Жижиг дунд үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, хүнсний дэлгүүр эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хялбар шийдэл, хэрэгцээт үйлчилгээг хүргэдэг Онтаймын хамт олон өнөөдрийн зочид. 

Ажлын ойролцоо, байрны харалдаах зургаа, найман нэрийн хүнсний дэлгүүрүүд, бэлэн хувцас, гоо сайхан, гэр ахуй зэрэг олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг газрууд тэдний үнэнч хэрэглэгчид юм. Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, жижиглэн худалдааны экосистемийг цогцоор нь тордож буй энэ хамт олны ажил, арга барилтай ойроос танилцъя.     

Бизнесийн нэр: Онтайм технологи ХХК
Хаяг: БЗД, Сакура Тауэр 10 давхар, 1006 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Худалдаа, дэлгүүрийн удирдлагын программ хөгжүүлэлт, интеграци, экосистем
Үүсгэн байгуулагч: М.Мөнхдөл
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Цахим хуудсууд: Ontime (Фэйсбүүк), ontime.mn (Вэбсайт) Оntime хэрэглэгчдийн групп, 7777-3444 лавлах төв


Үүсгэн байгуулагч: М.Мөнхдөл

сэдэл

Худалдааны бизнес эрхлэгчдийн 80 орчим хувийг жижиглэн худалдаа эзэлдэг боловч тэдний үйл ажиллагааны онцлогт тохирсон, ажлыг нь хөнгөвчлөх, ашиг орлогыг нь нэмэх технологийн шийдэл төдийлөн байдаггүй. Худалдаа эрхлэгчдээр зогсохгүй бараа бэлтгэн нийлүүлэгч, дэлгүүр, эцсийн хэрэглэгч хүртэл бүх дамжлагад нэгдсэн шийдэл хэрэгтэй буюу экосистемээр нь хөгжүүлэх хэрэгцээ байгаа нь Онтаймыг эхлүүлэх сэдэл болсон.

Хувиараа бизнес эрхлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч нарт дан ганц программ хангалтгүй бөгөөд карт уншигч пос машинаас эхлээд тоног төхөөрөмж, хэрэглэгчийн урамшууллын лояалти гэх мэт олон төрлийн цогц үйлчилгээ шаардлагатай. Ийм учраас бид худалдаа эрхлэгчдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгож байна.

ялгарал

Системийн шийдэл: Манай дийлэнх хэрэглэгчид 3-10 мянга хүртэлх бараатай дэлгүүрүүд байдаг. Тэд бараа захиалах, худалдах, борлуулах, тоолох зэрэг үндсэн зүйлсээ хийхээс гадна бараа, материал нийлүүлсэн газруудаас НӨАТ-ын баримт авах, өглөг авлагаа тулгах зэрэг тогтмол хийдэг ажлууддаа 7-10 хоног зарцуулдаг. Бид дээрх алхмуудыг судалж, хялбар шийдэл боловсруулснаар 2-3 хоногт хийх боломжтой болсон.

Цогц үйлчилгээ: Бараагаа хурдан хугацаанд эргэлдүүлж, өндөр ашиг олох нь бизнес эрхлэгчдийн гол зорилго. Түүний тулд хэрэглэгчдэд шаардлагатай программ хангамж, тоног төхөөрөмж, банкны карт уншигч (МБанк, Голомт банк, ХААН Банк, Easypay), дижитал хэтэвч (QPay, Social Pay, Toki Pay, Pass Pay), лояалти (U-Point), бусад үйлчилгээний цэнэглэлт, төлбөр төлөлт (Юнител, Юнивишн, ДДЭШ), хүнсний эрхийн бичгээр бараа олгох, эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг Онтаймаас авах боломжтой. Түүнчлэн пос машины орлого барьцаалсан бага хүүтэй, урт хугацаатай зээлийн үйлчилгээ болон программаас бараагаа захиалж, өдөрт нь хүргүүлж авах (eBazaar, PickPack) нэмэлт боломжуудыг санал болгож байна. Мөн манай хэрэглэгчид программын төлбөрөө Simple buy, StorePay-ээр хуваан төлж болно.

Хэрэглэгч төвтэй үйлчилгээ: Бид хэрэглэгчдийнхээ онцлогт нийцүүлэн “Хэрэглэгчийн үйлчилгээний төв”-ийг бүх өдрүүдэд ажиллуулж байна. Ийнхүү харилцагчдынхаа өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагыг судлах, бараа, бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, борлуулалт өсгөх, үйл ажиллагааг нь хөнгөвчлөх шийдлүүдийг боловсруулж, системээ тогтмол сайжруулдаг.


онтайм гэж юу вэ?

Худалдааны зах зээлийн экосистемийг хөгжүүлэгч залуучууд. Шууд утгаараа “яг цагтаа” буюу аливаа ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг чухалчилж ийнхүү нэрлэсэн

одоо

Бид өнгөрсөн оны сүүлээр бараа захиалгын модулийн системийг нэвтрүүлсэн. Заавал зах худалдааны төвөөс авдаг, захиалаад ирдэггүй бараануудыг системдээ оруулж, eBazaar-аар дамжуулан өдөрт нь хүргэнэ. Үүнийг хэрэглэгчдэдээ таниулах, бусад ижил төстэй худалдааны кассын системүүдтэй холбохоор ажиллаж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд U-Point-той хамтран эцсийн хэрэглэгчийг урамшуулдаг байсан бол шинэ оноос эхлэн дэлгүүрийн эздийг урамшуулах мерчант лояалти үйлчилгээг хөгжүүлж байна.

баг

Онтаймын гэр бүл 35 гишүүнтэйгээр чухал цөөнийг, хугацаанд нь чанартай хийх зарчмаар, олон улсын тренд аргачлалуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Бид гишүүн бүртээ үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, хангамж, ажлын байран дээрээ суралцах, мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломж олгодог. Цаашлаад залуучууд эх орондоо суралцаж, хийж бүтээх үйлсэд оролцон, сайн сайхан амьдарч болно гэдгийг хамт олноороо үлгэрлэн харуулахыг эрмэлздэг.

Одоогоор манайд харилцагчийн үйлчилгээний инженер, борлуулалтын мэргэжилтэн хэрэгтэй байгаа. Өсөн дэвших хүсэл тэмүүлэлтэй, зөв хандлагатай хэн бүхнийг Онтаймын гэр бүл баяртайгаар угтан авах болно.


хамтрал

Бидэнтэй хамтран ажилладаг худалдаа эрхлэгчдийн хувьд борлуулалтын орлого барьцаалсан, хялбар зээлийн үйлчилгээ авах хэрэгцээ элбэг гардаг. Харилцагчдийн маань энэхүү эрэлтэд нийцүүлэн зээлийн үйлчилгээ гаргах сонирхолтой байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй. Мөн бид ижил төстэй систем хөгжүүлэгч компаниудад бараа захиалгын модулийг системдээ холбох боломжтой болгосон.

ирээдүй

Бизнес эрхлэгчдийн байршил, үйл ажиллагааны нөхцлөөс хамааран хэрэгцээтэй, эрэлттэй бүтээгдэхүүнийг оновчтой захиалах, хэрэглэгчийн зээлжих зэрэглэлийг хиймэл оюун ухааны тусламжтай тодорхойлдог болохоор зорьж байна.

Дэлхий нийтээрээ ковидын үеэс хойш эм, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд ойр зуурын бүхий л хэрэгцээгээ гэртээ хүргүүлэх шинэ дадалтай болсон. Үүнийг улам энгийншүүлж, өөрт хамгийн ойр дэлгүүрээс хэрэгцээт бараагаа захиалж авах боломжийг бүрдүүлнэ.

эрсдэл

Жижиг дунд худалдаа эрхлэгчдэд чиглэсэн төрийн бодлого, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа хүртээмжгүй байдаг нь салбарын хөгжилд нөлөөлдөг. Зах зээлийнхээ талаас илүү хувьд хүрч үйлчилж буйн хувьд худалдааны бизнес эрхлэгчдийн онцлогт тохирсон сургалт, зөвлөгөө мэдээллийг хүргэх, тэднийг чадавхижуулахад чиглэсэн хөтөлбөр бэлдэхэд багагүй цаг хугацаа, хөрөнгө оруулалт зарцуулж байна.