Оюутан болоод л анх удаа зөөврийн компьютер буюу лаптоп авах тохиолдол бишгүй шүү дээ. Тэгэхдээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө, зөвлөмж хомсын улмаас өөрт тохирохгүй, санхүүгийн хувьд буруу сонголт хийх эрсдэлтэй.
Угтаа оюутан цагаас эхлээд лаптоп гэдэг бидний хамгийн дотно нөхөр болдог тул найз, нөхрөө сонгодог шигээ хандах нь зүйн хэрэг. Учир нь та лаптоптойгоо оюутан насныхаа ихэнх цагийг хамт өнгөрүүлээд зогсохгүй, анхны ажлынхаа гарааг ч хамтдаа эхлүүлж магадгүй. Иймээс хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хэрхэн анхны зөөврийн компьютероо сонгох талаар багахан зөвлөмж бэлдлээ. Мөн манай редакцын зүгээс оюутан таны анхны компьютерт хамгийн сайн зохицох, нэг авсан байхад оюутны дөрвөн жилийг “өлхөн даах” лаптопыг санал болгосон.
Процессор
Процессор бол таны компьютер аливаа даалгаврыг хэр хурдан хугацаанд гүйцэтгэхийг шийдэх тул хамгийн чухал үзүүлэлт. Ерөнхийдөө компьютерын тархи гэж хэлж ч болно. Энгийн хэрэглээнд хамгийн түгээмэл Intel Core i5 эсвэл AMD Ryzen 5 тохиромжтой бол илүү нарийн үйл ажиллагаа гүйцэтгэх хэрэгцээнд (тоглоом тоглох, зураг, бичлэг засах) Intel Core i7/9, AMD Ryzen 7/9 болон Macbook М1-M3 тохиромжтой.
Санах ой
RAM буюу санах ой нь энгийнээр тухайн компьютерын “уймрахуйн хэмжээг” тодорхойлно. Өөрөөр хэлбэл хэр олон үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэх чадвартайг илтгэнэ. 8GB-ийн санах ой ихэнх хэрэглээнд хангалттай бол илүү бүтээлч, олон үйлт хэрэгцээнд 16GB тохирно. Зөөврийн компьютерын RAM-ийг суурин компьютер шиг сайжруулах боломжгүй байдал тул эхнээсээ зөв сонголт хийгээрэй.
Багтаамж
Хамгийн багадаа 256GB-ийн SSD-г сонгох хэрэгтэй. Олон зураг, бичлэгтэй ажиллах бол илүү их багтаамж хэрэгтэй ч ихэнх тохиолдолд 256GB хангалттай. Ялангуяа ихэнх ажлыг интернэт дээр суурилж (cloud) хийдэг болсон тул биетээр хадгалах багтаамж заавал их байх шаардлагагүй. Тэгээд ч хүсвэл нэмэлт багтаамж авч болно.
Хэмжээ
Олон ном авч явахад хүндрэлтэй байдаг шүү дээ. Түүнтэй адил зөөврийн компьютер зөөвөрлөхөд хөнгөн, авсаархан, овор багатай байх шаардлагатай. Хэмжээний хувьд 13-14 инч байвал тун тохиромжтой бөгөөд ийм хэмжээтэй байхад ихэнх үүргэвчид төвөггүй багтчихна. Жингийн хувьд 1.5 килограммаас хэтрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Зөөврийн компьютер сонгож байгаа бол аль болох л зөөвөрлөхөд хамгийн авсаархныг сонгох хэрэгтэй.
Батарей
Батарей
Оюутан хүнд хамгийн багадаа бүтэн өдөр буюу 8-10 цаг тасралтгүй ажиллах чадалтай батарей хэрэгтэй. Гадуур цэнэглэх боломжтой залгуур цөөхөн байдгийг ч хэлэх үү, хичээл, ажлын дундуур цэнэг дуусах шиг хэцүү зүйл үгүй. Мөн сонирхуулахад, орчин үеийн лаптопууд цэнэг нь дүүрсэн бол залгуураасаа цэнэгээ авч ажилладаг болсон тул цахилгаанд залгасан хэвээр нь ашиглахдаа санаа зовох хэрэггүй. Энэ нь харин ч батарейны насжилтад эергээр нөлөөлнө.
Дэлгэц
График, зураг, бичлэгтэй их ажиллах бол дэлгэц шиг амин чухал зүйл үгүй. Үгүй байсан ч олон цагаар дэлгэцтэй ажиллах шаардлага гарах тул тун анхааралтай сонгох хэрэгтэй. Хамгийн багадаа Full HD (1920x1080) нягтаршилтай компьютерыг сонгоорой. Хэрвээ таны хэрэглээнд өнгө, илүү нарийн нягтаршил чухал бол хэдий илүү өртөгтэй ч PS panel эсвэл 4K нягтшилтай дэлгэцийг сонгох нь зүй.
Оролт
Оролт
Бидний төдийлөн анхаараад байдаггүй хэсэг бол оролт. Гэтэл дэлгэцтэй холбох, SD card уншуулах, чихэвч холбох гээд олон шаардлага гардаг. Тиймээс аль болох олон оролттой лаптопыг сонгоорой. Гэхдээ хэт олон оролттой байх нь тоос шороо, ус чийг орох, эвдрэл гэмтэл үүсэх эрсдэлийг дагуулдаг. Тиймээс цөөн оролттой зөөврийн компьютер сонгоод нэмэлт хувиргагч, салаалагч авсан нь зөв сонголт байж мэдэх юм.
Үйлдлийн систем
Үйлдлийн системийн хувьд бидэнд Windows болон MacOS хэмээх хоёрхон сонголт бий. Энэхүү хоёр үйлдлийн системийн аль нэгийг нь онцгойлох аргагүй. Windows үйлдлийн системийг олон брэндүүд хэрэглэдэг бол MacOS-ийг зөвхөн Apple өөрөө л хэрэглэдэг. Энэ утгаараа Apple-ийн компьютерүүд вирустэх, гацах, гэнэт унтрах зэрэг доголдол асар бага гаргадгийг тусгайлан онцолъё.
Гар (Keyboard)
Гар (Keyboard)
Бие даалт хийх, эсээ бичих гээд удаан хугацаанд бичих үйл хийх бол мэдээж эвтэйхэн гар маш чухал. Тиймээс авах гэж байгаа компьютер дээрээ юм шивж үзээд гар нь хэр эвтэйхэн байгааг үзээрэй. Хэрэв тоо, санхүүгийн чиглэлээр сурдаг бол илүү урт буюу тоо бичих хэсэг нь тусдаа гартай загваруудыг санал болгоё.
Мөн үргэлж нэмэлт хулгана (mouse) авч явах хүндрэлтэй тул компьютерын өөрийнх нь trackpad буюу мэдрэгчтэй хэсэг аль болох том бөгөөд ашиглахад тухтай эсэхийг бодолцоорой.
Редакцын санал болгох лаптоп
Төгсгөлд нь танд дээрх үзүүлэлтэд төгс нийцэх, сурах, ажиллах аль алинд нь тун тохиромжтой MacBook Air тэр дундаа 13 инчийн M3 лаптопыг санал болгоё. Танилцуулагдаад ердөө хагас жил болж буй, хэрэглэгчдээс нэн өндөр үнэлгээ аваад байгаа уг лаптоп таныг төгстөл, тэр байтугай анхны ажилдаа орсон ч үнэнч туслах байж чадна гэдэгт итгэлтэй байна. Учир нь:

- Чип - Apple-ийн өөрсдийн бүтээсэн M загварын чипүүд нь Adobe Photoshop, Illustrator, Premiere Pro, DaVinci Resolve зэрэг мэргэжлийн програмуудыг тултал нь ажиллуулах бүрэн чадалтай. Эдгээр програмууд ч тус чипэнд зориулан тусгай хөгжүүлэлт хийсэн тул хамгийн хурдан, найдвартай ажилладаг. M3 чип нь Apple-ийн хамгийн сүүлд танилцуулсан чип бөгөөд ижил үнэтэй Intel i7 чипээс даруй хоёр дахин хүчтэй, 50 хувь хурдан, нэг цэнэглэлтээрээ 40 хувиар урт хугацаанд ажиллах чадалтай билээ.
- Дэлгэц - Өндөр нягтшилтай, олон өнгө үзүүлэх хүчин чадалтай Retina дэлгэцтэй тул график, дизайны оюутнуудад төгс зохицно. Заавал мэргэжлийн ажил бус хааяа кино үзэхэд ч гэсэн хараа баясна гэсэн үг.
- Цэнэг - MacBook Air нь цэнэгээ хамгийн удаан барьдаг зөөврийн компьютерт тооцогддог бөгөөд нэг цэнэглээд 18 цаг хүртэл хугацаагаар ажилладаг. Нэмээд ямар нэгэн сэнсгүй тул дуу чимээ огт гаргадаггүй, өөрийн болон өрөөлийн анхаарлыг сарниулахгүй.
- Камер - 1080 нягтшилтай камер, гурван чиглэлт микрофон, Dolby Atmos дэмждэг спикертэй тул цахим хичээлд ороход төгс зохицно.
- Хөрөнгө - Орчин цагт сайн компьютер гэдэг сайн хөрөнгө оруулалттай дүйцнэ. Бүтээмж нэмж, ажил, сургуулийн амжилтыг дагуулаад зогсохгүй ялангуяа MacBook бол эргээд зарсан ч үнэ цэнээ маш бага алддаг давуу талтай.
Эцэст нь дурдахад, MacBook Air M3 зөөврийн компьютерыг энэхүү нийтлэлийн хамтрагч Technozone-оос худалдан авбал Apple Magic Mouse бэлэглэх гэнэ шүү. Танд сурлагын амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

