Хонхны баяр, их сургуулийн төгсөлт, ангийн уулзалт зэрэг чухал тэмдэглэлт мөчүүдээ дурсамж болгон хадгалхаар гэрэл зургийн студийг зорьдог. Тэгвэл өнөөдөр шиг сайхан өдөрт зориулан гэрэл зургаа даруулмаар санагдвал Utopia-ийг зориорой гэж зөвлөе. Залуу хосын санаачилсан гэрэл зургийн студид гэр бүл, найзууд бүр ганцаараа очин үйлчлүүлж амьдралын эгэл, нандин мөчөө түүх болгон хадгалан үлдээх боломжтой юм.  

Шинэ дугаартаа Тэнгис кино театрын зэргэлдээх буйдхан студийн ажил арга барилтай ойроос танилцъя.  

Нэр: Utopia

Үйл ажиллагааны чиглэл: Хөрөг зургийн үйлчилгээ

Үүсгэн байгуулагч: Б.Мөнх-Эрдэнэ, Г. Энхзул

Үүсгэн байгуулагдсан он: 2022 он

Цахим хаяг: Facebook, Instagram

Үүсгэн байгуулагч: Б.Мөнх-Эрдэнэ, Г.Энхзул

сэдэл

Б.Мөнх-Эрдэнэ: Корона гарахаас өмнөхөн Солонгост байхдаа Self portrait хэлбэрээр даруулсан хосуудын зургийг харж байсан ч ямар учиртайг нь ойлгоогүй юм. Дараа нь хөл хорионы үед гэртээ байхдаа утастай холбогддог Sony камераараа өөрийнхөө зургийг дарж туршихад тун ч хөгжилтэй санагдсан. Сууж, босож янз бүрийн хэлбэрээр өөрийгөө дарж нэг мэдэхнээ хоёр цаг өнгөрөх нь тэр. Тэгэхэд л гэрэл зургаар дамжуулан хүн өөрийгөө өөр өнцгөөс харж, ондоо мэдрэмж авч, танин мэдэж болохыг ойлгосон.

Тиймдээ ч Монголд ирснийхээ дараахан Utopia студиэ нээсэн. Self portrait буюу хөрөг зургийн үйлчилгээ нь зурагчин өөрийнхөө зургийг дардаг гэрэл зургийн нэгэн төрөл. Энгийнээр бидний өдөр тутамдаа хийдэг селфи хүртэл багтана. Сонирхолтой нь, зарим улсын дунд сургуульд хүүхдүүд өөрийгөө ойлгож, зөв илэрхийлж сургах self identify хэлбэрээр хичээл болгож заадаг юм билээ.

Манайх гэрэл зургийн энэ чиглэлээр Улаанбаатартаа анхдагч гэж хэлж болно. Төрөл хэлбэр, үйлчилгээнээсээ хамаараад студийг хаана ч, ямар ч нөхцөлд загварчлан хийх боломжтой.

ялгарал

Г. Энхзул: Манай студи энгийн зураг болон өөртөө зориулан хөрөг зураг даруулах хоёр төрөлтэй. Бид гэрэл зургийн үйлчилгээг хүмүүст илүү хүртээмжтэй хүргэхээр хямд үнэ тогтоож, яг л Convenience Store шиг гар доорх үйлчилгээ байлгахаар зорьсон. Бусад зургийн студиэс ялгаатай нь хүний оролцоог хөнгөвчилсөн автомат үйлдэлтэй. Үйлчлүүлэгчид зураг даруулахдаа урьдчилж цаг товлох, зурагчинтай харилцах зэрэг хүнтэй ойлголцож, цаг алдах үйл явцыг энгийнээр шийдсэн.

Хананы гурван өнгийн сонголт бий. Зураг ямар харагдах нь гэрлээс их хамаардаг бөгөөд манайх зөөлөн гэрэлтэй учир зургийг дараа нь засах шаардлагагүй. Цагийн хуваариа онлайнаар сонгож, төлбөрөө төлнө. Үйлчлүүлэгч дунджаар 30 минутад 100 орчим зураг даруулдаг бөгөөд дууссаны дараа нь бүх зургийг файлаар илгээдэг.


Utopia  гэж юу вэ?

Гэрэл зургийн студийн нэгэн хэвийн стандартыг орчин үед нийцүүлэн шинэчилсэн, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх гэрэл зургийн студи юм.

нэр

Utopia гэх төсөөллийн төгс орчинд гэрэл зургийн студи ямар өнгө төрхтэй байх вэ гэдгийг бэлгэдэж ийнхүү нэрлэсэн.

одоо

Өнгөрсөн жилийн хугацаанд 10 мянга орчим захиалга авч 40 мянга гаруй хүн үйлчлүүлсэн байна. Нийт үйлчлүүлэгчдийн 97 хувь нь эмэгтэйчүүд байдаг талтай. Жирэмсэн болон залуу гэр бүл, ахмад настнууд ч гэсэн найзуудтайгаа зургаа даруулахаар ирдэг. Тиймээс зах зээлийн олон төрлийн хэрэгцээнд нийцсэн салбарууд нээх санаа байна. Одоо Тэнгис дэх салбараас даруй том хэмжээтэй өөр студи нээхээр ажлаа эхлүүлсэн.


баг

Г.Энхзул: Би даатгалын мэргэжилтэн, найз залуу маань хөгжмийн компанид ажилладаг. Бид өөр өөр салбарт ажилладаг боловч өөрсдийн сонирхлоороо Utopia-ийг хамтран нээсэн. Анх санаагаа хэлэхэд нь их таалагдсан учир өөр бусад олон хүнд хүрнэ гэсэн итгэлээр дэмжиж хамтдаа эхлүүлсэн.

ирээдүй

Хямд үнэ, автомат үйлдэл зэрэг одоогийн стандартаа үргэлжлүүлэн үйлчилгээний төрөл хэлбэрээ илүүтэй өргөжүүлнэ. Зураг авах орчин, камер гэрэл зэрэг технологийн бүрэн хэрэгслээр хангаж онлайн шопууд бүтээгдэхүүнийхээ зургийг авдаг, эсвэл сошиал маркетинг багууд өөрсдийн контентоо хийх боломжтойгоор ашиглаж болох студи нээнэ.

Манайхны хувьд ихэнх нь их сургуулийн хонхны баяраас хойш студи ороогүй туршлагатай байх нь бий. Тиймээс гэрэл зургийн боловсрол олгох тухай контент хийхээр төлөвлөж байна. Студид зураг авхуулахахад юу анхаарах вэ, ямар өнгийн хувцастай байх вэ, өнгөний зохицол, зураг даруулах байрлал, чанартай зураг даруулах зэргээр нэгдсэн ойлголт өгөх цуврал контент хийхээр ярилцаж байна.

эрсдэл

Анх студиэ нээгээд удаагүй байхад үйлчлүүлэгч нар камерт яаж харагдах, зургаа хэрхэн дарахаа бүрэн ойлгоогүй учраас нэгбүрчлэн тайлбарлах нь бэрхшээлтэй байсан. Хүмүүс хөрөг зургийн тухай сайн мэддэггүй, энэ талын ойлголтгүй нь анзаарагдсан.

Мөн үйлчлүүлэгч нар хугацаандаа багтах гээд минут алгасалгүй олон зураг дардаг. Тиймээс камерын зураг дарах шот гүйцэж мотор нь эвдэрдэг тул бараг сар тутам шинээр камер сольдог. Тиймээс өөртөө таалагдсан чанартай цөөн зураг дарах тухай ойлгуулах шаардлагатай байгаа.