Монгол Улсад нийт 187 рашаан, 242 рашаан төст булаг бийг БОАЖЯ-ны судлаачдын баг 2009 онд шинжлэн, баталгаажуулжээ. Үүний дотор Баянхонгор аймагт байрлах Шаргалжуутын рашаан нь Монголын хамгийн том рашаан орд гэдгээрээ алдартай. Далайн түвшнээс дээш 2158 метрийн өндөрт өргөгдөж, 50 метр хүртэл сунан тогтсон 10 га талбайг хамран орших уг газарт долоон сая литр халуун рашаан байгалийн жамаараа ундарч байдаг. Эрт дээр үеэс эхлэн хүн зон, ан амьтдын ахуй амьдрал, эрүүл мэндийг тэтгэсээр ирсэн энэхүү байгалийн үнэт өвийг хадгалан хамгаалах, арчлан тордох ажлыг эхлүүлээд буй "Зөв хөгжил хөтөлбөр"-ийг бид энэ удаа онцолж байна. 

Нэр: "Зөв хөгжил хөтөлбөр"
Хаяг: Улаанбаатар хот, Twin tower, B building, 8-р давхарт
Чиглэл: Тогтвортой хөгжил, байгаль орчин хамгаалал, рашаан сувилал, бүтээн байгуулалт
Санаачлагч: Шаргалжуут рашаан сувилал ХХК
Үүсгэн байгуулагдсан: 1954 он
Холбоосууд:​ shargaljuut.mn (Вэб), Шаргалжуут Рашаан сувилал/ Shargaljuut Health Resort (Фэйсбүүк)


Төслийн удирдагч Г.Төвшин

сэдэл

Шаргалжуут эрүүл мэнд амралтын цогцолбор нь 2020 оноос эхлэн "Зөв хөгжил Шаргалжуут" хэмээх тогтвортой хөгжлийн аян эхлүүлсэн. Аяны хүрээнд Шаргалжуутын хөндийг бохирдолгүй орчин болгохоор төлөвлөөд буй юм. Эхний төсөл нь рашаан орд орчмын орчны бохирдлыг бууруулах, рашаан усны хүндэтгэлт өв уламжлалыг сэргээх, байгаль орчны экосистемийг эрүүл зөвөөр нь үлдээхэд зориулагдана.

Байгалийн нарийн тогтолцоо, эмзэг бүтцийг урт хугацаандаа алдагдуулахгүй байх үүднээс бид сүүлийн жилүүдэд рашааны соёлоороо дэлхийд тэргүүлэх Япон болон, ХБНГУ-ын судлаачид болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны зөвлөхүүдтэй хамтран судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Шаардлагатай тохижилтын ажлууд, зохион байгуулалтыг бүрэн гүйцэд хийгээгүйн улмаас рашаан орчмын газар хүний хөлд их хэмжээгээр талхлагдах, хөрс бохирдох гээд дараа нь үүсэх сөрөг дагаврууд их. Тэглээ гээд урт хугацаандаа эрсдэлтэй ажил яаран хийж болохгүй. Иймээс манай баг судалгааны ажилд ихээхэн ач холбогдол өгч ажилласан бөгөөд одоо судалгааны үе шат үндсэндээ дуусаж, бүтээн байгуулалтын ажилдаа ороход бэлэн болоод байна.

ялгарал

XVII зууны үеэс тус рашааныг системтэйгээр хүн зоны эмчилгээ сувилгаанд хэрэглэж эхэлсэн. Энэ нь Монголын хамгийн том рашаан орд бөгөөд жил бүр давтагдаагүй тоогоор 10 мянган хүн ирж үйлчлүүлдэг эрүүл мэнд, болон амралт сувиллын томоохон цогцолбор юм. Соёлын өв бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой. Эрт дээр үеэс рашааныг "Сойдон, Дорлиг, Лхам" хэмээх гурван сахиус хамгаалан тэтгэж ирсэн хэмээн үздэг.

Нөгөөтээгүүр, рашааны үйлчилгээгээр дамжуулан рашаанд ирж амрагсдын уламжлалт ёс заншил, түүхийн мэдлэгт нэмэр болох үүднээс төслийн бүтээн байгуулалтыг хийхдээ уг гурван сахиусны мөн чанар, онцлог шинжүүдийг сайтар бодолцсон. Төслийн бүтээн байгуулалт нь Агаар, Чулуу, Рашаан, Гүүр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд үүний хүрээнд рашаан орчмыг тойруулан хоёр км модон, эко зам тавьж өгнө. Уг замаар тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин настай гээд ямар ч хүн явахад эвтэйхэн, хялбар байх бөгөөд рашааны экосистемд ч аюулгүй байхаар сайтар төлөвлөсөн. Эко модон зам байгаа нь хөрсөнд агаар, ус нэвтрүүлэх, байгалиар нь хадгалах зэрэг ач холбогдолтой.

Мөн уурын кабин, иог бясалгалын талбайн хэсгүүдийг ч мөн адил шинэчлэн, амрагчдад илүү тухтай таатай болгож буй.



Шаргалжуут - Зөв хөгжил төсөл нь?

Шаргалжуут рашаан орчмыг хамгаалах, экосистемийг алдагдуулалгүй, олон нийтэд хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй ашиглахад чиглэсэн экологийн төсөл юм. Бид нутгийн иргэдтэй хамтран байгалийн нөөц дээр түшиглэн хөгжсөн жишиг бүс нутаг болохыг зорин ажилладаг.

нэр

Рашаанаас эх аван урсах гол нь хавар зуны цагт их хэмжээгээр үерлэж, нэлэнхүйдээ шар болон урсаж байгааг харсан Манжийн түшмэл "Шар галзуурч байна", "Шар Галзуутын гол" хэмээсэн нь яван явсаар Шаргалжуут болсон түүхтэй. Төслийн хувьд цаашдын хөгжлийн стратегиа тодорхойлох үүднээс хүрээлэн буй орчиндоо ээлтэй, нутгийн иргэдтэйгээ хамтарсан байгаль төвтэй хөгжлийн зорилтоо тодотгож төслөө "ШАРГАЛЖУУТ – ЗӨВ ХӨГЖИЛ" хэмээн нэрийдсэн.

одоо

Өнгөрсөн хугацаанд бид судалгаа шинжилгээ болон, архитектурын шийдлээ гаргах чиглэлд ихээхэн анхаарч ажилласан билээ. Архитектурын тал дээр мэргэжлийн компаниудтай хамтран байгаль орчин, архитектурын гоо үзэмж, хэрэглээ, арчилгаа, түүх соёл, ёс уламжлал, бэлгэдэл зүй гээд олон талаас нь бодолцож зургаа гаргасан. Одоогоор ойр орчмыг бүтээн байгуулалтын ажилд бэлтгэх, нутгийн иргэдтэйгээ хамтран цэвэрлэгээ хийж, рашаан ордны талбайн тохижилтын замын ажлыг эхлүүлэхэд бэлтгэх, зургийн дагуу гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт хийх зэрэгт төвлөрч байна.

Гүйцэтгэлийг хоёр үе шатад хуваасан бөгөөд эхний хэсгийг тавдугаар сарын 1-нд, сүүлийн хэсгийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар тус тус төлөвлөн ажиллаж байгаа.

Ташрамд хэлэхэд, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Шаргалжуут рашаан сувилал тавдугаар сарын 1-нээс амрагчдаа хүлээн авч эхлэх юм. Манайд олон жил амарсан амрагчид маань энэхүү төслийг дэмжээд хэдийн урьдчилсан захиалгаа өгөөд эхэлчихсэн яваа. Энэ нь тохижилтын ажлын санхүүжилт тасалдахгүй байхад ихээхэн тус болж байгаа тул бидний ажлыг дэмжиж, урьдчилан захиалга өгч буй нийт үйлчлүүлэгчдэдээ төслийн багийн зүгээс талархал илэрхийлье.



баг

Төслийн бүтээн байгуулалтын багт нийт 260 гаруй хүн ажиллаж буй. Менежментийн баг, хамтрагч байгууллагууд, судлаачид, гүйцэтгэгчид болон нутгийн иргэд сайн дураараа оролцож байна.

Байгаль орчин, экологид чиглэсэн төсөл тул хүмүүс их ам сайтай, талархалтай хүлээн авч байгаад манай баг баяртай байгаа.



ирээдүй

Энэ бүхнийг хийж буй гол зорилго нь нэгдүгээрт, мэдээж рашаан усаа хамгаалж, он удаан байгалийн унаган төрхөөр нь хадгалж, үр хойчдоо өвлүүлэх явдал. Шууд зорилго нь гэвэл соёлтой, ухамсартай амрагч, рашаанчдыг төлөвшүүлж, рашаанаар дамжуулан байгаль экологио хайрлахад уриалах явдал. Тогтвортой хөгжил бол өнөө цагт нийт дэлхий дахинд тулгарч буй асуудал. Дор бүрнээ хоггүй, ухамсартай аялж, амарч, байгальд өөриймсөг сэтгэлээр хандах нь орчны бохирдлын эсрэг хийж болох хамгийн үр дүнтэй ажил юм.

эрсдэл

Бүтээн байгуулалтын хувьд юун түрүүнд саад болж мэдэх нь цаг агаарын асуудал байна. Нөгөө талаас төслийн ажил дууссаны дараах рашаанчдын хэрэглээ, ухамсар. Гэхдээ энэ тал дээр Шаргалжуутын үнэнч үйлчлүүлэгчид бусдадаа зааж зөвлөөд сургаад явдаг болохоор асуудал харьцангуй бага байх болов уу хэмээн тооцож байна. Ер нь судалгаагаа сайн хийсэн гэж үзэж байгаа тул эрсдэл бага гэсэн хүлээлттэй байна даа.