Энэ оны технологийн хамгийн том дуулиан шуугиан яах аргагүй хиймэл оюун ухаан болоод байна. Контент бүтээхээс эхлээд үйлдвэржилтэд хүртэл энэхүү технологи байр сууриа эзэлж, хүн төрөлхтний хөгжлийг хурдасгаж буй.
Гэхдээ аливаа технологийн дэвшил дээд цэгтээ хүрэн хөгжихөд хүртээмж хамгаас чухал гэдгийг интернэт, ухаалаг утас, цахилгаан автомашин гээд олон жишээнээс харж болно. Харамсалтай нь хөгжлийн эхэн шатандаа яваа хиймэл оюун ухааны үр шимийг хүртэхийн тулд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, мэдлэг, мэдээлэл шаарддагийг энэ төрлийн хөгжүүлэлт хийхээр оролдсон хүн бүр мэднэ.
Уг асуудлыг шийдэхийн тулд Дэлхийн өнцөг булан бүрд байгаа Монгол мэргэжилтнүүд нэгдэж, Mazaal AI нэртэй, хэрэглэгчдэд бага зардлаар, программчлалын мэдлэг шаардахгүй хиймэл оюун ухаан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх платформыг хөгжүүлжээ. Содон сонирхолтой уг платформтой илүү ойроос танилцъя.
Нэр: Mazaal AI
Үйл ажиллагааны чиглэл: Хиймэл оюун ухаан, SaaS, платформ
Үүсгэн байгуулагч: Б. Энхболд
Үүсгэн байгуулагдсан он: 2023 он
Website: mazaal.ai
Цахим хаяг: Facebook, Twitter, Linkedin
Сэдэл
Хиймэл оюун ухаан бидний давтан хийдэг үйлдлүүдийг автоматжуулах, шийдвэр гаргалтыг хурдасгах, зөвхөн тухайн хүнд тохирсон зүйлсийг санал болгох зэргээр та бидний ажиллах болон амьдрах хэв маягийг эрс өөрчилж, илүү хялбар болгохын зэрэгцээ бүтээмжийг нэмэгдүүлж байна. Тийм ч учраас цаг тутамд бидний мэдэх хорвоо ертөнцийг өөрчлөх чадвартай хиймэл оюун ухаан ашигласан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж, салбар бүрийг инновацжуулж, шинэ боломжуудыг бий болгож байна.
Миний бие өнгөрсөн арван жилийн хугацаанд ExaWizards, McKinsey тэргүүтэй компаниудад хиймэд оюун ухааны зөвлөхийн чиглэлээр ажилласан. Ингэхдээ салбар, хэмжээнээс үл хамааран ихэнх компаниуд зураг, текст, дуу, дүрс бичлэг зэрэг бүтцэд ороогүй өгөгдлөө үр дүнтэй ашиглаж чаддаггүй болохыг анзаарсан юм.
Судалгаагаар эдгээр өгөгдлөө бүрэн ашиглаж чаддаггүй шалтгаан нь дараах хүчин зүйлсээс хамааралтай.
- Хүний нөөц: Өнөө цагт өндөр чадамжтай хиймэл оюун ухааны инженер болон өгөгдлийн судлаач нарыг олоход маш хэцүү болсон. Жишээлбэл, АНУ-д гэхэд тэдний дундаж цалин жилийн 120 мянган ам.доллар байдаг.
- Дэд бүтэц: Хиймэл оюун ухааны дэд бүтцийг хэн дуртай нь бүтээдэггүй. Тун төвөгтэй, олон талт хүчин зүйлсийг нэг бүрчлэн хянаж, уялдаа холбоог нь эргэх холбоотой бүтээх инженерчлэлийн хувьд хүндхэн ажил байдаг.
- Өртөг: Чадварлаг инженерүүдийн баг болон хиймэл оюун ухааны дэд бүтэц бий болгох цаг болон өртгийн хувьд маш өндөр байдаг. Жишээ нь, хүмүүсийн сайн мэдэх GPT-4 моделийг сургах зардал 100 сая ам.доллар давсан.
Зураг, текст, дуу, дүрс бичлэг зэрэг эдгээр төрлийн өгөгдлүүд нийт өгөгдлийн 90 орчим хувийг эзэлдэг бөгөөд тодорхой бүтцэд ороогүй буюу unstructured data төрөлд багтдаг. Тиймээс дээр дурдсан асуудлуудыг шийдэхийн тулд бид Mazaal AI-ийг хөгжүүлж байна.
ялгарал
Зах зээлд хиймэл оюун ухааны маш олон шийдэл байгаа боловч ихэнх нь зөвхөн мэргэжлийн хүмүүс ашиглаж чадах эсвэл хүснэгтэн өгөгдөлд зориулсан байдаг. Мөн ашиглаж сурахад төвөгтэй, бодит асуудлыг тэр бүр шийдэж чаддаггүй, цаашлаад өндөр үнэтэй байдаг нь ялангуяа жижиг, дунд бизнес, стартап болон өгөгдөл, хиймэл оюун ухааны баггүй компаниудад томоохон бэрхшээл болдог.
Харин бид хиймэл оюун ухааныг зөвхөн мэргэжлийн хүмүүст бус хүн бүрд илүү хүртээмжтэй болгох эцсийн зорилготой. Манай платформ ашиглахад энгийн, нарийн технологийн мэдлэг шаардахгүй, үнийн хувьд бусдаас хэд дахин хямд гэдгээрээ зах зээлд ялгардаг. Эцсийн дүндээ хэрэглэгч хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт хиймэл оюун ухааны моделиудыг код бичилгүйгээр сургаж, улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хялбархан нэвтрүүлэх боломжтой.
MAZAAL AI ГЭЖ ЮУ ВЭ?
Mazaal AI нь текст, зураг, дуу, дүрс бичлэг зэрэг өгөгдлийг ашиглан код бичихгүйгээр дэвшилтэт хиймэл оюун ухаан хялбархан бүтээх платформ юм.
Манай платформыг ашиглахад өмнө нь дурдсан хүний нөөц болон дэд бүтэц шаардлагагүй. Ингэснээр өмнө нь урт хугацаа шаарддаг байсан хиймэл оюун ухаан бүтээх үйл явцыг хэдэн өдөр, хэдхэн цаг болгон бууруулсан. Платформын хувьд ашиглахад энгийн хялбар мэт боловч бид үйл ажиллагааны нарийн төвөгтэй процессуудыг стандартын дагуу, олон улсын жишигт нийцүүлэн хийж байгаа бөгөөд эцсийн хэрэглэгчид үүний ард юу болж байгааг мэдэх шаардлагагүйгээр хиймэл оюун ухааныг бүтээх боломжтой.
Бизнесүүд манай платформыг ашиглан үйл ажиллагаагаа автоматжуулж, стратегийн шинэ бодлогоо олж нээх, бүтээмжээ ихэсгэх, зардал болон эрсдлээ багасгах зэрэг олон боломж, давуу талуудыг олж авдаг.
нэр
Нэн ховордсон Говийн Мазаалай баавгайг маань дэлхий нийт төдийлөн сайн мэддэггүй. Монгол хүмүүс үүсгэн байгуулсан стартап учраас энэ амьтныг илүү олон хүнд таниулах зорилгоор ийнхүү нэрлэж, логондоо Мазаалай баавгайн дүрсээ, говийн шар өнгөний хамтаар шингээсэн.
одоо
Бид платформынхоо анхны туршилтын хувилбарыг бүтээж хэдийн Австрали болон бусад орнуудаас эхний хэрэглэгчдээ татаад байна. Яг одоогоор манай платформыг:
- Олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон Venture Capital фирм стартапуудаас авсан материалууд дээрээ үндэслэн зайлшгүй асуух асуултуудаа олж авах
- Австрали, АНУ-д салбартай хуулийн фирм асар их хэмжээний баримт бичгүүдээс өмнө нь болж байсан төстэй тохиолдлуудыг автоматаар олж авах
- Японы хүний нөөцийн стартап хэрэглэгчдээс ирж байгаа иргэний болон жолооны үнэмлэхний зургаас автоматаар хэрэгтэй мэдээллүүдээ гаргаж авах
- Японы барилгын компани гүний уурхайн чулуулгын зургуудаа шинжилж аюултай бүс эсэхийг түргэн хугацаанд мэдэх зэрэгт ашиглаж байна.
Өнөөдрийн байдлаар манай платформын санал болгож буй үйлчилгээнүүд:
1. Хөдөө аж ахуй, уул уурхай, санхүү, худалдаа, эрүүл мэнд зэрэг бүх төрлийн салбарт шууд ашиглаж болох 70 гаруй моделиуд
2. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт моделиудыг текст, зураг, дуу, дүрс бичлэг хэлбэртэй өгөгдлөөрөө сурган сайжруулж, зөвхөн өөрийн бизнесдээ зориулсан хиймэл оюун ухаан бүтээх бүтээх боломж
3. Хэд хэдэн хиймэл оюун ухааны моделиудыг хооронд нь холбож бизнесийхээ төвөгтэй асуудлыг шийдэх, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломж
баг
Манай компанид хиймэл оюун ухааны чиглэлийн дэлхийн шилдэг инженерүүд, Цахиурын хөндийд ажиллаж байсан туршлагатай UI/UX дизайнер бий. Бид ойлгоход төвөгтэй зүйлсийг нийтэд хүртээмжтэй болгох зорилго дор нэгдсэн баг.
Хүний нөөц цомхон боловч хийх ажилдаа гаршсан чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн тул нэмэлт функц болон шинэ онцлогуудыг тухайн өдөртөө л гаргаж чаддагаараа бахархдаг.
ирээдүй
Бид ойрын хоёр сардаа платформоо Product Hunt дээр байрлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах зорилгоор энэ салбарын нөлөөлөгчидтэй хамтран сурталчилгаа хийх, хэрэглэгчдэд асуудлаа шийдэхэд туслах дүрс бичлэг болон заавар блог контентууд бэлдэж байна.
Салбарынхаа сүүлийн үеийн ололт дэвшлүүдийг байнга туршиж, судалж явдаг учир сүүлийн үед эрчээ аваад буй Generative AI-ийн суурь технологи болох Large Language Models (LLM)-ийг платформ дээрээ оруулахаар туршилтын ажлуудаа эхлүүлсэн.
эрсдэл
Өнөөдөр оршиж байгаа стартапуудын 99 хувь нь ирэх таван жилийн дотор үгүй болно. Бид энэ эрсдлийг сайтар анзаарч байгаа учраас урт хугацааны тоглолтдоо анхаарч байна. Тиймээс шаардлагатай тохиолдолд л хөрөнгө оруулалт босгох бөгөөд бусад үедээ bootstrap буюу өөрсдийн нөөцөөр платформоо хөгжүүлж, урт хугацаанд тогтмол сайжруулах юм.
Баг маань дэлхийн түвшний, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн учраас ирээдүйд гарч ирэх санхүү, технологи болон салбарын эрсдэлүүдийг даван гарахдаа итгэлтэй байна.