Дэлхийн хамгийн том сошиал медиа платформ Facebook анхны дижитал хэтэвчээ танилцууллаа. "Novi" бол тэдний экосистемээрээ дамжуулан хэрэглэгчдийн мөнгө, санхүүтэй холбоотой аливаа гүйлгээ, шилжүүлгийг илүү хялбар, хямд болгох зорилготой төсөл. Тэд хэтэвчийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн хязгаарлагдмал хүрээнд туршиж байгаа нь зах зээл дээр олон янзын таамгыг дэвшүүлэхэд хүргэж байна.
Бид танд Facebook-ийн шинэ дижитал хэтэвч Novi болон стэйблкойны төсөлтэй холбоотой мэдэх ёстой бүх зүйлсийг нэгтгэн бэлдлээ.

Novi гэж юу вэ?
Novi бол Фэйсбүүк компаниас гаргаж буй крипто хөрөнгийн хэтэвч юм. Тус хэтэвчийн хэрэглэгчид өөрийн долларыг шууд "Paxos" хэмээх стэйблкойн болгон хувиргах, шилжүүлэг хийх, улмаар хэрэглэгчийн хаана амьдарч байгаагаас шалтгаалан, дотоодын валют руу хувирган, бэлэн мөнгө татаж авах боломжтой. Ирээдүйд Novi-г бусад цахим хэтэвчүүдтэй хослуулан ажиллууллах зорилго тэдэнд бий.
Paxos гэж юу вэ?
Paxos бол Нью-Йоркод төвтэй "Paxos Trust" компаниac гаргасан доллартай тэнцэх үнэ цэнтэй стэйблкойн юм. Стэйблкойн нь эрэлт, нийлүүлэлтээс хамаарч үнэ нь хэлбэлздэг бусад койнуудаас ялгаатай нь ямар нэг валют, нөөцтэй уялдуулан үнийг нь тогтоосон байдаг нь юм. Энэ нь стэйблкойныг зах зээлийн нөлөөллөөс ангид, илүү тогтвортой төлбөрийн хэрэгсэлд тооцогдоход хүргэжээ. 2012 онд анх үүсгэн байгуулагдсан тус компани АНУ-д зохицуулах байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан анхны крипто үйлчилгээ үзүүлэгч бөгөөд одоогоор Facebook-ээс гадна Paypal, Revolut, Credit Suisse зэрэг топ байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хаана хэрэглэж болох вэ?
Facebook-ийн хувьд шинэ хэтэвчийн туршилтаа АНУ болон Гветемал улсуудад хэрэгжүүлж буй. Хэдий анх харахад хязгаарлагдмал мэт санагдавч нарийвчлан задалбал чамлахааргүй зах зээлийг хамарч буйг харж болно. Гветемал улсын ДНБ-ийн 14 хувийг гадаадаас илгээсэн мөнгө эзэлдэг бөгөөд түүний дийлэнх хувь нь АНУ-аас илгээгддэг аж. Чухам энэ орон зай дээр олон улсын шилжүүлгийг зардал багатайгаар шийдсэн бүтээгдэхүүнээ байршуулахыг Facebook зорьж буй.
Ямар давуу тал авчрах вэ?
Novi-ийн тусламжтайгаар Facebook-ийн хэрэглэгчид хоорондоо ямар нэгэн шимтгэл, хоцрогдолгүйгээр гүйлгээ, шилжүүлэг хийх боломжтой болно. Facebook дээр байрладаг онлайн дэлгүүрээс харсан зүйлээ хормын дотор өөрийн болгож, ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр төлбөрөө шилжүүлнэ гэж төсөөл. Гадаадад ажиллаж буй ах эгч нараасаа ханшийн зөрүү, хэлбэлзэл гэлгүйгээр шууд л мөнгөө хүлээж авах боломжтой болох нь. Энэ бол уламжлалт санхүүгийн тогтолцоонд тэсрэлт хийхэд хангалттай хүчин зүйлс мөн.
Тэрчлэн хэтэвчийн бусад крипто хэтэвчийн үйлчилгээнээс ялгарч байгаа нэг онцлог нь гүйлгээг буцаах үйлдэл юм. Шилжүүлгийн маргааныг хэрхэн шийдэх, зардлыг нь хэн даах нь тодорхойгүй байгаа ч энэхүү үйлдэл нь Coinbase зэрэг бусад хэтэвчид байдаггүй үйлдэл юм. Ташрамд дурдахад, уламжлалт системд буцаалт болон луйврын зардлыг мэрчантаас авах шимтгэлд тусгаж өгсөн байдаг байна.
Одоогоор Англи болон Испани хэл дээр туслах үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчидтэй шууд чатаар холбогдож буй уг үйлчилгээ дэлхий даяар тарах тусам хэлний сонголт нь нэмэгдэх нь гарцаагүй.
Remittances are a critical way to achieve financial inclusion. Today, we’re rolling out a small pilot of the @Novi… https://t.co/5RGV2uCS24
Tue Oct 19 13:03:12 +0000 2021
Хэн хожих вэ?
Мэдээж хэрэглэгчид. Хэрэглэгчид крипто өрсөлдөөний ачаар илүү хялбар, хямд бөгөөд хүртээмжтэй сонголттой болсоор байна. Гэхдээ эдгээрийг ч давсан гарц байж болохыг шинжээчид онцолсоор буй.
Олон улсад мөнгө шилжүүлэх нь шимтгэл өндөртэй үйлдэлд тооцогдсоор байгаа ч АНУ-аас мөнгө илгээх зардал тогтмол буурч байгааг Дэлхийн Банкны тайланд мэдээлжээ. Америкийн зах зээлд Криптод суурилсан хөрөнгийг олон улсад шилжүүлэг хийх нийтэд хүрсэн шийдэл байхгүй ч, зардал багатайгаар шилжүүлэг хийх олон боломжууд ойрын хугацаанд гарах төлөвтэй байгаа юм.
Түүнээс гадна крипто хөрөнгөө хадгалах хэтэвчийн сонголт улам нэмэгдсээр байгаа нь зах зээлд эерэг дохио өгч буй. Facebook л гэхэд энэ төсөл дээрээ дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй гэж хэлж болох Coinbase-тэй хамтран ажиллаж буй. Гэхдээ энэ
Сонирхуулахад, Гватемал улсын хөрш орон Сальвадорд төвтэй "Битсо" компаниас гаргасан "Chivo" хэтэвч нь Америкаас биткойн шилжүүлэг хүлээн авахад зориулагдсан бөгөөд улсын албан ёсны хэтэвчээр нэрлэгджээ. Энэ нь биткойныг албан ёсны хөрөнгө болгон хүлээн зөвшөөрснөө зарлаад удаагүй байгаа тус улсаас хэрэгжүүлж буй шат дараатай төслийн хүрээнд хийгдэж буй ажил билээ.
Diem НАР ҮЗЭХ үү?
Facebook аль 2017 оноос хойш л крипто төсөл дээр ажиллаж эхэлсэн юм. 2019 онд хамгийн анх медиад мэдээлэгдэхдээ 50 инженертэй ажиллаж байсан тэд асар их бэрхшээлийг даван туулсаар энэ цэг дээр ирсэн гэдгийг санах хэрэгтэй.
Анх "Libra" гэж нэртэйгээр танилцуулагдаж байсан "Diem" койн нь "Novi"-ийн суурь болох учиртай байлаа. Тэд Facebook зөвхөн санаачлагчийн байр суурьтай, бусад экосистемийн тоглогчидтой хамтран төслөө хэрэгжүүлж буй хэмээж байсан ч зохицуулах байгууллагын эсэргүүцэл, олон нийтийн байр сууриас шалтгаалан Facebook ганцаараа л хоцорч үлдсэн цаг саяхан. Тухайн үед Paypal, Visa хамгийн түрүүнд төслийг орхиж байжээ.
Novi-ийн нээлтийн сургаар Америкийн Сенатын гишүүд Facebook-ийг хэтэвчийн үйл ажиллагааг зогсоож, “Diem-ийг зах зээлд нэвтрүүлэхгүй” байхыг уриалж эхэлжээ. “Facebook холбогдох журам, зохицуулалтын зөвшөөрөлгүйгээр крипто зах зээлд нэвтрэхгүй гэдгээ амласан хэдий ч эрчимжүүлсэн төлөвлөгөөний дагуу хэтэвчийн туршилтыг аль хэдийн эхлүүлэн, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлж байна" гэж тэд уриалгадаа дурджээ. Тэд Facebook-ийг санхүүгийн тогтолцоог эвдэж, хэт монополь болохоос айж буй нь санаандгүй хэрэг биш билээ.



