Мөнгөний тухай ойлголт асар хурдтай өөрчлөгдөж, хөрөнгийн зах зээл хувьцаа, үнэт цаасаар хязгаарлагдахаа больсон өнөө үед мэдээ мэдээллээс хоцрохгүй байх хэрэгцээ хэн бүхэнд тулгарч байна. Гэвч ойлгоход хүндрэлтэй мэргэжлийн үг хэллэг, тоо, хүснэгтээр дүүрэн эдийн засаг, санхүүгийн салбарын мэдээллийг тайлж уншина, өөрт хэрэгтэйгээ хайж олно гэдэг бодохоос халгам бэрх ажил мэт. Тэгвэл энэ удаа бид аль ч салбарын, ямар ч мэргэжилтэй хүнд бизнес, хөрөнгө оруулалтын тухай мэдээ мэдээллийг хамгийн хялбар, ойлгомжтойгоор тогтмол хүргэдэг "Lemon Press" цахим товхимлыг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний бэлтгэдэг бүтээлч контентуудаар дамжуулан та санхүүтэй холбоотой бүхий л хэрэгцээт мэдээллээ нэг дороос авч, ирээдүйд үнэ цэнээ өгөх ухаалаг шийдвэрийг гаргах боломжтой. 

Нэр: Lemon Press
Хаяг: "Аюуд цамхаг"-ийн 16-р давхарт
Чиглэл: Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес технологийн мэдээ мэдээллийн медиа компани
Үүсгэн байгуулагч: Ц.Анхбаяр, Э.Золбаяр
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны есдүгээр сар
Холбоосууд: lemonpress.mn (Вэб), Lemon Press (Фэйсбүүк) @lemonpress.mn (Инстаграм), @LEMONPRESSinc (Твиттер)


Үүсгэн байгуулагч: Ц.Анхбаяр, Э.Золбаяр


сэдэл

Ц.Анхбаяр: Золоо бид хоёр МУИС-ийн нэг элсэлтийнхэн. Би бизнесээр, харин Золоо эдийн засгаар суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарч, практик ойлголттой болон, тодорхой туршлага хуримтлуулсны дараагаас бизнес, санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлыг илүү бодитоор харах болсон. Өөрөөр хэлбэл, олон нийтийн санхүүгийн боловсрол тун хангалтгүй байгаа нь эрхгүй мэдрэгддэг болсон юм. Хамтран ажиллагсад, эргэн тойрныхон маань зээлээс зээлийн хооронд амьдарч, цалингаа дуустал нь үрж, төрөл бүрийн интернэт дэлгүүр, финтек апп ашиглан нэг шоколадыг ч хувааж төлөх нөхцөлтэй зээлээр авдаг болсон нь энэ чиглэлд ямар нэг зүйл хийх ёстойг мэдрүүлж байлаа. Яг энэ үедээ танин мэдэхүй, технологи, санхүү, бизнес, урлаг, спортын чиглэлээр бичдэг "Remo Daily" өдөр тутмын и-мэйл товхимлын тухай мэдээд, хамтран ажиллаж эхэлсэн. Тэгэхэд Золоотой ахин таарч, адил чиглэлийг сонирхон судалж буйгаа мэдэлцсэн нь Lemon Press-ийн эхлэл болсон доо.

Э.Золбаяр: Миний хувьд оюутан байхаасаа л олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлийг сонирхон судалж ирсэн. Уг сонирхлоороо оюутны клуб нээж, төрөл бүрийн үйл ажиллагаа санаачлан, төгссөнийхөө дараа ч бүтэн цагийн ажлынхаа хажуугаар блог хөтөлдөг байлаа. Хэдийгээр мэргэжлээрээ буюу судалгаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг байсан ч санхүүгийн боловсрол нь нийгмийн томоохон асуудал болж байна гэдгийг сайтар ойлгосон тул "Remo Daily" товхимолд сайн дураараа нэгдэн, ажлынхаа хажуугаар эдийн засгийн буланг нь бичиж эхэлсэн. Ингээд Анхаатай ахин таарч, хэд хэдэн удаагийн уулзалт хийсний дүнд "Lemon Press"-ийнхээ ажилд шаргуу орсон доо. Анхны уулзалтаас хойш ердөө сар гаруйхны дотор эхнийхээ дугаараа бэлтгэн, анхны хэрэглэгчдэдээ товхимлоо илгээж байсан.


ялгарал

Э.Золбаяр: Юуны өмнө бид бизнес, түүн дотроо санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнан контентоо бүтээдэг. Мэдээллийн хүрээгээ ийн төрөлжүүлэн нарийсгаснаар хэрэглэгчдэдээ илүү тодорхой хүлээлт үүсгэж, брэндээ зөвөөр хоногшуулах боломжтой болж буй. Одоогоор Монголд төрөлжсөн нэг чиглэлд дагнан контент бэлтгэдэг медиа компани тун ховор байгаа ч сайн жишиг тогтоож чадвал хурдацтай хөгжих боломжтой гэж хардаг. Үүний тулд бид долоо хоногт хоёр удаа гаргадаг товхимлынхоо дугаар бүрийг маш ёс зүйтэй, чанартай, сонирхолтой байлгахад онцгой анхаардаг. Гаднын эх сурвалжаас нэг зураг, нэг өгүүлбэр авсан ч байнга эх сурвалжаа дурдаж, оюуны өмчийг хүндэлдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, та манай товхимлоос ямар нэг шар мэдээ, худал мэдээлэл, аль нэг талыг илт сурталчилсан тэнцвэргүй мэдээ уншихгүй гэдэгтээ итгэж болно.

Ц.Анхбаяр: Санхүү, эдийн засгийн мэдээ мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хурдан, сонирхолтой хүргэхийн тулд бид олон талыг анхаарч үздэг. Бичиглэлийн хэв маягийг маш чөлөөтэй, хөгжилтэй болгож, олон хуудастай санхүүгийн тайлангаас чухал хэрэгтэй тоонуудыг ялган авч, ойлгомжтой графикт хөрвүүлэн, түүнд тохирсон загварыг шинээр боловсруулахаас эхлээд товхимлын нэг дугаарыг чамгүй хөдөлмөрөөр бүтээдэг. "Мөнгөө хуримтлуул, хадгаламж нээ, хөрөнгө оруул" гэдэг үгийг хэн ч хэлж чадна. Харин бид контентоороо дамжуулан ингэж дээрээс харж заахаас илүүтэй хажуунаас нь түшиж ойлгуулахыг хичээж байгаа юм. Үүний ачаар хүмүүс өмнө нь олон удаа сонсож байсан ч цаг гарган оролдож, судалж байгаагүй зүйлсээ ойлгож, сонирхож эхэлж байгаа нь бидэнд тун таатай байгаа. Үүнийг хийх ёстой гэж биш, хийх хэрэгтэй юм байна гэдэг талаас нь ойлгуулж, уншигчдадаа санхүүгийн боловсролыг түгээх нь бидний зорилго.

Товхимолтой танилцах:

Lemon Press - Хар алт ба 80 жил


Lemon press гэж юу вэ?

Э.Золбаяр: Бизнес, технологи, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийг сонирхон судалж буй хэн бүхэнд ухаалаг шийдвэр гаргахад нь туслах технологийн медиа стартап.

нэр 

Ц.Анхбаяр: Лимон (нимбэг) бол гашуун, исгэлэн хэр нь амин дэм ихтэй жимс. Үүнтэй адил хөрөнгийн зах зээл хангалттай сайн хөгжөөгүй байгаа энэ талбарт бидний бэлтгэж буй мэдээ мэдээлэл гашуун, исгэлэн байж болох ч үр өгөөжөө өгсөөр байх болно гэдэг утгыг илэрхийлэхээр энэ нэрийг өгсөн. Медиа компани гэдгээ тодотгохын тулд пресс хэмээн залгасан. Мөн зарим тохиолдолд чанаргүй хөрөнгө оруулалтыг "Лимон хөрөнгө оруулалт" гэж нэрлэх нь ч байдаг. Пресс гэх үгийг нэмж өгснөөр чанаргүй хөрөнгө оруулалтаас ч чанартай сургамж авч болно гэсэн санаа. Энэ мэтээр тал талын утгыг илэрхийлж чадах нэр шиг санагддаг.

одоо

Ц.Анхбаяр: Одоогоор бид 17 мянга орчим бүртгэлтэй хэрэглэгчдэдээ цахим товхимлоо имэйлээр хүргэж буй. Энэ жилдээ багтаан нийт уншигчдын тоогоо 50 мянгад хүргэх зорилго тавин ажиллаж байна. Үүний тулд бид саяхныг хүртэл зөвхөн шинэ хэрэглэгч бүртгэхэд л ашигладаг байсан вэбсайтаа улам сайжруулахаар төлөвлөн, хөгжүүлэлтийн ажилдаа орсон. Ингэснээр цахим товхимол маань цаашид давхар вэб суурьтай уншигчдад хүрэх юм. Улмаар "Apple News", "Google News", "UB info" зэрэг дотоод, гадаадын томоохон мэдээллийн платформуудтай интеграци хийж, мэдээллээ илүү хүртээмжтэй болгох төлөвлөгөөтэй.


баг 

Э.Золбаяр: Одоогоор бид нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Шинэлэг салбарт, залуу хамт олонтой ажиллаж байгаа учраас бүх ажилтнаа нэг зүгт харуулахын тулд эрхэм зорилго, үнэт зүйлээ байнга сануулж, ойлгуулах хэрэгтэй болдог. Тэр нь бидний хувьд олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах. Мэдээж ганц медиа компани хөрөнгийн зах зээлийг хөгжүүлчихгүй. Гэхдээ хөгжих нь тодорхой энэ салбарын нэгэн хурдасгуур нь бид байх болно гэсэн санаа.

Ц.Анхбаяр: Бид ажиллах үндсэн зарчмаа олон улсын стандартад нийцсэн контент бүтээх, байнга шинийг эрэлхийлж, суралцах сэтгэхүйтэй байх, үйл ажиллагаагаа ил тод явуулах, бие даасан, хараат бус байдлаар ажиллах гэж тодорхойлсон. Эдгээр зарчимдаа тулгуурлан компанийн соёлоо бий болгохоор ажилладаг. Завшааныг ашиглан хэлэхэд, бид одоо багтаа график дизайнер хайж байгаа шүү (инээв).

ирээдүй

Ц.Анхбаяр: Хөрөнгийн зах зээл, хувьцаа гэж ярихад л хамгийн түрүүнд "Lemon Press"-ийг боддог болтол ажиллана даа. Ерөөс бид нэг талаас хөрөнгө оруулалт, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгогч компани, нөгөө талаас хэрэглэгч, санхүүгийн зах зээл хоёрыг хамгийн үр ашигтайгаар холбох гүүр болохыг зорьж буй. Тийм ч учраас мэдээллийг хялбархнаар хүргэхийн тулд видео болон аудио гэх мэт контентийн хамгийн бүтээлч, эрэлттэй загваруудыг туршиж эхлээд байна.

Э.Золбаяр: Одоогоор хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллага хоёрын харилцаа үндсэн нэг зарчмаар явж байна гэхэд болно. Байгууллага шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлнэ, мэдээгээ бэлтгэнэ, бэлтгэсэн мэдээллээ сонгосон мэдээллийн платформд төлбөр төлж цацуулна. Уг нь хэвлэл мэдээллийн үндсэн үүрэг нь шинэ зүйлийг л мэдээлэх шүү дээ.

Харин бид эсрэгээрээ бизнесийн байгууллагууд манайд мэдээллээ нээлттэй явуулаасай гэж хүсдэг. Бид ямар ч үнэ төлбөргүйгээр мэдээллийг нь уншигчдадаа хүргэх болно. Хөрөнгө оруулалтын салбарт мэдээлэл бол хамгийн үнэтэй зүйл. Шинэ бүхнийг цаг алдалгүй хүргэхдээ бид хэзээд таатай байх болно.



эрсдэл

Ц.Анхбаяр: Дээр хэлсэнчлэн төрөлжсөн контентийн медиа компани Монголд тийм ч их байдаггүй болохоор хүмүүс манайхыг хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээний компанитай андуурах тохиолдол цөөнгүй гардаг. Хөрөнгө оруулалтын зөвлөх компани бол байгаа боломжуудыг үнэлж, үйлчлүүлэгчдээ ашигтай, ашиггүйгээр нь ялгаж, дүгнэж өгдөг. Харин бид таны өмнөөс ямар ч дүгнэлт хийхгүй, зөвхөн үнэн бодит мэдээг байгаагаар нь гэхдээ илүү бүтээлч, хялбархнаар хүргэх болно. Энэ ялгааг ойлгуулж, контентийн чанараа сайжруулан, зөв өнгө төрх, хэлбэрээ олох нь өдөр тутмын сорилт болдог.

Э.Золбаяр: Миний хувьд баг томрохын хэрээр багаа зөв удирдан зохион байгуулах, бүтээмжтэй ажиллуулах, сайн мэргэжилтэн олох нь том сорилт болж байна. Хүний нөөцийн менежмент гэдэг байгууллага бүрийн удирдлагад тулгардаг өндөр даваа байдаг бололтой.


Товхимолд бүртгүүлэх

Lemon Press