Амьдрал бол аялал гэдэг дээ. Хүн төрөлхтний танин мэдэх, гайхширах, урам авах хүсэл тэмүүллээс үүдэлтэй “аялах” үйл хүн бүрийн амьдралд чухал байр эзэлдэг. Тийм ч учраас аялах дургүй гэж дуугарах хүн маш цөөхөн байдаг болов уу. 

Мөн аялал гэдэг зөвхөн хувь хүний мэдрэмж, туршлагаас гадна улс орнуудын эдийн засгийн хөдөлгөгч хүч, соёлын элч, хүмүүсийн амьдралыг өөрчлөх томоохон боломж. Монгол шиг өргөн уудам нутагтай, онгон дагшин байгальтай оронд аялал жуулчлалын салбар бол олон зуун хүний аж амьдралыг тодорхойлох чухал салбар. Ийм өргөн цар хүрээтэй, өндөр хариуцлагатай салбарыг амжилттай авч явахын тулд нөр их туршлага, нарийн төлөвлөгөө, уйгагүй хөдөлмөр шаардлагатай нь дамжиггүй.

Энэхүү салбарт хэдийнэ өөрийн байр суурийг олж, тогтвортой хөгжиж буй байгууллагуудын нэг бол "Нью Жуулчин Турс" ХХК юм. Тус компани аялал жуулчлалын салбарт 23 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж, тулгарсан бэрхшээл, даван туулсан сорилтууд, шинэлэг хандлага, хөгжлийн боломжуудаа бидэнтэй хуваалцахаар өнөөдрийн “Онцлох бизнес” цувралын нийтлэлд оролцож байна.


Бизнесийн нэр: Нью Жуулчин Турс ХХК
Хаяг: Misheel City, M2 Tower-ийн 10-р давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Аялал жуулчлал
Үүсгэн байгуулагч: Ш.Нэргүй
Үүсгэн байгуулагдсан: 2002 он
Цахим хуудсууд: Facebook хуудас
Уриа үг: Мөрөөдлийг дурсамж болгоно

СЭДЭЛ

Санхүү хариуцсан захирал - Н. Сүрэнбаатар

Гүйцэтгэх захирал - Д. Наранцэцэг

Үүсгэн байгуулагч - Ш. Нэргүй


2002 онд аялал жуулчлалын салбар төдийлөн хөгжөөгүй үед Нью Жуулчин Турс ХХК үүдээ нээсэн юм. Манай компанийн үүсгэн байгуулагчид Монголын анхны аялал жуулчлалын мэргэжилтнүүд бөгөөд гадаадын жуулчдад эх орныхоо үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин соёлыг танилцуулж, түүхийн гэрч болох өвийг хуваалцаж байсан туршлагатай хүмүүс билээ. Дэлхийн хаана ч байхгүй онгон дагшин байгаль, нүүдэлчдийн уламжлалт соёл, тал нутгийн амьдралын хэв маягийг жуулчдад үзүүлж, аялал бүрийг нэг төрлийн "амьд түүхэн аялал" болгох нь тэдний гол зорилго байсан.

2002 оны 12-р сарын хоёрны өдөр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, компанидаа нэр өгч, логогоо зуруулж байсан манай хамт олон өдгөө 48 байнгын орон тооны ажилтан, зуны улиралд 100 гаруй хөтөч-орчуулагч, 180 орчим жолооч ажиллуулдаг туршлагатай өнөр өтгөн хамт олон болж өсөж дэвшжээ. 2008 оны Бээжингийн Олимпоос хойш Монголчуудын дотоодын аялал нэмэгдэж, гадаад руу аялах эрэлт огцом өссөн тул компани зөвхөн гадаадын жуулчдад Монголыг таниулах бус, Монголчуудыгаа дэлхийн үзэсгэлэнт газруудаар аялуулах чиглэлээр компанийнхаа үйл ажиллагааг өргөжин тэлсэн юм.

Өдгөө манай компани жилд 8,000–10,000 гадаад жуулчин хүлээн авч, 30 гаруй улс руу аялал зохион байгуулан, Монголын жуулчдын дэлхийтэй танилцах гүүр нь болсоор байна. Бид гадаад болон дотоодод 13 охин компанийг нэгтгэн аялал жуулчлал, маркетинг, жуулчны бааз, авто тээвэр, зочид буудал, катерингийн гээд олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ЯЛГАРАЛ

Монголын аялал жуулчлалын салбарт 23 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулна гэдэг дурдаад өнгөрөх тоо бус цаанаа асар их туршлага, итгэлцэл, найдвартай байдлыг салбартаа бий болгож чадсаны баталгаа болов уу. Олон улсын аялал жуулчлалын томоохон түншүүдтэй хамтран ажиллаж, дэлхий даяар аялагчдад цогц үйлчилгээ, уян хатан бөгөөд өндөр зохион байгуулалттай аялал санал болгосоор бид олон жилийг ардаа үджээ.

Монголд ирэх жуулчид өөр өөрийн гэсэн хүлээлт, сонирхолтой байдаг. Судалгаагаар тэдний 60-70 хувь нь нүүдэлчдийн амьдралтай танилцах хүсэлтэй гэж гарсан ч аяллын хэв маяг нь харилцан адилгүй. Зарим нь гурван долоо хоногийн турш нутгийн иргэдийн ахуйг гүнзгий мэдрэхийг зорьдог бол зарим нь гуравхан хоногийн дотор онцлох газруудыг үзэхийг илүүд үздэг.

Жуулчдын сонирхол ч мөн бүс нутгаасаа хамаарч ялгарна. Европын жуулчид ихэвчлэн нүүдэлчдийн амьдралыг өөрийн биеэр мэдрэхийг хүсдэг бол Азийн жуулчид Монголын байгаль, сүм хийд, түүхэн дурсгалт газруудаар аялахыг илүүд үзэх жишээний. Бид үүнээс улбаалан тухайн жуулчдын хэрэгцээнд тохирсон аяллын маршрут бүхий адал явдалт, спортын, бизнес, марафон, glamping гэх зэрэг өргөн сонголттой аяллыг жуулчдадаа санал болгодгоороо онцлог.



Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагыг авч үзвэл, спорт аялал жуулчлалын зах зээл 2019 онд 1.4 их наяд доллар хүрсэн бөгөөд дэлхий даяарх жуулчдын 12 хувь нь спорт арга хэмжээнд оролцох зорилгоор аялдаг. Тиймээс бид ч мөн спорт аяллуудыг зохион байгуулаад хэдийн 17 жилийн хугацаа өнгөрчээ. 2008 оны Бээжингийн олимпыг зорьсон эхний аяллаас эхлэн 2010 оны Ванкуверын өвлийн олимп, 2012 оны Лондоны зуны олимп, 2024 оны Парисын зуны олимп гэх мэт сүүлийн 16 жилийн турш бараг л бүх олимпын наадмын аяллыг алгасалгүй амжилттай зохион байгуулсан байна.

НЭР

Нэрийн хувьд нэг их дэлгэрэнгүй тайлбарлах хэрэггүй болов уу. Товчхондоо, "шинэ жуулчин" гэсэн санаа. Эндээс “шинэ” гэдэг үг биднийг илэрхийлдэг байгаасай хэмээн энэхүү нэрийг манай үүсгэн байгуулагчид өгсөн байх л даа. Яагаад гэхээр бид шинэ аялал, шинэ нислэг, шинэ маршрут гээд үргэлж шинийг санаачлахыг хичээдэг.

Яг түүхэн цаг хугацаагаараа авч үзвэл манайх 2005 онд монгол хувцасны фестиваль, Чингисийн морин цэргийн үзүүлбэр, Монгол үндэснийн найрал хөгжмийн наадам, Алтан наадам, Ганга нуурын чуулган гээд шинэлэг санаачлагыг хийх гэж байнга оролдсоор ирсэн. Мөн цаашлаад шинэ зах зээл нээх, тухайн зах зээлд зориулсан бүтээгдэхүүн гаргах, Монголчуудыг хямд үнэтэйгээр гадаадад аялуулах боломжийг нээх үйлсэд бид онцгой ач холбогдол өгдөг.



Тухайлбал бид МИАТ компанитай хамтран Хятадын Хайнан, Японы Шизуока, Хонконг, Вьетнам, Тайланд, Солонгосын Жэжү, Арабын Нэгдсэн Улсын Дубай зэрэг чиглэлд жил бүр 5-10 чартер нислэг зохион байгуулж, шууд нислэгээр нийтдээ 10 мянга орчим хүн аялуулаад байна. Үүн дээр нэмээд бид үйлчилгээний чанар аюулгүй байдлаараа олон улсын түвшинд хүрч ажиллах зорилго тавин, Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS 18001, Байгаль орчны удирдлагын ISO14001 гэсэн олон улсын стандартуудыг Монголын аялал жуулчлалын салбартаа анх удаа нэвтрүүлсэн.

НЬЮ ЖУУЛЧИН ГЭЖ ЮУ ВЭ?

Бидний зорилго бол Монголыг дэлхийтэй, дэлхийг Монголтой танилцуулах. Өдгөө бид 30 гаруй орны 100 гаруй аялал жуулчлалын компанитай хамтран ажиллаж, жилд 8000 - 10,000 гаруй жуулчин хүлээн авч ажиллаж байна. Монголд ирж буй гадаадын жуулчдад хамгийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхийн тулд 190 орчим дотоодын зочид буудал, амралтын газар, үйлчилгээний байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагаа явуулдаг. Түүнчлэн бид жил бүр 5 мянга гаруй Монгол аялагчийг 30 гаруй орны аялал жуулчлалын бүсүүдэд аялуулж, шинэ газар орон, соёл, адал явдалтай танилцах боломжийг нь олгож байгаа.



Хамтын ажиллагааны хувьд манай групп аялал жуулчлалын олон улсын зах зээлд нөлөөлөхүйц маркетингийн үйл ажиллагаа явуулахын тулд Америкийн Вашингтон, Испанийн Барселона, Хятадын Бээжин зэрэг хотуудад өөрийн төлөөлөгчийн газар, хамтрагч компаниудаа ажиллуулдаг. Мөн аялал жуулчлалын салбарт хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болох тээврийн үйлчилгээг өндөр түвшинд хөгжүүлэх зорилготойгоор 20 гаруй тээврийн хэрэгслээс бүрдсэн автопарк ажиллуулж байна.

Манай автопарк зөвхөн жуулчдад үйлчлэхээс гадна Улаанбаатар – Улан-Үдэ чиглэлд тогтмол олон улсын тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Нью Жуулчин Турсын хувьд аялал жуулчлал бол хүмүүсийг шинэ туршлага, шинэ харилцаа, шинэ боломжтой холбож өгдөг гүүр гэж хардаг. Энэ гүүрийг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө л бид ажилласаар байгаа.

ОДОО 

Манай салбар улирлын хамааралтай бизнесийн загвартай байсан бол энэ хэв маяг аажмаар өөрчлөгдөж байна гэж бид харж байна. Өмнө нь зуны улиралд жуулчдаа хүлээн авч, өвөлдөө бэлтгэл хангах байдалтай бид ажилладаг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд тасралтгүй аялал зохион байгуулах хэмжээнд хүрчээ.

Ялангуяа Азийн зах зээлд өвлийн аяллын эрэлт нэмэгдэж, Улаанбаатар – Эрхүү – Байгаль нуурын бүс өвлийн улиралд ч жуулчдын анхаарлыг татах болсон. Монголын өвлийн байгалийн үзэсгэлэн, мөсөн нуурын аялал, уламжлалт ахуйтай танилцах зэрэг нь гадаад жуулчдад онцгой сэтгэгдэл төрүүлж, Монголыг зөвхөн зуны аяллын бүс гэх ойлголтыг эвдэж байна гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор бид хэд хэдэн шинэлэг ажлуудыг хийж эхэлсэн. Үүний нэг нь Д’Аян брэнд.

Д’Аян

Бид Д’Аян брэндээ 2020 онд нээсэн. Энэ нь тансаг зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээг хаана ч мэдрүүлэх боломжтой нүүдлийн кемп бүхий аялал. Энэ төрлийн аялал бол хүн амьтны хөлөөс зайдуу, онгон дагшин байгалийн дунд 4-5 одтой зочид буудлын хэмжээний тав тухтай амрах боломжийг бүрдүүлнэ гэдгээрээ онцлог. Хээр тал, ой шугуй, уулын хормой гээд хүссэн газарт аяллаа зохион байгуулах боломжтой. Үйлчлүүлэгчдийн сонирхолд нийцүүлэн спа, массаж, хээрийн баар, мэргэжлийн тогоочдын нэрийн хоол, мөн иог, нум сум харвах сургалт, DJ-тэй үдэшлэг гэх мэт аялалд төлөвлөгдсөн бүх зүйл аялагчдын хүсэл сонирхолд тусгайлан нийцсэн гэсэн үг л дээ.



Олон улсын хамтын ажиллагаа

Бид гадаад дахь аяллаа өргөжүүлэх зорилгоор БНХАУ-ын Juneyao Airline компанитай хамтран 2024 оны 12-р сараас эхлэн Саняа чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Шанхай хотод төвтэй энэхүү авиа компани нь 35 олон улсын чиглэл, 54 орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг бөгөөд Монгол руу нислэг үйлдэж буй Хятадын хоёр дахь авиа компани болж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол жуулчдад билетийн үнийг хямдруулах боломж бүрдүүлээд зогсохгүй, Зүүн Өмнөд Ази болон Хятадын урд бүсээс ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой. Ингэснээр Монгол Улс олон улсын жуулчдын анхаарлыг татах шинэ төв болох, аялал жуулчлалын салбарыг зөвхөн улирлын биш, жилийн турш эрчимтэй хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.

ИРЭЭДҮЙ

Манай компани хувьсан өөрчлөгдөж буй хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага, хурдацтай хөгжиж буй техник технологийн шилжилтэнд нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтийг нэвтрүүлж, компанийн засаглал, бүтэц, менежментээ сайжруулж, чадварлаг хүний нөөцтэй, Монгол дахь олон улсын жишиг компаний болохыг зорьж байна.

Энэ жил бидний урьдчилсан захиалгын үзүүлэлтүүдийг харахад манай байгууллагын хувьд 10-20 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Тун удахгүй Америкийн Юнайтед Эйрлайнс Монгол руу шууд нислэг үйлдэж эхлэх гэж байгаа нь зах зээлд маань томоохон түлхэц өгөх төдийгүй аяллын боломжийг хэд дахин тэлнэ гэж бид мөн харж байгаа. Үүн дээр нэмээд бид АНУ-д өөрийн охин компанитай тул энэ жил Америкийн зах зээлд илүү анхаарч, Монгол-АНУ хоорондын аяллын урсгалыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.



Сүүлийн жилүүдэд бид Зүүн Өмнөд Азийн Тайланд, Вьетнам, Малайз, мөн Хятад, Солонгос, Япон руу аялал амжилттай зохион байгуулж, салбартаа туршлага хуримтлуулсаар байна. Харин 2025 онд бидний зорилго бол шинэ тивүүд рүү нэвтэрч, аяллын шинэ чиглэлүүдийг нээхээр төлөвлөж байгаа юм. Тухайлбал, бидний дараагийн томоохон аяллын нэг бол Саудын Араб. Сүүлийн жилүүдэд Саудын Араб аялал жуулчлалын салбарт асар их хөрөнгө оруулалт хийж, 2030 он гэхэд 100 сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Үүнээс гадна, бид Энэтхэг, Шинэ Зеланд зэрэг улс руу аялал зохион байгуулахаар ажиллаж байна.

БАГ

Бид аялал жуулчлалын салбарт дагнан мэргэшсэн менежер, хөтөч, жолооч нарын баг бүрдүүлэн үйлчилгээний ажилтнуудаа тухайлсан аяллар нь дагнуулан дадлагажуулж байгаа нь салбартаа шинэлэг бөгөөд үр дүн сайтай ажил болж байна. Компаний удирдлагын 90 хувь нь гадаадад мэргэжил эзэмшиж, компанидаа дунджаар найман жил тогтвор суурьшилтай ажиллаж байна.



Аялал жуулчлал бол зөвхөн нэг хүний менежмент, санаачилгаас хамаараад амжилттай явдаг бизнес биш, харин олон хүний хамтын ажиллагаа, уялдаа холбоо, нарийн зохион байгуулалтад тулгуурладгаараа онцлог. Манай компанийн үйл ажиллагааны гол зарчим бол харилцагчидтай байгуулсан гэрээ, тохиролцоо бүрийг ягштал биелүүлж, хариуцлагатайгаар ажиллах. Энэ зорилгын хүрээнд бид баг хамт олныхоо ур чадварыг тогтмол хөгжүүлж, ажилчдаа дотоод болон гадаадын олон улсын сургалтад хамруулан чадавхжуулах ажлыг тууштай зохион байгуулдаг. Жишээлбэл, хөтөч тайлбарлагчдаа тухайн жуулчдынсоёлын онцлогт тохирсон сургалтад хамруулах нь бидний чухал бодлогын нэг. Америкийн жуулчдыг хүлээн авах гэж буй хөтчийг зөвхөн Америкийн соёл, аяллын хүлээлтэд нийцүүлэн бэлтгэх сургалтад хамруулах, харин Европоос ирэх жуулчдад тохирсон өөр арга барилаар сургах гэх мэт нарийн төвлөрсөн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг.

Манай байгууллагын бас нэгэн онцлог давуу тал бол өндөр түвшний хариуцлагын систем юм. Аялал жуулчлалын салбар хариуцлага өндөртэй байхыг шаарддаг учир бид бусад нэг төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай харьцуулахад илүү өндөр хариуцлагын даатгалтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь зөвхөн бидний бизнесийн нэр хүндийг хамгаалаад зогсохгүй, жуулчдын аюулгүй байдал, тав тухтай байдлыг нэн тэргүүнд тавьж буйг илтгэх бодит баталгаа болдог.

ЭРСДЭЛ

Аялал жуулчлалын салбарт ялангуяа Монголд энэ бизнесийг авч явахад тогтворгүй мөн тооцоолох боломжгүй байдлын сорилт бишгүй их тохиолддог. Ялангуяа дотоодын нислэгийн тогтворгүй байдал бол аялал жуулчлалын салбарт хамгийн том бэрхшээлүүдийн нэг. Жишээ нь дотоодын нислэгийн хуваарь Монголд маш тогтворгүй. Гэтэл бид олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулахдаа 2 жилийн өмнө төлөвлөж, гэрээ хэлэлцээр нь хийгдэж, ажил эхлэхэд асуудалгүй болсон байх шаардлагатай байдаг. Олон улсын аяллын зах зээл өндөр зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөх тогтолцоотой учир бид илүү найдвартай, тогтвортой дотоодын нислэгийн системтэй болох шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Хоёр дахь томоохон бэрхшээл бол хүний нөөцийн хомсдол. Цар тахлын үед энэ салбар зөвхөн нислэгээс гадна аялал жуулчлалын мэргэшсэн боловсон хүчний хомсдол гэдэг шинэ асуудалтай нүүр тулсан.



Судалгаанаас үзэхэд:

Тур операторуудын 78%,
Жуулчны баазуудын 68%,
Зочид буудлуудын 25%,
Зоогийн газруудын 50% нь цар тахлын үеэр хүний нөөцөө алдсан байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн жил аялал жуулчлалын салбарт 13 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2023 оны 4.9 тэрбум төгрөгөөс даруй 2.5 дахин их өссөн дүн. Энэ нь салбарын хөгжил, хүний нөөцийн сургалт, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд том түлхэц болно гэж бид найдаж байгаа. Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс санаачилсан нэг тэрбум төгрөгийг тэтгэлэгт хөтөлбөрт манай компани ерөнхий спонсороор тогтмол оролцож, өөрийн төв оффис болон харьяа баазууд дээрээ нийт 20 гаруй оюутнуудыг далдагажуулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, салбарын хүний нөөцийн хомсдолыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.

Бидний хяналтаас гадуур буюу урьдчилан таамаглах боломжгүй асуудлууд олон гардаг: нислэг цуцлагдах, зам хаагдах, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсэх гэх мэт. Мэдээж энэ нь бидний хувьд бэрхшээл болдог ч гэсэн нэг талаараа бас манай салбарын онцлог байх. Бид үүнийг байгууллага дотроо “гал унтраах” гэж ярьдаг. Гал унтраана гэдэг нь бидэнд асуудал үүсэх бүрд хурдан, бүтээлч шийдэл гаргаж, жуулчдын аяллыг тасалдуулахгүй зохион байгуулах байдлаар “галыг” “шарх сорвигүй” давж гарахыг хэлж байгаа юм. Харин аяллын төгсгөлд жуулчид сэтгэл хангалуун байгааг харах тэр мөчид бидний бүхий л хүнд хэцүү бэрхшээл мартагддагийг дурдах хэрэгтэй болов уу.