Миний бие Токи аппыг автобусны картаа цэнэглэхээр бараг өдөр тутам ашигладаг. Тус аппаар карт цэнэглэхээс гадна мөн хоол захиалах, такси дуудах, байр, тогны мөнгө төлөх, дата нэгж авах гэх мэт олон төрлийн үйлчилгээ нэг дор багтсан байдгийг уншигч та мэдэх биз ээ. 

Харин өчигдөрхөн тус апп Toki Mobile for Next-Gen тодотголтой 55xx-xxxx дугаарын үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн байна. Unread туршив цувралынхаа энэ удаагийн нийтлэлээр бид Токигийн шинэ дугаар худалдан аваад ашиглаж үзсэн туршлагаа хуваалцаж байна.

Дугаар авах

Эхлээд Токи апп дээр дарж ороод, дугаар худалдан авах хэсэг рүү орно. 55-аар эхэлсэн дугаараас сонгохдоо үлдсэн орнуудыг хүссэнээрээ хослуулах боломжтой юм байна. Харин дугаарын хувьд дотроо хоёр төрөлтэй.

Энгийн дугаар - Үнэгүй
Үнэлгээтэй дугаар - Тооны давхцалаас хамаарч 500'000₮ хүртэл үнэтэй



Дугаараа сонгосны дараа баталгаажуулалт хийнэ. Баталгаажуулалтын хувьд царай таних болон e-Mongolia-гаар нэвтрэх гэсэн хоёр сонголттой. Аль нэгийг нь сонгоод баталгаажуулалтаа хийгээд л дугаараа худалдаад авчхав. Авахад хурдан бас хялбар байв.



Токи аппын зүгээс энэхүү үйлчилгээг “дараа үеийн” хэрэглэгчдийн хэрэглээний хэв маягт тохируулан, зөвхөн дугаар худалдан авахаас гадна дата нэгж авах, нэр шилжүүлэх зэрэг бүх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж өгчээ.

Дуудлага хийх, мессеж бичих, нэгж авах

Дугаараа авчихсан болохоор дараа нь дуудлага хийж үзэхэд асуудалгүй ажиллаж байв. Онцлог нь, Юнителийн сүлжээтэй бүх газарт, бүх сүлжээнд дуудлага хийх, мессеж бичих боломжтой юм байна.

Дата, хурд

Одоо хамгийн чухал хэсэг болох датаг шалгацгаая. Орчин үед дататай байх, дата нь хурдан, хямд байх юу юунаас илүү чухал болсон гэхэд буруудахгүй. Тэр дундаа ажил хэрэг нь интернэттэй нягт холбоотой өрнөдөг хүний хувьд бол бүр дурдах ч шаардлагагүй. Toki Mobile-ийн датаны хурдыг шалгахаар цахим шуудан илгээж, бичлэг үзэж туршихад 5G-ийг гүйцэхгүй ч өдөр тутам ашиглахад хурдны хувьд асуудалгүй ажиллаж байв. Бичлэг гүйлгэхэд удаж гацах зүйлгүй, нягтаршил сайтай байсныг нь дурдууштай.


Үнийн сонголтын хувьд:

5GB - 10 хоног - 4,000₮
10GB - 15 хоног - 7,000₮
20GB - 30 хоног - 12,000₮
30GB - 30 хоног - 15,000₮

Бидний хэрэглэж дадсан бусад үйлчилгээтэй харьцуулахад дата багцуудын үнэ нь бараг хоёр дахин хямд байгаа нь олзуурхууштай байв.



Бусад үйлчилгээ

Нэгж, дата авахаас гадна аппаасаа шууд сим сэргээх, пук код харах, эзэмшигчийг солих, дуудлага хадгалах, дуудлага шилжүүлэх зэрэг үйлчилгээ байгаа боловч одоогоор ашиглах боломжгүй байгаа юм байна. Ямартаа ч эдгээрийг аппдаа шингээж өгсөн байгаа нь сайшаалтай.

Төлбөрийн нөхцөл

Токигийн хэрэглэгчид банкны картаа холбож, Qpay ашиглаж, зээлж төлөх боломжтой байдаг. Тэгвэл нэгж, датагаа авахдаа ч дээрх дөрвөн төрлөөс сонгож төлбөрөө төлөх боломжтой юм байна.

Хэрэглээний хялбар байдал

Токи аппын байнгын хэрэглэгчийн хувьд, тус апп UX/UI дизайн талаасаа тун ойлгомжтой, цэгцтэй, хаана юу байгаа нь тодорхой байдаг. Тийм ч учраас дугаар авах, төлбөр төлөх үйл явц тун хурдан бөгөөд хялбар байсныг хэлэх нь зүйтэй.



Сайжруулах зүйлс

Токигоос гаргаж буй 55xx-xxxx дугаарыг бүтэн өдрийн турш хэрэглэж үзэхэд үйлчилгээгээ цахимаар авахыг эрмэлздэг, дата их ашигладаг “дараа үеийн” хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад үнэхээр л нийцсэн болох нь харагдлаа. Өөрөөр хэлбэл, 5,000 төгрөгөөр цахим симийг нь худалдаж аваад туршаад үзэхэд алдах зүйлгүй гэж хэлмээр байна. Харин ирэх сараас бусад функцүүд идэвхжиж, биет симтэй дугаар авах боломжтой болчихвол бүрэн утгаараа хэрэгцээ хангах нь ээ.