Блокчейн, крипто, веб 3.0 зэрэг нэршлийг бид өдөр тутамдаа сонссоор багагүй хугацааг өнгөрүүлжээ. Харин сүүлийн үед стэйблкойн гэх нэршил ойр ойрхон дуулдах боллоо. Энэхүү стэйблкойныг Монгол Улсад амжилттай гарган, виртуал хөрөнгийн арилжааг хялбарчилж буй "Монгол Дифай" компанийн хамт олныг ээлжит нийтлэлээрээ онцолж байна.

Монгол улсыг дэлхийн блокчейний эдийн засагтай холбох гүүр болж, санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт хэлбэрээр хүргэх алсын хараатай тэдний хувьд одоогоор 1.5 тэрбум "MONT" стэйблкойныг зах зээл дээр гаргаж, аль хэдийн арван мянга гаруй эзэмшигчидтэй болжээ.

Нэр: Монгол Дифай ХХК
Чиглэл: Программ хангамж, бизнесийн зөвлөгөө
Үүсгэн байгуулагдсан: 2021 он, 10-р сарын 28
Холбоос: www.stablecoin.mn (Вэб), Mongol Defi (Фэйсбүүк), mongoldefi@stablecoin.mn (Имэйл)


"Монгол Дифай" ХХК-ийн удирдлагын баг

сэдэл

Олон улсад USDT, USDC, BUSD зэрэг ам.доллартой аргамжсан стэйблкойнууд зах зээл дээр гаран тогтворгүй крипто арилжааг хялбарчилж, крипто валютын давуу талуудыг агуулахын зэрэгцээ үнийн тогтвортой байдлыг хангаснаар цар тахлын үед 30 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээнээс 180 тэрбум ам.доллар хүртэл өссөн байдаг. "ФАТФ" буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас стэйблкойныг санхүүгийн салбарт дэвшил авчирч, олон нийтийн хэрэглээнд орон санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн 2020 оны зөвлөмждөө дурдсан байдаг.

Энэхүү төслийг Монгол Улсад нэвтрүүлж, блокчейн технологи дээр суурилсан санхүүгийн салбарт Монгол төгрөгөөрөө арилжаа, шилжүүлэг хийх, хөрөнгө оруулалт хийх болон бусад санхүүгийн боломжуудыг хэрэглэгчдэдээ олгоё гэсэн зорилгоор "MONT" стэйблкойныг 2021 оны 10-р сарын 29-нд зах зээлд гаргасан. Монгол Улсын крипто зах зээл харьцангуй жижиг тул олон төрлийн стэйблкойныг байгууллага бүр гаргах нь утгагүй. Харин олон байгууллага хамтран бойжуулж, хэрэглээнд оруулах нь зөв гэж үзсэн учир Монголын томоохон санхүүгийн байгууллагууд, технологийн салбарын түүчээлэгч компаниуд, дижитал биржүүд, медиа компаниуд болон бусад туршлагатай хөрөнгө оруулагч нарт хамтарсан компани байгуулах санал тавьсан юм. Уг нэгдлийн үр дүнд "Монгол ДиФай" ХХК-ийг үүсгэн байгуулсан билээ.



ялгарал

Монгол төгрөгтэй аргамжсан буюу 1:1 харьцаатай, эзэмшигчдэдээ зөвхөн крипто арилжаа бус санхүүгийн бусад үйлчилгээг олгохыг бид зорьдог. Энэ нь бидний хамгийн чухал ялгарал гэж үзэж байна. Ирээдүйд хийх ажлуудаа ч энэ дагуу төлөвлөж илүү хүртээмжтэй, технологид суурилсан харилцагч, эзэмшигчдэдээ илүү үнэ цэнийг олгох санхүүгийн үйлчилгээг үзүүлэхийг үргэлж зорьж ажиллана. Үүнээс гадна манай хөрөнгө оруулагч байгууллагуудын хамтын хүч нь бодит давуу талыг олгоно. Энэ нь "MONT"-ыг хэрэглэх экосистемийг бүрдүүлэх, хэрэглээ, үнэ цэнэ болон үр өгөөжийг ихэсгэх нөөцийг хангах зэрэг юм. Цаашид хэрэгжүүлэх төслийн хөгжүүлэлт, санхүүжилт болон бусад төрлийн ажлуудыг хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор шийдэж явна гэсэн үг.

mont гэж юу вэ?

Блокчейн технологид суурилсан ханшийн харьцангуй тогтвортой байдлыг хангасан хэрэглээний токен буюу стэйблкойн юм. Уламжлалт болон шинэ цагийн санхүүгийн гүүр хэмээн тодотгож болно.

Хэрэглэгчдийн гарт буй нэг "MONT"-ын ард үргэлж нэг төгрөг баталгаа болон банкны дансанд байршиж байдаг. Тиймээс эзэмшигч нь хүссэн үедээ төгрөг болгон хөрвүүлэх боломжтой тул харьцаагаа үргэлж хадгалах зарчимтай. Товчоор зах зээл дээр байгаа "MONT"-ын хэмжээтэй тэнцүү хэмжээгээр бид арилжааны банканд төгрөг байршуулж баталгаа үүсгэж байгаа юм.

Цаашид хэрэглээ ихсэх тусам энэхүү хэмжээг мэргэжлийн гуравдагч байгууллагаар баталгаажуулж, өөрсдийн веб хуудсаар олон нийтэд мэдээлэх болно. Ийнхүү шилэн байдлаар үйл ажиллагаагаа тайлагнан явах нь зохицуулагч байгууллагууд болон эцсийн хэрэглэгч нарын итгэлийг олох давуу талтай. "USDC" буюу дэлхийн томоохон стэйблкойн гаргагч байгууллага энэ зарчмаар бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай тэлсэн байдаг.



нэр

"MONT" нь "Mongol Tether" гэдэг үгний товчлол. "Tether" гэдэг нь төгрөгтэй аргамжсан гэх санааг илэрхийлдэг.

Дэлхийд зах зээлийн үнэлгээгээрээ хамгийн том стэйблкойн болох "USDT"( USD Tether) -ийн нэршил нь ам.доллартой аргамжсан гэдэг утгатай. "MONT"-ийн хувьд "tether" гэдэг үг оролцсон учраас төгрөгийн стэйблкойн гэдэг утгыг шууд илэрхийлнэ. Түүнчлэн олон улсын зах зээл дээр хүмүүсийн чихэнд хурдан хүрэх, хэрэглээг дэмжихэд нааштай байхаар төлөвлөж энэхүү нэрийг сонгосон.

одоо

Одоогоор "MONT" дотоодын dax.mn, trade.mn, idax.exchange, denode.io болон corex.mn гэсэн таван виртуал хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Дахин шинээр нэг бирж дээр гарахаар ажиллаж байна. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард "Ард" апп дээр хөрвүүлэх, шилжүүлэх болон “MONT Staking” буюу "MONT"-оо түгжин өгөөж авах боломжуудыг оруулж өгсөн. Энэхүү үйлчилгээнүүдээс гадна "Idax" бирж дээр харилцагчид өөрсдийн эзэмшиж буй крипто койноо хэрэгцээ гарсан үедээ барьцаалан "MONT" зээлж авах боломжийг энэ онд олон нийтэд зарласан билээ. Цаашид энэ мэт санхүүгийн үйлчилгээнүүдийг төрөлжүүлж бусад биржүүд болон Монгол Улсад түгээмэл ашиглагддаг финтек апп-уудад нэвтрүүлэх яриа, хэлцлүүдийг хийгээд явж байна.

Мөн тун удахгүй нээлтээ хийх гэж буй Монголын анхны төвлөрсөн бус биржийн шийдэл "Ard Money DAO" төсөлд "MONT"-ыг арилжааны гол хэрэгсэл болгох дээр хамтран ажиллаж байна. Энэхүү төсөл нь уламжлалт санхүүгийн үйлчилгээг өөрчилж, блокчейн технологийг ашиглан, хил хязгааргүй болгох боломжийг монголчууддаа олгох зорилготой. "DAO" буюу төвлөрсөн бус биеэ даасан тогтолцоот байгууллага хэлбэрээр хэн нэгэн этгээд удирдахгүй, өөрсдийн "governance" бүхий токенг ашиглан олон нийтийн дунд санал асуулга явуулж, шийдвэрүүдийг гаргадаг гэдгээрээ онцлогтой. Төслийн эхний бүтээгдэхүүн "DEX" буюу төвлөрсөн бус биржийг удахгүй нээж "MONT"-оо ашиглан арилжаа хийх, өгөөж хүртэх, зээл авах боломжуудыг хэрэглэгчдэдээ хүргэхээр төлөвлөж байна. Үр дүнд нь "MONT"-ын хэрэглээ бодитоор өсөх үүд хаалга нэгээр нэмэгдэх юм.


"Монгол Дифай" ХХК-ийн удирдлага болон технологийн баг


баг

Бид одоогоор гурван хүнтэй, үйл ажиллагаагаа цомхон явуулж байна. Технологийн хөгжүүлэлт, хуулийн зөвлөгөө болон зах зээл үүсгэх зэрэг ажлуудыг "outsource" буюу гэрээтээр сонгон, мэргэжлийн шилдэг багуудаар хийлгэдэг тул бидний ажлууд шуурхай, чанарын өндөр түвшинд хийгддэг. Хөрөнгө оруулалт, чухал шийдвэрүүдийг ТУЗ-ийн хороодын тусламжтайгаар гаргадаг тул туршлагатай хамт олон бидний ард шууд бусаар оролцон чиглүүлэн явдаг. Цаашид төслүүдийн цар хүрээнээс хамаарч, үндсэн багийн тоог нэмэгдүүлэх эсэх дээр шийдээд явах болно.

Бид үргэлж ажлуудаа олон талаас нь судалж, төлөвлөж хамгийн зөв шийдлүүдийг олохын төлөө хичээдэг. Ингэснээр хэрэглэгч болон байгууллагадаа үнэ цэн бүтээсэн амжилттай үйлчилгээг санал болгож чаддаг гэдэгт итгэдэг. Дээр дурдсан ТУЗ-ын бүрэлдэхүүн болон хөрөнгө оруулагч байгууллагуудын "know how" болон туршлага дээр үндэслэж, технологийн шийдлүүд, бизнес загвараа зөв тодорхойлж явдаг. Богино хугацаанд их ажил хийх боломжийг ийнхүү бүрдүүлж уян хатан байдлаар ажлуудаа төлөвлөн урагшилж байна.

Цаашид олон улсын томоохон байгууллагууд болон мэдээ мэдээлэлтэй цаг алдалгүй танилцаж, нийгмийн сүлжээгээр хүмүүст хүргэхийн зэрэгцээ өөрсдийн хөгжүүлэлт, бизнес модел дээр сайжруулах зүйлсээ ч гэсэн олж, хэрэгжүүлж явах болно.



ирээдүй

Блокчейн технологийн давуу талууд болох төвлөрсөн бус тархмал мэдээлэл хадгалалт, хил хязгааргүй дэлхий даяарх холболт, шуурхай гуравдагч этгээдээс хамааралгүй шилжүүлэг хийх зэрэг боломжууд байдаг тул олон талаараа одоогийн уламжлалт технологийн боломжуудаас давуу юм. Төрөл бүрийн байгууллагууд энэхүү боломжуудыг ашиглан илүү хүртээмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг олон улсад амжилттай хэрэгжүүлж байна. Үүнээс Монгол Улс хоцрохгүй урагшлах нь зөв гэж бид үздэг.

Бидний хувьд ирээдүйд блокчейн технологийн давуу талуудыг ашиглан олон улсын мөнгөн гуйвуулгыг Монгол улсад нэвтрүүлэхээр судалгааны ажлуудыг хийн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл одоогийн финтек апп-уудаар хийж байгаа гуйвуулгын боломжуудыг веб 3.0, блокчейн технологиор сайжруулж илүү богино хугацаанд, зардал багатайгаар эцсийн хэрэглэгчдэдээ хүргэхээр зорьж байна. Төслийн үр дүнд гадаад оронд ажиллаж, амьдарч буй мянга мянган монголчууд маань "MONT"-оо ашиглан гуйвуулга хийж, гэр бүл, найз нөхөд рүүгээ мөнгө шилжүүлэх боломжийг нээх юм. Судалгаа, хөгжүүлэлт болон хэлэлцээрийн шатны олон ажлууд хийгдэх тул 2022 оны сүүлээр мөнгөн гуйвуулгын төсөлтэй холбоотой ажлын бодит үр дүнгүүд гарч эхэлнэ гэж харж байна.

Цаашид өөрсдийн платформ, экосистем, хөгжүүлэгчдэд зориулсан API, SDK-үүдийг гарган "Stablecoin-as-a-Service" чиглэлд томоохон ажлуудыг ирэх гурван жилийн хугацаанд амжуулахаар төлөвлөсөн. Ингэснээр бусад финтек байгууллагууд, сонирхогч хөгжүүлэгчид болон "MONT"-ыг ашиглан үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй хүн бүртэй хамтрах нөхцөл бүрдэнэ. Хэрэглээ ихсэж "MONT"-ыг дэмжих байгууллагууд болон үйлчилгээнүүд нэмэгдэхийн хэрээр ирээдүйн томоохон төслүүдийн суурь нь зөвөөр өрөгдөж, хэрэглээний тэсрэлт хийх боломж үүснэ гэж харж байна.

Одоогийн "DeFi" буюу төвлөрсөн бус санхүүгийн төслүүд шинэ хэрэглэгчдэд ойлгомжгүй, хэрэглэхэд төвөгтэй байдаг гэх шүүмжлэлийг их авдаг. Бид үүнийг хялбарчилсан, уламжлалт санхүүтэй уялдах томоохон төслийг мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгч мобайл апп болон вэбсайтаар хандан блокчейн эдийн засагтай холбогдох боломжтой болно. Ирээдүйд бидний амьдрал улам цахимжиж, уламжлалт төлбөрийн систем крипто төлбөрийн системийн уялдаа сайжран "seamless" буюу шууд хөрвөх боломжууд нэмэгдэх юм. Үүнийг даган уламжлалт болон блокчейн үйлчилгээнүүдийн холбоо хамаарал төдий чинээ ихсэнэ гэсэн таамаг бий. Энэхүү шилжилтийг бодитоор эхлүүлэхээр дээрх төслүүдийг бид олон байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй юм. Монгол Улсын дэлхийн блокчейн эдийн засагтай холбох гүүр нь "MONT" стэйблкойн байх болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн бид нэг сонирхолтой шинэ төсөл дээр хамтран оролцож байна. Монголд анх удаа алдарт HU хамтлаг метаверст тоглолт хийх тухай та бүхэн дуулсан байж магадгүй. Бид албан ёсоор уг тоглолтын төлбөрийн шийдлийн хамтрагчаар оролцож байна. Хэрэглэгчид маань "MONT"-оо ашиглан уг тоглолтыг үзэх боломжтой болох юм.



эрсдэл

Веб 3.0, крипто хөрөнгө зэрэг нь харьцангуй залуу, шинээр түрэн орж ирж буй салбарууд тул багагүй эрсдэлийг дагуулж байдаг. Төгрөгөөр баталгаажсан стэйблкойны хувьд үйл ажиллагаагаа зөв хэрэгжүүлсэн тохиолдолд харьцаа алдагдах, үнэгүйдэх боломжгүй тул эрсдэл бага гэж ойлгож болно. Мэдээж банканд байршуулж буй нөөцийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх, зохицуулалт хийх дээр эрсдэл үүсэх боломжтой. Бидний хувьд Хөрөнгө оруулалтын хороогоороо дамжуулан мэргэжлийн заавар зөвлөгөө авсны үндсэн дээр шийдвэрээ гаргаж явах тул эрсдэлийг зөв менежмент хийх боломжтой. Мөн банк нь өөрөө төв банкны хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг тул "MONT"-ын нөөцийг бизнес нь тогтворжсон банк дээр байршуулах замаар санхүүгийн аливаа эрсдэлээс хамгаалах болно.

Бизнес моделийн хувьд эрсдэлийн менежмент хийхээс гадна технологийн хувьд мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Бид мэдээллийн аюулгүй байдлыг эрхэмлэж олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Анх бид бүхэн "MONT"-ыг олон нийтэд зарлах ажил эхлэхээс өмнө ухаалаг гэрээндээ олон улсын "Certik" фирмээр аудит хийлгэж, шаардлагатай функцуудыг ухаалаг гэрээндээ тусган түгжих, шатаах зэрэг боломжуудыг оруулан ирээдүйд учирч болзошгүй эрсдэлүүдээс хамгаалалтаа бүрэн хийсэн. Үүн дээр нэмээд дурдахад бидний хөгжүүлсэн ухаалаг гэрээ нь "upgradeable" буюу шинэчлэх боломжтой байдлаар анхнаасаа хийгдсэн тул ирээдүйн олон төслүүдийг цар хүрээнээс нь хамаарч шинэ боломжуудыг цаг алдалгүй хөгжүүлэх боломжтой гэсэн үг. "Smart contract" болон "mint/burn" хийх процессын талаар дэлгэрэнгүй мэдээллийг "MONT Whitepaper"-ээс авах боломжтой.