"Unread Wrapped" шинэ жилийн цуврал контентын ээлжит дугаар 2025 оны онцлох номуудаар үргэлжилж байна. Жил бүрийн төгсгөлд бид уншигч, зохиолчид болон номын ертөнцийнхний санал бодлыг нэгтгэж, тухайн оны мартагдашгүй, онцлууштай номуудыг эргэн дурсдаг уламжлалтай. Харин бид энэ удаа дотоодын хэвлэлийн газруудыг нийтлэлдээ урьж, өнгөрөн одож буй 2025 онд тэдний эрхлэн гаргасан хамгийн онцлох ном юу байв? Чухам яагаад тэр вэ? хэмээн асуусан юм.  
Энэхүү нийтлэлд маань хамтран ажилласан нийт хэвлэлийн газрууддаа талархаж буйгаа илэрхийлье. Ирж буй 2026 ондоо улам илүү хамтран ажиллахыг хүсье. 


1. Сохор шар шувуу - Садэх Хедаяат

Утга зохиолын өнөө цагийн дүр төрх ямар хэлбэр, өнгө аястай байгааг тодорхойлохын тулд судлаачид ихэвчлэн нэг зохиолыг жагсаалтдаа заавал багтаадаг. Тэрхүү зохиол бол XX дугаар зууны Ираны хамгийн нөлөө бүхий зохиолч Садэх Хедаяатын “Сохор шар шувуу” тууж юм. Уг бүтээлийг гол дүрийн үхлийн өмнөх эргэцүүлэл буюу амиа тэвчихээс урьтаж цааснаа буулгасан наманчлал хэмээн тодорхойлж болно.

1937 онд хэвлэгдсэн уг бүтээл эх орондоо болон дэлхийн зарим улс оронд зургаан жилийн турш “хориотой ном”-ын жагсаалтад байсан билээ. Мөнхүү франц, англи, герман зэрэг дэлхийн 32 хэлээр орчуулагджээ. Үүгээрээ Ираны гадаад хэл дээр хамгийн олон удаа хэвлэгдсэн номын жагсаалтыг тэргүүлдэг байна. Энэхүү утга зохиолын жинтэй, ул суурьтай бүтээлийг манай хэвлэлийн газраас 2025 онд Б.Минжбадамгаравын орчуулгаар уншигчдад хүргэсэн нь энэ жилийн нэгэн онцлох үйл явдал байлаа.

2. Салхи уншсан, одоо - Д.Урианхай

Өдгөө манай дотоодын зохиолчид маань уламжлалт хэвлэлийн газраар дамжуулан зохиол бүтээлээ хэвлэн нийтлүүлэх нь тун ховор байгаа билээ. Үүнээс үүдэн манай хэвлэлийн газар 2025 онд зохиолч, яруу найрагч Д.Урианхай гуайн богино хүүрнэл зохиолын түүврийг эрхлэн гаргасан юм.

Тус түүвэрт зохиолчийн сүүлийн жилүүдэд бичсэн шинэ өгүүллэгүүд багтсан бөгөөд эдгээр өгүүллэгүүд хүн хоорондын харилцаа, өнөөгийн технологи давамгайлсан нийгэмд хэрхэн мөн чанараа гээлгүй "хүн хэвээр үлдэх", үнэт зүйлсээ дотоод сэтгэлдээ яахин ухамсарлах талаарх сэдвийг уудалснаас гадна "оюун ухамсарт бодгаль гэх тодорхойлолт үнэхээр бидэнд нийцэж байгаа юу" гэдгийг эргэцүүлсэн зэрэг олон агуулгыг хөндсөнөөрөө онцлогтой.

3. Мууран төрхтэй хүмүүс - Б.Алтанхуяг

Энэ ном бол уран сэтгэмжит, уран зөгнөлт өгүүллэгийн түүвэр юм. Манайд энэ төрлийн бүтээлийн хувьд орчуулгын арвин өвтэй боловч үндэстний уран зохиолын хувьд авч үзвэл хоосон савтай адил. Мөн мэдээж оюун билгийн төөрөгдөл, сэрэл, ухамсар бүхнийг тоочин бичсэн гол дүрийн баатартай эмгэнэлт зохиолууд өнөө цагт давамгайлах болсон. Харин "Мууран төрхтэй хүмүүс" тэдгээр гутранги баатруудаас тэс өөр өгүүлэмжтэй гэдгээрээ ялгаатай тул эцэст нь бид энэхүү бүтээлээ онцолъё.



1. Чартаа - Хүлио Кортасар

Манай хэвлэлийн газар хүн төрөлхтний уран зохиолын аугаа их сангаас сор сувдыг нь шүүрдэн монгол уншигчдадаа урьд өмнө нь хэвлэгдэн гарч байгаагүй шинэ романуудыг санал болгох зорилгоор “Романы цуврал” нэрийн дор гаргасан бүтээлүүдийн нэг нь Аргентин гаралтай Францын зохиолч Хүлио Кортасарын “Чартаа” роман билээ.

Монголын уран зохиол шимтэн уншигчид уг романыг “Анги дэвших тоглоом” хэмээх нэрээр нь эчнээ таньдаг болсон ч эх монгол хэлээрээ уншаагүй явсан билээ. Зохиолчийн бичсэнээр уг романд юун түрүүн гурван ном багтаж буй. Зохиол дотор зохиолыг ялгаж салгаж уншихын тулд та зохиолчийн бэлтгэсэн “Зааварчлах хүрд”-ийг дагах хэрэгтэй.

Уншихын тулд математикийн томьёо бодож буй мэтээр нарийн бүтэц, зааварчилгаа дагах нь зохиолчийн санаатайгаар хийсэн хээнцэрлэл, хэлбэрдэлт бус өгүүлэгчийн бодол санааны тусгалыг олон талаас нь харуулах гэсэн уран сайхны арга юм. Энэ утгаараа монгол уншигчид уран зохиолын номын нэгэн өвөрмөц хувилбартай танилцана.

2. Инээд хийгээд мартахуйн тухай ном - Милан Кундера

Милан Кундера бол энэ зууны суут зохиолчдын нэг. Орчин цагийн философийн роман, постмодерн уран зохиолыг Милан Кундерагүй төсөөлнө гэвэл өрөөсгөл. Түүн шиг улс төр, философи, үзэл санааны хүнд сэдвийг салахын аргагүй сонирхолтой, уртай роман болгох авьяастан тун цөөн төрсөн юм. Тиймээс ч бид тус зохиолчийн эл бүтээлийг анхлан монгол хэлнээ орчуулж уншигчдадаа хүргэж буй билээ.

Эл роман нийт долоон бүлэгтэй бөгөөд бүлэг бүр Чехийн түүхийн ээдрээт үйл явдал, хүний амьдралын талаарх долоон өөр үйл явдлыг өгүүлнэ. Нэг бүлгийн явдал дараагийн бүлэгт үргэлжлэхгүй агаад салангид уншиж болмоор эсвэл дүрээ сольсныг нь эс анзаараад бүгдийг нэг бүхэл болгоод уншиж ч болмоор мөн л өвөрмөц бүтэцтэй ном юм. Инээд бол бидний амьдралын өөрсдөө ч тодорхойлж чадашгүй оршихуйн нууцлаг, сүүдэрт тал, харин мартах гэдэг нь бурхнаас бидэнд өвлүүлсэн хамгийн сул тал гэсэн санаа уг зохиолд бий.

3. Түгшүүрт үеийнхэн - Жонатан Хайдт

Нийгмийн сэтгэл зүйч Жонатан Хайдт өнөөгийн нийгмийн хамгийн хүнд асуудлуудын нэг болох ухаалаг утасны хэт хэрэглээ, сошиал медиа, технологийн дэвшлийн сөрөг тал хүүхдүүдийн эрүүл мэнд хийгээд сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалгааны ул суурьтай бичсэн бүтээл бол "Түгшүүрт үеийнхэн" ном. Өдгөө дэлгэцийн хэт хэрэглээний донтолт бүтэн нэг үеийг хэрхэн сүйрүүлж буйг Gen Z (1997-2013 оны хооронд төрсөн) үеийнхний жишээн дээр эл ном илчлэн харуулна. Мөнхүү хэрхэн шийдэх ёстойг ч бичиж тусгасан буй.

Тус номыг гэр бүлээрээ уншиж, хүүхдээ дэлгэцийн хамаарлаас гаргацгаая гэсэн уриа дор манай хэвлэлийн газар уг бүтээлийг албан ёсны эрхтэй эрхлэн гаргасан юм. Мэдээж нэг ном уншаад тэр дороо хүүхэд утсаа хаячихгүй ч тийм сэдлийг уг ном эцэг эхчүүдэд, уншигчдад олгоно гэж найдаж байна.



1. Зүтгэсээр бай - Остин Клеон

Бичих, зурах хос авьяаст Остин Клеоны трилогийн сүүлийнх болох “Зүтгэсээр бай” номыг орчуулан гаргасан нь санаатай ажилладаг, бүтээлчээр сэтгэх шаардлагатай хүмүүст сайхан гарын авлага болох болов уу. Өнөөгийн энэ их шуугиан, сатаарал ихтэй нийгэмд, байнгын сорилт бэрхшээл дунд хүн сэтгэл санаагаа хэрхэн унагачхалгүй тогтвортой байлгаж, хийж буй ажлаа хэрхэн үргэлжлүүлж урагшилсаар байх вэ гэдгийг энэ номд өгүүлнэ.

Холбоотой нийтлэл: Остин Клеоны “Зүтгэсээр бай” номын тухай

2. Зөнч - Халиль Жибран

Манай хэвлэлийн газар 100 жилийн өмнө ливан-америкийн зохиолч Халиль Жибраны туурвисан жижигхэн атлаа хүчтэй бүтээл “Зөнч”-ийг энэ оны намар орчуулан уншигчдадаа хүргэсэн нь онцлох үйл явдал байлаа. Дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдсан, мөн 100 сая гаруй хувь борлогдсон энэ алдартай бүтээлийг манай сайн орчуулагчдын нэг Г.Лхагвадулам монгол хэлэнд буулгасан бөгөөд тус ном нь үргэлжилсэн үгийн яруу найргаар амьдралын тухай тун "сүнслэг" арга барилаар бичсэн бүтээл юм.

Холбоотой нийтлэл: "Зөнч" номын тухай

3. Товшлолууд - Д.Ганзориг

Мөн энэ онд Арвис хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Д.Ганзориг өөрийн нийтлэлүүдийн түүвэр болох “Товшлолууд” номоо уншигчдадаа хүргэснийг онцлууштай. Тэрээр долоо хоног бүр "хүн хэрхэн дотогшоо өнгийж өөртэйгөө ажиллах вэ, хэрхэн бүтээлч хийгээд бүтээгч байх вэ, хэрхэн цэвэр тунгалаг сэтгэх вэ" зэрэг сэдвээр бэсрэг эсээ бичин захиалагсдадаа и-мэйлээр илгээдэг болоод таван жил өнгөрчээ. Түүний бусдаас авсан бодууштай санаанууд хийгээд хувийн бодрол, ажиглалтуудаа сүлж бичдэг эдгээр эсээ залуу үеийнхэнд ажил, амьдралын талбарт нь дэм тус болно гэдэгт итгэлтэй байна.



1. Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн тайлбар - Жэймс Мэдисон, Жон Жэй

1787 онд АНУ-ын хувь заяа маш эмзэг, цаг төр үймж асан эгзэгтэй цагт Александр Хамилтон, Жэймс Мэдисон, Жон Жэй нар (Publius) нууц нэрээр 85 өгүүлэл бичиж хэвлүүлсэн нь хожмоо “The Federalist Papers” хэмээн алдаршжээ. Тэд үүгээрээ зөвхөн Үндсэн хууль батлуулах зорилгоор ухуулга хийсэн бус, харин ардчилсан улс төрийн шинэ философийг онолын түвшинд тайлбарлаж, Америкийн ирээдүйн төрийн суурийг тавьсан хэмээн судлаачид үздэг.

Түүнчлэн “The Federalist Papers” бол Америкийн улс төрийн бичиг баримтаар барахгүй хүний эрх чөлөө, эрх мэдлийн хуваарилалт, нэгдсэн төрийн бат бөх үндэс суурийн тухай түүхэн сургамж агуулсан, онолын өв юм. Энэ утгаараа тус ном нь он цагийн уртад хуучиршгүй "сонгодог" бүтээл тул манай уншигч нарт ч нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах биз ээ.

2. Монгол их түрлэг - Николас Мортон

Николас Мортоны “Монгол их түрлэг: Дундад зууны Ойрх Дорнод тэнгэрийн зарлигаар өөрчлөгдсөн нь” номд монголчуудын байлдан дагуулалтын талаар иж бүрэн үнэлэлт дүгнэлт өгч, дундад зууны Ойрх Дорнодын улс төр, нийгмийн дүр төрх хэрхэн өөрчлөгдөх болсныг онцлон гаргаж ирснээрээ тун сонирхолтойн сацуу манай уншигч нарт хэд хэдэн талаараа давхар үнэ цэнтэй бүтээл юм.

Тодруулбал, тухайн үед Ойрх Дорнодын лалын орнуудад араб, перс, түрэг хүмүүс голлон ноёрхож байсан ба тэд хамгийн түрүүн монголчуудын довтолгоонд өртсөн аж. Улмаар тэдгээр ард түмний түүхчид монголчуудын байлдан дагуулалтыг хэтрүүлэн бичихдээ харгислал, тонуул дээрмийг нь "чөтгөрийн хүч, муу ёрын хүчин" гэж тодорхойлж байсан нь Европын түүх бичлэгт шууд хүрч евроцэнтрик “баримт” болж хөгжсөн байдаг.

Мөн тухайн үеийн түүхчид монголчуудын Ойрх Дорнодод хийсэн геополитик өөрчлөлт, соёл, улс төрийн солилцоо, шашны харилцаан дахь өөрчлөлт зэрэгт огтоос анхаарал хандуулаагүй бол тус номын зохиогч Н.Мортон энэхүү тогтсон уламжлалт ойлголтоос татгалзан илүү өргөн хүрээтэй харж, монголчуудын Византи, Сэлжүк Түрэг, Мамлюк, Латин зэрэг янз бүрийн нийгэмтэй тогтоосон харилцааны ач холбогдлыг бүтээлдээ онцолсноороо тун онцлууштай бүтээл билээ.

3. МИЛЭЙН ЭРИН: Аргентины шинэ зам - Филипп Багус

Манай улсын хувьд “Милэйн эрин” бол бидний эдийн засгийн бодлогын тусгал гэж үзэж болом. Инфляц, татвар, төрийн оролцоо, халамжийн бодлого бүгд ижил механизмаар хүний эрх чөлөөг боож буй гэхэд хилсдэхгүй.

Мөн нөгөө талаараа “Милэйн эрин” бол улс төрийн дуулиан бус, харин оюуны сэргэлтийн бүтээл юм. Номын зохиогчийн үг бүрийн цаана эдийн засагчийн тооцооноос илүү философичийн итгэл, нийгмийн сэтгэл судлаачийн анхаарал мэдрэгдэх нь тус бүтээлийн онцлог.

Энэ номыг унших нь Аргентины тухай бус, өөрийн улс орон, өөрийн иргэний эрх чөлөөний тухай асуултад хариу эрсэн аялал гэж ойлгож болно. Зохиогч номынхоо монгол орчуулгын өмнөх үгт "Монголын уншигчид эрх чөлөөний төлөөх тэмцлээс, Милэйн амжилтын түүхээс урам зориг авна гэдэгт найдаж байна" хэмээснийг энд давтан дурдууштай.

Холбоотой нийтлэл: 2025/04: Энэ сард шинээр хэвлэгдсэн шилдэг номууд



1. Миний хувьд чухал мод - Киаран Муртаг

Бидний мэдэх “Ургийн мод”-ны онцлог нь цаг хугацаагаар аялах боломжийг олгодог бол “Миний хувьд чухал мод” нь “Ургийн мод”-оос ялгаатай. Энэ модон дээр зөвхөн гэр бүлийн гишүүдээр хязгаарлахгүй, өөрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг багтааж болно.

Өөрийн гэсэн чухал модыг бүтээх нь хүүхдүүдэд нийгэмд эзлэх өөрийн байр суурийг тодорхойлоход нь туслахаас гадна өөрийн хүрээллийн хүмүүсийг таньж мэдсэнээр өөрийнхөө үнэ цэнийг илүү тод ухамсарлан ойлгох боломжийг нээж өгнө.

2. Гайхалтай сэтгэлийн хат - Бэки Дикинсон

Бие бялдрын хөгжил сайн байх нь эрч хүчтэй, бүтээлч байдлын үндэс байдаг бол сэтгэл санааны хувьд хүч тэнхээтэй байхад сэтгэлийн хат хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Энэ номд “Бие сэтгэцийн эрүүл мэнд” өнөө цагт яагаад чухал сэдэв болсныг нарийвчлан тайлбарласны сацуу шийдвэр гаргахад хүндрэлтэй, эргэлзэж тээнэгэлзсэн үедээ ямар арга хэрэглэж болдгийг маш сонирхолтой жишээ, зураг дүрслэлээр тайлбарласан учир хүүхэд багачууд уншихад ойлгомжтой, сургамжтай бүтээл юм.

3. Сониуч хүүхдэд зориулсан нэвтэрхий толь: Одон орон - Жиль Спэрроу

Ертөнцийн тухай хамгийн сүүлийн үеийн онолуудыг тайлбарлаж, одон орончид Дэлхийгээс хол сансрын уудам орон зайн биетүүдийг таньж мэдэхэд ямар гайхалтай технологи ашиглаж, ухаанаа дайчилдгийг хүүхэд багачууд энэ номоос олж мэдэх боломжтой.

Их тэсрэлтээс эхлээд хар нүх, нар хиртэлт, од яагаад харвадаг, хэт аварга од гэж юу болох гээд одон орны тухай мэдээллүүдийг багтаасан, сансар огторгуйн гайхамшгийг “яагаад?”, “яаж?” гэх асуултаар дамжуулан сонирхолтой жишээ, зургаар баяжуулан тайлбарласан энэхүү бүтээл нь хүүхдийн сониуч занг өдөөж, шинжлэх ухаанд дурлуулна гэдэгт бид итгэлтэй байна.

4. Махчин загас зайрмагт дуртай юу? - Полли Өвэн

Статистик бидэнд аливаа мэдээллийг илүү тодорхой бөгөөд ойлгомжтой хүлээж авахад тусалдаг. Улмаар юмсын зүйлийн зүй тогтлыг олж тогтоох, тодорхой асуултуудад хариулт өгөх, тэр ч бүү хэл ирээдүйг урьдчилан таамаглах боломжийг олгодог билээ. Гэхдээ мөн зарим тохиолдолд статистикийг биднийг төөрөгдүүлэх эсвэл ямар нэгэн зүйлийг худалдаалах зорилгоор ашиглах тохиолдол ч бий.

Энэ утгаараа статистик нь зөвхөн тоо, өгөгдлийн шинжилгээ гэхээс илүүтэй, өдөр тутмын амьдралд хүртэл ямар холбоотой, хэрхэн хэрэглэгдэж болохыг тус бүтээл олон жишээгээр харуулан хүүхдийн сонирхлыг татаж, эл гайхам ертөнцийг ойлгомжтой, басхүү хөгжилтэй хэлбэрээр танилцуулснаараа энэ оны бусад номуудаас онцгой.



1. Шөнө дундын хүүхдүүд - Салман Рушди

Өнөө цагийн хамгийн дуулиантай зохиолч бол Энэтхэг гаралтай Английн зохиолч Салман Рушди юм. Тэрээр өдгөө утга, уран зохиолд үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөний "архитеп дүр" (зохиолынхоо зүдэргүүт хувь тавилантай баатрууд шиг) болтлоо яригдах болсон гэхэд хилсдэхгүй. Манай хэвлэлийн газар энэ онд түүний алдарт “Шөнө дундын хүүхдүүд” номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн нь олон талын шалтгаантай.

Холбоотой нийтлэл: “Шөнө дундын хүүхдүүд” номын тухай

Тодруулбал, тус роман нь түүний хамгийн чухал бүтээлүүдийн нэг бөгөөд Бүүкерийн шагналт бүх романуудын шилдгээр хоёр ч удаа нэрлэгдсэн гэдгээрээ тун онцгой. Мөн зохиолч Энэтхэг Улс Британийн колоничлолоос гарсан шөнө мэндэлсэн Салем Синайгийн өгүүлэх түүхээр дамжуулан өөрийн эх орны тусгаар тогтнолын үеийн улс төрийн түүхийг уран зохиолын ертөнцөд шинээр бүтээсэн хэмээн судлаачид үздэг. Түүнчлэн тэрээр шидэт реализмын арга барилаар бодит ахуйн дүрслэлийг цааснаа буулгахдаа Энэтхэг Улсын тухайн үеийн нийгмийн сэтгэлзүй, улс төрийн эргэлт, хүлээлтээс алдарсан шинэ төрийн онцлогийг гүнзгий хөндөн гаргасан нь уг номыг тун зоримог бүтээл хэмээн дэлхий дахинд үнэлэгдэхэд хүргэсэн юм.

2. Шударга ёсны хордлого - Накано Нобүко

Өнөө цагийн хүмүүсийг ганцхан өгүүлбэрээр тодорхойлчхож болно: Тэд бүгд цахим дайнд мордож, нэгнийгээ хэлэх хэлэхгүй үгээр дайрч, мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвараа гээжээ. Үнэндээ ямар ч хүн бусдыг шүүж, буруутгах мөчид таашаал мэдэрдэг агаад энэ нь бидний тархинд төрөлхөөс суугдсан механизм буюу хүн хэмээх амьтны мөн чанар гэнэ. Харин энэ мөн чанараа танин мэдэж, хазаарлахын оронд хяналтгүйгээр сул тавьж, бусдыг шүүх таашаалдаа донтсон хүмүүс цахим орчинд нэгнээ “барьж идэх” нь ч бий.

Чухам эл үзэгдлийг Японы эрдэмтэн, тархи судлаач Накано Нобүко “Шударга ёсны хордлого” хэмээх энэхүү бүтээлдээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан “шударга ёсны донтолт” хэмээн нэрлэж, тодорхой ухагдахуун болгон цаасан дээр буулгасан юм. Шударга ёсны донтолт нь хүний тархины үйл ажиллагаатай холбоотой учир хэн ч үүнд автах эрсдэлтэй. Мөн өөрөө ч мэдэлгүй донтогсдын бай болдгийг зохиогч бүтээлдээ цохон тэмдэглэжээ. Нийгмийн үзэгдлийг тархи судлалын үүднээс задлан тайлбарласан бүтээл манайд ховор орчуулагддаг учир тус бүтээл манай энэ оны онцлох ажлуудын нэг байсан гэж бодож байна.

3. Есдүгээр сар ба энэ зам - М.Уянсүх

Яруу найрагч М.Уянсүх өөрийн шүлэг, яруу найрагтаа утга уянгыг ямагт гүн ухааны үзэл санаатай харгалдуулж байдаг. Мөн түүний бадаглал хийгээд туурвил зүйд бусдаас эрс өөр аяс шингэсэн байдгийг уншигчид хэдийн мэдэх биз ээ.

Манай хэвлэлийн газар тогтмол дотоодын зохиолч нартай хамтран ажиллаж уншигч нартаа уран бүтээлээс нь хүргэсээр ирсэн бөгөөд түүний дотор зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн үргэлжилсэн үгийн болон яруу найргийн хэд хэдэн бүтээл багтдаг билээ. Тэрчлэн бид энэ онд түүний шинэ бүтээлийг уншигч нартаа хүргэсэн нь "Есдүгээр сар ба энэ зам" түүвэр байлаа.



Цэцэгнээс төрөгсөд - Б.Батрэгзэдмаа

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа агсны “Цэцэгнээс төрөгсөд” дуусгаагүй романыг 2025 онд Улбар хэвлэлийн газраас хэвлүүлсэн юм. Зохиолын агуулга нь монголчуудыг "Дээр тэнгэрээс заяат төрсөн..." гэх санааг уран зохиолын аргаар нотлох, ингэхдээ "Арван буянт номын цагаан түүх" дэх төрийг засах хос ёсны онол, "Алтан үнэний дээд аялгуу" дахь зарим санааг ашигласан, үүний тулд Хубилай хаан, Их Юань гүрэн, Хубилай хааны охин Мяо-Янь гүнжийг үйл явдлын төвд аваачсан бололтой.

Энэхүү хэвлэлийн онцлог нь тус романы 2017, 2020 онд бичсэн хоёр хувилбарыг нэгтгэсэн тул бичвэр судлал, урлан бүтээхүйн явцын талаарх сургалт, судалгааны ажилд хувь нэмэр болж юуны магад. Дэлхийн уран зохиолд дуусгаагүй бүтээлийг хэвлүүлсэн тохиолдол олон бөгөөд Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Чарльз Диккенсийн “Эдвин Друдын нууц”, Жэйн Остины “Сандитон”, ойрын жишээ бол Д.Нацагдоржийн “Хэлхээгүй сувд” туужийг нэрлэж болно.

“... Батрэгзэдмаа миний “Цэцэгнээс төрөгсөд” роман маань дээдүүдийн билиг билгүүний хүчирхэг гэгээрлийн гэгээг бүтээх болтугай. Уншсан, сонссон, тогтоосон хийгээд түгээн дэлгэрүүлсэн буянтан ба дурдсан хэн бүхний сэтгэл түргэнээ ариусан амарлих болтугай. Номын цагаан буян цаглашгүй ихээр дэлгэрэг!...” хэмээн зохиолчийн хүссэн хүсэл биелэх болтугай!



1. “Би хэрхэн ажилладаг вэ” цуврал ярилцлагын түүвэр

Энэ жил манай редакц “Unread Books” нэрийн дор шинэ цагийн, тулхтай уншигч нарт зориулсан бүтээлүүдийг эрхлэн гаргаж эхэлсэн билээ. Арван жилийн өмнө эхэлсэн, уншигчдад санаа сэдэл, урам зориг өгч эерэг үйлдэлд уриалах үйл хэрэг маань ийнхүү өргөжин тэлсэн хэрэг. Вебийн нийтлэлээс гадна долоо хоног тутмын сониноороо түгээж бас хамгаалсаар ирсэн унших соёл номын хуудаснуудаар дамжиж, илүү жинтэй түгэх болсонд бид тун талархаж буй.

Энэ жилийн онцлох бүтээлд юун түрүүнд хаврын номын баяраар гаргасан “Би хэрхэн ажилладаг вэ” цуврал ярилцлагын түүврээ нэрлэнэ. Манай редакцын нэрийн хуудас болсон, Монголын үе үеийн шилдэг мэргэжилтнүүдийн ажил амьдралын алтан архив гэж нэрлэж болох уг ярилцлагын 500 гаруй дугаарыг бид энэ хугацаанд бэлтгэжээ. Эдгээр ярилцлагуудынхаа үнэ цэнийг нь улам нэмж ном болгон хэвлэж буй маань энэ.

Холбоотой нийтлэл: "Би хэрхэн ажилладаг вэ?" цуврал ярилцлагын түүвэр ном хэвлэгдлээ

2. “Тогоруут агуй” - А.Пүрэвдорж

Удаах нь залуу зохиолч А.Пүрэвдоржийн “Тогоруут агуй” роман. Бидний хувьд зөвхөн ном гэлтгүй ер нь агуулгын хүрээнд уран зохиолын бүтээлтэй анх удаа ажилласан нь энэхүү ном байлаа. Уг бүтээл маань өнөөгийн зах зээлд цох дутагдаж буй залуу зохиолчдын дуу хоолойн хүчтэй нэгэн төлөөлөл болж, булган сүүлтэй байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Холбоотой нийтлэл: Unread Books-ийн анхны бүтээл: “Тогоруут агуй” шидэт реалист роман

Мөн бид зөвхөн өөрсдийн агуулга гэлтгүй, бусдын бүтээж буй агуулга, туулж буй түүхийг ч ном болгон хэвлүүлэх зорилгын хүрээнд хамтран гаргасан “Гэж юу вэ” сэтгүүл, “ХҮН: Нэгэн арван”, “Цахим алт 3.0” номуудаа ч онцлон дурдъя. Та манай редакцын бүх бүтээлийг энэ хаягаар ороод шууд гэртээ хүргүүлээд аваарай. Номын цагаан буян таны амьдралд гэрэл гэгээ болсоор байх болтугай.



1. Далай хаан: Хятадыг үндэслэгч Хубилай Сэцэн - Жак Уэтерфорд

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэн цор ганц гадаад эрхэм бол Жак Уэтерфорд билээ. Тэрээр “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” зэрэг олон үнэ цэнтэй бүтээлүүдийг туурвиж, дэлхий даяар хэдэн зуун мянган уншигчдад Монголын эзэнт гүрний түүхийг таниулж буй.

Монсудар хэвлэлийн газраас 2025 онд түүний томоохон бүтээл болох "Далай хаан: Хятадыг үндэслэгч Хубилай Сэцэн" номыг эх хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгосон юм. Чингис хаан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу гүрнийг байгуулсан хэдий ч далай тэнгист гараагүй бол түүний ач хүү Хубилай хаан Хятадыг нэгтгэж, Юань гүрнийг үүсгэн байгуулж асан 1279 оны үед монголчууд дэлхий дээрх хамгийн хүчирхэг усан флотыг хянаж байсан бахархам түүхтэй ажээ.

Холбоотой нийтлэл: Жак Уэтерфордын “Далай хаан: Хятадыг үндэслэгч Хубилай Сэцэн”

Түүнчлэн, Хубилай Сэцэн хаан бол дэлхийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай удирдагчдын нэг. Ганцхан жишээ дурдахад тэрээр цуут ордондоо Исламын шашинт математикч, инженерүүдийг урин авчирснаар тэд орчин үеийн газрын зураг, анхны байлдааны хөлөг онгоцнуудыг зохион бүтээсэн байдаг. Нэн сонирхолтой, баримт судалгаагаар баялаг тус бүтээл нь бидэнд талын нүүдэлчин монголчууд далай тэнгисийг эзэгнэж асан түүхийн цаг үеэр аялж, өвөг дээдсийнхээ хийж бүтээсэн үйл хэргээр бахархах, сургамжаас нь суралцаж урагшлах, түүхийн ташаа ойлголтоо залруулж авах зэрэг олон боломж олгож буйгаараа тун их үнэ цэнтэй.

2. Хот ба түүний Хийсгэлэн хана - Харүки Мүраками

Өнөө цагийн хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг болох Харүки Мүракамигийн хамгийн сүүлд бичсэн "Хот ба түүний Хийсгэлэн хана" роман нь зохиолчийн тархийг хамгийн удаан "гашилгасан" нь гэж хэлж болно.

31 насандаа эхлүүлсэн эл зохиолоо бүрэн бүтэн болгох мөч зохиолчийн 71 насанд тохиожээ. Зохиолын хүүрнэгч эзэн, “зүүд уншигч” эр бага залуудаа нэгэн охинд дурлаж буйгаар зохиол эхэлнэ. Харин тэр нь өөрийг нь нэг насаар тарчлаах дурсамж болон хувирахыг зүүд уншигч эр яахин мэдэх билээ.

Япон Улсад 2023 онд анх хэвлэгдэн гарсан уг бүтээл англи хэлт уран зохиолын ертөнцөд 2024 онд хүрсэн бол 2025 онд монгол уншигч нартайгаа золголоо. Энэ цаг үед зохиол бүтээлээ туурвисаар буй дэлхийн хамгийн нөлөө бүхий зохиолчийн эл бүтээлийг эх хэлнээ орчуулж, монгол уншигчдадаа хүргэсэн нь манай хэвлэлийн газрын оны нэгэн онцлох ажил байлаа.

3. Грек хичээл - Хан Ган

"Грек хичээл" нь дуу хоолойноосоо хагацсан эмэгтэй ба өдөр ирэх тусам гэрэлт ертөнцөөс алсран холдож буй залуугийн учрал, эгэл жирийн хоёр хүний битүүхэн ганцаардал, далд шаналлаар холбогдсон харилцаа, орчин цагийн хүмүүсийн амьдралд тулгардаг оршихуйн хямрал, экзистенциализмын асуудлыг өргөнөөр хөндсөн, философи утга санаагаар баялаг бүтээл юм. Ийм ч учраас өнөө цагийн уншигчдад их "ойрхон" бүтээл гэж хэлж болно.

Холбоотой нийтлэл: Хан Ганы “Грек хичээл” номын тухай

Зохиолч тус романдаа Платон болон түүний идейн онолыг нэг бус удаа дурдсан буй. Эмэгтэй өөрийн хувьд “оршихуйн” шинэ арга замыг эрэлхийлэн грек хэлний хичээлд суух бол багш нь өсвөр насандаа эрхтэн системийн хүнд өвчний улмаас хэзээ нэгэн цагт хараагаа алдаж, харанхуй ертөнцтэй нүүр тулах өдрөө хүлээн гав ганцаархнаа бүдчиж яваа залуу.

2024 оны Утга зохиолын Нобелийн шагналт зохиолч Хан Ганы Грек хичээл зохиол бол хүмүүний харилцан ойлголцол, нандин дотносол руу хандсан хайрын илгээмж бөгөөд амьдралын утга учир, амьд байхуйн мөн чанарыг тод томруунаар амилуулсан бүтээл билээ.



Эх орон - Б.Чанагнянгар, Б.Батцэцэг, Кимико Такахаши

Даяаршлын энэ эрин цаг үед эх орныхоо үнэт зүйл, үнэ цэнийг хэрхэн авч үлдэж, тээж дэлгэрүүлэх вэ гэсэн асуудал цаг ямагт тулгарах болжээ. Өндөр хөгжилтэй улс орнуудын бодлого, соёл, үзэл хандлагын ноёрхол дунд ядуу буурай улсын эрхэм нандин зүйл бүдгэрэх аюулыг бид өдөр тутамдаа харж байгаа билээ. Тэгвэл бид хэрхэх вэ?

Дээрх асуултын хариуд Монсудар хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакц 2025 онд “Эх орон” танин мэдэхүйн зурагт номоо хүүхэд багачууддаа болон эцэг эх асран хамгаалагч, багш нарт зориулан бүтээлээ. Учир нь “эх орон” гэх сэдэв хэдийн өргөн уудам ойлголт боловч мөнхүү уриа тунхгийн чанартай үлдэж орхигдож болохгүй сэдэв юм. Түүнчлэн бид энэ сэдвээр гэр бүлдээ төдийлөн ярилцдаггүй болсоор уджээ. Иймийн тул хүүхэд багачууддаа уншиж өгөх, цаашлаад ярилцах сэдэв болоосой хэмээн Жангар редакцын баг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцон энэхүү номоо бүтээв.



А: Хөх дэвтэр - Г.Аюурзана

Г.Аюурзанын шинэ ном “А: ХӨХ ДЭВТЭР” бол зохиолчийн 2022-2023 онуудад бичсэн, утга зохиолын мемуар юм. Бага насныхаа тухай “Угаасан ус”, Москвад оюутан байсан үеийнхээ тухай “Залуу насны нийслэл”, өөрийн суралцаж төгссөн Утга зохиолын дээд сургуулийн тухай “Лит (Горькийн сургууль)”, Монголын уран зохиолын ертөнцийн тухай “Зохиолчдын дунд” гэсэн бүлгүүдтэй.

Бүлэг бүр олон богино бичвэр сүлэлдүүлсэн бүтэцтэй. Тийм ч учраас номд өгүүлж буй дурсамжууд нь зохиогчид тохиолдсон бодит явдлууд боловч заримдаа өгүүллэгийн түүвэр шиг... Эсвэл орчин үеийн чөлөөт зохиомжтой романы хэсэг бусаг тэмдэглэлүүд уншаад байгаа ч юм шиг... Гэхдээ үйл явдлыг л чухалчилж ном уншдаг зарим уншигчид төвэгтэй, дотоод монолог ихтэй санагддаг романуудтай нь харьцуулбал Г.Аюурзанын энэ ном хэн бүхэнд хялбархан уншигдах бөгөөд хүн хоорондын харилцааны тухай, зохиолчдын тухай, зохиолч хүн хэрхэн боловсорч төлөвшдөг тухай өргөн олон нийтэд энгийн тодорхой ойлголт өгөхүйц бичигдсэнээрээ онцлог.

Монголчуудын туулж гарсан социалист нийгэм зохиогчийн бага настай, ардчилсан тогтолцоонд шилжсэн үе залуу настай нь давхцаж, эдгээр өөрчлөлтүүд манай утга зохиолын амьдралд ч хэрхэн туссаныг, зохиолчдын байгууллагыг шинэчлэхээр зорьсон хийгээд урам хугарч холдсон тухайгаа ч тодорхой нэр ус бүхий хүмүүсийн тухай дурсамжтайгаа холбон бичсэн нь уг номыг үнэ цэнтэй баримтат бүтээл болгож буй.


Өмнөх оны нийтлэлүүд:
2015 оны шилдэг номууд
2016 оны онцлох номууд
2017 оны онцлох номууд
2018 оны онцлох номууд
2019 оны онцлох номууд
2020 оны онцлох номууд
2021 оны онцлох номууд
2022 оны онцлох номууд
2023 оны онцлох номууд
2024 оны онцлох номууд