Жил бүрийн эхэнд технологийн салбарын тэргүүлэх тоглогч Samsung шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах Unpacked арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн Unpacked Монголын цагаар нэгдүгээр сарын 18-ны шөнийн 02:00-03:15 цагийн хооронд үргэлжлэв.

Манай шинэхэн технологийн редакц болох techworm арга хэмжээний талаар тусгай хуудсыг үүсгэн шууд мэдээлсэн юм. Сонирхоод үзээрэй. Харин энэхүү нийтлэлээ бүх мэдээллийг товч бөгөөд тодорхой авах хүсэлтэй уншигчдадаа зориулан бичлээ. 

Unpacked 2024 хуудас

techworm

Энэ жилийн Unpacked-ийн онцлох сэдэв гарцаагүй хиймэл оюун ухаан байв. Тэд ч арга хэмжээнийхээ өмнөөс Galaxy AI-аа сурталчилж, ухаалаг утас, хиймэл оюун ухааны төгс хоршлыг бүтээхээ зорьж буйгаа дэлгэсэн юм. Мэдээж Samsung-ийн урдаа барьдаг S цувралын ээлжит загвар Galaxy S24 танилцуулагдсан. Харин арга хэмжээний хамгийн нууцлаг бөгөөд гэнэтийн зочин нь Galaxy Ring байв. Ингээд эдгээр гурван бүтээгдэхүүнтэй тус бүр ойроос танилцъя. Монгол хэл дээрх албан ёсны шууд дамжуулалтыг үзэхийг хүсвэл энэ холбоосоор ороорой.


GALAXY AI

Дэлхий нийтээр хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг нэмэгдүүлж, хэрэглээг олшруулж буй энэ үед Samsung хойш суусангүй. Тэд Galaxy AI нэртэй моделийг хөгжүүлэв. Зүгээр ч хөгжүүлээд орхихгүй, S24 загваруудад суулгасан нь ухаалаг утас “цаанаасаа” тусгайлан бүтээсэн хиймэл оюун ухаантай ирж буй анхны тохиолдол болов. Samsung-ийн гар утасны шинэ эриний эхлэл болох Galaxy AI ямар ид шидтэй вэ?

Live Translate: Дуудлага хийх үедээ 13 хэлийг ямар ч хоцрогдолгүйгээр шууд орчуулна
Chat Assist: Бичсэн зурвасыг шууд орчуулан, олон төрлийн найруулгаар буулган илгээнэ
Note Assist: Бичсэн тэмдэглэлийг багцалж, цэгцлэн хураангуйлна
Circle to Search: Google-тай хамтран, Gemini AI моделийг ашиглаж ухаалаг утасны хайлтыг шинэ түвшинд гаргав. Хайхыг хүссэн текст, зургаа зүгээр л дугуйлахад хангалттай.


Энэ бүх функцүүдийн мэдээллийн аюулгүй байдлын талыг ихэд чухалчлан үзэж, ихэнх үйлдлийг зөвхөн төхөөрөмж дээр хийгээд зогсохгүй S24-ийн бүх хувилбарууд долоон жилийн турш хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системийг дэмжихийг зарласан юм.



GALAXY S24


Харагдац: Өмнөх жилүүдээс төдийлөн өөрчлөгдсөнгүй. Бүх загваруудын дэлгэцэд сайжруулсан Gorilla Glass ашигласан тул зураас гарах, унаж хагарах магадал улам бүр бага болжээ. Мөн Ultra хувилбар титан хүрээтэй, илүү дөрвөлжин ирмэгтэй болов.

Камер:
S24 загварын камер мөн л өмнөх оны загвараас төдийлөн өөрчлөгдсөнгүй. Харин шинэхэн хиймэл оюун ухааны ачаар авсан зургаа засах, сайжруулах боломж нь үлэмж нэмэгджээ. Зургаас гадна дүрс бичлэг хийх дэвшилтэт чадамжийг танилцуулсан хүн нь алдарт контент бүтээгч MrBeast байсан нь гарцаагүй онцлог байлаа.


Чип
: Хиймэл оюун ухааны үйлдлүүдийг дэмжих NPU нэртэй шинэ тооцоолох систем, Snapdragon 8 Gen 3 чип, дэвшилтэт хөргөх шийдэл зэргийн тусламжтай S24 тоглоом тоглох, бичлэг засах зэрэгт төгс тохирох “машин” болов. Ялангуяа 2,600 nits тод дэлгэцтэй учир гадаа орчинд дэлгэцийн гэрэл багадах асуудал үүсэхгүй бололтой.

Тогтвортой хөгжил: Гар утас үйлдвэрлэгчдийн сүүлийн үед ихээхэн анхаарч буй сэдэв бол хог хаягдал болон ашиглах материал. Samsung энэ удаа S24-ийн хувилбар бүрд нэг ширхэг дахин боловсруулсан материалаар хийсэн хэсэг байгааг онцолж, 2025 ондоо багтаан сав баглаа боодлын нэг удаагийн гялгар уут халж, залгаатай ч хэрэглээгүй үед цахилгаан ашигладаггүй цэнэглэгч зэргийг хэрэглээнд нэвтрүүлэхээ амлав.

Үнэ: Энэ удаа Ultra-ийн эхлэх үнэ 100 ам.доллароор нэмэгдсэнээс өөрөөр үнийн өөрчлөлт гарсангүй.

S24 - 799 ам.доллар
S24 Plus - 999 ам.доллар
S24 Ultra - 1,299 ам.доллар

Бүх загваруудын урьдчилсан захиалга өнөөдөр эхэлж буй бөгөөд Монгол Улсад ч мөн албан ёсны захиалга эхлэв. Энэ удаагийн хамтрагч technozone-ийн зарласан урамшууллыг захиалах гэж буй уншигчдадаа санал болгоё.


Galaxy RING

Арга хэмжээний төгсгөл хэсэгт хэрэглэгчид эрүүл мэндээ хянах нь яагаад чухал болохыг тайлбарлав. Ийнхүү тэд сүүлийн жил гаруйн хугацаанд олны таамагт өртөөд буй Galaxy Ring-ийн богино бичлэгийг тоглууллаа. Харамсалтай нь энэ удаагийн арга хэмжээ энэхүү ухаалаг бөгжийг харуулаад л дуусав. Тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бололтой. Мөн тэд илүү сайн хяналтын систем болон шинэхэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дижитал эрүүл мэнд шинэ шатанд гарч буйг дурдаад амжсан юм.

S24-ийн дэлгэрэнгүй тоймоор уулзах хүртлээ түр баяртай!