Аливаа бизнесийн байгууллагын үргэлж эрэлхийлж, тогтмол тэмүүлдэг зүйл бол өндөр бүтээмж. Бүтээмжийг сайжруулах олон төрлийн арга техникийг өөр өөрсдийн онцлог, давуу тал дээр тулгуурлан туршиж, улам хөгжүүлэн боловсронгуй болгосноор илүү өгөөжтэй, үр дүнтэй орчин нөхцөлийг бий болгодог нь бичигдээгүй дүрэм.

Бүтээмж нэмэгдүүлэх олон гарц бий. Тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажилчдаа урамшуулж сэдэлжүүлэх, бүтэц үйл ажиллагааг тодорхой болгох, цалин хөлсийг нэмэх зэргээр менежерүүдийн өмнө олон сонголт байдаг. Тэгвэл бид энэ удаад сүүлийн үед ихээхэн тренд болоод буй RPA /Robotic Process Automation/ буюу бизнес процессын роботжсон автоматжуулалтыг танилцуулж байна.

Танилц, цагаан захт роботууд!

Роботын тухай ойлголт хүн төрөлхтний соёл, нийгмийн хөгжилтэй зэрэгцэн тогтмол өөрчлөгдсөөр иржээ. Эртний Грек, Египт, Хятадын эрдэмтэд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, тодорхой үүрэг гүйцэтгэх чадалтай биетүүдийн талаар бичиж үлдээсэн нь роботын тухай мөрөөдлийн аяллын эхлэл байв.

Уран зохиол, зөгнөлт бүтээлүүдэд роботын дүр улам бүр төгөлдөршсөөр бидний амьдралд аль хэдийн нягт байр суурийг эзэлсэн нь нууц биш. Бүхнийг чадагч ухаалаг туслах, дэлхийг аврагч супер баатрын дүрээр эсвэл мөхөлд хүргэх эсрэг дайсан, хорон санаат оюун ухаан гээд роботын тухай олон төсөөлөл бидэнд бий.

2016 онд UCL-ийн тайзнаа технологийн энтрепренер Дэвид Моссын тавьсан TEDx илтгэл бидэнд роботын талаарх цоо шинэ ойлголтыг бэлэглэсэн юм. Тэр 21-р зууны 2-р арван бол "цагаан захт роботуудын эрин үе" хэмээн зарлан тунхаглаж виртуал туслахууд бизнесийн орчинд хүчтэй нөлөөлөл үзүүлж эхэлж байгааг дурдсан байлаа. Чухам энэ үгс ихэнх хүмүүсийн төсөөлөлд байх хүнд хөдөлмөр эрхэлдэг, биеийн хүчний чадвартай "цэнхэр захт роботууд"-аас илүү үр ашгийг авчрах, бүтээмж нэмэгдүүлэх RPA тэргүүтэй "цагаан захтнууд"-ын хувьд тэсрэлтийн цэг болсон юм.

Юмс тээвэрлэдэг, хүнд тусалдаг, мэдлэгийг хуримтлуулдаг, асуултанд хариулдаг роботуудыг түрдээ март. Гэхдээ тогтмол хийгддэг ажлуудыг хамгаас хурдан бөгөөд алдаа мадаггүй төгс гүйцэтгэдэг робот ажилтнуудыг төсөөлье. Гар ажиллагаа их шаардагддаг тогтмол давтамжтай ажил үүргүүдийг роботод даатгаснаар байгууллагын бүтээмж, үр дүнтэй ажиллагааг нэмэгдүүлэх нь олон салбарт дэвшил авчирсаар билээ.

Санал болгох: Techworm: Роботууд хаа явна?

Unread

Цагаан захт роботуудыг "ажилд авах нь"

Стратегийн түвшинд бизнесийн байгууллагуудын хамгийн их анхаарлаа хандуулж байгаа гол гурван чиглэл нь робот автоматжуулалттай шууд холбогддог гэдгийг Deloitte-ийн судалгаа харуулж байна. Тэдний жил бүр 400 гаруй бизнесийн лидерүүдээс авдаг тайланд дурдсанаар "тогтмол өсөлтөд төвлөрөх", "автоматжуулалтын түвшнийг нэмэх" болон "аналитик чадварыг нэмэгдүүлэх" нь стратегийн хувьд бизнесүүдийн гол чиглэл байсаар байгаа аж. Ялангуяа датаг чухалчилж, үнэ цэнийг нь мэдэрч эхэлсэн нь өмнөх жилтэй харьцуулахад огцом өсөлт үзүүлсэн "аналитик чадварыг нэмэгдүүлэх" хэсгээс харагдаж буй. Чухам эдгээр дээр төвлөрөн RPA-ийн гол үр өгөөж оршиж, давуу талыг онцолж болно.

Робот автоматжуулалт тогтмол өсөлтийг дагуулдаг. Байгууллагын өрсөлдөх чадвар хийгээд ажлын бүтээмж нэмэгдэх нь зөвхөн нэг үзүүлэлт. Deloitte-ийн тайланд дурдсанаар RPA нэвтрүүлсэн байгууллагууд зардлаа 20 хүртэлх хувиар бууруулж байгаагаас гадна 86 хувь нь бүтээмж нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн үйл ажиллагааны чанар нэмэгдсэн хэмээн 90 хувь нь хариулжээ.

Тогтмол давтамжтай хийгддэг, хүний гараар ордог өдөр тутмын ажлуудыг автоматжуулснаар нөөцийг зөв зохистой хуваарилах боломж мөн олддог. Дундаж ажилтан өөрийн ажлын цагийн 48 хувийг автоматжуулж болох ажилд "үргүй" зарцуулдаг гэдгийг The Economist-ийн тайлан онцолжээ. Зөвхөн имэйлээ шалгах, имэйл илгээх, имэйлд хариу өгөх ажилд 2,5 цагийг зарцуулдаг бол өөр 2 цагийг байгууллагынхаа дотоодод, бусдад ажил хуваарилах, тодорхой мэдээлэл хүсэх болон дамжуулах зэрэг ажлуудад зарцуулдаг гэнэ. McKinsey-ийн дүгнэснээр оффисын ажилтны нийт үүргийн гуравны нэгийг RPA-ийн тусламжтайгаар шийдэх боломжтой гэнэ.

Робот хүмүүсийн ажлын байрыг булааж, хөдөлмөрийн зах зээлийн гол дайсан болж байна гэдэг "дутмаг" ойлголтыг RPA хэрэгжүүлсэн байгууллагууд үгүйсгэж байна. Нэг талаар хүний гараар хийгддэг ажлуудыг автоматжуулснаар хүний оролцоо багасаж, ажлын байруудаас үүсэх болон бүтээмжтэй холбоотой зардлууд танагдаж байгаа нь үнэн ч нөгөө талаар ажилчдыг өөр тийш төвлөрүүлэх, илүү үр дүнтэй ажлууд руу хуваарилах хандлага нэмэгдэж байгаа нь энэ. The Economist-ийн тайланд дурдсанаар Fortune 500-ийн компаниудын 91 хувь нь RPA-г үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 73 хувь нь үр ашгийг нь бүрэн хүртэж байна гэж дүгнэжээ. Ирэх таван жилд бизнесийн ертөнцөд робот автоматжуулалтын хэрэглээ бараг 100 хувь нэвтэрнэ хэмээн Deloitte-ийн шинжээчид үзэж байна.

Цагаан захтнуудын эрин үе айсуй гэдэгтэй та одоо санал нийлж байна уу?

Цагаан захт роботуудыг магтан дуулах нь

Робот автоматжуулалт бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлж байгаа сайн туршлагууд олон бий. Бид энэ удаад Европ, Ази, Монголын гурван жишээг онцлон танилцуулахаар бэлдлээ.

18 сая хүнд үйлчилдэг Virgin Trains-ийг Их Британийн хамгийн өндөр сэтгэл ханамжтай галт тэрэгний сүлжээ болгосон гол нууц нь чухам RPA байв. Тэд хоцорсон болон цуцлагдсан галт тэрэгний билетийн нөхөн төлбөрийг хэрэглэгчдэд олгох ажиллагааг автоматжуулжээ. Хэрэглэгчдээс тогтмол ирдэг имэйлийн агуулга ерөнхийдөө тогтмол байдгийг ашиглан тэд роботыг түлхүүр үгээр нь ангилан сургаж, улмаар хэрэглэгчдэд хариу илгээх явцыг түргэсгэсэн нь энэ. Улмаар хэрэглэгчдийн үндсэн мэдээлэл дээр тулгуурлан тасалбарын төлбөрийг данс руу нь эргүүлэн шилжүүлэх явцыг автоматжуулснаар хэрэглэгчдийн сэтгэл ханамж үлэмж нэмэгдсэн нь сонирхолтой. Байгууллагын хувьд ч автоматжуулалтын нөлөөгөөр хэрэглэгчдийн имэйлийг уншиж, гараар хийгддэг байсан өдөр тутмын ажил 85 хувиар буурсан гэнэ.

Монголын тэргүүлэх харилцаа холбооны компани Мобиком Корпораци л гэхэд RPA ашиглан 18 төрлийн процессыг автоматжуулах ажил эхлүүлсэн бөгөөд санхүүгийн газарт тун амжилттай хэрэгжиж эхлээд байгаа аж. Тус корпорацийн Санхүүгийн Асуудал Эрхэлсэн дэд захирал Б.Үнэнбатын онцолсноор санхүү бүртгэлийн 6 хүний сар болгон 6 цаг буюу нийт 36 цаг зарцуулдаг ажлыг RPA ашиглан 10 минутад хийж буй нь туршилтаас харагджээ. Мобикомын бизнес жилээс жилд өргөжиж, тэр хэрээр нэг ажилтанд оногдох ажил үүрэг ч зэрэгцэн нэмэгдэж байгаа аж. Чухам энэ нөхцөлд бүтээмжийг сайжруулах хамгийн гол шийдлүүдийн нэгээр RPA болон сонгогдсон нь ч санамсаргүй хэрэг биш. "Хүний гаргах алдаа эрс багассан нь робот автоматжуулалтын бас нэгэн нөлөө. Шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээний суваг нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад санхүүгийн гүйлгээ, шилжүүлэг улам нэмэгдсээр байгаа энэ үед үндсэн системтэй нийцүүлэх, тулган баталгаажуулах энэ процесс нь механик ажиллагаагаар хийгддэг учраас тухайн ажилтны тэр өдрийн ачаалал зэрэг төрөл бүрийн хүчин зүйлээс шалтгаалан алдаа гарах, дутуу бүртгэл хийх, цаг хугацаа алдах зэрэг эрсдлүүд үүсдэг юм. RPA-г ашиглан энэ процессыг автоматжуулж, алдаа гарсан ч тухай бүрд нь мэдэгдэж засах боломж олгож байгаа нь давуу тал болж байна" хэмээн Б.Үнэнбат захирал хэлсэн юм.

Японы топ банкнуудын нэг SMBC 5 сарын хугацаанд RPA-г нутагшуулж 50 тэрбум иений зардлыг хэмнэснээ тайландаа онцолжээ. Тэд 200 гаруй үйлдлээр дамжуулан 3 сая цагийн хөдөлмөрийг автоматжуулсан гэнэ. Худалдаа болон төлөвлөлт хийхэд ашигладаг бүх мэдээллийг автоматжуулж, улмаар санал гомдол хүлээн авах, эрсдэлийг удирдах зэрэг чухал чиглэлүүдэд ихээхэн ахиц гаргажээ.