Нэг талаас шаардлагад нийцсэн ажилтан олох, нөгөө талаас санаа сэтгэлд тохирсон байгууллага, ажлын байр эрж хайхад тулгардаг бүх л бэрхшээлийг цогцоор нь шийдсэн Worki платформын хамт олныг ээлжит нийтлэлээрээ онцолж байна. 

Worki апп нь залуу мэргэжилтэн, ажил хайгч, оюутан залуус хэн бүхэнд өсөж дэвших, карьераа бүтээх орон зайг бий болгож, өөрт тохирсон ажлаа олоход нь тусалдаг.

Нэр: Worki
Хаяг: Твин Таур I, 13 давхар
Чиглэл: Хөдөлмөр зуучлал, хүний нөөц
Үүсгэн байгуулагч: Mongolia Talent Network ХХК
Үүсгэн байгуулагдсан он: 2022 он нэгдүгээр сар
Холбоос: Worki (Фэйсбүүк) Worki.mn (Инстаграм) Worki.mn (Вэб)


Дэд захирал А.Индра

Сэдэл

Worki бол Mongolia Talent Network компанийн анхны дижитал бүтээгдэхүүн. Манай компани хүний нөөц зуучлалын чиглэлээр 11 дэх жилдээ ажиллаж байна. Бид харилцагчдынхаа шаардлагын дагуу С түвшин буюу ахлах болон удирдах түвшний ажлын байранд тохирох талентыг хайдаг. Харин зах зээлд C түвшнээс доош ажлын байранд хөдөлмөр зуучлалын дижитал платформ хомс байгааг анзаарч, 2020 оны дөрөвдүгээр сард гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр Worki төсөл анх эхэлсэн. Төсөл маань өнгөрсөн оны 1-р сарын 10-нд албан ёсоор нээлтээ хийж хэдийнээ нэг жил өнгөрчээ.

Төслийг ахалж ажилласан миний хувьд 2012 оноос хойш хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай. Хүний нөөцийн мэргэжилтэн бүрд хүссэн авьяас, ур чадвартай талентыг сонгон шалгаруулж ажилд авна гэдэг чамгүй сорилттой ажил байдаг. Харин Worki энэ ажлыг хөнгөвчилж байгууллагын хайж буй шаардлагад тохирсон ажилтныг олж өгдөг дижитал платформ юм.

Төсөл эхлэхийн өмнө бид судалгаа хийж, залуусын дунд ажилд ороход танил тал харах, олон жилийн туршлага шаардах, шинэ боломжуудын мэдээлэл хомс байх зэрэг асуудлууд байгааг олж мэдсэн. Тиймээс Worki -ийг Монголын өнөөгийн нийгэмд ажилд ороход бодитоор тулгардаг асуудлуудыг цогцоор шийдэхээр бүтээсэн.

Ялгарал 

Ажлын байрны зарын дагуу хүний нөөцийн ажилчдад маш олон хүсэлт ирдэг. Тэдгээртэй нэг бүрчлэн уншиж танилцан, тохирох хүнийг ярилцлагад урьж дараагийн шатад бүртгэдэг. Яг энэ шатлалыг Worki апп хөнгөвчилж хиймэл оюун ухаанаар шийдсэн. Хүний нөөц заавал хүсэлт нэг бүртэй танилцалгүйгээр ажлын байрны шаардлагад хамгийн их нийцэж буй өргөдлийг эхлээд үзэх боломжтой. Нөгөө талдаа ажил хайгчийн хувьд энэ ажил өөрт нь хэдэн хувь тохирох вэ гэдгийг мэдэж болно.

Worki гэж юу вэ?

Карьераа бүтээх дижитал талбар.


нэр

Бидний нэрийг сонсоод л ажлын байр, карьертай холбоотой юм байна гэдгийг ойлгоосой хэмээн work, job, career зэрэг үгнүүдээр олон санаа дэвшүүлж баг дотроо хэлэлцсэн. Хамгийн анх хүмүүст сонсголонтой байх үүднээс Worky гэж нэрлэсэн. Энэ нэрээрээ домэйн авах гэтэл хэдийнээ өөр эзэнтэй болсон байсан учир бид нэрээ бүтнээр нь солих уу, яах уу гэж ярилцсаны эцэст одоогийн Worki нэр маань гарч ирсэн. Одоо бодоход Worki гэсэн лого маань илүү зохисон санагддаг юм.

Одоо

Оны өмнөхөн бид 11 дүгээр сард сонгон шалгаруулалтын шалгалт авах боломжийг нэмсэн. Сонгон шалгаруулалтад зөвхөн ярилцлага хийх бус ажил горилогчдоос зан төлөв, ур чадвар, аналитикийн тест авах хэрэгцээ байдаг. Одоогоор дөрвөн төрлийн тест бий. Үүнийгээ улам сайжруулж, өргөн сонголттой болгохоор хөгжүүлж байна.

Томоохон байгууллага, компаниуд брэнд, нэр хүндээрээ хэдийн танигдсан байдаг тул ажил горилогчдыг татдаг. Гэтэл жижиг стартап, компаниудад хүний нөөцөө бүрдүүлэх нь тун амаргүй ажил. Тиймээс бид жижиг дунд бизнесүүдэд тодорхой хугацаанд манай платформыг ашиглах боломж олгохоор ярилцаж байна.

Баг 

Борлуулалт, маркетинг, бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүү чиглэлийн 18 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Энэ жил багаа улам тэлж олуулаа болох төлөвлөгөөтэй байна.


Ирээдүй

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ажлыг улам хөнгөвчлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор бусад хүний нөөцийн системтэй интеграци хийх ажлыг оны эхний улиралд багтаахаар төлөвлөсөн.

Бүтэн цагийн ажилтай боловч зав чөлөөтэй үедээ ажиллаж нэмэлт орлого олох, ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг. Тиймээс үүнийг дэмжиж freelance, цагийн ажил, дадлагын болон сайн дурын ажлуудад чиглэсэн тусдаа бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна. Одоогоор ажлын зар оруулах үедээ дээрх сонголтуудыг хийх боломжтой.

Энэ жил бид Монгол дахь хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн тухай олон улсын жишигт нийцсэн цогц судалгааг хийхээс гадна, цаашид олон улсын зах зээлд гарахаар том зорилготой ажиллаж байна.

Эрсдэл

Шинээр үйл ажиллагаа эрхэлж буй стартап төслийн хувьд хэрэглэгчдэд танигдана, зах зээлд өрсөлдөнө гэдэг эхэндээ амаргүй байсан. Байгууллагуудын хувьд манай бүтээгдэхүүнийг хэрэглэх, хамтарч ажиллах сонирхол ихтэй байдаг. Харин ажил хайж буй хэрэглэгчдэд хүрэх, платформоо таниулах амаргүй ажил. Гэхдээ бидний хийсэн томоохон маркетингийн ажлууд амжилттай болсны үр дүнд Worki гэхэд олон хүмүүс мэддэг болжээ.


Worki апп татах холбоос: App Store / Google play