Саяхныг хүртэл ресторан, зоогийн газруудын гол анхаарал амттай хоол, тухтай орчинд л чиглэдэг байв. Бүхий л салбарт технологи нэвтэрч, "Ресторан тек" хэмээх бие даасан ойлголт гарч ирснээр зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид үйлчилгээгээ технологиор баяжуулж, хурдтай, хялбар, ухаалаг шийдлийг санал болгох хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Зах зээлийн энэ л орон зай, эрэлтэд зориулсан цогц шийдэл боловсруулж буй QMenu-г энэ удаа онцоллоо.

Нэр: "Кью Инно" ХХК
Хаяг: Сансарын Имартын хойно, "Seoul Business Center"-ийн гуравдугаар давхарт
Чиглэл: Технологи, хоол захиалга, зочлох үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Г.Санчир, Б.Ууганбаатар, Г.Ач-Эрдэнэ
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны долоодугаар сар
Холбоос: qmenu.mn (Вэб), QMenu (Фэйсбүүк), info@qmenu.mn (имэйл)


Үүсгэн байгуулагч Б.Ууганбаатар, Г.Санчир, Г.Ач-Эрдэнэ


сэдэл

Цайны цагаар ихэнх зоогийн газар, ресторанууд суудал нь дүүрсэн, үйлчлүүлэгчид нь зөөгчийг болон захиалсан хоолоо хүлээсэн байдалтай байдаг. Заримдаа 2-3 ресторанаар явж байж суудал олдох тохиолдол ч цөөнгүй. Үүнтэй яг ижил асуудал оройдоо бар, караокед тулгарна. Байдаг л зүйл мэт санагддаг болтлоо дасан зохицсон энэ зүй тогтол үйлчлүүлэгчийн хувьд бүтээмжтэй цагаас нь хомсолдог бэсрэг стрессүүдийн нэг.

Мөн өнөө цагт бизнесүүдийн чухал стратеги болж буй хувь хүнд зориулсан (рrivate) үйлчилгээг манай хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан хэрэглэгчийн мэдээлэл дутмаг, бүр байдаггүйн улмаас одоог хүртэл чанартай сайн үзүүлж чадахгүй явсаар л байна. Жишээ нь, би гэхэд ажлын таван өдөр цайны цагаар хоолонд орохдоо аль болох давс багатай, амтлагч ороогүй хоол хэрэглэх хүсэлтэй. Нэмээд халуун ногооноос харшилтай ч энэ бүрийг зөөгчид тайлбарлах, асууж лавлах төвөгтэй тул гадуур гарахдаа дуртай хоолоо тэр бүр идэж чаддаггүй.

Эдгээр асуудлыг технологийн тусламжтайгаар хялбар шийдэж болохоос гадна цаашдаа иргэдийн цаг завыг хэмнээд зогсохгүй эрүүл хооллох боломжийг нь бүрдүүлэх эерэг ач холбогдолтой юм байна гэдэг итгэл үнэмшлээр "QMenu"-г эхэлүүлсэн.

ялгарал

Манай бүтээгдэхүүн технологийн орчин үеийн шийдэл ашиглан энгийн кассын системээс илүү ухаалгаар ажиллаж, рестораны үйл ажиллагааг хялбаршуулан, эцсийн хэрэглэгчдэд тулгардаг олон асуудлыг шийдэж чаддагаараа онцлогтой. Ресторан болон үйлчлүүлэгчдийн аль алиных нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, нэмүү үнэ цэн өгч байна гэсэн үг.

Зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесүүд манай рестораны удирдлагын цогц системийг авч ашигласнаар:

Нэгт, борлуулалтаа өсгөнө. Үйлчлүүлэгчийн захиалсан бүтээгдэхүүнээс нь хамаарч түүнтэй төгс нийцэх боломжтой бүтээгдэхүүнийг автоматаар санал болгодог буюу "Cross selling" хийнэ. Жишээ нь, "QMenu"-ээр стэйк захиалвал түүнтэй зохицох улаан дарс санал болгоно. Пиво захиалбал даруулганд нь шарсан төмс, хатаасан загасыг үйлчлүүлэгчид санал болгох жишээтэй.

Хоёрт, хурд нэмэгдэнэ. Хэрэглэгч "QMenu"-ээр хоолоо захиалмагц захиалга кассын систем, гал тогоо, бармен руу нэгэн зэрэг очих тул захиалга хийгдэх үйл явц хурдасна. Мөн хоолны зураг, үнэ, тайлбар зэргийг хүссэн үедээ өөрчилж болохоос гадна "цэс"-ээ шинэчлэх, өөрчлөх, материал нь дууссан хоолоо хормын дотор идэвхгүй болгож цэс дээр харагдахгүй болгох боломжтой. Сүүлийн үед ресторанд ороод сонгосон хоол гарах боломжгүй гэсээр гуравдахь сонголтоо хүссэн хүсээгүй захиалах тохиолдол элбэг болсон. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч яг л тухайн цаг мөчид гарах боломжтой хоолыг захиална.

Гуравт, ил тод байна. Рестораны удирдлага дата мэдээллээ нарийвчилсан байдлаар хянах, харах боломжтой. Ямар хоол илүү их захиалагдсан, өдрийн хамгийн их ачаалал хэзээ байсан, өндөр дүнтэй худалдан авалтууд аль цагт хийгддэг гэх мэт. Бизнесийн шинжилгээгээ үр дүнтэй хийх боломжийг манай системээс олж авна. Мөн зөөгч, барменд очсон захиалга нарийн, тодорхой харагдана.

Дөрөвт, зардал багасна. Хэвлэмэл менюд зардал гаргахаа болино. Мэдээж зөөгчийн ачаалал багасах тул зөөгчийн тоог ч бууруулах боломжтой болно.

Тавд, онлайнд шилжинэ. "QMenu"-д нэгдсэнээр ресторан бүр өөрийн гэсэн вэб хуудастай болж байгаа. Түүгээрээ дамжуулан урьдчилсан захиалга, хүргэлтийн захиалга, ширээ захиалга авах боломжтой.



Qmenu гэж юу вэ?

Ресторан удирдлагын цогц систем буюу "All-in-One" систем. Нэг талаас рестораны бизнес эрхлэгчдэд шаардлагатай ухаалаг систем бол нөгөө талаас ресторанаар үйлчлүүлэгч иргэдэд зориулсан дижитал меню.

Өмнө нь рестораны кассын програм нь зөвхөн бүртгэлийн үүрэгтэй оффлайн систем байсан бол "Qmenu" үүнийг амь оруулж, онлайн болгож байгаа юм.

нэр 

QMenu: Менюгээр хязгаарлагдахгүй өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул нэрээ өөрчлөх гэж хэдэнтээ бодсон ч ямар нэг байдлаар анхныхаа нэр дээр буучихаад байгаа. Илүү сайн, цогц агуулгатай хувилбар гарч ирвэл бодолцож үзэхэд бэлэн шүү.

одоо

Одоогоор манай системийг 70 гаруй ресторан ашиглаж байгаагаас 10 орчим нь Говь-Алтай, Хэнтий, Сүхбаатар, Багануур гэх мэт орон нутгаас нэгдсэн ресторан, караокеууд байна.

Үйл ажиллагаандаа хэдийн дижитал меню нэвтрүүлсэн ч гэлээ одоог хүртэл бараг бүх зоогийн газруудад үйлчлүүлэгчийн захиалга заавал зөөгчөөр дамжин цаг алдах нь элбэг байдаг хэвээрээ. Зөөгч нь үйлчлүүлэгч дээр очиж захиалгаа аваад, буцаж кассын систем дээр шивэлт хийсний дараа л гал тогоонд захиалга нь очдог уламжлалт хэлбэртэй гэсэн үг. Үүнээс үүдэн үдийн хоолны үеэрх ачаалалтай цагуудад үйлчлүүлэгчид "Зөөгч ирэхгүй байна, түрүүн л захиалгаа өгсөн, хоолыг маань солиод аваад ирсэн" гэх мэт гомдол гаргадаг л даа. Одоогоор эдгээр асуудлуудад анхаарч, шийдэл болж байна.



баг

Бид одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн үүсгэн байгууллагчдын хувьд технологи, бизнесийн салбарт 15 орчим жил ажилласан туршлагатай залуус байгаа. Мөн бид рестораны бизнесийг олон жил амжилттай ажиллуулж байгаа зөвлөхийг багтаа нэгтгэсэн.

ирээдүй

Улаанбаатар хот болон орон нутгийн аль ч ресторан, зоогийн газар, бар, караоке, амралтын газарт үйлчлүүлэхэд хоол, уух зүйлсээ ширээн дээр нь байрлах QR кодыг уншуулаад захиалдаг, төлбөрөө онлайнаар төлдөг "QМenu" нэртэй апп-ыг ухаалаг утас ашигладаг хүн бүр хэрэглэдэг болно.

Энэ апп нь тун олон ухаалаг функцүүдтэй байх бөгөөд хэрэглэгч меню харж, хоолоо сонгохдоо тухайн хоолонд орсон орц болон тэдний гарал үүслийг хүртэл мэдэх боломжтой. Тэгж байж л идэж байгаа зүйлдээ итгэлтэй, сэтгэл ханамжтай байж чадна шүү дээ. Том зургаараа хүнсний аюулгүй байдал, баталгаажуулалтыг илүү хурдан, хялбараар хийнэ гэсэн үг. Ингэхийн тулд бид зоогийн газар, бар, ресторанд нийлүүлэгддэг хүнсний материалаас эхлээд цэвэрлэгээний бодис хүртэлх бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг 2000-3000 нийлүүлэгчдийг бүртгэлжүүлж, блокчэйн технологи ашиглан баталгаажуулна.

эрсдэл

Хэрэглэгчийн зан төлөв. Ихэнх хэрэглэгчдэд цаасан меню илүү амар санагддаг хэвээрээ л байна. Арга ч үгүй байх. Аливаа уламжлалт чиг хандлагыг сольж шинэчлэх нь аль ч үед амаргүй байдаг шүү дээ. Бидэнд ч адилхан. Дижитал хэрэглээнд нийтээрээ дасаж, түүртэлгүй хэрэглэдэг болох нь цаг хугацааны л асуудал болсон өнөө цагт энэ мэт асуудлуудыг угаас үүсэх нь ойлгомжтой, байх учиртай сорилт хэмээн хүлээн авдаг.