Хэрэглээний технологийн хамгийн том, нэр хүндтэй арга хэмжээ болох CES 2024 өнгөрөгч долоо хоногт Лас Вегас хотноо өндөрлөлөө. Уг арга хэмжээ жил бүрийн эхэнд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлон, бидний өдөр тутамдаа хэрэглэх технологиуд ямар зүгт хөгжиж буйг харуулдаг. Мөн энэ үеэр олон компаниуд бодит бүтээгдэхүүн бус төсөөлөл, санаагаа танилцуулдаг нь технологийн салбарын ирээдүйг тольдох боломжийг бүрдүүлдэг билээ.

Энэ жилийн CES-д нийт 4,300 гаруй компани оролцож, олон зуун бүтээгдэхүүн танилцуулснаас манай редакц зургаан төрлийн зургаан технологийг онцолж байна.  

Хиймэл оюун ухаан: Rabbit R1


Хамгаас халуухан сэдэв өнөөх л хиймэл оюун ухаан байлаа. Автомашинаас эхлээд бүх л технологиуд хиймэл оюун ухаантай хоршин илүү ухаалаг, илүү “тусгай” үйлчилгээ үзүүлэхээ амлав. Тэдгээрийн дундаас онцгойрч, эхний өдрөө л 10,000 ширхэг борлуулагдсан төхөөрөмж бол Rabbit R1.

Хэмжээний хувьд дундаж ухаалаг утасны хагастай дүйцэх эл төхөөрөмж 200 ам.долларын үнэтэй. Хэрэглэгч Rabbit R1-ийг гар утастайгаа холбон хүссэн аппуудаа зайнаас удирдах боломжтой. Тод өнгө, ретро загварын хоршил Rabbit R1 хүн төрөлхтний ухаалаг туслахтай харьцах туршлагыг тэр чигт нь өөрчлөх зорилготой гэнэ. Ухаалаг утас шиг бидний нэгэн хэсэн болсонтой адил хиймэл оюун ухаан ашигласан ээлжит төхөөрөмж юу байх бол?


Зурагт: LG Signature OLED T


Хэрэглээний технологийн арга хэмжээг зурагтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өмнө нь эвхэгддэг, хуйлдаг гээд олон төрлийн зурагт CES-ийн танхимыг чимж байв. Харин энэ удаад дэлгэцийн технологиороо тэргүүлэгч LG нэвт харагддаг зурагт танилцуулаад зогсохгүй энэ ондоо багтаан худалдаанд гаргахаа зарласан юм. Зурагтаас шинэ мэдрэмж авахыг хүссэн хүмүүст зориулсан уг төхөөрөмж өнгө, гэрлийн ялгарлын хувьд бусад зурагтуудыг гүйцэхгүй ч олон сонирхолтой хэрэглээг бий болгох төлөвтэй байна.


Ухаалаг туслах: Ballie


Дөрвөн жилийн өмнөх CES-ийн үеэр олны хайрыг татсан ухаалаг робот бол Samsung-ийн Ballie. Тэрээр энэ удаа дүрс цацруулагчтай болсон тул хана, шал, тааз гээд хүссэн гадаргуу дээр дүрс цацах боломжтой болжээ. Ингэснээр Ballie тэжээвэр амьтдыг саатуулах зорилготой бичлэг тоглуулах, дасгалын заавар үзүүлэх гэх мэт өдөр тутмын амьдралд тун хэрэгтэй чадваруудтай болов. Түүнээс гадна гэрийн бусад ухаалаг төхөөрөмжийг удирдах, хэрэглэгчийн нүүрний байрлалаас хамааран дүрс цацах өнцгөө тааруулах, гаднаас ирэхэд мэндчилэх зэрэг үйлдлүүд хүртэл түүнд бий. Ухаалаг туслахууд улам л мундаг болж, бидний амьдралд нэвтрэхэд ойртсоор.


Цахилгаан Автомашин: Honda Zero Saloon


Honda цахилгаан автомашины салбарт шинэ өнгө төрх Zero Saloon нэртэй хүлгээ танилцуулав. Уг загвар 2026 оноос худалдаанд гарах бөгөөд одоогоор бүх дэлгэрэнгүй мэдээлэл нь нууц байна. Тус компани 2030 он гэхэд цахилгаан автомашины 30 төрөлтэй болж, 2040 он гэхэд 100 хувь хорт утаа ялгаруулдаггүй автомашинууд борлуулах, цаашлаад 2050 он гэхэд бүх бүтээгдэхүүн болон үйл ажиллагаагаа “нүүрстөрөгчийн тэнцвэртэй” байлгах зорилго тавьж буй. Цахилгаан автомашинууд зам харгуйг дүүргэх нь гарцаагүй боллоо.


VR төхөөрөмж: Xreal Air 2 Ultra


CES-тэй зэрэгцэн Apple өнгөрсөн оны хамгийн өндөр хүлээлттэй бүтээгдэхүүн болох VR буюу виртуал бодит байдлын Vision Pro төхөөрөмжийнхөө хэрэглэгчдийн гар дээр очих хугацааг зарлав. Технологийн хорхойтнууд энэ төрлийн төхөөрөмжийн талаар ярьж буйг ашиглан Vision Pro-той төстэй бүтээгдэхүүнээ CES дээр зарласан компани нь харин Хятадын Xreal байлаа. Тэд салбарын аваргуудтай хямд үнээр өрсөлдөх зорилгынхоо хүрээнд ийнхүү Air 2 Ultra нарны шилээ танилцуулав.

Ердөө 80гр жинтэй, 1080p нягтшилтай, гарын хөдөлгөөн хянах чадалтай уг шилийг бодитоор хэрэглэсэн хэрэглэгчид тун сэтгэл хангалуун байсныг дурдах хэрэгтэй. Энэ жилээс шил эсвэл төхөөрөмж зүүгээд л өөр ертөнцөд аж төрөх улам бүр хялбар болох нь дээ.


Зөөврийн компьютер: ASUS ZenBook Duo


Жил бүрийн CES-ийг шинэхэн зөөврийн компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй. Asus хос дэлгэцтэй Zenbook Duo загвараа ахин сайжруулж, тус бүр 14 инч, 120Hz, 2880x1800 нягтшилтай хоёр дэлгэцтэй хувилбарыг танилцуулав. Сүүлийн жилүүдэд зөөврийн компьютерын үүрэг, хэрэглээ огцом нэмэгдэж, ганц дэлгэц багадах болсноор технологийн компаниуд ийнхүү хос дэлгэцийг төрөл бүрээр турших болсон билээ. Хос дэлгэц хэрэглэгчийн бүтээмжид хэрхэн нөлөөлж, шинэ туршлагыг бүтээж чадах эсэхийг харах л үлдлээ.