iPhone-ий шинэ загвар эздэдээ очиж, элдэв янзаар туршигдаж, сайн ч тэр, муугаар ч тэр олон нийтийн анхаарлыг татсаар байна. Шинэ iPhone-той зэрэгцэн iOS үйлдлийн системийн ээлжит хувилбар албан ёсоор хэрэглээнд нэвтэрдэг уламжлалтай билээ.
Технологийн хорхойтон хүний хувьд өнгөрсөн хавар хөгжүүлэгчдэд зориулсан хувилбар гарснаас нь хойш гурван сар гаран iOS26-г ашиглаж үзсэн юм. Тэрхүү туршлагаа энэ нийтлэлээр дамжуулан хуваалцлаа. Хэрвээ та iPhone 11-ээс хойш загварын iPhone-той, үйлдлийн системээ шинэчлэх эсэх дээр эргэлзэж байгаа бол энэхүү нийтлэл танд тусална гэдэгт итгэлтэй байна.
Liquid Glass
Apple 2013 он буюу iOS 7-оос хойш анх удаа үйлдлийн системийнхээ дизайныг “шингэн шил” нэрийн дор эрс шинэчиллээ. Нэрнээсээ л үндсэн санаа нь тод уншигдах уг дизайны шийдэл iPhone-ий дэлгэцний цаана нэвт харагддаг, тунгалаг шил нэмчихсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Хошноор зүйрлэж хэлбэл, та утсаа стаканд хийгээд гаднаас нь харж байгаатай ижил.
Апп, сонордуулгаас эхлээд iPhone-ий бүх хэсэг өөр харагдах болсон нь эхний хэдэн өдөр дасахад чамгүй төвөгтэй байх нь мэдээж. Гэхдээ Apple iPhone 17-г танилцуулахдаа өөрсдийгөө “дизайнд суурилсан компани” гэдгээ тодотгосон нь ч санамсаргүй хэрэг биш. Энэ үгийн гол утга учрыг Liquid Glass дизайны хэл танд ойлгуулах болно. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.
Live Translation
Энэ жилээс iPhone шууд орчуулгын функцтэй боллоо. Live Translation гэж нэрлэсэн уг функц iPhone-ийн үндсэн Messages, Call, FaceTime аппууд дээр ажиллана. Мөн яриаг шууд текст хэлбэр лүү хөрвүүлж, хадмал хийх ч чадамжтай. Одоогийн байдлаар Англи, Испани, Франц, Герман, Португал хэлийг ойлгоно. Технологийн тусламжтайгаар хэлний бэрхшээл бага багаар үгүй болсоор л.
Hold Assist & Call Screening
iOS 26 дээр ямар нэг үйлчилгээний лавлах руу залгах үед таны өмнөөс “оочирлох” функц нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, лавлах дугаарын уйтгартай дууг сонсон суух хэрэггүй, таны ээлж ирэх үед утас тань сонордуулга илгээх болно.
Үүнээс гадна хэн нэгэн рүү залгах үедээ нөгөө хүнтэйгээ шууд мессеж бичих боломжтой Call Screen нэртэй функцтэй болсон. Хэрвээ тань руу танихгүй дугаар залгаж байвал дуудлагыг авахаас өмнө тэр хүнтэйгээ мессеж бичиж хэн гэдгийг нь мэдэх боломжтой гэсэн үг.
Visual Intelligence
iPhone дээрээс хайлт хийх шинэ аргатай болов. Жишээ нь, танд Инстаграм дээр нэг гутал таалагдлаа гэж бодъё. Өмнө нь тэр гуталны талаарх мэдээллийг интернэтээс хайхын тулд веб хөтөч рүү ороод нэрийг нь бичээд хайдаг байв. Харин iOS 26 дээр бол скрийншот хийгээд шууд тухайн зурган дээрх эд зүйлсийн талаарх мэдээллийг хайж болно. Энэхүү функц олон талаараа Samsung-ийн Circle to Search-тэй адил ч зөвхөн веб хөтчөөс биш дурын аппаасаа хайлт хийх боломжтой гэдгээрээ онцлог.
Car Play
iOS 26 дээр Car Play-г ашиглахад илүү хялбар боллоо. Машин жолоодох үеийн газрын зургийн нарийвчлал сайжирснаас гадна, дуудлага ирсэн ч газрын зураг тасралтгүй харагддаг болжээ. Мөн өөрт хэрэгтэй мэдээллүүдээ нүүрний хэсэгт тохируулах боломжтой болсон. Apple өнгөрсөн онд автомашин бүтээх төслөө зогсоосон ч автомашины үйлдлийн системдээ анхаарсаар л.
Lock Screen
Сүүлийн жилүүдийн iOS-ийн өөрчлөлтүүд дэлгэцээ олон төрлөөр өөрчлөх боломжийг олгосоор байна. Энэ жилийн хувьд цагны фонт Solid эсвэл Glass гэх хоёр сонголттой болоод зогсохгүй хэмжээг нь хүссэнээрээ өөрчилж болохоор болжээ. Нэг ёсондоо iPhone бүрийн түгжээтэй үедээ харагдах байдал улам л харилцан адилгүй болж байна гэсэн үг. iOS 26-г суулгавал хамгийн түрүүнд энийг туршаад үзээрэй.
Camera
Одоо харин ухаалаг гар утасны гол зэвсэг болох камерны апп хэрхэн шинэчлэгдсэнийг харцгаая. Зураг дарах давтамж ухаалаг гар утасны хэрэглээний хамтаар хэд дахин үржигдсээр байгаа билээ. Гэвч эгзэгтэй агшинг олж дарна гэдэг томоохон сорилтуудын нэг хэвээр буй. Apple энэ асуудлыг шийдэхийн тулд камерны аппаа тун энгийн дизайнтай болголоо. Та iOS 26 дээр камерыг нь нээсэн тохиолдолд Photo болон Video гэсэн хоёр сонголт л гарч ирэх ба аль нэгийг нь сонгосны дараа бусад төрлийн тохиргоонууд нь гарч ирнэ.
Messages
iPhone-ий хэрэглээ тэр дундаа дизайн өмнө нь ихэвчлэн хаалттай, зөвхөн Apple-ийн зөвшөөрөх хэмжээний дагуу л ашиглах боломжтой байсан бол сүүлийн үед эрх чөлөө хэрэглэгчдийн гарт шилжсээр байна. Үүнийг Message аппын арын зургаа хүссэнээр өөрчилж болдог болсноос харж болно. Мөн групп чатан дээрээ санал хураалт явуулах боломжтой болжээ. Мөн спам зурвасуудыг хиймэл оюунаар автоматаар таньж тусад нь харуулдаг болов.
Shortcuts, Wallet
Shortcuts апп илүү олон автоматжуулалтын нэмэлттэй боллоо. Жишээ нь утсаа цэнэглэхэд, аль нэг апп нээгдэхэд, тодорхой заасан байршилд очмогц автоматаар мессеж илгээх. Мөн Wallet-д тасалбар, эрхийн бичиг, гишүүнчлэлийн карт нэмэх боломжтой болов. Үүнээс гадна зөвхөн банкны карт бус оюутны үнэмлэх, гишүүнчлэлийн картуудыг хүртэл холбож болох гэнэ. Түүнчлэн энэ удаагийн шинэчлэлтэд бүх төрлийн файлуудыг харах Preview, тоглоомчдод зориулсан Games гэсэн хоёр апп нэмэгджээ.
iOS 27
iOS26-ийн онцлох функц дууссандаа IOS27-г төгсгөлд нь оруулсангүй. Учир нь энэ удаагийн шинэчлэлт ирэх жил танилцуулагдах хиймэл оюунд суурилсан үйлдлийн системийн эхлэл гэж ойлгож болно. Яагаад гэхээр өнгөрсөн онд Apple сүр дуулиантайгаар өөрсдийн хиймэл оюуны стратегийг “Apple Intelligence” нэрээр танилцуулсан боловч бүтэлгүйтсэн. Тухайн үед танилцуулсан Siri-ийн дэвшилтэт хувилбар ирэх он хүртэл хойшлоод байгаа нь ирэх жилийн iOS27-ийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна. Энэ жил харагдах байдал дээр томоохон шинэчлэлт хийгдсэн бол ирэх жил хэрэглээний хувьд өөрчлөгдөх магадлал тун өдөр.