Өнөө цагт хүн бүр дижитал амьдралын хэв маягт өөрийн эрхгүй татагдан орж, хүүхэд багачууд YouTube дээрээс төрөл бүрийн контент үзэх явцдаа гадаад хэл сурч буйг та бүхэн хэдийн анзаарсан биз ээ. Гэтэл тэдний суралцдаг цахим орчинд нь монгол систем сайтар хөгжөөгүй байгаа нь харамсалтай. Гадаад хэл сурах олон монгол апп байдаг ч уламжлалт танхимын сургалтаас гойд ялгардаггүй. 

Тэгвэл өнөөдрийн Techworm булангаар бид монгол залуусын хөгжүүлж буй "Medlegten" хэмээх энтертаймент ертөнцийг ашиглан, хөгжилтэй аргаар англи хэл сурах боломжтой апп-ыг онцлон хүргэж байна. "Medlegten"-ийн хамт олон тун удахгүй апп-ынхаа нээлтийг хийж, хэрэглэгчдэд хүргэхээр зорин ажиллаж буй.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Ерөнхий боловсролын сургуульд англи хэл заахдаа дүрэм, шинэ үг л цээжлүүлээд байдаг. Гэтэл тухайн хүүхдүүд сурсан зүйлсээ ашиглаж зохион бичлэг бичье, хүмүүстэй ярилцъя гэхээр асуудлууд шил дараалан гарч ирдэг. Угаас гадаад хэл сурч буй хүнд дан ганц үг эсвэл дүрэм сурах нь хангалтгүй. Наад зах нь эдгээрийг өгүүлбэрт оруулж, утгаар нь цээжилж, өдөр тутамдаа ашиглаж байж илүү үр дүнд хүрнэ. Хүн гэдэг өөрийн сонирхож буй зүйлдээ илүү төвлөрдөг. Жишээ нь, кино үзэж байгаад нэг үг суръя гэж бодоход тухайн "scene" дээрх агуулгаар нь цээжилж үлдсэн байдаг шүү дээ. Тэгж байж л сурч буй хэлээрээ тухайн орных нь хүн шиг сэтгэж чадна.

Гэтэл бидэнд бас нэгэн асуудал тулгардаг. Бид гадаад хэл дээр хадмалтай дуу сонсох, кино үзэх, нийтлэл уншихад мэдэхгүй үг гарч ирэх тохиолдолд өөр таб руу шилжиж, тухайн үгийнхээ орчуулгыг хайдаг. Ерөнхийд нь үзэж, уншиж байгаа зүйлээ ойлгоод байгаа юм шиг атлаа ганц хоёр чухал үгийг нь мэдэхгүй байгаагаас болж чухал утгыг алдагдуулах ч үе бий. Тэгвэл мэдэхгүй үг дээрээ ганц дарахад л орчуулга нь гарч ирдэг бол ямар вэ? Энэхүү шийдлийг "Medlegten"-ий хамт олон өнгөрсөн онд вэбсайтаараа дамжуулан санал болгосон юм. Харин тэд энэ жил энтертаймент, технологийг хослуулан, хөгжилтэй аргаар англи хэл сурах боломжтой “Medlegten” апп-ыг бүтээжээ.

Апп дээрээс та дуу, богино хэмжээний бичлэг хадмалтай үзэх, нийтлэл уншиж байх үедээ мэдэхгүй үг, өгүүлбэр дээрээ ганц дарахад л орчуулгыг харах, цаашлаад тухайн өгүүлбэрийн бүтэц, ашигласан дүрэм зэргийн тайлбарыг харж болох учраас танд зайлшгүй хэрэгцээт апп-уудын нэг байх болов уу. Мөн өөрийн төвшний хүрээнд тохирсон сургалтуудад хамрагдах боломжтой нь ихэд таалагдлаа.

Сошиал хуудас: Website | Facebook | Instagram



Ямар онцлог, давуу талтай вэ?

Интерактив орчуулга + үгийн сан

"Medlegten" апп вэбсайтаа бодвол нэлээд боловсронгуй болж дараагийн төвшинд хүрчээ. Вэб дээр богино хэмжээний бичлэг хадмалтай үзээд мэдэхгүй үг, өгүүлбэр дээрээ дарж утгыг нь харж болдог байсан бол эл апп-ын тусламжтайгаар тухайн өгүүлбэрийн бүтэц, ашиглаж буй дүрэм зэргийг ч харж болох аж.

Мөн та бүхэн апп дээрээ өөрийн сонирхсон сэдвийнхээ хүрээнд нийтлэл унших боломжтой болжээ. Энэхүү функц бидэнд хамгийн их таалагдсан юм. Уншиж байх явцдаа мэдэхгүй үг, дүрэм, ойлгогдохгүй өгүүлбэр байвал ганцхан товшилтоор тайлбарлуулж болох нь байна шүү дээ. Цаг үеэсээ хоцролгүйгээр олон талт мэдээлэлтэй байхын тулд гадаадын чанартай эх сурвалжуудыг унших хэрэгтэй болсон орчин цагт үнэхээр чухал шийдэл байж чадна гэж итгэж байна.

Түүнчлэн "үгийн сан" хэсгийг нь мөн дурдууштай. Үзсэн видео хичээл, дуу, богино хэмжээний бичлэг, уншсан нийтлэл бүрээсээ таныг хэдэн шинэ үг сурах боломжтойг энэ хэсэг харуулна. Тэдгээр үгсээ та "мэднэ, эргэлзээтэй, мэдэхгүй" гэсэн гурван ангилалд хувааж болох. Ингэснээр мэдэхгүй, эргэлзээтэй үгсээ апп-ын тусламжтайгаар хурдацтай цээжлэх боломжтой.

Сургалтад суух (course)

Medlegten апп-ын хамт олон "Universal" англи хэлний төвтэй хамтран илүү системтэй аргаар англи хэлийг заахаар төлөвлөж, апп дээрээ сургалт (course) хэсгийг оруулжээ. Ингэснээр бүлэг (unit) бүрээр нь хэлний мэдлэгээ сайжруулж болохын хажуугаар явцын болон эцсийн шалгалтууд өгч, өөрийн хэр сайжирч буйгаа хянах боломжтой.



Сайжруулж болох зүйлс

"Medlegten" апп нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түлхүү чиглэж буй. Тиймээс ирээдүйд эцэг эхийн хяналт хэсгийг оруулж ирэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр аав ээж нар хүүхдийнхээ сурах явцыг хянаж, хэлээ хэр сурч байгаа талаар мэдээлэлтэй болно оо гэсэн үг.

Мөн хэрэглэгчдийн профайл хэсэгт хэдэн цаг, хэдэн үгийг тус апп-ын тусламжтайгаар сурсан, хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа зэрэг нь харагддаг болгохоор зорин ажиллаж байгаагаа дуулгасан юм.