ санал болгодог энэ ялгарлаа хэвээр хадгалж, харин ч санал болгох загварын шийдэл, материалын сонголтоо өргөжүүлэх боломжтой болж байгаа. Гадаад харилцагч нарынхаа загвар дээр ч өөрсдийн туршлага дээр үндэслэн янз бүрийн шийдэл санал болгоход маш дуртай хүлээж авч, бидэнтэй ажиллахад урамтай байдгаа илэрхийлсээр байдаг.


Зөвхөн танд зориулж, цор ганцыг үйлдвэрлэнэ

Нэр

Би өөрөө чамин тансаг, гоо үзэсгэлэнтэй, гялалздаг зүйлд дуртай хүн. Тийм болохоор ертөнцийн гоо сайхан болох эмэгтэй хүний гоёлыг урлана гээд Гоёл нэрээ өгч байсан. Мөн анх нэр бодож байхад “Говь”, “Гоёо” зэрэг томоохон үйлдвэрүүд хэдийн хүмүүст танил болсон байсан болохоор тэр хэмжээний үйлдвэрүүдтэй эн зэрэгцэхүйц компани болохыг бэлгэшээгээд Г үсгээр эхэлсэн нэр байвал зүгээр гэж бодсон. Харин одоо манайхыг “Говь”,“Гоёо”-той их андуурдаг.


Одоо

Өмнө дурдсанчлан, анх бид хувь захиалгад төвлөрөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо дотооддоо орон даяар 10 орчим дэлгүүр, Ази, Европ, Америк тив дамнасан 10 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үйлдвэрлэгч болсон.

Түүнчлэн зөвхөн сүлжмэлээс гадна нэхмэл, оёмол, ширмэл бүтээгдэхүүнээр нэр төрлөө нэмж, дэлхийн хэрэглэгчдийн хүсэл сонирхол, загварын чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүн урлаж байна. Цаашид гадаадын зах зээлд үйлдвэрлэгчээс дараагийн шат руу ахих буюу өөрсдийн брэнд нэрээ таниулж, гадаадаас Монголдоо орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэхээр зорьж буй.

Мөн бүтээгдэхүүн нэг бүрийн гарал үүсэл, шат дамжлага, үйлдвэрлэлийн үйл явцаас байгаль орчинд үзүүлж буй нөлөө зэрэг мэдээллийг хүргэх “Дижитал пасспорт”, бизнесийн бүх үйл явцыг цогцоор нь цахимжуулах ERP системийг нэвтрүүлэх ажил ид өрнөж байна.



Баг

Манай компани нийт 200 гаруй ажилтантай. Тэдний 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бид “Аз жаргалтай ажилтан амжилт бүтээлийн эхлэл” гэж үздэг болохоор ажилтнууддаа аль болох бүтээмжтэй, сэтгэл амар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үйлдвэрийнхээ дэргэд 85 айлын орон сууц, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг байгуулсан. Мөн тус цэцэрлэг нь Монголын анхны спа үйлчилгээтэй цэцэрлэг гэдгээрээ онцлогтой.



Ирээдүй

Бидний хамгийн түрүүнд чухалчлан анхаарах ёстой зүйл бол монгол нүүдэлчин ахуйг хадгалж, малчдын амьдралын чанарыг сайжруулах явдал юм. Нүүдэлчин амьдралын хэв маяг нь өөрөө байгальтайгаа дасан зохицсон; хүн, байгаль, мал амьтанд ямар нэг хор хөнөөлгүй байдаг. Ийм амьдралын хэв маягаас гарч буй бүтээгдэхүүнээр бизнес хийж, олон хүний амьжиргааг залгуулж байгаадаа бид маш бахархалтай байдаг. Иймд монгол ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг дэлхийн зах зээлд өндөрт өргөж, түүнээс олох ашиг орлогыг энэ салбарын нийлүүлэлтийн гинжин хэлхээн дунд буй олон мянган хүнд тэгш хуваарилж, тэдний амьжиргааг дэмжсээр байх нь бидний үндсэн зорилго, алсын хараа юм.



Эрсдэл

Аливаа компанийн ашигт үйл ажиллагаа менежмент, удирдлагаас шалтгаалах нь үнэн боловч нөгөөтээгүүр, улс төр, эдийн засгийн тогтвортой байдал чухал нөлөөтэй. Төрөөс гаргасан шийдвэр ойр ойрхон өөрчлөгдөх, валютын ханш савлах зэрэг нь бидэнд хамгийн том эрсдэл болдог.

Жишээ нь, 2020 онд бид үйлдвэрийн барилга, орон сууц барих төсөлдөө АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (U.S. International Development Finance Corporation)-с доллароор хөрөнгө оруулалт амжилттай татаж байсан.

Тухайн үед долларын ханш 2,800₮ байсан бол өнөөдөр 3,600₮ давчихсан байна. Үүнээс болоод бид хүү, ханшийн зөрүүнд 400-500 сая төгрөгийг жил бүр төлж байна.

Хэдий юмс байнга дардан байхгүй ч бас бүтэмжтэй зүйлсийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүүгийн татаастай зээл олгож буй нь бидэнд том дэмжлэг болсон. Өөрөөр хэлбэл, ид ноолуур гарах үеэр санхүүжилттэй байснаар үйлдвэр материалаар хангагдаж, үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэхэд хувь нэмэр болж байгаа хэрэг л дээ.