Тухайн жилийн тойм нийтлэлүүдийн тоонд багтахуйц үйл явдал өрнөсөн салбарт тийм ч олон биш. Энэ жилээс и-спорт болон видео тоглоомын салбар гарцаагүй олны анхааралд өртөх болсон нь энэхүү нийтлэлийг бэлтгэх шалтгаан боллоо.

Эдгээр үйл явдлуудыг ямар нэг байдлаар эрэмбэлээгүй гэдгийг эелдгээр сануулаад нийтлэлдээ орцгооё. Дурдалгүй үлдээсэн томоохон үйл явдал байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

AAA тоглоомд монгол уран бүтээлчийн ая

Энэхүү нийтлэлийнхээ жаврыг ААА зэрэглэлийн Death Stranding 2: On the Beach тоглоомд эгшиглэсэн монгол уран бүтээлчийн дуунуудаар үргээж байна. Тодруулбал, Magnolian уран бүтээлчийн Indigo, The Bride, The Batchelor зэрэг зургаан дуу Амьд үхдэлүүд цувралын алдарт Норман Ридусын тоглодог Death Stranding 2-т сонгогдсон юм.


Хийморьтой тоглоом хоёр тэрбумыг босгов

Тэгвэл бөмбөрцгийн нөгөө талд байх Герман хөгжүүлэгчдийн, 13-р зууны Монголоос сэдэвлэсэн Legend of Khiimori тоглоом олон нийтээс 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт татсан нь монгол соёлыг мөн л сурталчилж чадав. Өдгөө туршилтын шатандаа явж байгаа тус тоглоом 2026 оноос олны хүртээл болох товтой байна. Манай редакцын хөгжүүлэгчдийн багтай хийсэн тусгай ярилцлагыг уншаад үзээрэй.

Дэлгэрүүлж унших: Тусгай ярилцлага: Монголоос сэдэвлэсэн видео тоглоом 2 тэрбум төгрөг босголоо


Илбэчин ба туулайн түүх 

Олон улсын зах зээл дээрээс зөвхөн гадаад хөгжүүлэгчид бус монгол хөгжүүлэгчид ч мөн мөнгө босгож чадахын баталгаа нь Beer Night Studio-гийн Carnival Hunt тоглоом байв. Нийт 500 сая төгрөгийг санхүүжилт татсан уг тоглоом нь аймшгийн, олон тоглогчтой тоглоом бөгөөд нэг тоглогч нь хорон санаат илбэчин болох бол бусад тоглогчид нь гэмгүй туулайнууд болж түүнээс нуугдаж, бас зугтах үндсэн дүрэмтэй. Тоглоомын Alpha буюу хамгийн анхан шатны хувилбар хэдийн нийтэд хүрч, тун боломжийн үнэлгээ цуглуулж байгаа харагдсан.


Alpha Gaming үнэндээ айсангүй

Alpha хувилбар гэснээс хэдхэн хоногийн өмнө монголын Alpha Gaming баг Дэлхийн аваргын тэмцээндээ 3-р байрт шалгарч, 1 тэрбум шахуу төгрөгийн эзэд боллоо. Монголчуудын PUBG Mobile дахь эзэрхэл хэсэг хугацааны аз байгаагүй гэдгийг тэд харуулж чадав. Тоглолтын ихэнх агуулгаараа бусад багуудаас илүү байсан ч нийт үзүүлэлтээрээ 3-р байрт бичигдсэн тэд өөрсдийн ур чадвартаа итгэлтэй байгаа нь эхний шатны тоглолтууд дээр албаар хожигдож, олон тоглолт хийж биеэ халааж байгаагаас нь мэдэгдэж байна лээ.

Alpha Gaming-ийн TOP энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын шатны MVP-ээр тодорч, Porsche Cayenne авсан нь олны анхааралд өртөв. TOP-оос шагналын машин нь хэзээ ирэх вэ гэж асуухад тоймтой хариу өгөөгүй ч удахгүй Улаанбаатарын замыг чимэх байх хэмээн хүлээж байна.


ДЭЛХИЙД ХҮРЭХ ДЭМЖЛЭГ НЭМЭГДЭВ

Уг нийтлэлтэй хамтран ажиллаж буй Unitel-ийн хамт олон энэ жил ESN-ээрээ дамжуулан и-спортын олон төрлийг ивээн тэтгэсэн гэдгийг та бүхэн андахгүй мэдэж буй биз. “Байлдан дагуулах эхний алхмаас эцсийн цэг хүртэл хамт” гэсэн зорилготой Юнителийн хамт олноос и-спорт, видео тоглоом сонирхдог уншигч танд шинэ жилийн мэнд дэвшүүлснийг энэ ташрамд онцлон дурдъя.

Тэдний хамт олон энэ жил и-спортын салбарыг хамгийн бодит бөгөөд үр дүнтэй бүх л хэлбэрээр дэмжиж, хөгжүүлж ажилласан юм. Энэ дундаас хэд хэдэн төрлийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэснийг нь онцлох хэрэгтэй. Учир нь мэргэжлийн тэмцээнүүд байж гэмээн тоглогчид дотооддоо өрсөлдөж, ур чадвараа ахиулж, улмаар олон улсын тавцан гарах боломж болон эрх нь нээгддэг билээ. Товчхондоо, Юнител группийн дэмжлэгийн ачаар олон арван залуус цахим спортын мөрөөдлөө бодит болгож байна.

Дэлгэрүүлэн унших: И-спортоор карьераа бүтээж буй залуусын 10 ертөнц, 10 өнцөг


Монголын и-спортын шилдгүүд ТОДРОВ

Энэ оны магадгүй хамгийн их ауратай зураг нь Alpha Gaming болон The MongolZ-ийн хамт олны Mongolian Esports Awards-ийн үеэр хамтдаа авуулсан зураг байх. Mongolian Esports Awards-аас тус хоёр баг төрөл бүр (PC team, Mobile team)-дээ шилдгээр шалгарсан билээ.


Дэлхийн шилдэгт нэр дэвшив

Шагналын мэдээ энэ хүрээд ч дууссангүй, зөвхөн Counter Strike гэлтгүй, цахим спортын төрөлдөө нэр хүндтэйд тооцогддог HLTV Awards-д энэ жил The MongolZ-ийн дасгалжуулагч, тоглогчид бүгд нэр дэвшлээ. Шагнал гардуулах ёслол нь ирэх оны 1-р сарын 11-нд Сербид эхэлнэ. Тоглогчдынхоо өмсгөлийн захыг мушгихаа бүү мартаарай.


Мажорын цом манайх болох цаг ойртсоор

The MongolZ-ийн хувьд энэ жил олз омог ихтэй байлаа. Дэлхийн чансааг хэсэг хугацаанд тэргүүлж, Мажор буюу Дэлхийн аваргын тэмцээнийхээ нэгт нь 2-т, нөгөөд нь 5-8-т оров. Тэдний энэ жилийн хамгийн том амжилт нь Саудын Арабын алдарт Esports World Cup 2025-т түрүүлж, хагас сая доллар халаасалсан явдал нь байлаа. Мэдээж тоглогчдын сэлгээ, тоглоомын стикер гээд тэдний тухай бичээд байвал дуусахгүй.


Шинэ зам, шинэ багууд

Мөс зүсэгчид ямагт дараа үедээ зам гаргаж өгдгийн үлгэрээр нэгэн цагт дээд үеийнхнийхээ гаргасан мөрөөр замнаж асан The MongolZ өөрсдөө шинэ зам гаргах болов. Тодруулбал, CS-ийн төрлөөр Монголоос анх удаа хоёр баг Мажорт орсон нь ESN - Esports Network-ийн зохион байгуулсан тэмцээнээс эрхээ авч, Остинд очиж тоосоо өргөсөн Chinggis Warriors. Нэгэн үед ганц баг орно гэдэг бүтэшгүй мөрөөдөл байсан бол ийнхүү хоёр баг өрсөлддөг болсон нь гарцаагүй онцлох явдал.

Остоны дараа болсон Будапештийн Мажорт The MongolZ-той хамт өөр нэгэн монгол баг орсон нь The Huns Esports. Тус багийн Bart4k нь The MongolZ-ийн mzinho-гийн төрсөн ах бөгөөд ах, дүү хоёр дэлхийн аваргад зэрэг оролцсон хэрэг.


Оны салхийг хагалах тоглолт

Энэ жил харьцангуй чимээгүй байсан ч, тоглогчдын тоогоороо монголд топ 3-т орох цахим спортын төрөл бол MLBB. Уг төрлөөр Дэлхийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг шинэ нэртэй ч, хуучин тоглогчидтой Team Zone баг ESN MLBB National Championship-ийн финалд The MongolZ-ийн MLBB багийг ялснаар авсан юм. Тэдний тоглолт 1-р сарын 3-нд Жакартад эхлэх товтой байна.

Шинэ ондоо монгол багуудаас хамгийн түрүүнд томоохон тэмцээнд хүч сорих Team Zone-оор энэ удаагийн тоймоо жаргаая. Ирэх онд и-спортын салбар улам бүр дэвшин дээшлэх болтугай.