Нийгэм дэх хаалттай, хөшигний ардах сэдвүүдээс үүдсэн сэтгэлзүйн асуудлууд бидний эргэн тойронд хаа саагүй бий. Ганцаардсан, сэтгэл гутралд орсон, амиа хорлох тухай бодсон зэрэг сэтгэлзүйн хямралд өртсөн хүмүүс ярилцах хүн байхгүй эсвэл хүнтэй ярихаас санаа зовдог гэхчлэн асуудлаас болж мэдрэмжээ дотроо хуримтлуулсаар байдаг. Энэ байдал ужиграх тусам тухайн хүний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.
Тэгвэл өнөөдрийн Techworm булангаар бид монгол залуусын хөгжүүлж буй "Blindcare" хэмээх нэрээ нууцлаад мэргэжилтнээс зөвлөгөө авах, сэтгэлзүйн тест бөглөж сургалтад хамрагдах боломжтой апп-ыг онцлон хүргэж байна.
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Монголчуудын хувьд өөрт тулгамдсан сэтгэлзүйн төрөл бүрийн асуудлын хариу, зөвлөгөө мэдээллийг дийлэнхдээ сошиал медиа орчин дахь сэтгэлзүйн группүүдээс авдаг гэхэд хилсдэхгүй. Гэвч ам дамжсан ташаа мэдээлэл, мэргэжлийн бус хүний зөвлөгөө нь тухайн хүний сэтгэлзүйн байдлыг улам дордуулах сөрөг нөлөөтэй. Мөн түүнчлэн сэтгэлзүйчтэй цаг товлон, ганцаарчлан уулзъя гэхэд манай улсад чамлахааргүй өндөр үнэтэй байдаг нь харамсалтай.
Харин энэхүү хоосон орон зайг "Blindcare" компанийн хамт олон соргогоор ажиглан харж, сэтгэлзүйн зөвлөх апп “Blindcare”-ыг бүтээжээ.
Тус аппыг үүсгэн байгуулагч залуус нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалцах цахим орон зай бидэнд зайлшгүй хэрэгцээтэй буйгаас санаа авч, сэтгэлзүйн асуудалтай хүмүүст чиглэсэн бүтээгдэхүүний хэрэгцээ байгааг олж харсан нь уг апп-ыг бүтээх сэдэл болсон байна.
Татах: iOS | Android
Сошиал хуудас: Website | Facebook | Instagram
Эерэг болон сөрөг мэдрэмж гэж байдаг. Эерэг мэдрэмжийг бид өөртөө шингээж авдаг бол сөрөг мэдрэмжийг зайлшгүй гадагшлуулах шаардлагатай. Хэрэв сөрөг мэдрэмжээ илэрхийлэхгүй удвал сэтгэлзүйн асуудал үүсдэг.
Blindcare
ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
Нэрээ нууцлаад асуудлаа хуваалцах
Юуны өмнө та "Blindcare" апп-д дурын и-мэйл хаягаараа бүртгэл үүсгэж, нэр болон бусад хувийн мэдээллээ нууцлах боломжтой. Ингэснээр хэн нэгнээс санаа зоволгүйгээр 22 сэдвийн хүрээнд мэдрэмж, өөрт тулгамдсан асуудлаа бусадтай чөлөөтэй хуваалцаж болох юм. Үүнээс гадна, бусдын бичсэн постыг унших, хариу сэтгэгдэл бичих, өөрийн бичсэн постондоо мэргэжлийн сэтгэл судлаачаас хариулт авах зэрэг олон боломжийг нэг дор бүрдүүлснийг дурдууштай.

Мэргэжилтнээс зөвлөгөө авах
Мэргэжилтнээс зөвлөгөө авах
"Blindcare" апп-ын "мэргэжилтнүүд" цэсээс сэтгэл судлаачдын хувийн мэдээлэлтэй танилцаж, дагаж болох. Ингэснээр тухайн хүний пост, бусдад өгсөн зөвлөгөө зэргийг харж болно. Эл апп-аас хамгийн таалагдсан шийдэл нь өөрт тулгамдсан мэдрэмж/асуудлаа бичих үед тэдгээрт оновчтой зөвлөгөө өгч чадах сэтгэл судлаачдыг санал болгодог функц юм. Тус зөвлөгөөг хамгийн хямд үнээр эсвэл хэдхэн секундийн бичлэг үзээд үнэ төлбөргүй авах боломжтой.

Сэтгэлзүйн тест бөглөж, сургалтад хамрагдах
Сэтгэлзүйн тест бөглөж, сургалтад хамрагдах
Та "Blindcare" апп-аас одоогийн байдлаар таван төрлийн 13 тестээс сонгож, өөрийгөө тодорхойлох боломжтой бөгөөд хүссэн үедээ дахин бөглөж сэтгэлзүйн эрүүл мэндээ тогтмол хянаж болох юм. Зүгээр нэг тест бөглөөд өнгөрөх биш, энэхүү тестийн үр дүнд тулгуурлан танд зориулсан тусгай сургалт, хөтөлбөрийг санал болгодог нь ихэд таалагдлаа.
Энэхүү тестүүд үнэгүй болон төлбөртэй гэсэн хоёр төрөлтэй. Миний хувьд нийт есөн асуулга бүхий "Стрессийн төвшин тодорхойлох" үнэ төлбөргүй сорилыг бөглөж үзэв. Тестийн үр дүнд өөрийгөө дунд зэргийн стресстэй, сэтгэл санааны байдал тогтворгүй, өөрийгөө хянах арга барилд суралцах хэрэгтэй гэдгээ ойлгож авлаа. Мөн түүнчлэн "Blindcare"-ийн зүгээс надад санал болгосон "Стресс менежмент"-ийн тухай хоёр цагийн цахим сургалтад заавал хамрагдахаар шийдэв.

САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС
САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС
Тус апп-ын үүсгэн байгуулагчид ойрын ирээдүйд олон сонирхолтой шийдлийг хөгжүүлж байгаа бөгөөд "Blindcare"-ийг хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг, итгэлтэй найз болгохоор зорин ажиллаж байгаа тухайгаа дуулгасан.
Ташрамд дурдахад тэд 2022 оны эхний улиралд "Blindcare Kids" буюу хүүхдийн сэтгэлзүйн зөвлөх, "Blindcare Corporate" буюу ажлын байрны сэтгэлзүйн туслах апп-уудыг шил дараалан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Blindcare аппликэйшн бэлэн боллоо. Бид шинэ он гарангуут байршуулах болно. 2022 оны эхний улиралд мөн blindcare chi… https://t.co/BgIBFNdJaB
Thu Dec 23 10:41:21 +0000 2021


Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 202.21.112.226
Хэнд ч хэлмээргүй хэрнээ дотроосоо гадагшлуулахгүй л бол бачуураад байдаг асуудлуудаа бичихэд яг тохирсон апп байна. Күүл!