Жил бүрийн төгсгөлд Apple компани App Store-ийн онцлох аппуудыг нийтэд алдаршуулдаг ёсоор энэ оны шилдгүүдийг ч тодруулжээ. Ингэхдээ онцлох аппуудыг iPhone, iPad, Mac гэхчлэн Apple-ийн экосистемийн бүрдэл төхөөрөмж бүрд тусгайлан шалгаруулдаг уламжлалтай. Ташрамд дурдахад, өнгөрсөн оноос Apple-ийн танилцуулсан виртуал бодит байдлын төхөөрөмж (VR) болох Vision Pro дээрх төхөөрөмжүүдийн эгнээнд нэгдсэн билээ.
Энэ удаагийн нийтлэлээр App Store Awards-ийн 45 финаслистаас шалгарсан 17 апптай танилцацгаая. Та тэдгээрийн хэдийг нь ашиглаж үзсэн бэ?
Холбоотой нийтлэл: App Store-ийн 2020 оны шилдэг аппууд
Шилдэг апп
iPhone: Tiimo

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.6/5
Дэлхий дахинаа 3 сая гаруй таталт, 1 сая гаруй хэрэглэгчтэй энэхүү апп нь хийх ажлаа төлөвлөх үйлдлийг тань хиймэл оюун, энгийн атлаа боловсронгуй зохион байгуулалт, визуалын оролцоотой хэд дахин хөнгөлөх аж. Мөн төлөвлөсөн ажлаа үр дүнтэй гүйцэлдүүлэхэд туслах помодоро болон Apple Calendar & Reminder-тай хоршин ажиллах системийг нь онцлууштай.
Аппыг загварчлахдаа аутизм болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан учир хэн бүхний хэрэглээнд төвөггүйхэн нийцэх, ээлтэй тохиргоонуудыг харамгүй шингээжээ.
Финалист / Өрсөлдөгчид - BandLab, LADDER
ipad: detail

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.5/5
Урт, богино ямар ч бичлэгийг хэдхэн товшилтоор янзлах боломжийг олгоод буй олон апп, платформ бий ч AI чиглүүлэгч, автоматжуулалтыг нэг дор санал болгож буйгаараа Detail: AI Video Editor онцлог. Тодруулбал, бичлэгийг хормын дотор төрөл бүрийн шилжилт, өнгө төрхөөр баяжуулах автомат тохиргоот эл апп нь контент бүтээгчдэд ярианы агуулга, зохион байгуулалтаа төлөвлөхөд нь ч туслах чадвартай аж.
Финалист / Өрсөлдөгчид - Graintouch, Structured
Mac: Essayist

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.5/5
APA, MLA, Chicago, Harvard гэхчлэн төрөл бүрийн форматын эсээ бичихэд Essayist апп үнэнч туслах тань байх болно. Тус апп нь хуудас хуваарилалт, эшлэл зөөлт хийхээс эхлээд өгөгдлийг хүснэгтлэн загварлах ажлыг хүртэл бичээчийн өмнөөс автоматаар гүйцэтгэх тул эсээний агуулгадаа л бүрэн анхаарлаа хандуулах боломжтой.
Финалист / Өрсөлдөгчид - Acorn, Under My Roof
Apple Vision Pro: Explore POV

Хэрэглэгчдийн үнэлгээ: Хангалттай үнэлгээ цуглараагүй
Өнгөрсөн онд Apple-ийн танилцуулсан виртуал бодит байдлын төхөөрөмж (VR) болох Vision Pro-ийн шилдэг аппаар What If..? Immersive Story шалгарч байсан бол энэ оны залгамж халааг Explore POV апп авчээ. HDR, 8K чанартайгаар 20 гаруй орны 100 гаруй байршилд зочлох боломжийг олгоод буй уг аппад 75,000 гаруй хэрэглэгч сая гаруй удаа зочлоод буй. Гэрийнхээ хоймроос гадаад оронд айлчлах нь мөрөөдөл байхаа больжээ.
Финалист / Өрсөлдөгчид - Camo Studio, D-Day: The Camera Soldier
Apple Watch: Strava

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.8/5
Алхагч, гүйгчдийн дунд хэдийнээ танигдсан Strava апп нь өөр олон спортоор хичээллэгчдэд ч бэлтгэл, бие махбодын үзүүлэлтээ цаг тухайд нь хянах боломжийг санал болгодог. Иймд йог, агаарын теннис, бүр гольфоор хичээллэхдээ ч Strava аппаа идэвхжүүлэхээ бүү мартаарай. Тус аппаар зөвхөн хувийн үзүүлэлтүүдээ тэмдэглээд зогсохгүй сонирхол нэгт хүрээлэлд нэгдэх, явцаа хуваалцах боломжтой нь бас нэг давуу тал.
Финалист / Өрсөлдөгчид - GO Club, Pro Camera by Moment
Apple TV: HBO Max

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.9/5
Дэлхийн сая сая үзэгчдийн байлдан дагуулагч, манай улсад нэвтрээд хоёр сарыг үдэж HBO Max стрийминг үйлчилгээ Apple TV-гийн аппуудыг тэргүүлжээ. HBO, the DC Universe, Adult Swim, A24 гэхчлэн олон олон продакшн, медиа компанийн сор болсон бүтээлүүдийг зөвхөн Apple TV гэлтгүй таблет, утаснаасаа хүлээн авч үзээрэй.
Холбоотой нийтлэл: HBO Max Монголд нээгдлээ + Алдалгүй үзэх 10 кино
Финалист / Өрсөлдөгчид - PBS KIDS Video, Super farming boy
Шилдэг тоглоомын апп
iPhone: Pokémon TCG Pocket

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.8/5
Pokémon TCG Pocket тоглоомыг тоглон дуртай дүрийнхээ картыг цуглуулж, найзуудтайгаа хуваалцахаас гадна бяцхан тулаан ч эхлүүлэх боломжтой аж.
Финалист / Өрсөлдөгчид - Capybara Go!, Thronefall
ipad: DREDGE

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.3/5
Хад асга, өтгөн манан, нуур далай гэхчлэн аюулт даваануудыг гаталж, алслагдсан арлуудыг олж илрүүлээрэй. Хэрэв арлын иргэдтэй амжилттай худалдаа наймаа хийж чадвал илүү олон зэлүүд газрууд луу зорих боломжтой. Гэвч харуй бүрийгээс болгоомжлохоо мартуузай.
Финалист / Өрсөлдөгчид - Infinity Nikki, Prince of Persia Lost Crown
mac: Cyberpunk 2088: Ultimate Edition

Хэрэглэгчдийн үнэлгээ: Хангалттай үнэлгээ цуглараагүй
Адал явдлаар дүүрэн шөнийн хотод амьд үлдэхийн төлөө төрөл бүрийн даалгавар биелүүлэх явцад Cyberpunk-ийн нээлттэй ертөнц (open-world)-тэй танилцаж, санаанд оромгүй гэнэтийн тохиолуудтай учрах нь гарцаагүй.
Финалист / Өрсөлдөгчид - Assassin’s Creed Shadows, Neva
Apple Vision Pro: Porta Nubi

Хэрэглэгчдийн үнэлгээ: Хангалттай үнэлгээ цуглараагүй
Эл тоглоомын ертөнц дэх олон янзын сэтгэхүйн даалгавруудыг гагцхүү оновчтой логик, цагийн зөв хуваарилалт, бүтээлч байдлын тусламжтай давах боломжтой. Түвшин ахих тусам оюуны хурд, авхаалж самбааг сорих хүндхэн даалгавруудад хүлээж буй.
Финалист / Өрсөлдөгчид - Fishing Haven, Gears & Goo
Шилдэг соёлын ач холбогдол бүхий апп
Art of Fauna

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.9/5
Анх 18, 19-р зуунд шинжлэх ухааны нийтлэлүүдэд зориулагдаж байсан амьтдын уран зургууд та бидний гар утсанд эргэн амилжээ. Энэ апп нь таван өөр биомыг хамрах 110 эвлүүлдэг тоглоомыг багтаасан юм. Амьтдын зургийг эвлүүлэхээд зогсохгүй холбогдох тайлбарыг нь уншин танилцах, мэдээллийг зөв дарааллаар байрлуулах даалгаврыг гүйцэтгэх боломжтой аж. Мөн аппын орлогын тодорхой хэсэг нь зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагуудад зориулагддаг гэдгийг онцлууштай.
Be My Eyes

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.8/5
Хагас сая харааны бэрхшээлтэй хүний хэрэглээнд нэвтрээд буй Be My Eyes апп шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Нийт 185 хэлээр харилцах боломжтой долоон сая гаруй сайн дурын ажилтан болон 36 хэлээр үйлдэл гүйцэтгэгч хиймэл оюуны тусламжтай харааны бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх энэхүү апп үнэ төлбөргүй гэнэ.
Chants of Sennaar

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.7/5
Эртны Вавилоноос сэдэвлэсэн аварга цамхгаар аялан өөр өөр соёл, бичгийн систем бүхий хэлүүдийн үг, өгүүлбэр, тэмдэглэгээний адармаат зангилааг тайлах замдаа мартагдсан, нууцлаг түүхүүдийг олж мэдээрэй.
Despelote

Хэрэглэгчдийн үнэлгээ: Хангалттай үнэлгээ цуглараагүй
Эквадорын нийслэл Кито хотын гудмаар хөл бөмбөг тоглох намайн настай Жулиан хүүгийн адал явдлыг сонирхоорой. Сонирхуулахад, тус апп нь өдгөө 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй видео тоглоомын салбарын хамгийн нэр хүндтэй ёслол болох The Game Awards-ийн Best Debut Indie Game болон Games for Impact төрлүүдэд зэрэг нэр дэвшсэн билээ.
Focus Friend

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.7/5
Төлөвлөсөн ажилдаа төвлөрөхөд тань хань болох бяцхан шош бол Focus Friend аппын гол хэсэг. Помодоро аргыг ашиглан хийх зүйлээ сатааралгүй гүйцэлдүүлсэн тохиолдолд шош найзаасаа ямар бэлэг авч болохыг аппаа татаад мэдэж аваарай.
StoryGraph

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.5/5
Уншигч та хиймэл оюунд суурилсан шинэ номын санал, уншлагын уралдаанууд, хувийн уншлагын үзүүлэлтийг нэгтгэн боловсруулах систем, сонирхол нэгт хүрээлэлд нэгдэх боломж зэрэг олон давуу талыг нэг аппаас эдлээрэй.
Оны шилдэг Apple Arcade Тоглоомын апп: What the Clash?

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.8/5
Хөгжилтэй, содон дүрслэл, үйл явдлаар дүүрэн зуу зуун мини тоглоомууд ганцхан аппд цөм багтжээ. Энгийн атлаа сонирхолтой даалгаврууд, бяцхан тэмцээнүүд танд уйдах зав олгохгүй нь лавтай.
2025 онд App Store-ийг байлдан дагуулсан аппууд төрөл бүрийн нас, хэрэгцээ, сонирхлын бүлгүүд рүү чиглэсэн ч хиймэл оюун, автоматжуулалтын системээрээ нийтлэг байв. Энэхүү хувьсал ирэх жил өөр ямар төрлийн аппуудыг дайран өнгөрөхийг зөгнөн хэлэх боломжгүй ч дараа оны нийтлэлээр эргэн уулзаж, хариултыг нь мэдэцгээе.

Сэтгэгдэл бичих

