Зургаадугаар сарын 18-ны өдөр жил бүр Швейцар улсад зохион байгуулагддаг Concours d’Elegance Suisse классик автомашины цуглаан өндөрлөснөөр энэ сарын классик автомашинтай холбоотой томоохон арга хэмжээнүүд дууссан билээ.
Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард автомашины ертөнцөд юу болж өнгөрөв? Шинээр мэндэлсэн төмөр хүлгүүд, автоспортын сонин хачин гээд таны мэдэх хэрэгтэй бүх зүйлсийг багцалсан “Өнгөрсөн сард автомашины ертөнцөд” нэртэй, шинэ цуврал нийтлэлийн эхний дугаараа хүргэж байна.
Шинээр мэндлэв
Porsche 718 Spyder RS
Porsche хамгийн хүчирхэг дунд хөдөлгүүрт, (mid-engine) задгай дээвэрт загвар болох 718 Spyder RS-ийг танилцуулав. 718 Cayman GT4 RS дээр суурилсан тул хөдөлгүүрийн хувьд GT4 RS-ийн 493 морины хүчтэй, 4 литрийн, зургаан цилиндрт хөдөлгүүртэй байх аж. Ингэснээр энгийн 718 Spyder загвараас 79 морины хүчээр илүүрхэх юм. Porsche-ийн RS загваруудын уламжлал ёсоор Spyder RS долоон шатлалт PDK хурдны хайрцагтай байх бөгөөд ирэх оны дундуур 162,150 ам. долларын үнэтэйгээр худалдаанд гарна гэв.
Toyota Tacoma
Он удаан жил хүлээсний эцэст Toyota, Tacoma-ийн шинэ үеийг танилцуулав. Өмнөх үеэсээ бүх зүйлээрээ шинэ тус загвар нь “том ах” Tundra-ийнхаа адилаар TNGA-F платформыг ашиглах бөгөөд “хахир” гадаад төрх, орчин үеийн тохилог салон, шинэчлэгдсэн, илүү хүчирхэг хөдөлгүүрийн сонголтууд гээд Ford Ranger, Chevrolet Colorado-той “Шилдэг дунд гарын пикап” цолын төлөө ”зуузай холбон” үзэлцэхэд туслах бүхий л зүйлсийг багтаажээ.
Aston-Martin DB12
Aston-Martin тэтгэвэртээ гарч буй DB11-ийг орлох загварыг танилцуулсан нь цоо шинэ DB12 байв. Гаднаас нь өнгөц харахад DB11-тэй андуурахаар ч гэсэн их гэрэл, урд нүүр, аэродинамик эд ангиуд болон жижиг деталь нэг бүрээрээ ялгаатай аж. Түүнчлэн тус загвараар Aston-Martin цааш цаашдын загваруудын дагах салоны загварын шинэ чиглэлийг танилцуулж буй. Өмнөх дугуйрсан, зөөлөн салоны дизайныг халж, хурц өнцөг, параллель шугамуудыг ихээр ашигласан нь тус хүлгийн “характер”-ийг илүү оновчтойгоор илэрхийлэх болжээ.
2024 BMW 5-Series
BMW өөрсдийн гол загваруудын нэг болох 5-Series-ийн шинэ үеийг танилцууллаа. Уг загвар hybrid болон бүрэн цахилгаан хөдөлгүүрийн сонголттойгоор худалдаанд гарах бөгөөд өмнөх загвараасаа хэмжээний хувьд томорсон нь салон дотроос илт мэдэгдэх аж. Эхний ээлжинд 5-Series-ийн хамгийн хурдан хувилбар нь бүрэн цахилгаан i5 M60 байх бөгөөд тус хувилбар нь өмнөх үеийн V8 хөдөлгүүртэй M550i хувилбарыг орлох гэнэ.
Төсөөлөл
Alpine A290_Beta
Францын алдарт Renault-ийн охин брэнд Alpine 2024 онд үйлдвэрлэгдэж эхлэх бага оврын, бүрэн цахилгаан “hot hatch”-ийнхаа концептыг A290_Beta нэртэйгээр танилцуулав. Хоёр жилийн өмнө багагүй шуугиан тарьсан Renault 5 EV Concept дээр суурилсан тус хүлэг нь сансрын хөлгийн адилаар жолоочийн суудал нь дундаа байрласан ба уралдаанд зориулсан ‘suspension’, Brembo тоормосны систем гээд тус сегментийн автомашинуудад ховор олдох тоноглолуудтай аж. Тэртээ 1970-80-аад оны үед од болж байсан Renault 5, Lancia Beta зэрэг бяцхан “hot hatch”-ууд өнөө үед амжилт олох болов уу?
BMW Concept Touring Coupe
Дэлхийн өнцөг булан бүрээс “сонгодог” автомашинууд цугларах боломжийг олгодог цөөн хэдэн томоохон арга хэмжээнүүдийн нэгт Итали улсад зохион байгуулагддаг Concorso d’Eleganza d’Este зүй ёсоор тооцогдоно. Тэгвэл BMW энэ жилийн арга хэмжээнд автомашинд дурлагсад бидний хүслийг биелүүлж Z4 загварынхаа “shooting brake” буюу бидний хэлж заншсанаар комби хувилбарыг танилцуулсан юм. Z1, Z3, Z8 зэрэг домог болсон хүлгүүдэд хүндэтгэл үзүүлэх тус хүлэг нь Z8-ийнх шиг дугуй, BMW-ийн дизайны гарын үсэг болох алдарт Хофмайстерийн муруй (Hofmeister kink) зэрэг элементүүдийг агуулсан нь сүрлэг харагдана. Харамсалтай нь “одоогоор" BMW, Concept Touring Coupe-ийг үйлдвэрлэх төлөвлөгөөгүй байгаа аж.
Формула 1-ийн эргэн тойронд
GM Формула 1-ийн хөдөлгүүрийн хөтөлбөр эхлүүлж магадгүй
Netflix-ийн хит шоу Drive to Survive гарч эхэлснээс хойш “Эрх чөлөөний орон”-д Формула 1-ийг сонирхох сонирхол асар ихээр нэмэгдсэн билээ. Үнийг дагаад Америк брэндүүд тэр дундаа General Motors болон Andretti Global автоспортын ноён оргилд өөрсдийгөө сорихоор сэтгэл шулуудсан юм. Өнгөрсөн жил тус хоёр брэнд нь хамтран 2026 оноос эхлэн Формула 1-т өрсөлдөнө гэдгээ зарласан ч одоогийн байдлаар Формула 1 болон FIA-ийн удирдлагуудын зөвшөөрлийг албан ёсоор аваагүй байгаа аж. Тэгвэл General Motors 2027 онд зориулж өөрсдийн хөдөлгүүрийн хөтөлбөрөө эхлүүлэхээр зэхэж буйгаа илэрхийлжээ. Ингэснээр дан ганц Andretti Global-ийн Ерөнхий спонсор бус харин Формула 1-ийн хөдөлгүүр ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн нэг болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Honda эргэж ирнэ, гэхдээ Aston Martin-тай
“Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэх” гэх хэтийн зорилгоосоо үүдэн Honda 2020 онд Формула 1-ийн үйл ажиллагааныхаа дийлэнхийг зогсоож, Формула 1-ийн хөдөлгүүрийн төвөө хамтрагч Red Bull Racing-т заран, Red Bull-ийн хязгаарлагдмал хамтрагчийн хүрээнд үлдсэн юм. Тэгвэл удирдлагын шинэчлэлт, Формула 1-ийн 2026 оны хөдөлгүүрийн дүрмийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсээс үүдэн Honda Формула 1-т хөдөлгүүрийн ханган нийлүүлэгчээр эргэн ирэхээ зарлав. Ингэхдээ Aston Martin-тай тусгай гэрээ хийж буй. Aston Martin Формула 1-ийн аварга болно гэх амбицдаа ойрын хугацаанд хүрэхийн тулд хөдөлгүүрийн захиалагч баг бус үйлдвэрлэгч баг болох шаардлагатай байсан нь тус хэлцэл ийнхүү богино хугацаанд шийдэгдэхэд томоохон нөлөө үзүүлжээ.
Сонин хачин
Maserati V8 хөдөлгүүртээ баяртай гэж хэлнэ
Maserati 2030 он гэхэд зуун хувь цахилгаан автомашин үйлдвэрлэгч болох зорилгынхоо хүрээнд энэ оны төгсгөл гэхэд V8 хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлээ зогсооно гэдгээ мэдэгдэв. Долоодугаар сард Ghibli болон Levante загваруудын сүүлийн V8 хөдөлгүүртэй хувилбаруудыг Ultima нэртэй гаргах бөгөөд ирэх оноос эхлэн зөвхөн дөрөв, зургаан цилиндрт болон цахилгаан хөдөлгүүрт автомашинуудыг үйлдвэрлэх аж. Харин 2030 оноос эхлэн дээр дурдсанчлан зөвхөн цахилгаан хөдөлгүүрт автомашинуудыг үйлдвэрлэх юм.
Баяртай, CLS
Mercedes-Benz анх дөрвөн хаалгатай купе загварыг төрүүлсэн CLS-ийн үйлдвэрлэлийг энэ оны эцэс гэхэд бүрэн зогсооно гэдгээ мэдэгдэв. SUV загварын автомашинуудын эрэлт нэмэгдсэнээр седан болон купе машинуудын эрэлт огцом буурсан нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Volkswagen CC, BMW M8 Gran Coupe, Audi RS7 зэрэг ‘мангасууд’-ын эхлэлийг тавьсан тус хүлгийг орлох автомашиныг бүтээх төлөвлөгөөгүй байгаа нь харамсалтай ч бизнесийн ертөнцөд мөнгө авчрахгүй л бол ‘цавчуулдаг’ нь үнэн юм.
Хамгийн үнэтэй Skyline GT-R
Галзуу хурд киноны дөрөвдүгээр ангийн од Nissan R34 Skyline GT-R дуудлага худалдаанд орж, 1,357 сая ам.доллароор зарагдаж, хамгийн үнэтэй зарагдсан Nissan автомашинаар нэрлэгдэв. Жүжигчин Пол Уокерийн хүсэлтээр сайжруулалт хийсэн тус хүлгийн жолоочийн суудал нь хамгийн сүүлд Уокерын үлдээсэн байрлалд байгаа аж.
Tesla сурталчилгаа хийж эхэлнэ
Элон Маск Tesla-ийн хувьцаа эзэмшигчдийн уулзалтаар компанийн өмнөх амнаас ам дамжих маркетингийн стратегийг халж, автомашинуудаа сурталчилж эхэлнэ гэдгээ мэдэгдэв. Хүрээгээ тэлж, илүү олон хүнд хүрэхийн тулд ийнхүү уламжлалт зар сурталчилгааг туршиж үзэх шийдвэрт хүрчээ.
Ford Tesla-тай гар барив
Цахилгаан автомашины технологи, дэд бүтцээрээ тэргүүлэгч бол мэдээж Tesla юм. Тэгвэл Ford ч гэсэн Tesla-ийн давуу талыг эдлэхийг хүсэв бололтой. Тодруулбал, тавдугаар сарын сүүлээр Ford Tesla-ийн Supercharger буюу цэнэглэгчийн сүлжээг ашиглах зөвшилцөлд хүрсэн аж. Ингэснээр 2024 оноос эхлэн Ford-ийн цахилгаан тэргүүд шилжүүлэгч болон системийн интеграцийн тусламжтайгаар Supercharger-уудыг ашиглах боломжтой болох бол Ford 2025 оноос эхлэн Tesla-ийн цэнэглэгчийн оролтыг цахилгаан автомашинууддаа суурилуулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Магадгүй Ford зэрэг том компаниуд бүхнийг өөрсдөө хийхээс илүүтэй одоо байгаа, туршигдсан, найдвартай шийдлүүдийг ашиглах нь илүү ашигтай гэдгийг ойлгож эхэлсэн байх.
Цуурхал
Toyota: GR загваруудын тоог нэмнэ
GT86, Supra, Corolla загваруудын GR хувилбар олон улсын зах зээлд чамлахааргүй амжилттай байгаа билээ. Тэгвэл Toyota-ийн Гүйцэтгэх захирал Кожи Сатогийн хэлснээр тун удахгүй илүү олон Toyota-ийн загварууд GR хувилбартай болох гэнэ. 90-ээд оны “күүл” Toyota эргэн ирж байгаа бололтой.
Jeep: Дараагийн Wrangler бүрэн цахилгаан болно
Эхлээд Hummer, харин одоо Wrangler. Бартаат замын домгуудын нэг Jeep Wrangler-ийн дараагийн үе бүрэн цахилгаан болно гэж Jeep-ийн Гүйцэтгэх захирал Кристиан Мюниер мэдэгдэв. Wrangler 4xe буюу plug-in hubrid хувилбар нь энэ оны эхний хагасын нийт борлуулалтын 38%-ийг эзэлсэн нь ийм шийдвэр гаргахад томоохон түлхэц болсон бололтой.
Honda: 75 жилийнхээ ойг хоёр шинэ “sportcar”-аар угтана
Энэ оны сүүлээр Honda-ийн 75 жилийн ой тохиож буй. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Honda тус ойгоо хоёр шинэ sportcar-аар угтах гэнэ. Хэдийгээр мэдээлэл хомс байгаа ч таамаглалаар домогт S2000-ийн шинэ үе болон удахгүй тэтгэвэртээ гарах NSX-ийг орлох “flagship” спорт автомашинуудыг тус тус танилцуулах магадлалтай аж.