Өнгөрсөн долоо хоногт Apple компани M4 чип, шинэчлэгдсэн iPad зэргээ танилцуулсан билээ. Харин өнгөрсөн шөнө Google-ийн уламжлалт I/O арга хэмжээ болж, товчхондоо хиймэл оюун ухаантай (AI) холбоотой асар олон зүйл танилцуулав. Эдгээрээс онцлох тавыг нь уншигч тантай хуваалцъя.


AI ба Аваргууд 

Технологийн аваргуудын ээлжит тулааны талбар нь хиймэл оюун ухаан болоод буй. Microsoft-той ураг барилдсан OpenAI л гэхэд Google-ийн арга хэмжээнээс хэдхэн хоногийн өмнө өөрсдийн хамгийн ухаалаг GPT-4o моделио зарласан. Аваргуудын эгнээнд шинээр хүч түрэн орж ирж байгаа Nvidia хоёр сарын өмнө дэлхийн хамгийн хүчирхэг, хиймэл оюун ухаанд зохиулсан чип болох Blackwell-ээ танилцуулав. Мөн Samsung гэхэд л өнгөрсөн нэгдүгээр сард Galaxy S24 загвараа танилцуулахдаа Galaxy AI хиймэл оюун ухааныг танилцуулаад амжсан.

Дэлгэрэнгүй үзэх: OpenAI юу танилцуулчхав? | GPT-4o
Дэлгэрэнгүй унших:
Ирээдүйг өөрчлөх Nvidia-ийн нууц хөзөр
Дэлгэрэнгүй унших: Unpacked 2024: Биднийг унтаж байхад Самсунгийн танилцуулсан бүх зүйл

Ингээд харвал энэ жил болон ойрын хэдэн жилийн технологийн хамгийн хүчтэй тренд, хамгийн их яригдах сэдэв хиймэл оюун ухаан байх нь. Тэгвэл үнэмлэхүй аварга Google энэ чиглэлд юу хийж байгаа вэ?

AI ба Google

Google-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай хэдхэн хоногийн өмнө Блүүмбергт өгсөн ярилцлагадаа Google хиймэл оюун ухааныг өнөөдрийнх шиг олны анхааралд өртөхөөс ч өмнө хөгжүүлж эхэлсэн тухайгаа мөн энэ салбарын хамгийн том дэвшлүүд тэднээс гаралтай талаар ярьсан юм. Товчхондоо тэдэнд том төлөвлөгөө бий.

Өдгөө бид өдөр бүр л Google-ийн аль нэгэн үйлчилгээг ашиглаж байна. Энэ хэмжээгээр Google-д дата цуглаж байгаа. Хиймэл оюун ухааны хувьд дата бол алт л гэсэн үг. Тиймээс Google бол үнэхээр л том бөгөөд аюултай тоглогч.



Буцаад арга хэмжээнийхээ тухай хүүрнэе. Энэ жилийн “трэндээ” дагаж Google ч гэсэн бараг л тэр чигтээ хиймэл оюун ухааны талаар ярив. Угтаа тэд I/O арга хэмжээнийхээ үеэр Pixel гар утас, таблет зэрэг бусад бүтээгдэхүүнийхээ дээжээс танилцуулдаг. Гэтэл энэ жил шинэхэн Pixel 8A гар утсаа арга хэмжээнээс долоон хоногийн өмнө чимээгүйхэн танилуулаад хиймэл оюун ухааныг I/O 2024-ийн үндсэн сэдвээ болгов.

Арга хэмжээний үеэр нийтдээ 121 удаа “хиймэл оюун ухаан” гэж хэлснээ ч өөрсдөө зарласан. Сонирхуулахад, энэ нийтлэлд “хиймэл оюун ухаан” гэдэг үгийг 20 удаа ашигласан болно.

Ингээд арга хэмжээний үеэр танилцуулсан асар олон хиймэл оюун ухаанаас онцлох тавыг нь товч танилцуулъя.

PROJECT ASTRA

Google-ийн ээлжит том бооцоо бол Project Astra. Ухаалаг утсаар дамжуулан бүхнийг харж, сонсох энэхүү туслах уг арга хэмжээний гол дүр байлаа. Хиймэл оюун ухааны ихэд хүлээлт үүсгэж буй хэрэглээ бол гарцаагүй хувийн туслах. Энэ жил Rabbit, Pin зэрэг хиймэл оюун ухаант хувийн туслах төхөөрөмжүүд олны хүртээл болж, багагүй шуугиан дэгдээсэн ч бодит байдал амлалтууддаа хүрч чадсангүй. Тэгвэл Project Astra ямар үр дүнд хүрэх бол?


veo

OpenAI-ийн Sora нэрт дүрс бичлэг бүтээдэг модель хаалттай хүрээнд гарсан даруйдаа шуугиан тариад амжсан. Үүнийг харсан Google мэдээж зүгээр суухгүй. Тэд Veo нэртэй дүрс бичлэг бүтээгч хиймэл оюун ухаанаа танилцуулав. Одоогоор YouTube-ийн томоохон бүтээгчдэд ашиглах эрх өгөөд буй. Түүнчлэн Hollywood-ийн кинонуудад ч ашиглуулах тохироо хийж байгаа сурагтай. Үүнээс үзвэл тэд уг модельдоо чамгүй итгэлтэй байна шүү.



AI Overviews

Интернэт хэрэглэгчид Google-ээс өдөр бүр 8,5 тэрбум хайлт хийдэг. Гэхдээ энгийн хайлтаар хүссэн мэдээллээ олж чадахгүй эсвэл хэт их цаг зарцуулж, илэрц бүрийг нэг бүрчлэн шалгах үе цөөнгүй. Тэгвэл энэ бүгдийг Google “AI Overviews” нэртэй шинэ функцээр шийдэхээр болжээ. Хэрэглэгчийн хайлтын илэрцийг хиймэл оюун ухаан ашиглан илүү гоё, илүү ухаалаг, илүү бүтээмжтэй харагдуулдаг болно гэсэн үг. Монголд нэвтрэх хугацаа нь хараахан тодорхой болоогүй байна.



GEMS

OpenAI-ийн Custom GPT буюу хэрэглэгч GPT-4 дээр тулгуурлан өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чатбот үүсгэдэг функц шиг Google ч мөн Gemini модел дээр суурилсан чатбот үүсгэх боломж бүрдүүлэв.



Gemini on Android

Android, iOS үйлдлийн системүүд “on device” буюу гар утсан дээр ажилладаг (өндөр хурдаас гадна мэдээлэл алдагдах аюул бага) өөрсдийн гэсэн хиймэл оюун ухаантай болно гэсэн таамаг бодит биеллээ олж эхэллээ.

Учир нь Google арга хэмжээнийхээ үеэр өдгөө 4 тэрбум хүний ашигладаг Android үйлдлийн систем илүү хүчирхэг хиймэл оюун ухаантай болж буйг зарласан юм. Ингэснээр хэрэглэгчид хиймэл оюун ухааныг ашиглахын тулд ямар нэгэн тусдаа апп татах эсвэл веб орох шаардлагагүй, Google Assistant, Siri шиг л утсан дээрээ ухаалаг туслахтай болох нь. Бодлого бодох, YouTube бичлэг болон PDF хураангуйлах, зураг тайлбарлах, дуудлагын үеэр луйврын анхааруулга өгөх зэрэг боломжуудтай уг функц ирэх саруудад улам л супер болох гэнэ.



Бид хиймэл оюун ухааны хөөс тодорхой хэмжээнд хагарч, бодит хэрэглээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нь үлдэж буй цаг үед амьдарч байна. Энэхүү цаг үе нь ирээдүйн олон арван жилийн хүн төрөлхтний зан төлөв, аж байдлыг тодорхойлох чухал үүрэгтэй. Ийм цаг үед амьдарч байна гэдэг аз завшаан биш гэж үү?